Home
Хотын нийтийн төв номын сангийн товч танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Begzsuren   
2010 оны 3-р сарын 26, Баасан гариг, 15:54

Д.Нацагдоржийн нэрэмжит
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

Эрхэм зорилго

Нийслэлийн хүн амын боловсрол, соёл, мэдээлэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн номын сан-ном зүйн үйлчилгээг үзүүлж, бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэхэд оршино.

 
Номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсүүд

-  Соёлын тухай хууль

-  Соёлын өвийг хамгаалах тухай хууль

- Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага/ Монгол улсын стандарт MNS ISO 11799:2007

-  Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага/ Монгол Улсын стандарт MNS 5742:2007

-  Олон улсын Номын сангийн холбоо, ЮНЕСКО-с батлан гаргасан Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамж

- Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам /БСШУ-ны Сайдын 2007 оны 415 дугаар тушаалын хавсралт/

- Номын сангийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдах, солилцох, худалдан авах, данснаас хасах журам / Соёлын сайд, Сангийн сайдын 1994 оны 83/97 тоот тушаалын хавсралт/

- Бусад холбогдох хууль тогтоомжууд дүрэм журмууд

 
 

Ном бүрдүүлэлт, каталог зохион байгуулалт

  Номын фондыг баяжуулах бодлогын хүрээнд ном хэвлэл бусад материалыг дараах журмаар бүрдүүлэн авдаг. Үүнд

- хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын дэлгүүр, хувь хүнээс худалдан авах               

- номын солилцоо

- бэлэг хандив

- хэвлэлийн захиалга

- хувилж олшруулах журмаар

 

Каталогжуулалт / Ангилал

  Манай номын сан нь Оросын Холбооны улсын нийтийн номын санд зориулсан Номын сан номзүйн /ББК/ ангилалыг хэрэглэж номын сангийн фонд, төрөл ангийн каталог, картын санг зохион байгуулдаг.

  Олон улсын ном зүйн тодорхойлолтын стандартад нийцүүлэн боловсруулсан үндэсний номзүйн бичилтийн стандарт /MNS5271 : 2006, MNS5638 : 2006, MNS5639 : 2006/-уудыг мөрдөж ажилладаг.

   Номын сан нь  уламжлалт картын болон онлайн каталогтой. Олон улсын номын сангуудад хэрэглэгддэг Австралийн Softlink компанийн Алиса програмыг номын сангийн үйлчилгээндээ 1998 оноос хойш ашиглаж байна. Алиса програм нь USMARC формат, Z39.50 протокол, ISBN13 стандартыг дэмждэг.

 

Номын сан хөмрөг

  2009 оны  эцсийн байдлаар  Улаанбаатар хотын нийтийн номын сангуудын  фонд нь 455000 ш монгол, орос, англи  хэл дээрх ном,  судар, брайль, том үсэгтэй ном, газрын зураг, 1000 орчим аудио видео СД материал, болон электрон мэдээллийн нөөцүүдтэй, 70 гаруй нэр төрлийн монгол орос англи хэл дээрх хэвлэлтэй, фондын нийт номын 50 хувийг электрон каталогт бүртгэсэн.

 

Үйлчилгээ

  Улаанбаатар  хотын төв болон  дөрвөн дүүргийн салбар номын сангуудаас нийслэлийн иргэдэд номын сан, ном зүй-мэдээллийн үйлчилгээг  төрөлжсөн танхимуудаар төрөл бүрийн хэлбэрээр хүргэж байна.

  Нийт суудлын тоо 810. Төвлөрсөн номын сангийн хэмжээгээр 70875 байнгын уншигч, хэрэглэгч, 241570 ирэгсдэд 607900 ш ном хэвлэл, бусад материалыг уншлагын танхимаар,  зөөврөөр, гэрээр болон солилцоогоор олгож үйлчилдэг. Ховор, цөөн хувьтай ном, хэвлэлийг электрон хэлбэрт шилжүүлэн уншигчдад ашиглуулахын зэрэгцээ хувилан олшруулах үйлчилгээгээр хангадаг.

 

Чөлөөт сонголттой уншлагын танхим

   Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Нийслэлийн номын өргөө төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв номын санд  нээгдсэн камерын хяналт, дохиоллын системд суурилсан Чөлөөт сонголттой уншлагын танхим  нь 70000 боть ном,  тогтмол хэвлэлтэй, 300 суудалтай.

 

Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ

     Номын сан нь тусгайлсан лавлагааны фондтой ба мэдээллийн хэвлэмэл болон электрон төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан уншигч, үйлчлүүлэгчдэд амаар, бичгээр, утсаар, имэйл, чаат, вэб,  видео уулзалт зэргээр мэдээллийг хүргэдэг.

    Мөн шинэ болон сэдэвчилсэн ном, хэвлэлийн үзэсгэлэн, ном зүйн жагсаалт, гарын авлага, ном зүйн бүртгэл, картын санг бэлтгэн уншлага-үйлчилгээнд ашигладаг.

    Түүхт ой, тэмдэглэлт өдрүүд, цаг үеийн чухал үйл явдлуудад зориулан уншигч үйлчлүүлэгчдийн дунд мэдээлэл сурталчилгаа, соёл танин мэдэхүй болон  олон нийтийн ажлуудыг төрөл бүрийн хэлбэрээр зохион явуулдаг.

 

Харааны бэрхшээлтэй иргэдийн Ярьдаг номын төв

  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгтэй хамтран Азийн хөгжлийн банкны “Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан  “Брайль болон ярьдаг номын сан”-г 2004 онд байгуулан ажиллуулж байна.

   Уг номын сан нь аудио CD,  кассетэнд уншиж бичлэг хийж бэлтгэсэн 247 нэрийн 743 гаруй аудио ном, тэмтрэх үсэг брайль бичгээр хэвлэгдсэн 151 нэрийн 1263 ширхэг брайль ном, 30 нэрийн 34 ширхэг том форматтай номын фондтой хараагүй болон сул хараатай хүмүүст мэдээллийг хүргэх үйлчилгээ явуулж байна.

   Монгол Улсад  9000 орчим хараагүй болон сул хараатай иргэд амьдарч байгаа ба тус төвөөр үйлчлүүлж, хэрэгцээт мэдээллээр хангагддаг.

 

Хүүхдийн уншлага

  Чөлөөт сонголттой хүүхдийн уншлагын танхим нь 5000 орчим боть ном, Монгол ардын уламжлалт тоглоом, 40 суудалтай. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд үйлчилдэг.

 

Америкийн соёл мэдээллийн төв

   Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, Хотын төв номын сан хамтран 2004 онд Америкийн соёл мэдээлийн төвийг байгуулж, АНУ-ын талаарх бүхий л мэдээллийг иргэдэд түгээж байна.

  Англи хэл дээрх ном, хэвлэлүүдээр үйлчлэхээс гадна интернэт үйлчилгээ, цуврал лекц, кино үдэш, англи хэлний сургалт, видео уулзалтыг зохион байгуулдаг.

 

Сэлбэн засах

  Төвлөрсөн номын сангийн хэмжээний урагдаж гэмтсэн ном хэвлэлийг сэлбэн засах, хувилан олшруулах, тогтмол хэвлэлүүд болон бусад бичиг баримтыг үдэж хавтаслах, үйлчилгээнд хэрэглэгдэх маягтуудыг хэвлэн гаргах үйл ажиллагаа явуулдаг.


Он цагийн товчоон

1980      Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь СБД-ийн 5-р хороололд байгуулагдсан.

1986      Хотын төв номын сан нь Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болсон.

1986      Улаанбаатар хотын нийтийн номын сангууд төвлөрүүлэлтийн системд

               шилжиж Хотын төв номын сан нь 15 салбар номын сантай боллоо.

1988      Ховор хуучин ном судрын фонд байгуулав.

1991      СХД-ийн Өнөр хороололд шинэ салбар номын сан байгуулагдав.

1992      Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хүнд үед жижиг салбар номын сангууд татан буугдаж, одоогийн тогтолцоонд шилжиж, 4 салбар номын сантай болов.
Үүнд 1946 онд байгуулагдсан Монголын анхны нийтийн номын сан нь ЧД дэхь салбар номын сан болж, 1948 онд байгуулагдсан номын сан нь ХУД дэх салбар номын сан, 1968 онд байгуулагдсан номын сан нь  БЗД дэхь салбар номын сан болж, СХД дэхь салбар номын сан болж зохион байгуулагдсан.

1994      Америкийн Азийн сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрийг   хэрэгжүүлж  Уншлагын танхим нээв.

1997     Олон Улсын номын сангийн холбоонд
/IFLA/ гишүүнээр элсэв.

1997 Улаанбаатар хотын Хүүхдийн төв номын сангийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, Хотын төв номын санд хүүхдийн уншлагын танхимууд нээгдсэн.

1998 Австралийн олон улсын хөгжлийг дэмжиж сан /AUSAID/-гийн санхүүжилтээр электрон каталог байгуулах анхны төсөл хэрэгжиж, Номын сангийн Alice програмыг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн.

Номын сангийн үйлчилгээнд баркодын системийг нэвтрүүлж, Уншигчдад баркодон үнэмлэхийг олгож эхэлсэн.

1999      CanadaIDRC болон Датаком ХХК-ын дэмжлэгтэйгээр Интернэт сүлжээнд холбогдов.

1999       МННХ-ийн дэмжлэгтэйгээр Эрх зүйн мэдээллийн төвийг байгуулсан.

2000         Номын сангийн вэб хуудасыг нээв.

                  Захын хороодын иргэдэд зориулж Хөдөлгөөнт номын сангийн үйлчилгээг бий болгосон.

2003         Уншигчийн баркодон үнэмлэхийг Алиса програмын хурууны хээний модулиар сольсон.

2004 Америкийн соёл мэдээллийн төвийг нээв.

2005 Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж Ярьдаг номын төвийг байгуулсан

2007 Ситинэт ХХК-ийн шилэн кабелийн интернэтийг 10 жил төлбөргүй ашиглах боломжтой болсон.

2007 Шөнийн уншлагын танхим нээгдэв.

2008 Хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг Чөлөөт сонголттой болгов.

2009      БНСУ-ын КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан Шин Хэн Ён 2 жилийн гэрээгээр ирж ажиллав.

 

Хаяг:

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

 Сөүлийн гудамж-7, Улаанбаатар 28

 

И-мэйл: ubplibrary@gmail.com

Вэб: http://pl.ub.gov.mn

Yahoo мессенжер: ask_library

Утас : 70115700, 70115705

 

Twitter

Twitter Image

Facebook

Statistics

Гишүүд : 77
Мэдээлэл : 534
Вэб холбоос : 160
Мэдээллийг Үзсэн Тоо : 484879

Суурилсан: Joomla!. Designed by: joomla templates 1.5 web hosting Valid XHTML and CSS.