О.ЗОЛБООТӨГӨЛДӨР: “МИНИЙ ЗУРШИЛ НЭГ УНШСАН НОМОО ХЭД ХЭДЭН УДАА УНШДАГ”

-Сайн байна уу. Юун түрүүнд үзэсгэлэнгээ нээсэнд баяр хүргэе. Харин яриагаа таны хамгийн сүүлд уншсан номоос эхлэх үү?

          -Баярлалаа. Сүүлд зохиолч Э.Бүжинлхамын “Ариан” зохиолыг уншсан. Уг нь хамгийн түрүүнд унших ёстой ном байсан юм билээ. Харамсалтай нь хамгийн сүүлд уншсан. Тус номд зураач, зохиолч хүний тухай өгүүлдэг. Эхэндээ хоёр хүний тухай өгүүлж байгаа юм шиг боловч сүүлд зангилаа нь тайлагдаж, нэг хүний онгод, сүнс байсан юм билээ. Би үзэсгэлэнгээ наймдугаар сарын нэгэнд гаргах төлөвлөгөөтэй байсан ч өвдөөд хойшилсон. Түүнд би сэтгэлээр их унасан. Тэр хүнд үе минь их сэтгэлийн дэм болсон ном. Хэд хэдэн удаа уншсан шүү. Э.Бүжинлхам бид хоёрын бүтээл олон удаа давхцаж байсан. Түүний нэг нь “Ариан”. Би “Ариан”-ыг уншихаас өмнө зурж байсан юм билээ. Тэгэхээр бид хоёр хамтдаа үзэсгэлэн гаргах л ёстой байсан юм болов уу. “Болох ёстой бүх зүйл цаг хугацаандаа болж байна даа” гэж бодсон.

-Зохиолч Э.Бүжинлхам, зураач О.Золбоотөгөлдөр хамтдаа үзэсгэлэн гаргаж буй нь олон хүний сонирхлыг татаж байгаа болов уу. Тиймээс энэ үзэсгэлэнгээрээ нийгэмд болоод урлагийн салбарт юу илэрхийлэхийг зорьсон бэ?

          -Зохиолч Э.Бүжинлхам бид хоёр хожуу учирсан. Би яруу найрагт их хайртай. Зохиолч Л.Өлзийтөгсийн шүтэн бишрэгч. Тэгээд Монголын яруу найрагчдыг Л.Өлзийтөгстэй харьцуулаад байдаг болсноо өөрөө ч анзаараагүй. Тэгээд монгол зохиол, яруу найраг уншихаа хэсэг зогсоосон. Тэгээд сүүлд нэг хүн манай урланд ирж, зураг үзэхдээ Э.Бүжинлхамын “Сүнс урлал” номыг бэлэглэсэн. Тэгээд тэр номыг уншсан миний зурсан зургуудыг голыг нь олоод, зураг зурах үед төрж байсан тэр мэдрэмжийг яруу найраг болгоод бичсэн байсан. Түүнээс хойш би зохиолчийн шүлгүүдэд зориулж таталбар зурж, цахим сүлжээнд байршуулж эхэлсэн. Тухайн үед түүнийг танихгүй, холбогдоно ч гэж бодож байгаагүй. Тэгсэн анх нөхөр нь над руу холбогдсон. Тэгж анх бидний нөхөрлөл эхэлсэн. Удалгүй надад “Монгол арт” галерейгаас үзэсгэлэн гаргах урилга ирсэн. Тэгээд зохиолч бид хоёрын мэдрэмж нийлж байна. Тиймээс хамтын үзэсгэлэнгээ гаргая гэж шийдсэн. Бидний бүтээлийг үзээд, уншаад хүн өөрийн дотор байх ухамсарт ертөнц рүүгээ нэг алхам ойртох болов уу. Түүнээс биш бид хоёр уран бүтээлээрээ нийгмийн энэ асуудлыг хөндөж, ийм зүйлийг өөрчилнө гэсэн зүйлгүй ээ. Зураач, зохиолч хоёр адилхан сэтгэж байна гэдэг өөрөө их сонин давхцал шүү.

-Унших дуртай зохиолч?

          -Дуртай зохиолч Борхесийн номд дуртай. Надад хэдхэн ном байдаг. Дахин дахин уншаад уйдамгүй. Маркесийн “Зуун жилийн ганцаардал” ном ч юм уу. Аль ч хуудаснаас нь эргүүлээд уншихад сайхан сэтгэгдэл төрдөг. Мөн цаг үетэйгээ хөл нийлүүлж Хятадын уран зохиолыг их уншиж байна. Манай орчуулагчид ч сайн орчуулдаг болжээ. Монгол зохиолчдоос гэвэл Д.Норов гуайн бүтээлүүдийг их уншсан. Мөн дахин дахин уншдаг. Үнэндээ Монголын нэн шинэ үеийн, залуу зохиолчдын бүтээлийг төдийлөн уншиж амжаагүй байна. Миний нэг зуршил нэг уншсан номоо хэд хэдэн удаа уншдаг. Шинэ бүтээл худалдаж авахаасаа илүү хуучин номоо эргүүлж унших дуртай шүү.

-Уншихаар төлөвлөж буй зохиол бий юу?

          -Одоохондоо төлөвлөсөн ном алга. Зохиолч Х.Наранбаатарын “Хүн ба бид” номыг маргааш зохиолчоос нь авахаар болсон. Номын дэлгүүрүүдэд худалдаалагдахгүй байгаа юм билээ.

-Өөрийгөө улирлаар илэрхийлбэл?

          -Миний дуртай улирал намар. Харин миний зан ааштай төстэй гэвэл хаврын улирал байх. Би заримдаа үнэхээр аз жаргалтай, заримдаа ёроолгүй гунигтай эмэгтэй болж хувирдаг. Намрын улирал ихэнхдээ л цаг агаар тогтуун, сайхан байдаг шүү дээ. Гэтэл би дандаа тогтуун, сайхан байж чаддаггүй. Хүмүүсийн нүдэнд би дуртай ажлаа хийж, хүссэнээрээ сайхан амьдарч байгаа мэт харагддаг боловч миний дотоод ертөнцөд олон зүйл болж байдаг.

-Тэгвэл аль улиралд бүтээл илүү төрдөг вэ?

          -Надад улирал нөлөөлдөггүй дээ. Аль ч улиралд зурж л байдаг. Хүмүүс “ажлын мал” гэж хэлдэг шүү дээ. Яг түүн шиг заримдаа өглөө  7-8 цаг гээд л урландаа ирж, шөнө хэдэн цагт ч хамаагүй зурж л суудаг. Сүүлийн өдрүүдэд харин өөрийгөө хүчээр амрааж байна.

-Танд хэдэн орны номын сангийн үнэмлэх байдаг вэ?

          -Надад нэг ч номын сангийн үнэмлэх байдаггүй. Миний хувьд урлангаасаа гараад номын санд сууна гэдэг их цаг орно. Түүний оронд унших номоо худалдаж аваад урландаа уншсан нь дээр болов уу. Гэхдээ тантай ярилцсаны дараа номын сангийн үнэмлэхтэй болмоор санагдлаа.

-Үзэсгэлэнд таны хэдэн бүтээл тавигдах вэ?

          -Тоолж үзээгүй л байна. Бараг 30 орчим болов уу. Энд хэдэн том зургууд байна. Одоо хэдэн график ирнэ. Тэгээд нийлээд 30 орчим болох болов уу

-Таны үзэсгэлэн хэднээс хэдний хооронд дэлгэгдэж байгаа вэ?   

         -Үзэсгэлэн Монгол арт галерейд 15-24ны хооронд гарч байгаа

-Бүх бүтээл тань Э.Бүжинлхам зохиолчийн бүтээлтэй холбогдох уу?

          -Ихэнх нь. Гэхдээ түүнээс өмнө ч зурж байсан зургууд бий.

Ном унших, түүний үнэт зүйлийн талаар юу боддог вэ?

          -Зураач хүний хувьд ном унших нь их давуу тал болдог. Кино үзэх нь хэдий тааламжтай ч тэнд гоё, сайхан үйл явдал өрнөөд л байдаг. Яг түүгээр нь л сэтгэж хүлээж авдаг. Ном уншихаар тухайн номын утга учир, үйл явдал нь намайг төсөөллийн ертөнцөд хүргэдэг. Тэнд би зөвхөн өөрийнхөөрөө төсөөлж, хэн ч болж чадна. Мөн түүнийг ганцхан би л төсөөлж чадна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа.

Ярилцсан: Т.Амар-Амгалан