Ч.НАРАНЦЭЦЭГ: НОМ ТАНЫ ХҮН ЧАНАРЫГ, МӨН ЧАНАРЫГ ӨНГӨЛНӨ

Ч.НАРАНЦЭЦЭГ: НОМ ТАНЫ ХҮН ЧАНАРЫГ, МӨН ЧАНАРЫГ ӨНГӨЛНӨ

Номтой хэвлэлийн газрын ерөнхий редактор, Чойбал ХХК-ийн гүйцэтгэх захирал Чойбалсангийн НАРАНЦЭЦЭГ

И-мэйл хаяг: Ch_naran2006@yahoo.com   

Facebook хаяг: Choibalsan Narantsetseg

Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн, сайн байна уу. Та бүхэндээ болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн мэргэжилтэй   хоорондоо таардаг уу?

Бага байхдаа жүжигчин, эсвэл сэтгүүлч болно гэж боддог байсан. Ахлах ангид ороод хөдөлбөргүй орос хэлний багш болно гэж шийдээд нэгдүгээр группээр элсэлтийн шалгалтад бэлдэж байсан ч тэр үед сурагчдыг сурлагаар нь улаан шугаманд жагсаагаад хуваарь өгдөг болсон. 33 дугаарт жагсаад хуваарь авах гээд ороход полийн дээдийн хуваарь оногдсон, өгсөн унасан. Тэгээд л яах вэ, ажиллаад л нэгдүгээр группээрээ 2 удаа шалгалт өгөөд оноо маань арай хүрээгүй, явсаар эцэст нь хаа хамаагүй худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд худалдааны мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгэхдээ энэ мэргэжил маань зах зээлийн нийгэмд ажлын талбарт их хэрэг болсон. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ганц нэг газар ажилласан ч удаагүй. Ингээд арван жилийн найзынхаа байгуулсан компанид ажилд орсон.

Одоо эрхэлж буй ажил мэргэжил маань тухайн үед бодож үзээгүй ч, сонгож болох, надад тохирох хамгийн сайн хувилбар болсон доо.

Хамгийн анх бие дааж ямар ном уншсан бэ?

Хамгийн анх яг ямар ном уншсанаа бол санадаггүй. Харин Ч.Лхамсүрэн “Хүрэн морь”, Л.Бадарч “Хүжийн гал”, Д.Гармаа “Аав цэцэрлэгт орсон нь, “Хөгжөөнтэй туужууд”, С.Надмидын “Тоодой Цоохондой” зэрэг зохиолуудаар дамжин номтой нөхөрлөснөө сайн санадаг. Аав ээж, ах эгч нар маань бүгдээрээ ном сайн уншдаг байсан нь номтой нөхөрлөхөд мэдээж нөлөөлсөн. Эгч маань МУИС-ийн манж монгол хэлний ангид сурдаг байв. Хичээлээ давтаад л олон ном уншина, зэрэгцэж уншсаар байгаад 5 дугаар ангид байхдаа Ч.Лодойдамбын түүвэр, Ц.Дамдинсүрэнгийн түүвэр, Ши.Аюушийн түүвэр, Монгол ардын аман зохиолын дээж бичиг зэрэг том боть номуудыг хэдийн уншчихсан, хаанаас нь ч асуусан дуржигнатал үргэлжлүүлэн хэлдэг хүүхэд байлаа. Би анх номыг зүгээр л уншсан, аажимдаа сонирхож уншсан, дараа нь дурлаж шимтэж уншсан, яваандаа ном миний амьдралын нэг хэсэг болсон доо.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Ном миний амьдралд ямар нөлөө үзүүлсэн гэхээр маш эерэг сайхнаар нөлөөлсөн. Ном уншдаг байсан минь амьдралаа, ажлаа, мэргэжлээ, өөрийгөө олоход үнэлж барамгүй ач тусаа үзүүлсэн.

Таны ширээний ном?

Ширээний ном гэвэл Цэрэнсодном гуайн эмхэтгэсэн Монгол ардын аман зохиолын дээж бичиг, Ч.Лодойдамбын түүвэр, Г.Аюурзанын орчуулга “Цэцэн мэргэний нэвтэрхий толь”, “2х2=6”  тэргүүт хар номуудыг их хардаг байсан. Э.Зояагийн “Жерминаль”, А.Дюмагийн “Шадар 3 цэрэг”, “Шар луу Цязо”-г одоо ч уншмаар санагдвал уншина. Ширээний ном бол ширээний ном шүү дээ. Шадар 3 цэргийг бүтэн 3 жил хайгаад 25 төгрөгөөр худалдан авч уншсан. Орчуулгын номоос хамгийн түрүүнд үүнийг хэвлүүлсэн. Хожмоо До.Цэнджавын “Хөх жавар” хэмээх зохиолуудын түүврийг хэсэгтээ л гараас салгаагүй. Одоо бол тухтай суугаад шинэ гарсан номуудыг унших зав бараг гардаггүй. Тун сонирхолтойг нь нойр хоолоо, ажлаа цааш тавин уншина уу гэхээс ихэнхийг гүйлгээд л хардаг.

Та ямар ном бүтээсэн бэ? бүтээхэд оролцсон бэ?

Түрүүн дурдсанчлан нэлээн хойно дээд сургууль төгсөөд найзынхаа хэвлэлийн компанид менежерээр орсон гэсэн шүү дээ. Хэдэн сар хэвлэлийн ажил олох, захиалга авах зэрэг ажил хийж байтал READ төсөл зарлагдаж түүнд оролцох гэтэл зохиолчид хэдийн бүтээлээ хэвлэлийн компаниудад өгчихсөн байж таарсан. Тэгэхээр нь ярилцаж байгаад аман зохиолоо л барьж авсан. Оньсого, зүйр үг, ертөнцийн 3, хэл зүгшрүүлэх үгээр хэд хэдэн жижиг товхимол хийсэн. Ц.Мөнх гуайн хүүхдүүдтэй уулзаж “Банхар” тууж, П.Хорлоо гуайгаас “Алтан үст охин” зэрэг бүтээлүүдийн зөвшөөрлийг авч тендерт амжилттай оролцсондоо урам авч, Сэлэнгэ пресс ХХК-ийн дэргэд Номын хүрд редакц байгуулагдаж ахмад зохиолчдын тухайн цагийнхаа бест селлер болж байсан монгол романуудыг анх санаачлан шинэ зууны уншигчдад хүргэсэн.

Ж.Бямбагийн “Энэрэлгүй хорвоо”, “Хорвоогийн өнгө”, “Үнэний хорвоо”, тэргүүт 5 роман, Лха.Дарьсүрэнгийн “Онцгой эрх”, Наваансүрэн “Минжий хангай”, Ж.Барамсайн түүврүүд, Чойномын хэвлүүлж амжаагүй шүлгүүд, Монголын хүүхдийн уран зохиолын дээжийг бүрэн хэмжээний 5 ботиор, Хүүхдийн хошин шог зохиолын дээж гээд олон олон номыг дараа дараалан хэвлэн нийтлэх ажлыг удирдаж ажилласан. Орчуулгын зохиолоос А.Дюмагийн “Шадар 3 цэрэг” романыг дахин хэвлүүлсэн нь хуучны сонгодогуудыг дахин хэвлэсэн анхны редакц болж байлаа. Мөнхийн үсэг, Адмоны дэргэдэх хэвлэлийн газруудаас өмнө манайх монгол роман болон дээрх орчуулгын зохиолуудыг анх дахин хэвлэж байлаа. Редакц маань шинэ байсан болохоор бүх ажлаа өөрсдөө хийнэ. Эрэл хайгуул хийх, ар гэртэй холбоо тогтоох, номоо шивэх, тулгах, редакторлах, хянах, түгээх, борлуулах, тооцоо хийх гээд бүгдийг хоёулаа л хийдэг байж байгаад яваандаа редакц маань өргөжсөн дөө.

Монголын Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий толийг шинэ зууны уншигчдад 100 хувь шинэчилж хүргэх ажлыг санаачлан 5 жилийн турш бүтээхэд оролцсондоо баяртай явдаг аа. Арга билэг шиг нэгдэн нийлж, бие биеэ хөгжүүлж, тусалж дэмжиж, хамт ажилласан ангийн анд Сэлэнгэ прессийн захирал М.Болдод талархаж явдаг аа.

Яг одоо ямар ном уншиж байгаа бэ?

Сая Ц.Энхтүвшин зохиолчийн “Бүжинханд” шинэ романыг ажлын чөлөөгөөр уншиж дуусаад яруу найрагч Банзайн Хүрэлтогоогийн “Гэгээрлийн онол” шинэ номыг эхлээд байна. Энэ бол тун хичээнгүй, төвлөрч нягт унших ном юм. Би түүний шүлгүүдэд дуртай. Мөн номын баяраар зохиолчдын бэлэглэсэн ном, худалдаж авсан номууд маань тэвхийтэл хураалттай, хэзээ уншуулахаа хүлээгээд байж байна.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг бэ?

Номыг хаана ч уншиж болно. Аян замд, онгоц, галт тэрэг, машин, гэртээ, орон дотроо, 00-ын өрөө гээд хязгааргүй шүү дээ. Нэг нууц задлахад уншигддаггүй, явж өгдөггүй номуудыг Нойлын өрөөндөө тавьж байгаад дуусгадаг аргатай болсон.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Ном унших арга барилыг анх уншиж эхлэхдээ хэн нэгнээр заалгаагүй, хүслээрээ сонирхлоороо уншсаар яваад дадал зуршил, хэв маяг, амьдрах арга, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон. Тодруулж хэлбэл ном миний хобби байсан бол өргөжин тэлсээр өнөөдөр ном миний ажил мэргэжил, бизнес бүх юм минь болсон. Юу хэлэх гээд байна вэ гэхээр номыг хүслээрээ л уншихаас, арга техникээр уншихгүй ээ. Ном унших арга барил, техник гэж ярих нь ном уншихыг хүчиртэй, албадмал төвөгтэй ажил үйл болгоод байх шиг санагддаг юм. Ном уншина гэдэг маань сайн дураар, сонирхлоороо урсаад урсаад уншигддаг зүйл л дээ. Мэдээж сургалт болон мэргэжлийн номуудыг хэлээгүй.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол та ямар ном санал болгох бэ?

Залуучуудад ухаарал урам зориг өгөх ном олон байгаа. Уран зохиолын номын тухайтад хуучны зохиолуудыг л сайн унш, аяндаа шимтүүлээд өгнө. Чихрийн амт араанд, номын амт тархи оюунд уусан шингэнэ. Сайнтай саартай нь уншиж байж уран зохиолын амтыг өөрөө биечлэн мэдэрнэ. Түүнээс ямар ном унших вэ, гээд бэлэн хоол ам руугаа цутгуулаад байвал ялгааг нь яаж мэдэх юм бэ? Сайн муу, саарал буурал номын ялгааг мэдэрч уншихгүй бол сав дүүрч чадахгүй болов уу.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа бэ?

Надад ердөө монгол, орос хоёр л номын сангийн карт байгаа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

Өөрийгөө ном гэвэл, уншихад урамтай, хуучны л ном байх болов уу даа.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасан номоо л уншина, цаашид ч ялгаагүй. Гэхдээ цахим номыг үгүйсгэхгүй ээ.

Уншихыг төлөвлөж буй ном?

Уншихаар төлөвлөсөн ном яг одоогоор байхгүй. Шинэ сонирхолтой номыг гарсан даруйд нь гэрээсээ ч гарахгүйгээр, хүссэн газраа хүргүүлээд авчихдаг болсон. Редактор хүний ажлын онцлог нь төлөвлөсөн төлөвлөөгүй, уншмааргүй, уйтгартай, сонирхолтой, үл ухагдах гээд олон янзын номыг сонголтгүй уншдаг. Бас барж барьж дийлэхгүй зохиол бүтээлийг чадахгүй гэдгээ хэлдэг. 

Унших дуртай зохиолч?

Унших дуртай зохиолч Монголоос ахмад зохиолч, хуучцуулынхаа бүтээлүүдэд хайртай. Орчин цагаас Өлзийтөгсийг, Халтарын Болор-Эрдэнийг, Бидэрийн Баярсайханы өгүүллэгүүдийг таашаан уншдаг. Гаднын зохиолчдоос Муракамагийн бүтээлүүдийг уншдаг ч тэгтэл биширч шагшиж сүйд болдоггүй. Достоевскийгоос илүү Чеховыг таашаадаг. Жишээлбэл Достоевскийн “Солиот”, “Гэм зэм”-ийг Мир хэвлэлийн газрын орчуулгыг хянан тохиолдуулсан. Мир Гэм зэм-ээ хэвлүүлэхдээ нэрийг маань орхигдуулсан байсныг сануулсан.

Өөрийг тань Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсныг мэдэх юм байна. Сургуулийнхаа, алдарт улаан Москвагийн сонин сайхнаас  хуваалцаач?

2018 онд 29 жил тасалдаад байсан алдарт Горькийн нэрэмжит сургуульд суралцах боломж гарсан. Өмнөх нийгэмд оройн ангийг манай олон зохиолчид суралцаж төгссөн байдаг. Ш.Сүрэнжав, Шаг. Цэнд-Аюуш, Д.Цоодол, С.Оюун зэрэг. Ялгаагүй бүгд амьдрал зохиож, авгай хүүхэдтэй болсон хойноо суралцсан. Миний хувьд харин 50 хүрсэн хойноо явах шив дээ. Манай сургуульд 70 настай ч оюутан сонсогчид суралцдаг. Гар хөдөлж, тархи ажиллаж байвал цаг үетэйгээ зэрэгцэх л хэрэгтэй. Энэ бол нийтийн хоолны инженер технологич эсвэл тогооч хүн, өөрийн рестораныг нээж, түүнийг удирдаж ажиллахын тулд удирдлагын академид суралцахтай агаар нэг зүйл. Бичдэг хүний хувьд мэргэжлийн зохиолч болж байгаа бакалаврын дараах сургалт. Байранд амьдардаг оросуудтайгаа илүү ойр, одоо ч чатлаад байж байна. Ангийнхан маань түрүүлээд төгсчихсөн. Бид 3 хил нээгдэхээр очиж дипломоо хамгаална даа. Алтан Москва айхтар өөрчлөгдөөгүй байна лээ. Хуучны барилгууд, зам яг хэвээрээ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог бэ?

Ном уншихын утга учраас илүү ач холбогдол гэвэл хэмжээлшгүй их. Ном таны хүн чанарыг, мөн чанарыг өнгөлнө. Хүн чанартай хүн болоход тань тусална. Биднийг нартаас буцахад хэр баян тарган, дарга даамал байсныг тань биш, ямар хүн байснаар тань үнэлж, үдэж мордуулна даа. Ном уншдаггүй хүн таван үгнээсээ л танигдана. Тэр хүний амьдралыг, хүнийг харах өнцөг, үнэлэх үнэлгээ уншдаг хүнийхээс тэс өөр. Ном уншдаггүй хүмүүс дуулсан сонссондоо л итгэж байгаа ажиглагддаг.

Ном уншдаг хүн ууч сэтгэлтэй, уужим дотортой байж чаддаг. Уншдаггүй хүн, хүнээс ямар сайхан сэтгэл гардгийг, зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөө амиа хүртэл зольж чаддагийг мэдэхгүй. Төсөөлөөд бод доо. Таны, миний, бидний, хүн төрөлхтний бүтээсэн тэр сайхан зохиол бүтээлүүдийг уншиж үзэхгүйгээр яаж энэ амьдралыг бардаг юм бол?

Та сая алтан Москвагийн тухай яриад өнгөрлөө. Үүнийг далимдуулаад хотын соёл гэж юу болох тухай, алдварт Мосвкагийн дэг, соёлын талаар сонирхмоор санагдлаа.

Хотын соёл гэж хүн ам олноор төвлөрөн суудаг суурин газрууд тухайлбал хотуудын хэв маяг, нийтээр дагаж мөрдөх журам юм. Өөрөөр хэлбэл нэг талаараа хотын соёл гэдэг нь дүрэм журмыг сайтар сахиж мөрдөнө гэсэн үг юм уу даа. Хөгжилтэй жишээ татвал Москвад гарц руу ганц дөхөж явахад л машинууд бүгд зогсож, явган зорчигчийг өнгөрүүлнэ. Дуламсүрэн, Наранбаатар бид 3 ярьж яваад (автоматаар) гэрэлгүй гарцан дээр яриандаа халаад баахан зогсчихсон чинь сүүлдээ нөгөө машинууд аргагүй гараачээ гээд сигналдахаар нь ухасхийн гарч байлаа. Манай хүүхдийн зохиолч Наранбаатар “Энд ч машин нь хүнээсээ айдаг, манайд хүн нь машинаасаа айх юм” гэж байлаа. Тэгэхээр наад захын энгийн зүйлээс энэ соёл эхэлдэг юм байна л даа. Нэг нэгэндээ зам тавьж өгөх, лифтний товчлуур дарахаас эхлээд орохдоо үүдийг нь таглаж зогсолгүй, хаалганы хажууд зогсож, хүнээ буулгачхаад орох, ил задгай бие засахгүй (энэ их гутамшигтай санагддаг), гарцгүй газраар гэнэт хөндлөн гүйхгүй байх, замын хөдөлгөөнд хүлээцтэй, журамтай оролцоод сурчихвал хэн ч байсан духан дээр нь “хөдөөнийх” гээд наачихаагүй л бол “орк”-оороо дуудуулан адлуулахгүй байх.

Бидний урилгыг хүлээн авч сайхан дурсамжаасаа хуваалцаж ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Ярилцсан номын санч Даваажавын САРАНТУЯА

 

Vandan Tuvshintogtoh