Мө.Батбаяр: Ном унших зүгээр л их зугаатай зүйл

Мө.Батбаяр: Ном унших зүгээр л их зугаатай зүйл

Овог нэр: Мө.Батбаяр

Эрхэлж буй ажил, албан тушаал: “Тагтаа” паблишингийн Орчуулагч, редактор

Сошиал хуудсууд: Өртөөн дээр хэлэгддэг үгс.

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Ямар мэргэжилтэй болох вэ? гэсэн бодол дунд сургуульд байхад огтоос төрж байгаагүй. Нэр дуудаад, хуваарь авахаар босго даваад орж байхад л “нээрэн би одоо ямар мэргэжил, юуны анги сонгож, хаашаа харж үхнэ ээ” гэж бодогдож байж билээ. Аан зүгээр одоогийн энэ ажил, мэргэжилдээ дурлаж сонирхож эхэлсэн цаг үе гэвэл арай урагшаа.  Би үсэг үзэж дуусаад холбож бичиж эхэлсэн цагаасаа л шүлэг бичиж эхэлсэн. Нэг дүгээр ангийн хавар гэхэд л би тооны дэвтрийнхээ талаас хойших хэсгийг шүлгийн дэвтэр болгочихсон “танхай” хүүхэд болчихсон байв. Тооны багш дэвтэр шалгаад эхлэхээр учиргүй айдаг сан. Гээд бодохоор өнөөдрийн энэ ажил мэргэжлийнхээ замыг аль эрт долоон настай байхдаа өөрөө сонгочихсон байж дээ гэж хааяа бодогддог юм.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Ёстой санахгүй байна. Хэрэв заавал ямар нэгэн ном нэрлэх ёстой гэвэл Р.Чойном “Сүмтэй будрын чулуу” гээд хэлчихье. Хамгийн анхных биш ч их л багадаа уншиж байсан санагдаж байна.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Заа даа, номоос илүү чухал шийдвэрүүд, эргэлтүүд, буцах ёстой газраасаа буцсан буцалт, учрал, хагацлууд  илүү нөлөөлдөг байх. Ном гэвэл “Амьдрахуй”-г нэрлэчихье. Аль ч утгаараа амьдрал, замналд минь нөлөөлсөн.

Таны ширээний ном?

Толь бичгүүд. Хятад, монгол нийлсэн 6,7 толь бичиг лав байна.  Лайчин Гунгаажалцан “Гаадамба ёсны тодорхой толь”

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Өөрийн шүлгийн ганц хоёр, орчуулсан хэд гурав, ариутган шүүсэн мөн тэр тооны ном бий.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Олон ном зэрэг уншдаг дадалтай болоод овоо удаж байна. Нэг номоосоо уйдахгүй. Нэг л номоо хүчээр зүтгүүлж уншихгүй их амар байдаг юм. Би цэвэр уран зохиол гэхээсээ баримтат төрлүүдэд илүү дуртай. Эссе, нийтлэл, аяллын уран зохиол, намтарчилсан бүтээлүүд, хөрөг, гээд л. Хамгийн сүүлд нэрт нийтлэлч Дашцэрэн агсны “Манай сумын намууд” нэрт бүтээлийн сонгомолыг уншлаа. Энэ хүний их хожуу өөртөө нээсэн дээ сэтгэл ялимгүй гонсгор байна. “Марко Пологийн аялал” гэж яг итали хэлнээс 1559 оны хувилбараас орчуулсан номыг уншиж байна. Хятадын өнөө үеийн 12 яруу найрагчийн “在夜晚的高原上” нэртэй шилмэл антологийг орой өглөөн завсар үе үе сөхөж харж байна. Мөн миний сонирхон судалдаг нэг сэдэв бий. Манжийн үед Хятадаар зохиол бүтээлээ туурвиж асан монгол зохиолчдын талаарх утгачлаад орчуулбал “Манжийн үеийн монгол найман хошууны зохиолчид” гэсэн судалгааны номыг зав л гарвал эргүүлж тойруулж байна. Өвөл эхэлж байгаа болохоор дагууд нь нэг их сайхан зузаан роман эхлүүлмээр санагдаад “Гэм зэм” “Шоша” хоёрыг нэгийг нь 00-д, нэгийг нь унтлагын орны хажуу шүүгээн дээр тавьчихсан байж байх жишээтэй. Ийм нэг уншсан ч гэх хэцүү, уншаагүй ч гэх хэцүү хүн л сууж байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Уншмаар санагдаж байвал хаана ч сайхан байдаг шүү.  Гол нь унших хүсэл л төрж байх ёстой. Унших хүсэлгүй үед ямар ч сайхан номын санд ширээ дэрлээд, шүлсээ гоожуулаад унтчихсан байх нь олонтаа. Гэхдээ хонины бэлчээрт, мориныхоо сүүдэр бараадаад л  уншиж хэвтэх шиг сайхан нь үгүй.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Хуваалцахгүй ээ.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Хэрэв үнэхээр миний үгэнд ороод, олж уншиж  Элизабет Кюблер-Росс “Үхлийн сурах бичиг” гэж номыг санал болгоё.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Хоёр.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Бусдын талаарх сайхан дурдатгалаас бүтсэн ном.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Цахимаар огт уншдаггүй.

Унших дуртай зохиолч?

Доржзовдын Энхболд, Данзангийн Нямсүрэн

Уншихыг төлөвлөж буй ном?

Одоогоор алга

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Зохиолч Пүрэвжавын Баярсайхан “Хөх туурийн тал” өгүүллэгийн гол дүр.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном унших зүгээр л их зугаатай зүйл. Ийм уйтгартай, урт амьдралд хаа хамаагүй нэг газар  суугаад үнэнхүү зугаатай амьдарч чадна гэдэг надад лав үнэхээр үнэ цэнэтэй.

 

Baigalmaa TS.