Д.ЧИНЗОРИГ: Ном бол ухаад барагддаггүй алт, эрдэнэс л гэсэн үг.

Д.ЧИНЗОРИГ: Ном бол ухаад барагддаггүй алт, эрдэнэс л гэсэн үг.

Жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг ЮНЕСКО-оос “Ном болон Зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан. Энэхүү өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас Номын сангийн зочны ярилцлага буландаа өдөр бүр шинэ ярилцлагуудыг бэлтгэн оруулахаар боллоо. Уг уулзалтын эхний зочноор Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн цөөхөн зохиолчдын нэг, Яруу найрагч, жүжгийн зохиолч Д.Чинзориг оролцож байна.

-Сайн байна уу? Юуны өмнө танд тун удахгүй болох “Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр”-ийн мэндийг хүргэе. Та манай уншигч, үйлчүүлэгч нарт энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг талаараа сонирхуулаач?

-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Төрөлх нийслэлийнхээ ууган сайхан номын сангийн хамт олон, уншигч бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ. Номын хорхойтнуудын хувьд мэдээж гайхамшигтай өдрүүд 3,4 сард тохиодог. “Дэлхийн яруу найргийн өдөр”, “Дэлхийн театрын өдөр”, “Дэлхийн номын өдөр” эдгээр саруудад тохиож зохиолчид, үзэгчид, уншигчид маань тухайн өдрүүдэд уулзалт, цуглаан, уншлага, номын хэлэлцүүлэг, шинэ номын хурим ч хүртэл хийдэг. Миний хувьд эдгээр өдрүүдэд ном худалдан авч уншиж, өмнө нь уншиж байсан сайн зохиол бүтээлүүдтэй ахин дахин танилцаж номын сангийнхаа ном, сэтгүүл юуг бүртгэлжүүлэх ажил хийж өнгөрүүлдэг дээ. Номын садан эрхэм уншигч та бүхэн ч эдгээр өдрүүдэд үр хүүхэд, ач гуч нараа номын ертөнцөөр аялуулан хөтлөж, номоор баян, эрдмээр дүүрэн явах болтугай гэж ерөөе!

-Зохиолчид маань энэ хөл хорионы үеэр илүү их бичиж байна уу, туурвиж байгаа юу, ер нь сонин сайхнаасаа хуваалцаач?

Хөл хорио нэг талдаа ашигтай, нөгөө талдаа их ашиггүй өнгөрч байна. Тогтож сууж бичдэг хүнд их ашигтай. Миний хувьд тогтож сууж барагтаа чаддаггүй хүн шүү дээ. Байнга л явж байдаг. Мөн миний тогтсон бичлэгийн арга барил шөнө бичдэг. Эхнэр хүүхэд унтаад, би тэр орчиндоо эзэн болсон цагтаа бичиж эхэлдэг.

-Та Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн ганц хүн. Оюутан  ахуй цагаа дурсахгүй юу?

Баруун гар талаас Д.Чинзориг, Г.Аюурзана, Д.Нямаа, Л.Баттөмөр

-Би 1971 онд тавдугаар ангийн сурагч байхдаа анхны шүлгээ бичиж байлаа. “Онгироо бамбарууш” шүлэг маань сонинд хэвлэгдэж, түүнээс хойш 14 жил шүлгээ бичиж явсан. 1982 онд жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Би тухайн үед жүжгийн зохиол гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд дур эзнээ голдоггүй гэдэг шиг би анх удаа жүжгийн зохиол бичлээ. “Анхны хайр хүрэх галт тэрэгний билет” нөгөө жүжгээ уралдаанд аваачиж өглөө. Байр эзлэнэ гэж санаа ч үгүй. Тэгсэн миний анхны жүжиг байранд эзэлсэн байсан. Түүнээс урам аваад л би жүжгийн зохиолч болохоор эргэж буцалтгүй шийдсэн. Тэгээд 1985 онд Горькийн нэрэмжит Утга зохилын дээд сургуульд шалгалт өгөөд орлоо. Би нэг орос багшийн яруу найргийн семинарт ороод суучихлаа. Тэгээд “Би энэ ангид суухгүй. Жүжгийн зохиолч мэргэжлээр сурна” гэж хэлсэн “Тэгвэл чи Виктор Сергеевич”-ийн ангид сур гээд анх багшийнхаа ангид элсэж байлаа. Орой таван цагт манай хичээл эхлээд л хүүхдүүд шуугилдаж байснаа “Виктор Сергейвич ирлээ” гээл анги нам гүм болчихдог юм. Тэгсэн нэг хөгшин орос, ялимгүй доголон юм аа. “Энэ одоо “Розов” жүжгийн зохиолч юм байхдаа” гээд бодож байлаа. Тэгээд тэр ангидаа нэг жил явлаа юу ч ойлгодоггүй. Хоёрдугаар курсдээ элсэх болоод өвлийн шалгалтаа өгөх гэсэн “Чамаас шалгалт авахгүй. Чи нийлүүлж байгаад хавар өг” гэж хэлсэн. Тэр жил би аавыгаа алдсан л даа. ОХУ-д очоод удаагүй байхад “Аав чинь өнгөрлөө” гэсэн цахилгаан ирж байсан. Би аавын бие муу байгаа гэдгийг мэдэж байсан л даа. Тэгээд би аавд хэлсэн “Ааваа би сургуульд явах боллоо” гэсэн “Өө яваад ир миний хүү. Аав нь чамайг иртэл амьд байж байна” гэж хэлхээр нь сургуульдаа явсан. Ирээд 20 хонож байхад “Аавын бие муу байна. Яаралтай ир” гэсэн ганцхан өгүүлбэртэй цахилгаан ирсэн. Манай тавдугаар курсын Ж.Сарантуяа миний онгоцны билет, мөнгө бүх юмыг зохицуулж өгч байсан. Тэгсэн би “Шереметьева” онгоцны буудлаа мэддэггүй. Улаан нойл амьтан шүү дээ. Тэгсэн Д.Намсрай “Чи одоо яаж явах юм. Би  чамайг хүргэж өгье” гээд шөнө хүргэж өгч байлаа. Тэгээд харьж ирээд үргэлжлүүлэн сурсан л даа. Хавар шалгалтаа өгөх гэсэн юу ч ойлгодоггүй. Тэгсэн багш “Чамаас шалгалт авахгүй. Чи нэгдүгээр курсдээ буцаж сураарай гэж” хэлээд бөөн баяр нэгдүгээр курсдээ хоёр жил сурч байлаа. Миний багш үнэхээр мундаг. “Тогоруун цуваа” гэж дэлхийг шуугиулсан киноны зохиолч. Тэр мундаг хүний удирдлаган дор 1991 онд сургуулиа төгсөж байлаа. Оюутан байхдаа би их мундаг бичдэг байсан байгаа юм. “Өвгөдийн буудлага”, “Амьдрал хайр дээр тогтдоггүй” жүжгүүдээ бичсэн хэрэг .

-Таныг хүүхэд байхаасаа эхлээд л ном сайн уншдаг, ном сайхан цуглуулдаг хэмээн дуулсан. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье?

Яруу найрагч, жүжгийн зохиолч Д.Чинзориг

-Би 1971 оноос эхлэн ном цуглуулах сонирхолтой болсон. Ямар л ном олдоно бүгдийг нь цуглуулдаг. Тэр дунд хэрэгтэй, хэрэггүй олон ном бий. Ингэж хэлбэл худлаа онгирсон болох болов уу. Ямартай ч би номын цуглуулгаараа айргийн тавд ордог байхаа. Миний цуглуулгад одон орон, амьтан судлал гээд олон төрлийн ном бий. Ямар сайндаа манай эхнэр “Чи яагаад хэрэгтэй, хэрэггүй олон ном цуглуулаад байдаг” юм гэж хэлж байхав. Надад архинд ороод баларч явсан үе бий. Тэгж явахдаа би ганц ширхэг ном, ганц ширхэг хуудас ч зараагүй. Тэгээд би “Номоор баян хүн” гэж онгирдог юм.

-Та монголын уран зохиол тэр дундаа жүжгийн зохиолд өөрийн гэсэн нэрээ үлдээсэн хүн. Тантай нэг үед уран зохиолд орж ирсэн хүмүүс даацтай уран бүтээл туурвиж үлдээсэн санагддаг. П.Баярсайхан, Ц.Чимэддорж, О.Содномпил, Д.Төрбат гээд, тэднийхээ тухай хууч дэлгэвэл сонин байх болов уу?

Д.Чинзориг, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн хамт

-1980-аад онд уран зохиолд бид гараанаас зэрэг гарсан. Бидний цуглаж, дотносох орон зайг Д.Пүрэвдорж гуай “Яруу найргийн тэнхим” байгуулж нээж өгсөн. Тэнхимийн даргаар нь Доржпалам, орлогч даргаар нь Д.Чинзориг гээд нэр заан томилж байлаа. Ингээд бид яруу найргийн тэнхим байгуулаад явж байхад С.Эрдэнэ гуай “Үргэлжилсэн үгийн тэнхим” гэж байгуулж байсан. Тэр тэнхимд П.Баярсайхан, Ч.Энхээ, М.Амгалан гэж зохиолчид байлаа. Ингэж цул байсан зохиолч,  яруу найрагчдыг ангилж эхэлсэн дээ. Би яруу найргийн тэнхимд байсан л даа. Гэтэл миний дотор жүжиг л бичмээр санагдаад болдоггүй тэгээд би яруу найргаасаа зугтааж, үргэлжилсэн үг рүү орсон доо. Жүжгийн зохиолчдоос Ш.Гүрбазар, Д.Төрбат зэрэг сайхан уран бүтээлчид бий. Манай Д.Төрбатад кино, жүжиг, роман гээд бичээгүй төрөл байхгүй. 1980-аад оны уран бүтээлчид бол алтан үеийнхэн гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Биднээс хойш үеийн жүжгийн зохиолчдоос “тэр л сайн бичнэ дээ” гээд хэлчих хүн тун бүдэг, бараг харагдахгүй байна. Жоохон хатуу хэлж магадгүй. Гэхдээ хатуу үг үнэн байдаг. Сүүлийн үеийн уран бүтээлээс авах юм алга. Мөнгөтэй хүн мөнгөөр зодоод, сайхан ном хэвлүүлж байна. Хавтас нь сайхан юм даа. Би үүнд их харамсаж явдаг. Мөн 1985 оноос хойш олон жүжгийн зохиолчид бий болсон. Тэдгээр жүжгийн зохиолчдын жүжгийг найруулан үзэгчдэд хүргэх тайз байхгүй байна. Залуучуудыг дэмжсэн шиг дэмжээд, чөлөөтэй сэтгэх боломжыг нь олгоод өгвөл бүгд сайн жүжиг бичиж  гарч л таарна. Гэтэл тэгж дэмжих улсын бодлого алга.

-Саяхан нэг шүүмж уншихад таны бичсэн “Өвгөд буудаллах нутаг” жүжгийн тухай дурьдсан байна лээ. Таны үед жүжгийн зохиол бичих жоохон дэгтэй байсан байх. Одоо цаг хугацаанаас хамаараад жоохон өөр болсон. Тиймээс таны хувьд монголын жүжгийн цагаан толгой болох жүжгүүдийг нэрлэвэл?

Зүүн гар талаас О.Дашбалбар, Д.Батбаяр, АУЗ, Б.Лхагвасүрэн, Д.Чинзориг

-Би ам бардам хэлье. Д.Намдаг “Ээдрээ”, “Оролмаа”, “Хярааны хонхорт” энэ бол жүжгийн зохиолын цагаан толгой. Би социализмын үеийг бүхэлд нь муу хэлж чадахгүй. Түүнээс авах сайн зүйл олон бий. Гэхдээ социализмын үе бий болсноор жүжгийн зохиолыг 1990-ээд он хүртэл хаасан. Түүнээс өмнө “Саран хөхөө” театрт Д.Данзанравжаагийн найруулгаар сайн жүжиг тоглогдож болоод л байсан. Гэтэл 1990 он хүртэл чөлөөт сэтгэлгээг хорихоор жүжгийн зохиол бүхэлдээ уналттай байгаа гэж боддог.

Сүүлд та дурсамжийн ном бүтээсэн байсан. Тэр номдоо  та их олон хүний тухай олон сайхан дурсамж бичсэн юм билээ. Харамсалтай нь хүмүүс тэр номыг төдийлөн шүүрдэж уншаагүй болов уу гэж боддог. Та өөрөө ч энэ тухайгаа “Архи ууж байсан тухай нилээн бичсэн болохоор хүмүүс төдийлөн уншихгүй байгаа юм байлгүй дээ” гэж хэлж байсан. Тиймээс та тэр номынхоо тухай дурсана уу?

-Хүн мэдэх юмаа мэдэж байгаагийн хэрээр л ярих сайхан. Сүүлийн үед хүмүүс уулзаж учирч байгаа гэхээр, үй зайгүй найз гэж бичдэг. Та их зөв анзаарсан байна тэр номонд архины тухай их бичсэн. Би зөвтгөж байгаа юм биш л дээ. Гэхдээ хүн архи ууж байхдаа сэтгэлээрээ ярьдаг. Тэр дунд хүний цаад мөн чанар харагддаг. Жишээ нь: Ж.Лхагва ахын тухай тэр номонд “Ж.Лхагва ах минь жаахан яаруухан буцлаа даа. Хэрвээ амьд байсан бол Жамух романаа биччих байсан шүү дээ” гэж бичсэн. “Жамух роман бичих гэж байгаа” гэж их олон жил ярьсан. Цэг ч тавьж чадаагүй. Яахав төлөвлөгөө гаргаж байсан байх л даа. Тиймэрхүү, тиймэрхүү зүйлүүд надад их харамсалтай санагддаг юм. Би яагаад ингээд бичээд байгаа юм бид жамаараа үхэж л таарна. Харин биднийг үхэхэд үнэн үлдэх ёстой. Хатуу сонсогдож магадгүй ч амьдарч буй хугацаандаа туулж өнгөрүүлсэн үнэн зүйлээ л бичиж үлдээсэн.

-Уран бүтээлчдийн тухай сайхан яриа өрнүүллээ. Одоо таны шинэ уран бүтээлийн талаар ярилцъя. Энэ жил таны хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байв уу? “Хорин таван нас” яруу найргийн ном, “Анхны хайр хүрэх галт тэрэгний билет” жүжгийн ном хоёроо хэвлүүллээ. Энэ хоёр номынхоо тухай уншигчдад ярьж өгөөч?

Баруун гар талаас Ш.Уянга, Д.Чинзориг, Ж.Лхагва, Д.Төрбат, Л.Баттөмөр нарын хамт

-Хорин таван насанд миний яруу найраг эхэлсэн мөн дууссан. Өөрөөр хэлбэл Д.Чинзориг яруу найргийн гуравхан ном хэвлүүлсэн. Хүн үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний анхны яруу найргийн ном сэтгэлзүй хүнд байсан болоод ч тэр юм уу, жоохон тиймхэн болсон. Хоёр дахь “Бодох цэг” яруу найргийн ном маань гайгүй сайн ном болсон шүү. Одоо бол би жүжгийн зохиолоо л бичнэ. Энд нэг нууц задлахад надад “Жүжгийн зохиолын үндэс” гэж хэвлүүлж чадаагүй номын гар бичмэл байна. Тэр номондоо Д.Намдаг “Хярааны хонхорт, Д.Чимэд “Босгон дээр”, Ч.Лододамба “Гарын таван хуруу” гэсэн жүжгийн зохиолын цаад санаа, уг үндэс нь ийм юм гээд өөрийнхөөрөө задалж бичсэн.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд та насаараа номын мөр хөөж яваа хүний хувьд “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Д.Чинзориг оюутан ахуй үеийн зураг

-Ном бол ухаад барагддаггүй алт, эрдэнэс л гэсэн үг. Гэтэл уурхайчин хүн ганц ширхэг эрдэнэсийн хэлтэрхий олох гэж хэдэн тонн шороо ухдаг биз дээ. Тэгж байж хуруун чинээ л алт олдог. Тиймээс би алтанд шунасан уурхайчин шиг уран бүтээлд шунасан учир, түүнийгээ олох гээд л уншаад байгаа юм. Түүнийг олж авахын тулд алдаа, оноо олон бий. Түүн дунд би төөрсөн байж болно. Харин зөв замыг олсон хүмүүс тэр замаараа яваг. Нэг ёсондоо туршилт л хийх гээд байгаа юм. Мөн залуучуудаас гуйх юм алтыг алт гэж бүү бодоорой. Гууль ч байж болно шүү. Алтыг алт мөн үү, биш үү гэдгийг сэтгэлийн мэлмий олж тогтоодог. Тиймээс эрдэнийн чулуу чинь олдсон үгүйг сайн бодоорой. Горькийн нэрэмжит номын сан гэж яг манай гэрийн хажууд байсан. Би тавдугаар ангид байхдаа тэр номын санд анх карт нээлгэж олон сайхан номтой танилцаж байлаа. Очих болгондоо шүлсээ залгина. Хичнээн олон, хичнээн сайхан номууд байсан гэж санана. Бүр хичээлээ таслаад очдог байлаа шүү дээ. Номын сан бол намайг уран зохиолд хөтөлж оруулсан шидэт орчин юм шүү.

-Бидний урилгыг хүлээн авч сайхан дурсамжаасаа хуваалцаж ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Ярилцсан: Т.Амар-Амгалан

 

Munkhzul.B