“Сэлүүн тэргэл” яруу найргийг “Тэнүүн дэлгэр” уншмуй…

Төр шашны хүндэтгэлт таван дууны нэг “Тэгш таван хүсэл” дуу эгшиглэснээр, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч П.Нямлхагвын ижий, аавдаа зориулсан “Сэлүүн тэргэл”, “ Тэнүүн дэлгэр” номын нээлт, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас зохион явуулдаг Д.Нацагдоржийн шагналт зохиолчтой хийдэг уулзалтын 2019 оны анхны уулзалт эхэлсэн юм.

dsc_0039

Номын нээлт, уулзалт болж буй энэ өдөр яруу найрагч П.Нямлхагвын хорвоод мэндэлсэн баярт өдөр байж таарч,  хос номоо ижий, аавдаа зориулж, өмнө туурвисан, хэвлүүлсэн бүтээлүүдээсээ дээжилсэн нь энэ байжээ.

Мөн түүнчлэн яруу найрагчийн шүлгээр бүтсэн “Гурван эрдэнийн гэгээ” дуу эгшиглэж номын өргөөнд хүрэлцэн ирсэн уншигч, бичигч, яруу найрагчдийн сонор хийгээд, сэтгэлийг баясгалаа.

Хос бүтээлд өмнөтгөл бичиж, өрхийг сөхсөн зохиолч, судлаач, доктор П.Батхуяг “П.Нямлхагва бол 1990-ээд оны яруу найрагчдаас өөрийн бичлэг, туурвилын онцлог бүхий томоохон төлөөлөгч билээ. 1990 он гарснаас хойш яруу найргийг уламжлалд суурилсан шинэчлэл хийх, эрс шинэчлэл хийх гэсэн хоёр үзэгдэл гарч ирсэн бөгөөд П.Нямлхагва бол уламжлалд суурилсан шинэчлэл хийхээр бүтээлээ туурвиж буй уран бүтээлч, зохиолчдын томоохон төлөөлөл юм. Түүний бүтээлээс уламжлалт яруу найргийн өнгө, төрхийг мэдэрч болно…” гэснээр яруу найрагчийн бүтээлийг хэрхэн үздэг, дүгнэдэг тухайгаа утга зохиол судлаач, шүүмжлэгч, үеийн нөхөд нь үг, үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ч.Дагвадорж яруу найрагч П.Нямлхагвын дууны яруу найргийн талаар, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан жүжгийн зохиолынх нь талаар тус тус үг хэллээ.

Үүний дараагаар Дуу хуурын өлгий нутаг “Дундговийн магтаал”-ийг Дуурьсал хамтлагийнхан дууллаа.

Ингэснээр төрөө дээдэлсэн, шашнаа хүндэтгэсэн, уламжлалаа хадгалсан, нутгаа магтсан, ижий ааваа шүтсэн, урлахуйн ухааны төгс нэгэн бүтээлийн нээлт ёслол төгөлдөр болж “Сэлүүн тэргэл” яруу найргийг “Тэнүүн дэлгэр” унших боломж бүрлээ.

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч П.Нямлхагвынхаа цаашдын уран бүтээл, ажил үйлсэд нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

2019.01.19

dsc_0077

dsc_0076