“Хүн шувуу” тань руу нислээ

“Хүн шувуу” тань руу нислээ

ОХУ-аас ирсэн байлдааны дөрвөн онгоцны үзүүлэх тоглолтыг харж манайхан амаа ангайлгаж асан цаг саяхан.

Тэгвэл нэгэн цагт Монгол хүн Монгол хүнийхээ амыг ангайлгаж байсан түүх бий. Тэр түүхийг бичилцэж явсан хүн бол Д.Отряд гуай юм. Энэ нэрийг сонсоогүй Монгол хүн ховор биз. Тэрээр Монголын Шүхрийн спортын томоохон төлөөлөгч юм. Түүний ололт амжилт, Монголчуудынхаа амыг ангайлгаж, чихийг дэлдийлгэж байсан буултуудаас  цухасхан дурдвал “…Дусал хэлбэрийн буулт /1974 он/, Төв цэнгэлдэх хүрээлэнд анх буусан /мөн онд/, Туузтай нэг ба хоёр хүний чөлөөт уналт /1976 он/, Ми-8 онгоцноос зүүгдэж агаарт хөөрөх /1-3 хүн/, Агаарт салют буудах төхөөрөмж /1981 он/, Хоёр ба 4 шүхэрчний давхарлага /1982 он/, Онгоцноос нэг ба 2 шүхэрчний чиргүүл / буксировок 1980 он/, Нисдэг тэрэгнээс 4 хүний агаарын гимнастик /1989 он/, Монгол “МО” 1 шүхрээр 2 шүхэрчин буух трапец /мөн онд/, Шүхэрчний ур чадварын угсраа задлалт, Цэгт буюу од хэлбэрийн буулт, Усны буулт /Сэлэнгэ аймаг, Гүн нуурт/, Шөнийн буулт /Буян-Ухаад/, Утаат буулт, олон далбаат буулт, могойчлох зэрэг агаарын шүхрийн шилдэг үзүүлбэрүүдийг анх санаачлан амжилттай нэвтрүүлж байжээ.

Түүний охин Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медалт О.Гүндэгмаа эцгийнхээ гэгээн үйлсийн тухай “Хүн шувуу” хэмээх номон суваргыг бүтээж номын сангуудын сан хөмрөгт хандивлалаа.

Зарим хүний замналыг уншихад амьдралын утга учир цоо шинээр тодорч, утга төгөлдөр амьдрах тэмүүлэл улам нэмэгддэг.

Б.Ренчин абугайн “Шүхэрч Буниа”-гийн биелэл гэлтэй шүхрийн спортын түүхийг өгүүлсэн ном тун удахгүй уншигч та бүхний ширээн дээр очих болно.

Танд нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгана биз ээ.

 

Vandan Tuvshintogtoh