М.Отгонбаяр: Миний амьдралд үлгэрийн номууд маш чухал нөлөө үзүүлсэн

М.Отгонбаяр: Миний амьдралд үлгэрийн номууд маш чухал нөлөө үзүүлсэн

Иргэншил: Монгол Улс

Овог нэр: Мөнгөнхүүгийн Отгонбаяр

Эрхэлж буй ажил, албан тушаал: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх салбарын эрхлэгч

Сошиал хуудсууд: 

Facebook хаяг  М.Отгонбаяр

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

– Би багадаа амьтан судлаач, бас зохиолч болохыг мөрөөддөг байлаа. Гэсэн ч хуульч, нийгмийн ажилтан мэргэжил эзэмшсэн.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

– Анх Монгол ардын үлгэрүүд нэртэй ном уншиж байсан. Түүнээс хойш Монгол хэлээр хэвлэгдсэн бүх улс орнуудын үлгэрийн номнуудыг нэг амьсгаагаар уншсан даа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

– Уншсан ном болгоноосоо ямар нэгэн зүйл сурч мэдэж ойлгож авсан гэж хэлж болно. Улс үндэстэн бүрийн үлгэрийн номуудаас би асар их хүсэл тэмүүлэл олж авахын сацуу хүний амьдрал үргэлж сайн сайханд тэмүүлж, сайн сайхнаар дуусах ёстой юм байна гэсэн ойлголтыг авсан. Миний амьдралд үлгэрийн номууд л чухал нөлөө үзүүлсэн.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

– Яруу найргийн “Нил гийх үүр” , ” Гоц улаан саран” , “Сураггүй хаврыг хүлээхүй”, ” Амраглан гуниглан” номуудыг бүтээсэн. Хамтын 10 гаруй бүтээлд шүлэг зохиол хэвлэгдсэн.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

– Түүхч Х. Шагдарын “Энэ дэлхийд эгнэшгүй эцэг хүү гурван жанжин” ном уншиж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

– Сайн ном таарвал хаана байгаагаас үл хамааран цаг хугацаа нойр хоолоо умартан байж уншиж дуусгадаг.  Би аль хэдийнэ орчлонгоос тасран тэр номынхоо гүнд орсон байдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

–  Би арван жилийн сурагч 7- р ангид байхдаа л тухайн үеийнхээ өөрийн уншиж болох бүх номнуудыг уншиж дуусгасан байсан. Надад унших ном олдохгүй Лениний ботиуд, МАХН- ын программ, Энгелсийн “Ноён Дюрингийн эсрэг” зэрэг номнуудыг уншиж байлаа. Залууст сонирхолтой онц сайхан санагдах асар олон ном бий. Тэр бүх номыг уншиж, оюун санааны асар их аз жаргалыг хүн бүхэн эдлээсэй гэж хүсэж байна.  Би номыг үнэхээр шимтэж уншдаг. Ном уншина гэдэг тухай зохиолын баатруудын амьдралаар амьдарч жаргаж, зовж, гуних тухай ойлголт.  Миний ном унших арга бол тухайн номонд үнэн сэтгэлээсээ дурлах.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

– Залуус дүү нар нэн түрүүнд “Монголын нууц товчоо” – г маш олон удаа уншиж бүр цээжлэх ёстой гэж боддог.  В.Гюгогийн “Парисийн дарь эхийн сүмийн тууж” Л.Түдэв гуайн “Оройгүй сүм”,  Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын “Монголын сонгомол яруу найраг” тэргүүт Дэлхийн ба Монголын сор зохиолчдын бүтээлийн сонгомол эмхэтгэлийн улаан номнуудыг заавал уншаасай гэж хүсэж байна. Мөн Энхбайгалийн орчуулсан ” Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг” гэдэг номыг нэг хараасай.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

–  Зөвхөн Монголынх л бий.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

– Мэдээж би яруу найргийн ном байх болно. Хавар бас намрын шүлгүүд дүүрэн бичигдсэн байх болов уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

– Хүн байхын утга учрыг ойлгуулж, хүсэл мөрөөдлийн жигүүр ургуулахад ном зүйрлэшгүй ач тустай. Хүн төрөлхтний бүх оюун ухааны шим эрдэм мэдлэг, бас сайн сайхан бүх зүйл гагцхүү  номонд л бий.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

– Цаасаар уншихыг ямагт илүүд үзнэ. Гэхдээ цаг үеээ дагаад цахимаар уншихаас өөр аргагүй үе олон байна даа.

Унших дуртай зохиолч

–  Мопассан, Маркез,  Борхес, Хэмингуэйд дуртай. Монголынхоо бүх зохиолч, яруу найрагчидад хайртай. ч

Уншихыг төлөвлөж буй ном?

– Л. Түдэв гуайн ботиудыг ахин нэг эхнээс нь уншдаг юмуу гэж бодож байгаа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

– Зохиолч Б. Наминчимэд “Дархан хүний бурхан ухаан” гэж өгүүллэг бий. Түүний Урианхайн дархан Монхооногт хайртай.

 

Baigalmaa TS.