Б.Баярсайхан: Ном болгон хүнд шинэ ертөнцийг нээж өгдөг

Б.Баярсайхан: Ном болгон хүнд шинэ ертөнцийг нээж өгдөг

Иргэншил: Монгол

Овог нэр: Бэсүд Хондогынхон Базаррагчаагийн Баярсайхан

Эрхэлж буй ажил, албан тушаал: Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч, Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудаснууд:  FB Bazarragchaa Bayarsaikhan

                                                Twitter @bayar2017 Bayarsaikhan

                                                Instagram bayaraa06 Bayarsaikhan

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Хүүхэд байхын л алс хол харийн газар орноор явах туйлын сонирхолтой байсан. Дунд сургуульд газарзүйн хичээлд сонирхолтой, ангийнхаа хананд өлгөөтэй дэлхийн газрын зургаас салдаггүй, тив, далай тэнгис, арал гэх мэтийг, мөн улс орнуудыг нийслэлтэй нь цээжээрээ мэддэг байлаа. Энэ сонирхлынхоо дагуу харь орон руу буюу Зүүн Герман руу явж суралцсан. Миний хүсэл сонирхол маань эзэмшсэн мэргэжил хийгээд дипломатын ажилтай бүрэн нийцсэн гэж боддог.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Манай гэрийн цөөн тооны ном дотор Ц.Дамдинсүрэнгийн зохиолын түүвэр, хатуу бор хавтастай ном байдаг байсан. Тэр номоос л олон өгүүллэг, шүлэг, ялангуяа “Толь Гэндэн”-г туйлын амтархан уншиж, цээжээр мэддэг байж дээ. Энэ бол миний анхны бие дааж уншсан ном юм даа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Намайг адал явдалт утга зохиол руу татаж оруулсан ном бол миний “Travel Classic Books” буюу “Адал явдалт аяллын сонгодог бүтээлүүд” цувралын эхний боть болох Хаслунд-Кристенсений “Явна аа!”. Энэ сонирхолтой гайхалтай номыг Германд оюутан байхдаа хуучин номын дэлгүүрээс анх олж авч, уншсан. Дани залуусын Монгол оронд туулж өнгөрөөсөн тэр гайхамшигтай түүхийг би монгол уншигчидтайгаа заавал хуваалцах хэрэгтэй юм байна гэж бодож,  номын орчуулга руу эргэлт буцалтгүй орсон доо.

Таны ширээний ном?

Байнга л бичгийн орчуулга хийдэг хүний хувьд эн тэргүүнээ Англи, Герман, Орос хэлний толь бичиг, Монгол хэлний тайлбар толь болон Монголын түүх, соёлтой холбогдох зарим ном л гар дор ширээний ном болсон гэх үү дээ.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

2013 оноос хойш “Адал явдалт аяллын сонгодог бүтээлүүд” гэх цувралыг орчуулж, өөрөө эрхлэн гаргаж байгаа. Эдгээр ном нь Төв Ази хийгээд Монгол орноор аялсан Өрнөдийн аялагч-судлаачдын адал явдалт аяллын тэмдэглэлүүд юм. Одоогоор 11 боть ном хэвлэгдэж гараад байгаа. Үүнээс гадна “Монгол кирилл бичгийн зөв бичих зүйн толь”-ийг Герман хэлний зөв бичих зүйн  “Duden” толь бичгийн арга зүй, загвараар зохиож, 2011 онд хэвлүүлсэн. Герман-Монгол толь бичгийн ерөнхий редактораар ажилласан. Мөн өөрөө бичсэн, орчуулсан эсвэл редактораар ажилласан олон ном бүтээл бий.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Нэрт орчуулагч Ж.Нэргүйн орчуулсан Егорь Тимковский “1820-21 оны Монгол” номыг уншиж байгаа. Миний дээрх цувралтай агуулга нэг ном л доо.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Гэртээ буйдан дээрээ хагас хэвтээ маягтай арагшаа налж сууж, урдаа кофегоо тавиад нам гүм орчинд унших дуртай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Номыг унших арга олон янз. Зарим хүн эн тэргүүнээ үйл явдлыг мөшгөж уншина, зарим нь тухайн номын найруулга, хэллэгийг онцгойлон анхаарч уншина. Нэг хэсэг нь номоос шинэ соргог зүйлс олж авах гэж уншина. Би сүүлийн жилүүдэд аяллын түүхэн тэмдэглэлүүд орчуулж байгаа учраас энэ чиглэлийн ном голцуу уншиж байгаа. Уншихдаа ерөнхий үйл явдал гэхээсээ илүү үг хэллэг, найруулга зэргийг нь онцгой анхаарч уншдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Миний “Travel Classic Books” цувралын “Явна аа” номыг уншиж үзээрэй гэж залуучууддаа зөвлөмөөр байна. Хорь гаруй насны хэдэн Дани залуус 20-оод оны дундуур удаан хугацаанд ажиллаж амьдрах зорилготой алс холын Монгол оронд ирж, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын үзэсгэлэнтэй нутагт суурьшдаг. Тэд богино хугацаанд фермерийн аж ахуйгаа хөл дээр нь босгож, мал аж ахуй эрхэлж, хэрэгцээний төмс ногоогоо тарьж, ан амьтны үнэт үс арьсны наймаа эрхэлж, адал явдал, хөөр баясал дүүрэн, сонирхолтой амьдралаа эхлүүлнэ. Энэ гайхамшигтай түүх өнөөгийн залууст ихийг бодогдуулна гэдэгт би итгэл төгс байна.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Германд сурч, ажиллаж байсан учраас тэндхийн зарим номын сангийн үнэмлэх бий. Одоо бол номын санд сууж, үнэмлэх ашиглаж байгаа юм алга даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Би өөрөө хөдөө гадаа, уул хадаар явж, ан амьтан, байгалийн зураг авч цагийг өнгөрөөх дуртай. Нэг үгээр, адал явдалт аялалд дурлагч нэгэн учраас миний цуврал номууд л намайг бүрэн төгс илэрхийлж чадна.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном болгон хүнд шинэ ертөнцийг нээж өгдөг. Ном бол хүний дүрслэн бодох чадвар, уран сэтгэмжийг хөхиүлэн хөгжөөж, оюун санааны асар их таашаал өгнө.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Номыг гар хуруугаараа тэмтэрч мэдэрч унших нь цахим ном уншихаас өөр онцгой мэдрэмж шүү дээ. Одоохондоо цаасан номыг л чухалчилж байгаа, гэвч аяллаар удаан хугацаагаар явахад цахимаар унших нь төвөг бага, илүү тохиромжтой байж болох л доо.

Унших дуртай зохиолч

Сүүлийн хэдэн жилд Монгол орноор аялсан гадаадын аялагч-судлаачдын бүтээлүүдийг л голчлон уншиж байгаа. Ийм учраас энэ дундаас аль нэгэн зохиолчийг онцгойлж дурдмааргүй байна.  

Уншихыг төлөвлөж буй ном?

Австрийн уулчин Хайнрих Харрерийн “Төвөдөд өнгөрүүлсэн долоон жил” номыг нэлээн олон жилийн өмнө уншсан, одоо дахиж унших санаатай. “Чонон сүлд” киноны найруулагч Жан-Жак Анно 1997 онд уг номоор уран сайхны кино хийж, Брэд Питт гол дүрд нь тоглож ихэд алдаршсан билээ. Манайд хүмүүс тэр киногоор номын үйл явдлыг сайн мэднэ.    

 

Vandan Tuvshintogtoh