Олон жилийн дараа эргээд харахад ном их уншдаг байсан хүүхдүүд илүү зөв хандлагатай, ертөнцийг үзэх үзэл нь зөв тогтсон, бусдын хайрыг татсан, бусдыг хайрлаж чаддаг хүмүүс болон

Хаана амьдардаг вэ?

Би амьдралынхаа ихэнх цагийг МУИС-ийн номын сан хавьцаа өнгөрөөдөг. Тэгэхээр илүү бараг энд амьдраад байгаа юм уу.

Social хаягууд?

Tseren Ganbaatar (фейсбүүк)

Эрхэлж байгаа ажил, албан тушаал.

МУИС-ийн номын сангийн захирлаар ажилладаг.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Би анх яаж уншиж сурснаа сайн санадаггүй юм. 6 настай байхдаа уншаад сурчихсан байсан. Аавын минь сэтгэл нь хөдлөөд сургуульд оруулна гээд аваад очсон чинь хэтэрхий жаахан байна гээд аваагүй. Би тэр үед нэг үлгэрийн ном, зурагтаар гарч байгаа бичгүүдийг орж ирсэн хүмүүст уншиж өгөөд байснаа санадаг.  Бодвол Монгол ардын үлгэр байсан байхаа.

Таны амьдралыг хувь хүнийг өөрчлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн номуудыг дурдвал.

Намайг хүүхэд байхад гадаа тоглох, эсвэл ном унших гэсэн ерөнхийдөө хоёр сонголттойгоор хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан. Тэр үед хүүхдүүдтэй ном солилцож уншаад, ном уншиж байхдаа уйлаад л, зөндөө л юм болдог байсан. Тэгэхээр миний үзэл бодолд, хувь хүн болоход нөлөөлсөн олон ном байдаг байх, яг тэр гэж хэлэхэд хэцүү юм байна. Сүүлийн үед уншаад их юм бодогдуулсан, сэтгэл хөдөлгөсөн номуудыг нэрлэвэл “Ногоон дарь эхийн тууж”, “Гүн ертөнц”, “Женщины Лазаря” гэсэн номнууд байна.

Таны ширээний ном.

Би багш хүн. МУИС-ийн Бизнесийн сургуульд багшилж байгаад энэ ажил дээр ирсэн. Одоо ч сургуульдаа цөөхөн тооны хичээл ордог. Гол ордог хичээл минь байгууллагын зан төлөв, манлайлал гэсэн хичээлүүд байдаг. Эдгээр хичээлүүддээ ч их дуртай. Сүүлийн үед тус хичээлүүдтэй  холбоотой номнууд ширээний ном минь болоод байна даа. Яг одоо миний ширээн дээр “Harrell K.  The Attitude of Leadership: Taking the Lead and Keeping It”,   “Barret, Deborah J., Leadership communication”,  “Stephen P Robbins. Organizational Behaviour” гэсэн номнууд байна.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Миний “Байгууллагын зан төлөв” гээд 2014 онд хэвлэгдэн гарсан сурах бичиг байдаг. МУИС-ийн профессоруудтай хамтран “Менежмент”, “Нийтийн удирдлагын үндэс”, “Бизнес ба нийгэм” гэсэн сурах бичгүүдийг гаргасан.  “Төрийн албан хаагчийн ширээний ном 1,2,3”- ийг мөн МУИС-ийн профессоруудтай хамтран гаргасан.

Яг одоо ямар ном уншиж байна вэ?

Сүүлийн үед Менежментийн шинжлэх ухааны тайлбар толь бичих гээд олон л мэргэжлийн  номнуудаа уншиж байна. Гэхдээ Сарантуяагийн “Самар хатан” гээд номыг гэртээ шимтэн уншаад эхэлсэн.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Чимээгүй орчинд, ганцаараа суугаад кофе уун, тухлан унших дуртай.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу.

Хүн сонирхож байгаа номоо болон, дуртай уран зохиолын номоо өөр өөрсдийнхөөрөө тухтай орчныг бүрдүүлэн шимтэн уншдаг болов уу. Мэргэжлийн ном уншихдаа гол гэсэн зүйлээ тэмдэглээд, нэг сэдэв уншиж эхэлсэн бол болж өгвөл дуусгаад, дараагийн ажил руугаа орох нь бүтээмжтэй байдаг гэж л зөвлөмөөр байна даа.  

Залууст урам хайрлах, ухаарал өгөх ном санал болговол.

Номын санд залуус ихээр суун ном уншиж байгааг харахаар их урам зориг, эрч хүч ордог. Хүний хэрэгцээ, сонирхол өөр учраас яг тэр ном ухаарал хайрладаг гэхэд амаргүй. Миний бодлоор Монгол залуучууд Монголын түүх, соёлтой холбоотой номнууд тэр дотроо Монголын нууц товчоог бол заавал нэг зориод унших хэрэгтэй санагддаг. Мөн “Stephen Covey. The 7 Habits of Highly Effective People” нэг уншчихад их хэрэгтэй шүү.  Монгол хэл дээр гарсан байдаг.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

Харилцаа, хүний амьдралын мөн чанар, зан чанаруудтай холбоотой ном унших илүү дуртай. Тэгэхээр би “Байгууллага дахь харилцаа” гэсэн ном байх юм болов уу. Гоё асуулт байна.

Хэн гэдэг зохиолчийн бүтээлийг алдалгүй олж авья гэж боддог вэ. Хүндэлдэг, хайртай зохиолч тань хэн бэ?

Мэргэжлийн хувьд “Peter F. Drucker”-ын гаргасан менежментийн номнуудыг алдахгүй уншихыг хүсдэг. Миний хүндэлж, хайрлаж явдаг Монголын алдартай олон зохиолчид байдаг. Чойном, Лхагвасүрэн, Дашбалбар гээд мундаг хүмүүсийн яруу найргийн түүврүүд унших дуртай, ихийг бодогдуулдаг. Сүүлийн үед Шүүдэрцэцэгийн бичсэн номнууд их таалагдаж байгаа.

Одоо уншихаар төлөвлөж байгаа, уншиж байгаа бүтээлүүдээ нэрлэвэл.

Яг одоогоор мэргэжлийн ном уншихаар төлөвлөөд байна даа. “Nickel Slack, Michael Lewis. Operation management” гэсэн тайлбар толиноос хэрэгтэй юмаа ойрын үед олж харна гээд олж авчихаад байна.

Номын уншихын утга учир, үнэт зүйл юундаа оршдог юм бэ. Манай уншигчдад хандаж хэлбэл.

Дунд сургуульд сурч байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй их ном солилцож уншдаг байсан. Одоо олон жилийн дараа эргээд харахаар багадаа ном их уншдаг байсан хүүхдүүд илүү зөв хандлагатай, ертөнцийг үзэх үзэл нь зөв тогтсон, бусдын хайрыг татсан, бусдыг хайрлаж чаддаг хүмүүс болон төлөвшсөн санагддаг. Ном амьдралыг утгатай болгодог, номноос бүхий л зүйлийг сурч болдог. Бид эргэн тойрондоо зөв, эерэг хандлагатай, үнэт зүйл нь зөв төлөвшсөн, ухаалаг хүмүүсээр хүрээлүүлэхийг хүсдэг. Тийм хүнийг олъё гэвэл ном их уншдаг хүнийг л хай гэж зөвлөмөөр байна даа.