Б.Эрхэмбаяр: Ном унших нь хүний сэтгэлгээг хэвшмэл байдлаас чөлөөлдөг

Б.Эрхэмбаяр: Ном унших нь хүний сэтгэлгээг хэвшмэл байдлаас чөлөөлдөг

Эрхэлж буй ажил, албан тушаал: Тээвэр хөгжлийн банк, Гүйцэтгэх захирлын орлогч

Сошиал хуудсууд: Erkhembayar Erica Baltsukh, www.erkhembayar.mn, Эрхэмбаяр Балтсүхийн

Таны багадаа болохыг хүсэж, мөрөөдөж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо хэр нийцэж байна вэ?
Дунд ангид байхдаа геологич болно гэж мөрөөддөг байв. Одоо бодоход би байгальд илүү эрх чөлөөг мэдэрдэг. Тэр хүслээ л илэрхийлж байсан байх. Ахлах ангид ороод эмч болно гээд Анагаахын сургуульд орно гэхэд ээж маань “Иш, миний охин шиг эмзэг хүүхэд өвдсөн зовсон хүн хараад өөрөө шаналаад дуусна даа. Би чамайг үхсэн хүн харж чадна гэж нэг л төсөөлөхгүй байна” гээд тас хориглосон. Одоо ээждээ баярладаг юм. Би яав ч эмч болох хүн биш. Эх хүн хүүхдээ мэддэг л юм билээ.

Банкир болсондоо харамсдаггүй. Мэргэжлийнхээ ачаар их юм сурч, улс орны эдийн засагт хэрэгтэй төслүүдэд эх үүсвэр болж очдог зээл санхүүжилт, хөрөнгийг Олон улсын зах зээлээс босгох, банкны гадаад харилцаа, гадаад төлбөр тооцоогоор мэргэшсэндээ баяртай байдаг.
Утга зохиол руу сэтгэл зүрхний дуудлагаараа татагдан орсон. Уран зохиол бичнэ гэдэг миний хувьд эмзэг мэдрэмжээ илэрхийлэх, эрх чөлөөнд дурлах төрөлх хүсэлтэй минь холбоотой.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” гэж номыг цагаан толгойн үсгүүдээ ангийнхнаасаа түрүүлж үзээд уншаад сурчихсан чинь багш маань уншаарай гэж өгч байсан. Хоёрдугаар ангид байсан билүү дээ гэрийнхээ номын санд байсан “Монголын нууц товчоог” уншаад маш их сэтгэл хөдөлж байсан. Үлгэр ч юм шиг үнэн ч юм шиг ямар сонин ном бэ гэж бодоод ааваасаа “Чингис хаан гэж хүн үнэхээр байсан юм уу?” гэж асуусан минь санаанд тодхон үлдэж. Жаахан хүүхэд гэнэт тэгж асуухаар аав их гайхсан байх л даа. “Энэ хүүхдийг хараач. Чи Чингис хааныг хаанаас мэдсэн юм” гэж билээ. Тэр үед чинь одоотой адилгүй Чингис хааныг магтаж ярих, унших хориотой байсан социализмын үе. Монголын нууц товчооны их гоё дүрслэлтэй хар зурагтай, улаан бор арьсан хавтастай маш гоё ховор хэвлэл байсан.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
Шидэт хүүрийн үлгэр, Гучин хоёр модон хүний үлгэрийг үе үе дахиж унших дуртай. Унших тусам амьдралын эгэл үнэнийг олж хардаг. Сидахатраг англиар уншаад би өөрийгөө их өөр болсон гэж боддог. Ам хэл түргэн нэг тийм омголон явах үе хүнд байдаг даа. Хүнд сөрөг юм хэлэхээсээ өмнө боддог болсон. Бусдыг үгүйсгэхээсээ өмнө сонсдог болсон.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?
Төрийн шагналт зохиолч агсан Д.Норов багшийнхаа “Уулын хөх сүүдэр” романыг уншиж байна. “Монгол роман-100” төслийнхөнд энэ номоор тэмдэглэл бичиж өгнө гээд амлачихсан юм. Гайхалтай жигд чигжүү туурвисан, гол баатар нь атар газраас төрсөн эмэгтэй баатар Янжмаа гээд их өвөрмөц дүртэй сайхан зохиол байна. Аль 80-аад оны төгсгөл гэхэд нэлээн феминист хэв маягтай дүр урлаж үлдээсэн Норов багшийнхаа урлахуйн царааг биширч сууна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Хаана ч яах вэ дээ. Би ном уншихдаа нэг их тав тух шаарддаггүй. Бага байхдаа хөнжилдөө шургаж байгаад ээжээс нуугдаад уншина. Шведэд оюутан байхдаа галт тэргэнд их уншина. Гоё ном тааралдвал тааралдсан газраа нам бариад суучихдаг хачин хүүхэд байлаа. Багадаа нагацындаа очиж үеэлүүдтэйгээ тоглохоор оччихоод номын сангаас нь гоё ном олчихвол хонон өнжин уншаад сүүлдээ нагац эгч наад номоо аваад харь гэж хөөдөг байлаа. Одоо бол цонхны дэргэд ширээн дээрээ суугаад кофе уунгаа унших дуртай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу ?
Арга барил ч юу байх вэ. Уран зохиол руу өнгийсөн хүний хувьд одоо зүгээр нэг уншигчийн байр сууринаас шимтэн уншихын хажуугаар үг үсэг, утга найруулгын “өө эрж унших” өөрийн эрхгүй дуртай болчихдог юм байна. Энэ үгийн сонголт зөвүү буруу юу гээд л.
Надад бас нэг зан байдаг тэр нь ном уншихдаа таалагдсан хэсгээ балын харандаагаар доогуур нь зурдаг. Дараа нь дахиж олж уншихад амар байдаг юм.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?
Олон гоё ном бий дээ. Тэр энэ гэж цохоод яах вэ. Надад сайхан санагдсан ном өөр бусад нэгэнд таалагдахгүй байж ч болох. Тиймээс залуусын сонголтыг хүндэтгэх үүднээс тэр энэ зохиолчийн ном заавал уншаарай гэж хэлмээргүй байна. Ер нь ямар ч ном хүнд ямар нэгэн ухаарал өгдөг л гэж боддог.

Таньд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?
Шведэд амьдарч байхдаа тэнд номын сангаас маш их ном авч уншдаг байлаа. Амьдардаг дүүргийн, сургуулийн, Стокгольм хотын төв номын сан гээд бүгдийнх нь үнэмлэх бий. Тэнд 90-ээд онд ном хайж яваад монгол ном олж хараад их баярлаж байсан. Саяхан нэг уншигч маань таны ном Стокгольм хотын номын санд байна гэж хэлэхэд маш их сайхан санагдсан.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?
Хүний сэтгэл, мэдрэмжийг үгээр зурсан одооны яриагаар их “эмо” маягийн ном байх болов уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?
Ном унших нь хүний сэтгэлгээг хэвшмэл байдлаас чөлөөлдөг. Ном уншаад хүн баатрыг нь өөртөө ургуулан боддог, үйл явдлыг нь өөрийнхөөрөө дүгнэн задалдаг. Кино бол тэр дүрийг шууд харуулчихдаг. Ном уншдаг хүний хэл яриа цэгцтэй, сэтгэл гэгээ гэрэлтэй, бусдыг илүү сонсдог, ойлгодог болдог гээд номын ашиг тусыг тоочоод баршгүй.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?
Цаасаар их уншиж байна. Цахимаар унших дургүй. Сонсдог ном харин өөр зүйл хийнгээ, түгжрэнгээ уншихад дажгүй.

Номыг нь унших дуртай зохиолч
Сонгодог зохиолчдоос гэвэл Л.Толстой, А.П.Чехов. Орчин үеийн зохиолчдоос Елена Ферранте, Зайди Смит, Маргарет Этвүүд гэх зэрэг эмэгтэй зохиолчид.

Уншихыг төлөвлөж буй ном
Хятадын уран зохиолоос илүү унших бодолтой байгаа. Залуу байхдаа баруунд сурч байсных уу хувь хүний төлөвшил хүмүүжил, соёл, уншдаг ном хүртэл тийш нэлээн хэлбийсэн байсан. Харин одоо нас ахихын хэрээр дорнын соёл, урлаг, сэтгэлгээ, номонд сэтгэл их татагдах болж байна.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?
Л.Толстойн Анна Каренина. Хайр сэтгэлийнхээ төлөө нэр төр, эд хөрөнгө, гэр бүл өөрийгөө хүртэл золиосолж чадсан зоригтой өөртөө үнэнч амьдарсан эмэгтэй.

Яруу найрагч хүнтэй уулзахдаа шүлэг, найраг уншуулахгүй өнгөрөх нь алдас болдогтой адил зохиолч хүнээс нэг уран бүтээлийнх нь тухай тодруулан асуухгүй өнгөрөх нь дээрхтэй агаар нэгэн. Та “Сүүтэй уулын савдаг” номоо бичих болсон шалтгаан, кино төсөлийнхөө тухай уншигчдад маань мэдээлэл өгөөч.
Сутай хайрхан уулыг 2016 онд зорьж очоод сэтгэл их хөдөлсөн. Надад сүрлэг хэр нь эх хүн шиг ээлтэй санагдсан. Цаст мөнгөн оргил алсаас гялбалзан харагдах мөчөөс миний сэтгэл цалгилаад ирсэн. Тэгээд жолоочийг нэгэн хөтөл дээр түр зогсохыг гуйж салхины сэвшээнд илбүүлж зогстол тэр сүрлэг хайрханы энгэрт хүн болгож төрүүлсэн идэр залуу ээж, аав хоёр минь нүдэнд үзэгдэх шиг болсон. Тэгээд л би энэ уулын тухай заавал ном бичих ёстой юм байна гэж бодсон нэр нь ч тэр дороо л “Сүүтэй уулын савдаг” гээд ороод ирсэн. Гэхдээ Сүүтэй уулын савдаг бол зөвхөн Сутай хайрханы тухай ном биш, миний нэгэн үе олон олон уулыг зорин бараалхах ахуйдаа дотоод мэдрэмжээ уул, усны шүншиг шидээр хөглөн сэрээж туурвисан бүтээл.
Кино төсөл маань ковидоос болоод саатаад л байна. Би маш сайн төлөвлөж байгаад хорио цээр гайгүй болохоор нэлээн цартай хөдлөх бодолтой байна. Кино төслөө хэрэгжүүлэх олон гоё шинэлэг санаанууд байгаа. Тэдгээрийг толгойдоо тунгаагаад л явна.

Одоохондоо банкныхаа ажил дээр илүү төвлөрч ажиллаж байна даа. Шинэ хамт олон “Тээвэр хөгжлийн банк”, харилцагчидтайгаа хийхээр зорьсон олон ажлууд байна.

Ярилцсан: Э.Жаргалмөнх

 

Vandan Tuvshintogtoh