Б.Золзаяа: Нэг дуртай зохиолч гэхээс илүү үнэт зүйл, үзэл санаа нийцэх шинэ үеийн сэтгэгчдийг сонирхож уншиж байна.

Б.Золзаяа: Нэг дуртай зохиолч гэхээс илүү үнэт зүйл, үзэл санаа нийцэх шинэ үеийн сэтгэгчдийг сонирхож уншиж байна.

Овог нэр: Буд овгийн Батхуягийн Золзаяа

Эрхэлж буй ажил, албан тушаал: Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, Зөвлөх. Одоогоор Австрали улсын Мелбурний Их сургуульд хөгжил судлалаар магистрт сурч байна.

Сошиал хуудсууд:

Facebook: https://www.facebook.com/ZolzayaBatkhuyag

Twitter: https://www.twitter.com/zola_fem

Instagram: https://www.instagram.com/zola_fem/

Таны багадаа эзэмшихийг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Тийм, багаасаа л олон төрлийн хүмүүстэй ярилцдаг, харилцдаг ажлуудыг сонирхдог байсан. Тиймдээ нийгмийн ухааны салбар, тэр дундаа Эрх зүйч мэргэжлийг сонгож бакалавртаа суралцаж төгссөн. Бизнесийн талбарт ажлын гараагаа эхэлсэн ч чөлөөт цагаараа хүний эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудад сайн дурын ажилтан хийснээр хүний эрхийн төлөөх үнэт зүйл, үзэл санаатай холбогдсон. Нэг мэдэхэд л иргэний нийгмийн төлөөллөөр ажилласаар 10 жил өнгөрсөн байна. Одоо хөгжлийн чиглэлээрээ мэргэших зорилгоор Мелбурний Их Сургуульд Хөгжил судлалын Магистрийн хөтөлбөрт  суралцаж байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Дунд ангиа төгсөтлөө уран зохиолын хичээлийн болон ойр зуурын номууд уншсан. Магадгүй яг өөрөө бие дааж уншаад хүчтэй сэтгэгдэл үлдээсэн гэвэл ахлах ангидаа уншсан Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”. Тэр үедээ бүрэн утгаар ойлгож чадаагүй байж магад, юутай ч “эрх чөлөө гэж их үнэ цэнэтэй зүйл юм” гэж их л биширч уншсан.  

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Өнөөдрийн Золагийн үзэл санаа, үнэт зүйлийг бүтээхэд нөлөөлсөн олон ном байна.  Жишээ гэвэл, Симон дө Бовуарын 1949 онд бичсэн The Second Sex (Дайвар хүйстэн) номыг нэрлэнэ. Товчоор хэлбэл, жендэрийн тэгш бус байдлын суурь болсон эцгийн эрхт ёс болон эмэгтэй хүйсийн тухай өгүүлсэн философийн ном. Анх уншаад шууд ойлгоход амаргүй байсан, одоо ч эргэж харах бүрдээ шинэ юм ойлгодог тийм баялаг агуулгатай.  

Таны ширээний ном?

Сүүлийн үеийнх гэвэл 2019 онд хэвлэгдсэн Caroline Criado Perez-ийн Invisible Women: Data Bias in World Designed for Men (Үл үзэгдэгч эмэгтэйчүүд: Эрчүүдэд зориулагдсан ертөнц дэх мэдээллийн төөрөгдлийг илчлэх нь). Уг ном олон нийтэд үйлчлэх аливаа бодлого, шийдвэр, бүтээгдэхүүнийг боловсруулахад өргөн хүрээний өгөгдөл бүхий чанартай судалгаан дээр суурилахын чухлыг маш нарийн дата, бодит кэйсүүдээр гаргаж ирсэн нь чач холбогдолтой байсан.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Ном бүтээх гэдэг том үйлийг хийхэд өөрийгөө одоохондоо бэлэн биш гэж бодож байна. Ирээдүйд бол бодсон, зорьсон зүйлс байгаа. Ажлынхаа хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш эрхийн холбоотой ном, товхимол, гарын авлага зэрэгт багийн гишүүний хувьд бол оролцдог.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Анагаах ухааны доктор Emily Nagoski -ийн Come as You Are: The Surprising New Science That Will Transform Your Sex Life гээд эмэгтэйчүүдийн бэлгийн таашаалын тухай шинжлэх ухаан дээр суурилан бичсэн маш сонирхолтой ном.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Өдөр бол тухтай буйдан дээрээ, оройдоо ихэнхдээ орондоо уншдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Номоо эхлүүлэхдээ хэд хувааж унших вэ гэдгээ төлөвлөн бүлгээр нь багцаалдаж жижиг номын хавчуургуудаар хуваадаг. Тэгээд уншаад суухдаа тухайн өдөр уншихаар төлөвлөсөн хэсгээ уншиж дуусгахыг зорьдог. Ер нь бүлэг дунд юм уу, хаа хамаагүй энэ тэнд зогсож орхилгүй, бүлэг бүлгээр нь уншиж байж агуулгыг нь толгойдоо цэгцлэхэд дөхөм санагддаг. Гэхдээ мэдээж гэнэтийн ажил гарах гэх мэт төлөвлөсөндөө хүрэхгүй зогсох тохиолдлууд гардаг л даа.

Тэмдэглэлийн тухайд, боломж, цаг гарсан даруйд тухайн бүлгийн хамгийн чухал гол санааг компьютер дээрээ товч тэмдэглэж авдаг. Гэхдээ миний үлгэрлэн дагадаг ном их уншдаг хүмүүс бол “өөрийн тань ном мөн л бол номон дээрээ тэмдэглэх нь илүү үр дүнтэй” гэдэг юм билээ. 

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Сүүлд уншсанаас 2019 онд гарсан Rutger Bregman–ий Humankind: A Hopeful History (Хүн төрөлхтөн: Итгэл найдварын түүх) гэдэг ном нэлээн сонирхолтой санагдсан. Өнөөдрийг хүртэл бидний үнэн гэж бодож явсан олон ойлголтыг шинэ баримтууд дэлгэн огт өөр өнцгөөс харуулах гэж зорьсон нь хүчтэй сэтгэгдэл үлдээсэн.     

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монгол, АНУ, Австралийн их сургуулиудын номын сангийн үнэмлэхүүд байна.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Non-fiction буюу уран зохиолын бус ном байх бол хүн ба нийгмийн харилцааны тухай ном байх, харин fiction буюу уран зохиолын ном байвал хайр дурлалын адал явдлаар их л баялаг, эрх чөлөөндөө хайртай хүний тухай ном байх болов уу.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасаар буюу хэвлэмэлд илүү дуртай. Аялахдаа Kindle дээрээ уншдаг.

Уншихыг төлөвлөж буй ном?

Joseph Stiglitz –ийн The Price of Inequality: How Today’s Divided Society Endangers Our Future эхлэх төлөвлөгөөтэй байна.

Унших дуртай зохиолч

Ихэнхдээ non-fiction тэр дундаа нийгэм, соёл, хүний эрх, жендэрийн тэгш эрх, хүний нийгмийн түүхтэй холбоотой буюу нийгмийн шинжлэх ухаанд суурилсан номууд уншдаг. Тэгэхээр нэг дуртай зохиолч гэхээс үнэт зүйл, үзэл санаа нийцэх шинэ үеийн сэтгэгч нарыг сонирхож уншиж байна.  

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Амьдрал дээрх бодит баатруудын тухай намтар түүх өгүүлсэн номд их дуртай. Жишээ нь саяхан өөд болсон АНУ-ын дээд шүүхийн шүүгч Ruth Bader Gisburg-ийн тухай “Notorious RBG: The Life and Times of Ruth Bader Ginsburg” ном үзэл санаа, үнэт зүйлтэй байхын утга учир, эрч хүч, зориг зэргийг мэдрүүлсэн.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном уншихын утга учир, үнэ цэнэ нь олон ном уншихаас илүүтэй таны эрэлхийлж, бүтээж, шатаж буй тэр сэдэв, агуулга, зорилготой таны уншиж буй ном холбогдсон цагт илүү мэдрэгддэг гэж боддог.

 

Vandan Tuvshintogtoh