Г.Аюурзана: Ном бол гайхамшиг, гэхдээ мэдээж ном бүхэн гайхамшиг биш

Г.Аюурзана: Ном бол гайхамшиг, гэхдээ мэдээж ном бүхэн гайхамшиг биш

Эрхэлж буй ажил, албан тушаал:

Зохиолч.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцаач?

Хамгийн анх уншсан ном минь “Кибальчич хүү” гэдэг Зөвлөлтөд их гоё хэвлэсэн, монгол хэлээрх ном байсан. Нагац ах маань авчирч өгч байсан юм даг. “Босцгоогоорой, та минь! Буу сум байвч буудах хүн цөөдөөд байна” гэж эхэлдэг тэр номыг цэцэрлэгийнхээ ангийнханд чангаар уншиж өгдөг байж билээ. Хувьсгалын сэдэвтэй, Оросын иргэний дайны үеийн тухай ном байсан юм. Тэгээд дараа нь “Алтан алим”, “Цагаан буга” гэх зэрэг бас л тиймэрхүү зурагтай номууд уншсан.

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Анх би жолооч болно гэж мөрөөддөг байсан. Арай торниод зохиолч болох юм сан гэж мөрөөдсөн. Тэгэхээр таарч байгаа гэсэн үг.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Фолкнерын “Баавгай”. Энэ тухай би нэг бус удаа ярьсан даа.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Энэ хаваржин, зунжин зууралдсан шинэ зохиолынхоо ард дөнгөж гарч байна. Тэгэхээр ойрын үед өөр юманд анхаарал хандуулах завгүй байжээ. Хамгийн сүүлд эхнэрийн минь дүү авчирч бэлэглэсэн, эртний иргэншлүүдийн хувьд мансууруулах бодисын жор соёл хичнээн чухал байсан тухай нэг судалгааны ном уншсан юм байна.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Би энэ өвөл нэг шинэ роман дээр суух санаатай. Тэр романдаа гол дүр болгож сонгоод буй хүнийхээ тэмдэглэлийг уншихаас л ажлаа эхлэхээр төлөвлөчихсөн байгаа.

“Шинэ үеийн номын сан” цуврал тань манай уншигчдын дунд их эрэлттэй байдаг. Тэр дундаа “2*2=6 буюу Суут жаран сэтгэгч” арав гаран хувьтай ч бүгд сэлбэн засалтад ороод өөрийнхөө хар хавтастай нь бараг байдаггүй, булан нь мөлийтлөө уншигддаг. Дахин хэвлэгдэн гарсан 19 боть номынхоо талаар уншигчидтай маань хуваалцаач ?

“Альфа” хэмээх номын дэлгүүрийн залуус багцалж хэвлэх санал тавьсан. Ер нь бүрэн дүүрнээрээ нэг дор гараагүй, зарим нь оочин цоочин хэвлэгдэж, зарим нь худалдаанд үзэгдэхээ болиод удаж байгаа. Багцаар нь борлуулах эрхийг нь тэдэнд шилжүүлсэн. Өөрсдөө ном зарах тал дээр зүгширч яваа хүмүүс учраас хүнд хүргэх эвээ сайн олж байх шиг байна. Миний өөрийн эхэн үеийн хүүрнэл зохиолууд, эмхэлж бичсэн нийтлэлийн шинжтэй номууд, орчуулгууд гээд бүтцийн хувьд нэлээд солонгорсон, аятайхан багц болчихсон шүү.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв?

Зальцбургт яг уулын оройгоор шилтгээнд амьдардаг баахан сурвалжит айл байдаг. Тэдний нэгнийд зочилж, эртний шилтгээнийг нь харанхуйлтал өрсөн номууд харж байлаа. 20-30 өрөө тасалгаатай том шилтгээн мөртлөө л цонхны хажуух зайгаа ч ашиглаж ном өрсөн байж билээ. Гэрийн эзэн өөрөө сэтгүүлч хүн байсан юм. Эхнэрийнх нь тал сурвалжит баячуул юм билээ л дээ. Хүүхдүүд нь насанд хүрчихсэн, мань хоёр өөрсдөө битүү номын үнэр дунд л амьдардаг юм билээ. “Том шилтгээн авч явахад маш хэцүү, гэхдээ энэ номуудыг өөр агуулах газар байхгүй тул эндээ л амьдрахаас өөрцгүй” гэж ярьж байсан сан.

Таны ширээний ном?

Ширээн дээрээ заавал нэг ном байнга байлга гэвэл, өвөрлөгч Баяр абугайн галигласан “Нууц товчоон”-ыг тавьчихаад байж болох юм даа.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Сайн хэлж мэдэхгүй. Бичигтэй цаас харагдвал л шагайж явсаар энэ хүрлээ. Багын л зуршил даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Дурсамжийн ном байж тун магадгүй.

Унших дуртай зохиолч?

Борхэс. Монтэнь. Фолкнер. Бас өмнө нь огт уншиж үзээгүй шинэ зохиолчоос хэзээ ч татгалздаггүй.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Нэг ч үнэмлэх байхгүй. Оюутан байхад 3 үнэмлэх байсан. Нэгэн үе Төв номын сан, танай 2-ын үнэмлэх байсан. Одоо аль нь ч үлдээгүй, үрэгдсэн байна лээ.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Олон доо. Хамгийн гээд нэгийг нь нэрлэбэл бусад нь гомдчихно. Гэхдээ би зохиол дотроос зохиогчийг нь олж харахдаа илүү дуртай. Тэр утгаараа бол хайртай баатрууд минь дандаа л дуртай зохиолчид минь байгаа. Дээр хэлсэн гурав ч юм уу, Юрий Олеша ч юм уу, Ооэ ч юм уу…

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

-Гайхамшиг. Гэхдээ мэдээж ном бүхэн гайхамшиг биш. Нийт хэвлэгдсэн номуудын 90 хувь нь хог байдаг гэж нэг алдартай үг бий.

Ярилцсан номын санч С.Болормаа

 

Vandan Tuvshintogtoh