Б.Шүүдэрцэцэг: Ном бол халаасанд багтааж болох шидэт ертөнц юм.

Эрхэлж буй ажил, албан тушаал: “Шүүдэр” продакшны захирал, продюсер

Сошиал хаяг: FB page: Shuudertsetseg, FB profile: Shuudertsetseg baatarsuren , Insta: shuudertsetsegb, Twitter: shuudertsetseg4

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Анхны танилцсан ном маань “Манжингийн үлгэр” байлаа. Хэлд ороогүй байхаасаа л номтой танилцсан. Аав, ээж хоёр минь бидний багад гоё зурагтай орос номууд авч өгч, уншиж өгдөг байлаа. Би 7 настайдаа уншиж сурсан. Хамгийн анхны бие дааж уншсан ном бол хүүхдийн зохиолч Батаагийн “Ойн цэцэрлэг” гэдэг шүлэглэсэн бяцхан ном байж билээ.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.

Хүний хүсэл мөрөөдөл нас насанд өөрчлөгддөг дөө. Цэцэрлэгт байхдаа багш болж тоглодог байснаа санадаг. Сургуульд ороод бага ангидаа сансрын нисэгч болохыг их мөрөөддөгсөн. Тэр үед сансрын нисэгчид хамгийн алдартай хүмүүс байсан юм л даа. Намайг 3-р ангид байхад Монгол хүн анх сансарт ниссэн. Дараа нь дэлхийн 2 дахь эмэгтэй сансрын нисэгч С.Савицкая задгай сансарт гарч дуулиан болж байсан юм. Дунд ангид ороод геологич болох сайхан санагдаж, ээжээрээ “Юний натуралист” сэтгүүл захиалуулж үздэг байлаа. Дунд анги төгсөхийнхөө алдад сэтгүүлч болохоор шийдэж, тэр мөрөөдлөө ч биелүүлж Эрхүүгийн Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид элсч байлаа. Сэтгүүлч болох нь аавын минь мөрөөдөл байсан болохоор аав минь намайг сэтгүүлч мэргэжлээр Орост сургуульд явахад  их баярлаж байсан юм.

Таныг манай уншигчид Баатарсүрэнгийн Тогтохбаяр нэрээр биш Шүүдэрцэцэг гэдэг нэрээр тань мэднэ. Энэхүү нэрийг уран бүтээлийнхээ нэрээр сонгох  болсон шалтгаан юу вэ?

2003 онд анхны зохиол “Хулан” туужаа, эрхэлж байсан сониндоо цувралаар тавихдаа зохиомол нэрээр хэвлүүлье гэж шийдсэн. Би Төрийн төв хэвлэлд оны шилдэг бичлэгийн шагналтай, буурьтай нийтлэл бичлэг сэтгүүлч байснаа хайрын тухай зохиол бичиж эхэлсэндээ санаа зовсон юмаа. Нөхөртэйгээ ярилцаж байгаад л Шүүдэрцэцэг гэсэн нэрийг уран бүтээлийн нэр болгож авсан.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Сургуульд орохоосоо өмнө уншиж сураад номд дурласан.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Ном их уншдаг хүүхэд байлаа. Эхлээд шовгор оройт хүүхдийн номын санд, дараа нь Сталины нэрэмжит төв номын санг хаатал нь суудаг хүүхэд байв. Олон ч ном уншсан. Гэхдээ 9 дүгээр ангидаа уншсан “Мари Кюри” намтар роман маш их бодолд оруулж байсан. Цөмийн энергийн нууц ,цацраг идэвхт Ради, Полони элементүүдийг нээхийн төлөө шантаршгүй зүтгэсэн сод эмэгтэй Мари Кюрийн амьдралаас асар их эрч хүч, урам зориг авдаг. Сүүлд Симона дө Бовуарын “Дайвар хүйстэн” надад бас үзэл санааны хувьд асар их нөлөөлсөн.
Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү?

“Хотулун гүнж” кинотой холбоотойгоор Рашид ад Дины “Судрын чуулган” уншсан. Кино зураг авалтын завсраар уншсан “Мэдисон нутгийн гүүрүүд” ном нь сэтгэл санаа амраасан, чихэр шиг амттай хайрын түүх байсан.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Монсудараас гаргасан “Ардын хувьсгал” номыг уншина гэж төлөвлөсөн байгаа. Мөн, Канадын Букерийн нэрэмжит шагналт зохиолч Маргарет Атвүүдийн “Слепой убийца” романыг эхлээд орхисон. Өвлөөс цаг гаргаж уншина. Нэг романаас дараагийн роман гарч ирдэг яг “Матрёшка” шиг бүтэцтэй их ээдрээтэй зохиол байна лээ.

Таны ширээний ном?

Монголын түүх 5 боть, Дайвар хүйстэн.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Том хэмжээний хүүрнэл роман

Унших дуртай зохиолч

Лев Толстой, Антон Павлович Чехов

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Хоёр үнэмлэх байдаг. Малайзын болон, Оросын их сургуулийн номын сангийн үнэмлэх бий.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хэлэхэд хэцүү юмаа. Сонгодог зохиолд эмэгтэй баатрууд нь дандаа хэлмэгдсэн, хохирсон хүмүүс байдаг. Би хүчирхэг эмэгтэй баатрыг хайрламаар байдаг юм. Хэдийгээр Толстойд дуртай ч, эмэгтэй баатрууд нь муу төгсгөлтэй, хувь тавилан нь дэндүү эмгэнэлтэй байдаг. Анна Каренина цөхөрсөндөө галт тэргэн доогуур орж амьдралаас сайн дураараа оддог. “Дайн ба энх”-ийн цовоо хөөрхөн Наташа Ростова олон хүүхдэд дарагдсан, уйтгартай эхнэр болж төгсдөг.

Тиймээс бодит хүмүүсийн намтарт л илүү дурладаг юм байна. Яг л Мари Кюри шиг хүчирхэг, шантаршгүй хүмүүст би хайртай.

Нобелийн шагналт зохиолч Тони Моррисон “Таны уншихыг хүссэн, эрж хайсан ном олдохгүй байгаа бол та өөрөө л бичих ёстой” гэж хэлсэн байдаг юм.

Сонгодог зохиолоос хамгийн хайр татам дүр бол Шарлотта Бронтегийн Жейн Эйр л юм уу даа.

Удахгүй Хотулун гүнж киноны тань нээлт болно. Киногоороо дамжуулан залуу хойч үеийнхэндээ юу хүргэхийг зорьж байна.

Энэ кино түүхэн сэдэвтэй боловч тулаант кино. Бодит түүхийг барьсан гэхээс илүү, тулаант, адал явдалт эпик төрлөөр бүтээсэн. Энэ кинонд Хубилай хаантай насаараа тэмцэлдсэн Өгөөдэйн угсааны Хайду хаан, түүний охин бөх гүнж гэж түүхэнд мөнхөрсөн Хотол цагаан гүнжийн тухай гарна. Залуус цааш ухаад Их Юань гүрний үе, алтан ургийн ахан дүүс алалдан тэмцэлдэж байсан бодит түүхийг унших хэрэгтэй байх. Киногоо Монголдоо төдийгүй, олон улсын зах зээлд зориулан бүтээж байгаа болохоор өрнөл сайтай, тулаант төрлийнх байлгахыг зорьж байна даа. 2016 онд төсөл эхэлсэн. Зураг авалт 2020 оноос 2021 оныг дамнан 4 улиралтайгаар үргэлжиллээ. Чанартай бүтээл хийхсэн гэж багаараа хичээсэн.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол халаасанд багтааж болох шидэт ертөнц юм .

Ярилцсан: И.Энхтуяа