Я.Баяраа: Ном унших бол амьдралыг ойлгох хамгийн хямд төсөр арга юм

Я.Баяраа: Ном унших бол амьдралыг ойлгох хамгийн хямд төсөр арга юм

Овог нэр: Шангас овогт Ядамсүрэнгийн Баяраа

Эрхэлж буй ажил, албан тушаал: СУИС-ийн ТУС-ийн багш. Үндэсний ТОЙМ сэтгүүлийн тоймч

Сошиал хуудсууд:

bayaraa.yadamsuren

Bayaraa_SY

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Их сургуульд сурсан мэргэжлээрээ одоо ажиллахгүй байгаа. Тэгэхээр таарахгүй байгаа гэсэн үг юм болов уу.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Алексей Толстойн “Алтан түлхүүр ба Буратиногийн адал явдал” гэж ном санаанд тод байна. Анхных биш гэхэд анх уншсан номуудын нэг гарцаагүй мөн. Том үсэгтэй, гайхалтай зураг чимэглэлтэй ном.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Амьдралаа өөрчлөхүйц хүчтэй нөлөөлсөн ном санахгүй байна. Харин шүлэг бичих, яруу найраг сонирхох, үгээр урлаж болох юм байна гэсэн мэдрэмж төрүүлсэн ном бол бий. Намайг ухаан ороход аав ээж маань их хөөрхөн жижигхэн хэрнээ олон талт номын сантай болчихсон байсан. Одоо ч харахаар хайр хүрээд байдаг юм. Тэр номын санд яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Гэрэлт хайр” ном байсан. Намайг энэ ном, аав, ээж хоёрын минь гэрэлт хайр л үгийн урлагт хөтөлсөн.

Таны ширээний ном?

Тангадын Мандирын “Хорин нэгэн хөрөг” гэж ном бий. Долдугаар ангид түүхийн олимпиадад бэлдэж байхдаа анх уншсан. Увс аймгийн Хоёрдугаар 10 жилийн сургуулийн З.Алтанчимэг багш маань энэ номыг уншаарай гэж их л нандигнаж өгсөн нь санаанд тод байна. Харамсалтай нь тэр номыг уншсанаасаа хойш би түүх биш түүхэн баримтат уран зохиолд илүү хорхойсдог болчихсон. Тэрнээс хойш жилдээ хэд хэд бүтэн уншчихдаг, үе үе сөхөөд харчихдаг, юм бичих гээд болохгүй гацаад байвал сөхөж хардаг ном маань болчихсон. Энэ номын талаар би “time.mn” сайтын “Ширээний ном” гэдэг буланд тодорхой ярьсан. Хэрэв сонирхвол орж уншиж үзэж болох байх. Холбоос нь: http://time.mn/ohR.html

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Яруу найргийн таван ном бүтээжээ. Анхны номыг маань намайг долдугаар ангид байхад манай аав Б.Ядамсүрэн, яруу найрагч Т.Баясан хоёр хамтарч “Соёмбо принтинг” хэвлэлийн газарт хэвлүүлж өгсөн юм. Урам өгөх гэж л тэр байх л даа. Одоо ч хэвлэсэн чанарыг нь харахад нүүр улайхааргүй сайхан ном. Харин дотор талдаа бол авах юм байхгүй. Нийслэлд суралцахаас ирснээсээ хойш “Нэг урлаг”, “ЦӨН”, “Таслал”, “Бороонд норсон Чехов” гэж дөрвөн ном хэвлүүлсэн.

Бүтээхэд нь оролцсон ном гэвэл олон байгаа. Бүтээгээд хэвлэгдээгүй “ghost writer” хийсэн номууд ч бий. Гэхдээ сэтгэлдээ нандигнаж явдаг хоёр номыг хэлэх нь зөв байх. 2010 онд Уран зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгийнхэнтэйгээ хамтарч шүлгийн цоморлиг хэвлүүлсэн. 2015 онд СУИС-аас эрхлэн гаргасан зохиолч, найруулагч Ламзавын Ванганы тухай “Хүний мөр…” гэж ном бий. Судлаач Х.Чойдогжамц, жүжигчин Л.Дэмидбаатар бид гурав хамтарч бичсэн юм. Өнгөрөгч 2020 онд Л.Ванган гуайн 100 жилийн ой тохиоход энэ номноосоо товчилж хэд хэдэн нийтлэл бичсэний нэгийг baabar.mn-ээс уншиж болно. Холбоос нь: http://www.baabar.mn/article/tsagiig-ezelsen-khunii-mur

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Прустын Марселийн “Алдуул цагийн эрэлд” романы эхний ботийн гайхалтай орчуулгад болоод хурдан уншчихсан болохоор одоо эхнээс нь ахин уншиж байна. Лев Толстойн “Анна Каренина” романыг ажлын шаардлагаар ахин уншиж байна. Хомэрийн “Оддиссей” туулийн шинэ орчуулгыг “маш гамтай” уншиж байгаа. Хүннүгийн түүхийн талаар хэд хэдэн ном зэрэг эхлүүсэн. “Хаан ширээний тоглоом”-ын эхний ботийг бас уншиж байгаа Дожоогийн Цэдэв гуайн эмхэтгэсэн “Д.Нацагдорж. Бүрэн зохиол (2016)”-ыг уншиж суу билэг, судлаачийн хөдөлмөр хоёрт бишрээд л сууж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Сайн номыг хаана ч уншсан сайхан л даа.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Тэмдэглэл хөтлөх. Энэ бол номноос таашаалаас илүү зүйл авах зорилготой уншиж буй хүн заавал хийх ёстой зүйл байх. Мэдээж хэрэгтэй хэсгээ зурж, цоохорлож уншдаг. Сүүлийн үед наалддаг цаас илүү хавчуулах болж. Номоос эргэж чухал, оргил хэсгүүдийг эрж олоход илүү амар. Гэхдээ яруу найргийн ном уншихад энэ бүхний аль нь ч хэрэггүй. Яруу найргийн номыг унших биш уудаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Сүүлийн үед сэтгэлзүйч, философичдийн бичсэн “Амьдрах ухааны ном”-ууд их уншигдаж байна. Уншиж үзэхэд үнэхээр өгөөжтэй юм билээ. Өнгөрсөн жил  ЭМОС клубээс гаргасан  Кишими Ичиро, Кого Фүмитакэ нарын “Ад үзэгдэх зориг”, Тагтаагаас гаргасан Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм”, Монсудараас гаргасан Жордан Б.Питерсоны “Амьдралын 12 дүрэм” номуудыг заавал уншаасай гэж хүсэж байна. Энэ жил “Арвис” паблишингаас гарах “Эго бол дайсан” номыг ч бас уншаасай. Эдгээр номууд одоо цагт, асар нээлттэй мэт санагдав ч олон талаараа давчуу хавчигдмал ертөнцөд хэрхэн хүнээ байчихалгүй амьдрах заавар гэмээр юм уу даа.

Миний тоймчоор нь ажилладаг Үндэстний ТОЙМ сэтгүүл жил бүр тухайн онд гарсан номуудаас “Үлдэх номууд”-ыг нь номын тоймч, хэвлэлийн газрын редакторууд болон судлаачидтай хамтран нэрлэдэг. Тэр жагсаалттай танилцаад үзэхэд илүүдэхгүй байх.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Ганц монголын маань номын сангуудын үнэмлэх байдаг юм байна. Сүүлийн үед номын санд олонтаа үнэмлэхгүй нэвтэрч, журмыг эвдсэн гэмтэй.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

Поль Верлений “Үггүй романс” түүвэр. Верлен бол энгийн үгс, цөөн мөрөөр  хүчирхэг бэлгэдэлт ертөнц бүтээж чаддаг яруу найрагч. Шүлэг бүхэн нь төгс. Ийм түүвэр хорвоо дээр ховор л доо. “Poète maudit” буюу “Зэтгэр мэт шүлэгчид” болох Шарль Бодлер, Поль Верлен, Артюр Римбо нар яруу найргийг магтаал, бэртэгчлэл гэдэг хоёр дөнгөнөөс нь салгаж өгсөн буянтнууд. Поль Верлен бол Бодлерыг бодвол илүү хөнгөн, Римбог бодвол арай татуу авьяастай яруу найрагч. Энэ гурван яруу найрагчгүйгээр хүний хорвоо давсгүй цай, дарсгүй лонх төдий. Хэлний боломжоосоо болдог ч байх, Верлен нь энэ гурваасаа надад хамгийн ойр санагддаг юм.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном унших бол амьдралыг ойлгох хамгийн хямд төсөр арга юм. Амьдрал бол зөвхөн одоо цаг, эсэл ирээдүй цаг биш. Ном унших бол өнгөрсөн цаг руу хүний урманд ганц удаа ч болов хяламхийж буй хэрэг. Хүмүүсийн амьдрал, хүмүүсийн сэтгэл, эрмэлзлэлийг ойлгох алхам. Ном уншсанаар илүү өгөөмөр, илүү хүнлэг хүн болох боломжтой. Гэхдээ өөр дээрээ аваад бодвол энэ нь хүн бүр дээр хэрэгжих боломжтой гэсэн үг бас биш бололтой.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цаасаар ихэвчлэн уншиж байна. Цахимаар ажиллаж, цахимаар тоглож, цахимаар харилцаж байгаа болохоор дэлгэцийн ертөнцөөс салж тансаглах боломж өөртөө олгох хэрэгтэй.

Унших дуртай зохиолч

Зохиолч гэхээсээ илүү зохиолчид гэвэл зохих байх. Стефан Цвейгийн олон зохиол уншаагүй ч яах аргагүй миний дуртай зохиолч. Бичлэгийн арга барил, хандлага нь сэтгэлд их ойрхон зохиолч. Скотт Фицжеральд. Бас л ховорхон төрөх авьяаслаг хүүрнэлч.

Монгол зохиолчдоос бол агуу их Бямбын Ренчин. Үндэсний Төв номын санд орох бүртээ би энэ хүнд сэтгэлдээ мөргөдөг. Судалгааны бүтээлээ ч, орчуулгаа ч, зохиолоо ч үнэхээр сэтгэлд тээргүй, “унаган жороо” хэл найруулгаар бичдэг, эх хэлээ төгс эзэмшсэн зохиолч. Эдүгээ бичиж буй зохиолчдоос Доржзовдын Энхболд гуайн хэл найруулгад хайртай. Д.Энхболдын “Паанан”, “Соёо” хоёр туужийг уншаад би авьяас, онгод гэж юуг хэлээд байгааг ойлгосон.

Уншихыг төлөвлөж буй ном?

“Хаан ширээний тоглоом” цувралыг англиар нь уншиж дуусгахаар, Херман Хессегийн “Сиддхарта” романыг орчуулангаа уншиж дуусгахаар төлөвлөсөн.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Ульям Шекспирийн Макбет. Үсгэн дундаас дагуулж хараад байх шиг санагддаг юм. Бас Гюстав Флоберийн “Хатагтай Бовари”. Мөстсөн тогтоол усанд хөлөө дүрчихээд чичрээд гүйж явахад нь очоод атгаад өгмөөр санагддаг юм. Жинхэнэ реализмаас төрсөн дүрүүд.

 

Baigalmaa TS.