Гүүгэлийн Соёлгэрэл: Номонд үнэн бий гэж итгэдэг

Гүүгэлийн Соёлгэрэл: Номонд үнэн бий гэж итгэдэг

Эрхэлж буй ажил, албан тушаал: Зохиолч,

Сошиал хаяг: Гүүгэлийн Соёлгэрэл

 Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Ахыгаа нэг дүгээр ангид байхад цуг уншаад сурчихсан гэдэг юм. Тэгэхээр багаасаа номонд дуртай хүүхэд байж. Аав маань багш, ээж маань эмч тухайн үедээ сэхээтэн айлын хүүхэд байсан болохоор номон дунд өссөн. Гэр маань хоёр номын сантай байсан. Тухайн үеийн айлууд мебель гээд гоё тавилгатай байлаа. Тийм хоёр мебель тавилгад манай ном эрийтэл өрөөтэй байдаг байсан.  Ил тавиур дээр байгаа номуудын гарчгийг их уншина. Тэгээд л ном унших гэж хорхойсох болсон. Дунд ангиасаа тэр зузаан номуудыг уншиж эхэлсэн дээ. 

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.

Би угаасаа их сониуч хүүхэд байсан. Тийм болохоор мөрөөдөл хүртэл хувирна. Маш олон мэргэжил сонирхлыг минь татдаг байлаа. Харин багадаа шүлэг их бичдэг байсан. Одоо зохиол бичиж байна. Тэгэхээр ямартай ч уран бүтээлч болох далд хүсэлтэй л байсан байж таараа. Ямартай ч нэг зорилгоо биелүүлсэн байх. 

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Ерөнхийдөө үүнд гэрийн хүмүүжил чухал нөлөө үзүүлдэг болов уу гэж боддог. Бага байхад манайд ном уншдаггүй хүн байдаггүй байлаа. Өнөө үед эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ дэргэд ном хэр уншиж байна вэ бодууштай асуудал санагддаг. Аав маань үргэлж л ном уншиж харагдана. Хүүхдүүддээ ном их авч өгнө. Би гэрээс барагтай бол гардаггүй, даруухан хүүхэд байсан. Тийм хүүхэд нэг бол хичээлээ хийнэ, эсвэл ном л уншина. Ном унших дадал гэдэг гэрийн хүмүүжилтэй шууд холбоотой.  Сайн ном хүүхдийг хүмүүжүүлдэг гэж онцлон хэлье.  

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Нобелийн хоёр удаагийн шагналт физикч, химич Мария Кюри их эрдэмтний намтрыг нэрлэнэ. Гайхалтай ном. Би тэр номоос зорилго, эрч хүч, эмэгтэй хүний мөн чанар, тэсвэр хатуужлын тухай ойлголттой болсон. Үнэхээр шимтэн дурламаар ном.

Зохиолын сэдвээ хэрхэн олдог вэ?

Санаа бэлэг шиг ирдэг гэж би хэлэх дуртай. Бас нийгмийн амьдралд шүүмжлэлтэй хандах мөчид засаж залруулмаар, өөрчилж сайжруулсаар зүйлс гарч ирдэг. Зохиолч гэдэг уран илтгэгч биш хэлэх гэсэн зүйл, санаагаа зохиол болгож хүргэнэ. Нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж хүн бүрт бий. 

 Та хэдэн настайгаасаа зохиол бичиж эхлэв? Анхны зохиол тань…

Анхны зохиол шүлэг байлаа даа. Бага ангиасаа л шүлэг бичсэн. Аав маань Монгол хэл- уран зохиолын багш байсан болохоор намайг өөр өнцгөөс харсан байх гэж боддог. Бага байсан болохоор авьяасын тухай мэдэхгүй шүү дээ. Тэгээд л намайг шүлэг бич гээд дэргэдээ суулгачихдаг байсан. Би шүлгээ бичиж аавд үзүүлж байж өрөөнөөс нь гарна даа. Амрах эрх олж авна. Миний авьяасыг л хөгжүүлж байж гэж одоо талархдаг юм.

Та өдий хүртэл хичнээн уран бүтээл туурвиж байна вэ?

Нийт 12 номоо өлгийдөн авчээ. Миний хувьд багагүй амжилт гэж боддог. Өөрийгөө хөгжүүлэх шаардлага өдөр ирэх бүрийд урган гарч байна. Сэтгэлгээний эрх чөлөө гэдэг зүйлийн тухай ярьдаг болж. Цаг үеэ мэдэрч, уншигчдад өгөөжтэй, ухаалаг зүйл бичих хэрэгтэй болж байна.  

Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?

Нэг удаа би сургууль дээр очиж уулзалт хийвээ. Эцэст нь хүүхдүүдэд эгчийнх нь ном дэндүү адал явдал ихтэй учраас та нарт тохиромжгүй. Харин аав, ээж нь миний уншигч байж магадгүй гэж үнэнээ хэлж билээ. “Тэргүүн хатагтай” романыхаа хоёрдугаар ботийг гаргахаар зэхэж байгаа.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү гэвэл?

Одоо чинь хэвлэлийн компаниуд жижиг жижиг орчуулгын ном их гаргадаг болжээ. Уншаад ч гүйцэхгүй юм. Сүүлд тэр номуудаас урдаа өрж тавьж байгаад л уншсан даа. Олон янзын утга, агуулгатай номууд байдаг. Заримдаа хогийн сав биш дээ хэтэрхий олон ном унших дэмий санагддаг юм. Гэхдээ тэр номуудаас “Арьсан хүрэмтэй Мадонна” давгүй санагдсан. Би хувь хүний хөгжлийн ном унших төдийлөн сонирхолгүй. Хүний хөгжлийн ном байвал алгасаад л явна. Гэхдээ манайд хүүхдүүдийн маань авсан тийм төрлийн номууд байдаг. Гэрийн номын санд маань янз бүрийн ном бий.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Төлөвлөгөөнд мэдээж шинэ номууд л орно л доо. Нэг сонин зүйл хэлэхэд бэстселлер номонд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Өөрт хэрэгтэй гэснээ л уншина. Одоо болтол хэд хэдэн бестселлер ном уншаагүй л явж байна. Ер нь аливаа үзэл сурталд авталгүй өөрийн гэсэн үзэл бодолтой болох нь чухал шүү. Зарим бэстселлер ном хог байх нь ч бий. Учир нь чи уншаагүй, өөр хүмүүс уншаад бэстселлер болсон болохоор л тэр.

Таны ширээний ном?

Дээр үеийн Монголын агуу зохиолчдын номуудыг бол харин ч хайрлана шүү. Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” хэмээх хорьдугаар зууны шилдэг романыг нэрлэнэ.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Нууцлаг гэмт хэрэгтэй, адал явдалтай ном юмуу даа. Зохиолч хүн дүрдээ сайн орж байж л ном бичдэг болов уу. Би адал явдалтай зохиолын баатарт хувирахдаа сайн шүү. Хүүхдүүдэд ямар ном сайн бэ гэдэг ойлголтыг багш өгч чадахгүй ч байж мэднэ. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхүйц сайн номууд авч өгч уншуулж байгаарай гэж зөвлөе. Харин өөрсдөө адал явдалтай зохиол шимтэн уншиж болно шүү. Учир нь та хэдийнэ сайн аав, ээж болсон шүү дээ. Жаахан хөгжилтэй, сонирхолтой амьдрах зүгээр шүү.

Унших дуртай зохиолч

Монголын уран зохиолын агуу зохиолчдыг бүгдийг нь нэрлэмээр байна. Бас зохиолч найзуудаа нэрлэмээр байна. Мэдээж гадаадын зарим нэгэн бэстселлер зохиол сайхан байлгүй яах вэ. Жишээ нь. “Хүн сандал” өгүүллэгийн зохиолч Японы адал явдалт зохиолын хаан Эдогава Рампогийн зохиол бүтээлүүд байна. Түүний ер бусын уран сэтгэмжүүдээр туурвисан бүтээлүүдийг унших дуртай.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

“Зөвхөн Монголдоо” хүнд ямар юмных нь өөр улс орны үнэмлэх байх вэ. Харин одоо манай хүүхэд, залуучуудад тив алгасаж номын дуу сонсох сайхан боломж улам бүр нээлттэй болж байгааг харах таатай санагддаг. Эзэн хичээвэл өөр улс орны хил хязгаар гэх ойлголт арилж байна шүү дээ. Дэлхий улам бүр л даяарчлагдаж байна. Монголын зохиолчдын ном ч гадаадын улс орнуудад бэстселлер болсоор байна. Боломж хязгааргүй гэдэг л энэ байх.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Би адал явдалт зохиолын мөрдөгчдийн дүрд хайртай. Өөрөө бас мөрдөгчдийн тухай байнга бичдэг болохоор дүрийн судалгаа хийх шаардлагатай болно. За эмэгтэй дүр гэж онцолбол Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” роман байна. Анна Каренина нь дэлхийн утга зохиолын түүхэнд төрсөн хамгийн алдартай эмэгтэй баатруудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Анна Каренина гэгч боловсролтой, ухаалаг, үзэсгэлэнтэй язгууртан бүсгүйн дүр бол аль ч нийгмийн үед тохиолдох бүсгүйчүүдийн нийтлэг дүр төрх шиг санагддаг. Анна бүсгүйн нийгмийн хандлага, эмэгтэйчүүдийн эрх, хайр дурлал зэрэг нь нийтлэг дүр бөгөөд мөнхийн сэдэв хэвээр л байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Залуучуудад “Ухаалаг үг” цээжлэхээс зайлсхий гэж хэлмээр санагддаг шүү. Түүний оронд өөрийгөө нээ, хөгжүүл, би хэн бэ гэдгээ таньж мэд. Тэр үед чи жинхэнэ үнэнийг хэлж чадна. Хүн төрөлхтөн үеийн үед “Үнэн” гэж юу юм бэ гэдэгт хариулт хайсаар ирсэн. Гэтэл хорвоод үнэн гэж зүйл байдаггүй. Гэвч номонд үнэн зүйл байдаг бол яахав. Би номонд үнэн бий гэж итгэдэг. Тиймээс “Ном бол цор ганц үнэн юм” гэж хэлдэг юмуу даа. Энэ үгийг анх удаа хэлж байна.

 Ярилцсан: Номын санч И.Энхтуяа

 

Baigalmaa TS.