Олон улсын номын үйлчилгээ болох “GLOBAL BOOK SERVICE” –д нэгдэн орлоо

Олон улсын номын үйлчилгээ болох “GLOBAL BOOK SERVICE” –д нэгдэн орлоо

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) 2014 оны 6 дугаар сард харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номыг олон улсын хэмжээнд хүртээмжтэй болгох зорилгоор Accessible Books Consortium (ABC)-ыг байгуулсан ба АВС нь Марракешийн гэрээний хэрэгжилтийг дэмжих хүрээнд олон улсын номын “Global book service” үйлчилгээг санаачилсан юм. Одоогоор уг үйлчилгээнд дэлхийн 25 улсын 355,000 гаруй хүртээмжит ном бүхий цахим каталог, ном дамжуулах автомат систем бий болж эдгээр улс орнуудын хараагүй иргэд үйлчилгээ авч байна. 

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Global book service”-ийн цахим каталогт 3400 орчим брайль, 210 дэйзи номоо оруулж энэхүү үйлчилгээнд нэгдлээ. Ингэснээр Монголын харааны бэрхшээлтэй уншигчдад 76 хэл дээрх ном бүтээлийг унших эрх нээгдэж байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн Оюуны Өмчийн байгууллага, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хооронд Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдан харилцан гарын үсэг зурахаар боллоо.

“Global book service”-ийн үйлчилгээ нь хараагүй иргэдийн УНШИХ ЭРХ бүрэн хангагдахад томоохон хувь нэмэр болохоос гадна хараагүй иргэдэд хүртээмжтэй гадаад хэл дээрх номын сонголтыг баяжуулж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Цаашид бид олон улсын номын энэхүү үйлчилгээг өргөнөөр сурталчлан таниулахын зэрэгцээ хараагүй иргэдийн сурч боловсроход зайлшгүй шаардлагатай сүүлийн үеийн агуулгыг илүү хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана. 

Нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны 12.00 цагт, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хөтөлбөрийн танхимд болно.

Холбогдох ажилтан: Дэйзи мэргэжилтэн М.Цэнгэл /Утас: 95951122/

 

Vandan Tuvshintogtoh