Б.Бат-Өлзий: Ном уншдаг хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар болон аливаа зүйлийг хүлээн авах чадвар, хувь хүний хөгжлийн олон чадварууд нь бусдаасаа илүү өндөр хөгжсөн байдаг

Б.Бат-Өлзий: Ном уншдаг хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар болон аливаа зүйлийг хүлээн авах чадвар, хувь хүний хөгжлийн олон чадварууд нь бусдаасаа илүү өндөр хөгжсөн байдаг

Овог нэр: Бадамгаравын Бат-Өлзий

Эрхэлж буй ажил, албан тушаал: Япон улсын KAWAI корпорацийн Монгол дахь салбар хариуцсан захирал, Эгшиглэн классикал мюзик компанийн ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Сошиал хуудсууд: ulzii.badamgarav

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Би хүүхэд байхаасаа эхлэн хөгжим тоглож өөрийн сурсан мэдсэн бүхнээ бусдад зааж сургахыг их хүсдэг байсан. Энэ ч утгаараа өөрийн хүсэж байсан мэргэжлээ эзэмшсэн гэж бодож байгаа. 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийтдээ 13 жил хөгжмийн онол, төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Мөн ингэж ажиллах явцдаа боловсролын бодлого боловсруулах, заах арга зүйн чиглэлд ажиллах ихээхэн сонирхолтой болсон тул өөрийгөө илүү их хөгжүүлэх, дадлагажуулан сургах, аливаа зүйлийг нарийн судлах арга ухааныг ойлгох үүднээс 2016 оноос эхлэн төрийн захиргааны чиглэлээр суралцаж эхэлсэн. Улмаар төрийн захиргааны мэргэшсэн мэргэжилтэн болж үүний дараа төрийн захиргааны магистрын зэрэг хүртсэн бөгөөд одоо нийгмийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар мөн суралцаж байна.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Бидний үеийн залуучуудын хүүхэд нас зуны улиралд гэр бүлээрээ зуслан дээрээ өнгөрдөг байсныг хүн бүхэн сайн мэднэ. Тухайн үед одоогийнх шиг гар утас, электрон болон компьютер тоглоом гэж байгаагүй. Зөвхөн амралтын өдрүүдэд л телевизороор хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр гардаг байсан үе л дээ. Тиймээс зуны өдрүүдийг найзуудтайгаа гадаа тоглож л өнгөрөөдөг байлаа. Харин бороотой өдрүүдэд бидэнд ном уншихаас өөр сонголт байхгүй байсан тул аавын ээжийнхээ авчирсан номуудыг ах нартайгаа ээлжлэн уншдаг байснаа эргэн бодоход сайхан мэдрэмж төрж байна. Хүүхэд насны тэр л цаг хугацаанд ном унших сайн дадлыг өөртөө олж авсан байх хэмээн санагддаг юм. Мөн тухайн үед өнөөдрийнх шиг элдэв янзын эрээвэр хураавар мэдээлэлтэй ном сэтгүүл байгаагүй. Харин дэлхийн шилдэг сонгодог зохиолуудыг манай нэртэй зохиолч, орчуулагчдын өндөр чадвараар Монгол хэл рүү хөврүүлсэн гайхалтай номууд байдаг байсан нь ямар их азтай цаг үед хүүхэд нас минь өнгөрөө вэ хэмээн одоо бодогддог юм. Хамгийн анх уншиж байсан номоо тун тодхон санаж байна. Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романыг уншиж байсан. Энэ ном эхнээсээ эхлээд төгсгөл хүртлээ үнэхээр гайхалтай үйл явдалтай. Одоо эргээд санахад тухайн номоос хамгийн тод үлдсэн бас гайхшрал төрүүлмээр санагдсан зүйл нь XVII зууны үеийн Англи улсын язгууртнуудын тухай өгүүлсэн хэсэг байсан. Тэр үеийн язгууртнуудын эзэмшдэг байсан газар нутаг, эрх мэдэл зэрэг нь үнэхээр сүрдмээр мэдрэмж төрүүлж байсныг нь санаж байна. Одоо ингээд бодоход өнөөгийн манай улсын амьдралтай адилхан ч гэмээр тун хачирхалтай нэг зүйл уг зохиолд гардаг нь тухайн цаг үеийн язгууртан, гүн цолтой хүн бичиг үсэг мэдэхгүй байсан ч гэсэн өндөр хэргэм зэрэгтэй тул түүнийг боловсролтой хүн хэмээн нийгэм хүлээн зөвшөөрдөг байсан тухай уг зохиолд бичсэн байдаг. Мэдээж тухайн цаг үеийн язгууртан бүр нь тийм байгаагүй нь ойлгомжтой. Гайхалтай их мэдлэг чадвартай, авьяас билэгтэй язгууртнуудын тухай өгүүлдэг олон ном зохиол байдаг. Гэвч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” зохиолд өгүүлснээр бол тэдний дотор бас хэргэм зэргээ мөнгөөр худалдаад авчихсан адгийн наймаачин, хорон муу санаатан, хар багаасаа эрдэм мэдлэгт шамдаагүй хирнээ хожим нь элдэв эрх ямба эдлэхийн тулд мөнгөөр хэргэм зэрэг худалдан авч өөрийгөө өндөр боловсролтой язгууртан хэмээн харагдуулахыг хүсдэг муу хүмүүсийн тухай өгүүлсэн байдагт нь өнөөгийн манай нийгэмтэй зарим талаараа ижил мэт санагдуулдаг юм.        

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Би хүүхдэд хөгжим зааж багшлахын хажуугаар жижиг хэмжээний ном зохиол бичихийг оролддог юм. Мэдээж мундаг зохиолчид шиг том хэмжээний зохиол роман бичиж чадахгүй ч өөрийнхөө хэмжээнд бичиж бүтээж туурвихыг эрмэлздэг. Ингэхдээ хүүхдүүдийн оюун санаанд эерэг сайнаар нөлөөлж болохуйц жижиг хэмжээний зохиолуудыг бичдэг юм. Намайг ийнхүү бичих хүсэл эрмэлзэлтэй болоход хөтөлсөн нэг үгээр бол өөрчилж нөлөө үзүүлсэн ном бол Чингиз Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц” хэмээх зохиол байсан. Би энэ номыг нэлээн хожуу уншсан юм. Уг нь хүүхэд байхад дээр дурдсанчлан зуслан дээр өнгөрүүлсэн цаг үед хамт байсан ном хирнээ гэрийнхнээсээ зохиолынх гол дүр нь үхэж төгсдөг гэж сонсоод тухай цаг үед уншихгүй алгасаж өнгөрөөсөн номын нэг. Одоо бодоход хүүхэд байхдаа би гунигтай зохиол унших дургүй байсан юм шиг байгаа юм. Харин хожим уншихдаа энэ зохиолын утга санаа зохиолчийнх нь илэрхийлсэн үйл явдлаас гадна тухайн цаг үеийн хүмүүсийн амьдрал, газар нутаг, уул ус, орчин тойрныг дүрслэн өгүүлсэн зэргийг нь уншаад надад үнэхээр гүн сэтгэгдэл төрж шулуухан хэлэхэд шүтэн биширсэн юм. Ингээд л энэхүү зохиолчоос аль чадахаараа уншиж суралцахыг хичээн бас өөрийн жижигхэн хүүхдийн зохиолуудаа бичихдээ юмс үзэгдлийг аль болох дүрслэн өгүүлэхийг хичээх болсон юм.     

Таны ширээний ном?

Хүмүүс өөрийн гэсэн ширээний номтой байдаг юм билээ. Хүнд хэцүү цаг үедээ тухайн номоосоо тэмдэглэсэн өөрт урам зориг өгдөг ишлэл, өгүүлбэр зэргийг дахин уншиж амьдралд итгэл олж авах мэтээр. Зарим нь өөртөө хамгийн таалагдсан номоо ширээний ном болгох жишээтэй. Миний хувьд шударгаар хэлэхэд яг ширээний ном гэж байхгүй. Харин сүүлийн жилүүдэд нийгмийн ухааны доктор болохоор суралцаж байгаатай тул хэд хэдэн ном уншиж судалж байна. Яг одоо бол ширээн дээр минь Николас Хаггерын бичсэн “Синдикат” хэмээх дэлхийг засаглах тухай ном дэлгээтэй байна. Удирдлагын академид сурсан аль эсвэл одоо суралцаж байгаа залуучууд бол энэхүү номыг сайн мэднэ. Бидний заавал унших ёстой номын жагсаалтад байдаг номын нэг юм.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Би 2010 онд нийтийн гоо зүйн боловсролын салбарт, Монголынхоо нийт хүүхэд залуучууддаа зориулан “PIANO I” сурах бичгийг бичиж байсан. Энэхүү ном нь дэлхийн сонгодог болон орчин үеийн зохиолуудыг сургалтын хөтөлбөр болгон шаталсан хэлбэрээр нотуудыг нь найруулж хийснээрээ онцлогтой сургалтын хөтөлбөр юм. Мөн тухайн номд хөгжмийн онолын ерөнхий хичээлийг багтааснаас гадна сонгодог хөгжмийн эрин үеүдийн талаарх түүхийн мэдээллийг оруулж хийсэн юм.  

Улмаар 2014 онд “PIANO II” номоо дэлхийн шилдэг 11 зохиолчийн 17 бүтээлээр тухайн хөгжмийн зохиолчдынх нь намтар түүхийн хамт эмхтгэл хэлбэрээр бүтээсэн.

Түүнээс хойш хүүхэд залуучуудад эерэг сэтгэгдэл, хүсэл мөрөөдөл өгөх зорилгоор “Болор төгөлдөр хуурын домог” зурагт номоо 2015 онд бичиж, “Эгэл ертөнц” номоо 2019 онд бичин хэвлэн гаргасан. Харин одоо “Зуныг улирлыг мөрөөдсөн бяцхан гөлөг” нэртэй номоо 2021 ондоо хэвлүүлэн гаргахаар ажиллаж байна.     

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Ли Куан Ю-ийн намтар ном болох “Сингапурын хөгжлийн нууц” номыг бүрэн уншиж дууссан хэдий ч тэмдэглэл хийн дахин судлан уншиж байгаа. Ном уншдаг хүмүүс намтар номын тухай өөрийн гэсэн ойлголттой байдаг тул үүний талаар сайн мэддэг. Намтар номд тухайн хүнийг зөвхөн сайн талаас нь харуулж бичсэн байдаг тул зарим хүмүүс ойлгомжтой хэмээн бодож намтар номыг үл ойшоож уншихгүй байх хандлагатай байдаг юм. Миний хувьд энэ номоос олж харж байгаа олон сайн зүйлүүд бий.

Жишээлбэл энэхүү номд өнөөдрийн манай хотод тулгамдаж байгаа олон асуудлыг Сингапурт аль 1950,60-аад онд хэрхэн шийдвэрлэж байсан зэрэг нь үнэхээр сонирхолтой. Нэгхэн жишээг дурьдахад 1960-аад онд Сингапурт үйлдвэрчний эвлэлийн асуудал нэлээдгүй хурц байдалтай сөргөлдөөнтэй байсан цаг үе бөгөөд өнөөдрийн манай Улаанбаатар хоттой яг адилхан байсан байгаа юм. Хүмүүс нь ажил хөдөлмөр хийж улсдаа татвар төлж өөрсдийн хувь нэмрээ оруулахаасаа илүүтэй амар хялбараар мөнгө олохыг боддог, аль нэг байгууллага, компанид харьяалагдахаасаа илүүтэй таксинд явж мөнгө олох сонирхолтой. Шулуухан хэлэхэд нийгмийн идэвхгүй бөгөөд залхуу, сэлгүүцэх маягийн амьдралын хэв маягтай байсан гэж номд дурдсан байдаг. Ли Куан Ю эдгээр замбараагүй хандлагыг цэгцлэхийн тулд хорьж шийтгэсэн хатуу бодлого хэрэгжүүлэхээсээ эн түрүүнд тухайн салбарын судалгааг нарийн хийсэн байдаг. Улмаар таксинд явахыг хориглох шийдвэр гаргахаар тухайн иргэдэд орлого олох ажлын байрны асуудал үүсэх байсан тул урьдчилан тэр хэмжээний ажлын байрыг хэрхэн бэлтгэх талаар эхлээд гол анхаарлаа хандуулан ажилласан байдаг. Мөн Сингапурыг хэрхэн орон сууцжуулсан тухай, хэрхэн ногоон хот болгосон тухай, яаж Азийн санхүүгийн төв болгосон тухай гээд судалж унших санаа авах зүйл энэ номд маш их байдаг юм. Сингапурыг аялал жуулчлалын хот болгохын тулд хэрхэн ялаа шумуулаас нь салгасан тухай ч бичсэн байдаг. Сингапур миний мэдэхийн одоо ч ялаа шумуулгүй дэлхий дээрх цөөхөн улсуудын нэг.  

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хүн бүр өөрийн гэсэн төвлөрдөг орчиндоо л тав тухтай ном уншдаг гэж боддог. Миний хувьд номыг гэртээ унших нь надад илүү тав тухтай санагддаг даа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Миний хувьд энгийн л нэг уншигч төдий болохоор гайхалтай ном унших чадвартай хүмүүс шиг зөвлөгөө өгөх нь тийм ч зохистой биш байх гэж бодож байна. Зарим мундаг уншигч, судлаачид номыг үг, үгээр нь биш харин шууд мөр, мөрөөр нь уншдаг гэж сонсож байсан. Ном унших тийм өндөр чадвартай хүмүүс бол ямар ч зузаан номыг нэг өдөрт л уншаад дуусдаг байх л да.

Харин миний зүгээс хэлэхэд аль болох өөрт хэрэгтэй гэсэн номоо сонгож аваад цаг зарцуулан тууштай унших л хэрэгтэй гэж зөвлөхөөр байна. Хүн ер нь өөртөө хэрэгтэй номоо уншихдаа залхуурч хаядаггүй тул аль болох өөрт тань ямар сэдэв чухал вэ гэдгийг эхлээд өөрөөсөө асууж тухайн чиглэлээрээ номоо сонгон унших нь танд илүү үр дүнтэй байх гэж бодож байна. 

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Мэдээж залуучуудад урам зориг, ухаарал хайрлахаар олон сайхан ном зохиолуудыг энд нэрлэж болохоор байна. Гэхдээ өөрт олдсон энэхүү боломжийг ашиглаад залуучууддаа өөрийнхөө бичсэн “Эгэл ертөнц” болон “Зуны улирлыг мөрөөдсөн бяцхан гөлөг” (2021 оны эхний улиралд хэвлэгдэн гарах) зэрэг номоо уншихыг санал болгож байна. Энэхүү номуудаас та бүхэн амьдралын утга учир энгийн зүйлд оршдог болохыг мөн нохой хэмээх өөрийгөө хамгаалах, хооллох чадваргүй хирнээ хүний хамгийн итгэлт анд нөхөр, гэр бүлийн тань нэг гишүүн, хайрлахаас өөр аргагүй амьтан болохыг, нохойнуудыг хэрхэн хайрлах тухай ойлголтыг бага ч гэсэн олж авах байх хэмээн найдаж байна.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Надад одоогоор Улаанбаатар хотын төв номын сангийн үнэмлэх л байгаа. Гэхдээ Япон болон Хонконгийн номын сангийн түр үнэмлэхүүд байдаг. (Хугацаа нь дууссан)

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Өөрийгөө ном гэж төсөөлбөл хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн ном байх байсан болов уу хэмээн бодож байна.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Сүүлийн үеийн хүүхэд залуучууд маань харамсалтай нь ном унших нь их бага болсон байна. Мэдээж энэ нь манай хүүхдүүдийн шууд буруу бол биш. Ном уншиж танин мэдэхээс илүүтэй аливаа зүйлийн талаар богино хугацаанд өнгөцхөн төдий ойлголт авчих жижиг хэмжээний агуулга мэдээлэлд илүү татагдах болсон нь энэ цаг үеийн онцлог юм. Нэг бүтэн ном уншихаас илүүтэй нэг уран сайхны кино үзэхийг хүүхэд залуучууд маань илүү гэж хүлээн авч байна. Ном уншихын ач холбогдол, үнэт зүйлийн талаар олон зөвлөгөөг залуучууд маань уг нь хаанаас ч хайгаад харах бүрэн боломжтой.

Хэрвээ маш энгийнээр ном уншихын үнэт зүйлийн талаар залуучууддаа ойлгуулахыг хичээвэл: Кино бол урьдаас бэлдсэн уран сайхны тавилт бүхий тухайн найруулагчийн бодлоор л дүрслэн үзүүлж байгаагаар уг зохиолын утга санааг танд шууд харуулан тулгах болно. Энд ямар ч бодол ухаан, эргэцүүлэл, зөрчилдөөн, сэтгэл хөдлөл, оюуны хөгжил гэж байхгүй.

Харин та тухайн зохиолыг ном хэлбэрээр унших юм бол уг зохиолоо та өөрийнхөө мэдрэмжээр сэтгэл дотроо ургуулан бодож өөрийнхөө ертөнцдөө үйл явдал бүхнийг нь дүрслэн бий болгодгоороо онцлогтой. Нэг үгээр хэлбэл та өөрөө тэр зохиолынхоо нэг хэсэг нь болдог юм.

Ингэж ном уншдаг хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар болон аливаа зүйлийг хүлээн авах чадвар, хувь хүний хөгжлийн олон чадварууд нь бусдаасаа илүү өндөр хөгжсөн байдаг гэж үздэг.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Миний хувьд анх ном унших хандлага тогтсон үеэсээ өнөөг хүртэл аль болох цаасаар уншихыг эрмэлзсээр ирсэн. Илүү дуртай ч гэж хэлж болно. Уг нь байгаль экологийн талаасаа бол цахим хэлбэрээр унших нь сайн талтай хэдий ч ном цуглуулах хүсэлтэй уншигчийн хувьд цаасаар уншихыг илүүд үздэг юм.

Унших дуртай зохиолч

Дэлхийн суут найрагч Расул Гамзатовын шүлгүүдийг дахин дахин унших дуртай. Мөн Монголын аугаа их найрагч О.Дашбалбарын шүлгүүдийг дахин дахин унших дуртай гэж урам зоригтойгоор хэлэхээр байна. Хэрвээ тэдгээрээсээ нэгийг нь нэрлэн уншаач гэж надаас асуувал би их зохиолч О.Дашбалбарын “30-р зуунд амьдрах охинд бичсэн захидал” шүлгийг цээжээрээ уншиж өгнө.   

Уншихыг төлөвлөж буй ном?

Орчуулагч Д.Болдбаатарын Монгол хэлнээ хөврүүлсэн “Гурван улсын үлгэр” номыг өөрийн номын сандаа нэмж, унших төлөвлөгөөтэй байна. Олон нийтийн хөл хорио цуцлахаар номын дэлгүүрүүдээс хамгийн түрүүнд хайх номын маань нэг юм. Энэхүү номыг докторын сургалтынхаа хөтөлбөрийн хүрээнд заавал унших ёстой номын нэг байгаа юм. 

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Аливаа зохиолын баатраа уран яруу, төгс төгөлдрөөр зохиолдоо дүрсэлж чаддаг хамгийн аугаа зохиолч бол яахын аргагүй Францын нэрт зохиолч Жюль Верн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тийм ч утгаараа Жюль Вернийн гайхалтай зохиолуудын аль нэг баатрыг энд дурдах нь амархан хэдий ч миний хувьд сэтгэлд хоногшин үлдсэн нэгэн зохиолын баатрыг энд онцолмоор байна. Энэ бол Чингиз Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц” зохиол дээр гардаг “хүү” юм. Мөн энэ зохиол дээр гардаг Сан-Таш уулын марал бугыг бас хайртай зохиолын баатраараа онцолмоор байна. (Гайхалтай уран дүрслэгдсэн байдаг) Учир нь, Хэрвээ марал бугыг агнаагүй байсан бол зохиолын гол дүрийн баатар хүү үхэхгүй байсан байх хэмээн уншигч миний сэтгэлд гүн бодол үлдсэн байдаг.

Баярлалаа,

Та бүхнийг хүндэтгэсэн: Уншигч Бадамгаравын Бат-Өлзий

 

Vandan Tuvshintogtoh