Ж.Лхагвадэмчиг: Ном уншихын утга учир, үнэ цэнэ нь үнэн зөв, цэгцтэй мэдлэгтэй болох, тэр хэмжээгээр өөрийн үзэл бодолтой, задлан шинжлэх, шүүмжлэлт сэтгэхүйтэй болох, мэдэж ухаарсны хэмжээгээр өөрт болон өрөөлд тустай байхад оршино

Иргэншил: Монгол

Овог нэр: Жадамбын Лхагвадэмчиг

Эрхэлж буй ажил, албан тушаал: МУИС, Антропологи-археологийн тэнхимийн багш

Сошиал хуудсууд: https://www.facebook.com/lhagvademchig.jadamba

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Таарч байгаа. Дунд сургуулийн ахлах ангид байхдаа багш судлаач болно гэж бодож байлаа. 

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Яг ямар ном уншиж байснаа санахгүй байна. Тухайн үеийн зохиолууд болох “Хорвоотой танилцсан түүх”, “Бор баавгай”, “Робинзон Крузо” гээд номуудын нэгнээс эхэлсэн байх.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

“Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” гэдэг ном ахлах анги, дээд сургуульд орсон жилүүдэд их нөлөө үзүүлсэн байдаг. Чухам ямар нөлөө үзүүлсэн бэ гэхлээр аливаа зүйлээс шантралгүй зорьсондоо хүрэх хэрэгтэй, оргилд нь хүрэх хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэсэн урам зоригийг тэр номоос авсан.  

Таны ширээний ном?

Байнгын ширээний ном гэвэл тухайн үед ямар хичээл зааж байна, ямар судалгааны ажил хийж байна түүнтэй холбоотой номууд байдаг. 

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Орчуулгын ном, хянан тохиолдуулсан номууд бий. Үүнээс Монголын таван музейн шилдэг бүтээлүүдийг багтаасан хоёр боть “Монголын бурхны шашны урлаг: Монголын музейн шилдэг бүтээлээс” номын редактораар ажилласандаа баяртай байдаг.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг нэг ном барьж унших нь ховор. Нэг ном уншихдаа тухайн ном дээр гарч буй үйл явдал, агуулгатай холбоотой бусад ном, номын хэсгүүдийг хамтад нь уншдаг. Мөн хэд хэдэн ном зэрэгцүүлээд уншдаг. Яг одоо саяхан хэвлэгдэн гарсан “Монголын эзэн гүрний таван боть” ном, “Faith and Empire: Art and Politics in Tibetan Buddhism”, “Prisoners of Geography” уншиж байна.  

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Дуу чимээгүй гэрэлтэй орчинд унших нь илүүтэй байдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Хүн хүний унших арга барил өөр болов уу. Миний хувьд түрүүн хэлснээр тухайн номын агуулгатай холбоотой бусад ном, номын хэсгийг хамтад нь уншдаг. Ном уншихдаа номон дээрээ тэмдэглэгээ, наадаг цаас хэрэглэдэг. Цахим ном бол тодруулах болон мөн тэмдэглэгээ хийдэг. Ингэж тэмдэглэгээ хийх нь дараа нь тэр номоос лавлагаа болох зүйлээ олоход тус болдог.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Хүн болгон адилгүй тул нийт залуучуудад энэ номыг унших нь зүйтэй гэж хэлж чадахгүй нь. Миний хувьд Монгол улсынхаа түүх, соёлын тухай мэдлэг олгох ном түүний хажуугаар нийт дэлхийд өрнөж буй үйл явдлыг танин мэдэхэд хэрэгтэй номуудыг уншвал өөрийн болон дэлхийг танин мэдэж өөрийн үзэл бодолтой, нэг зүйлийг олон талаас нь шүүмжлэлтэй харж чадах чадвар суух болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл өөрийн үндэс угсаа, өрнө дорнын үзэл бодол хоёуланг нь мэддэг бол нэг тийш туйлшрахгүй тустай гэж боддог. 

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Оюутан болон зочин судлаачийн үед хэрэглэж байсан зургаан улсын номын сангийн үнэмлэх бий. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Үндэсний номын сан, МУИС-ийн номын сангийн үнэмлэх бий. 

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Өсөж хүмүүжсэн нийгэм, суралцаж төгссөн улс орнууд өөр өөрийн өвөрмөц түүх, соёлын онцлогтой байсан болохоор тэр хэмжээгээр миний амьдралд тусан нөлөөлсөн тул багахан адал явдалтай хүүрнэл бүхий ном байж болох юм.  

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Миний бодоход ном уншихын утга учир, үнэ цэнэ нь үнэн зөв, цэгцтэй мэдлэгтэй болох, тэр хэмжээгээр өөрийн үзэл бодолтой, задлан шинжлэх, шүүмжлэлт сэтгэхүйтэй болох, мэдэж ухаарсны хэмжээгээр өөрт болон өрөөлд тустай байхад оршино.  

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль хэлбэрээр олдож байна түүгээр л уншиж байна.

Унших дуртай зохиолч

Уншихад гүйдэг өөрөөр хэлбэл төвөггүй сонирхолтой уншигддаг, дэвшүүлж буй аргумент, дүн шинжилгээ сайтай өгүүлэл, ном зохиол туурвидаг зохиолчийн өгүүлэл, ном унших дуртай.   

Уншихыг төлөвлөж буй ном?

“The Great Game in the Buddhist Himalayas”, “Forging the Golden Urn: The Qing Empire and the Politics of Reincarnation in Tibet”.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Дунд сургуульд байхад дуртай зохиолын баатар байсан. Одоо үнэнийг хэлэхэд уран зохиолын номоос илүүтэй судалгааны чиглэлийн номууд унших нь их болсон тул хайртай зохиолын баатраас илүү сонирхолтой агуулга сэдвийн “баатруудтай” болсон байна.