М.Саруул-Эрдэнэ: Гадаад хэлээр алив зохиол уншаад сүртэй сайхан орчуулахаасаа өмнө зөв ойлгочихмоор байна

М.Саруул-Эрдэнэ: Гадаад хэлээр алив зохиол уншаад сүртэй сайхан орчуулахаасаа өмнө зөв ойлгочихмоор байна

Энэ удаагийн “Номын сангийн зочны ярилцлага” буланд АНУ-ын Конгрессын номын сангийн
Ази, Ойрхи Дорнодын хэлтсийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ уригдан оролцлоо. Номын хорхойтон, уншигчид маань “Зугаатай хэл шинжлэл”
, “Сонирхолтой хэл шинжлэл” номуудаар нь эчнээ мэдэх билээ.

Хаана амьдардаг вэ?

АНУ-ын Виржиниа мужид

Social хаягууд?

Жиргээ @SaruulerdeneM, Нүүр ном https://www.facebook.com/saruul.erdene.9

Эрхэлж байгаа ажил, албан тушаал.

АНУ-ын Конгрессын Номын сангийн монгол номын мэргэжилтэн, Өдрийн сонины Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, Монгол Соёлын Төвийн тэргүүн.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Мартжээ. “Хөгжөөнтэй туужууд”, “Хорвоотой танилцсан түүх” хоёрын аль нэг билүү дээ. “Адтай Мятав” ч байж магадгүй. Яг алиныг нь түрүүлж уншсанаа санадаггүй.

Таны амьдралыг хувь хүнийг өөрчлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн номуудыг дурдвал.

Мэргэжлээ Mонгол хэл-Уран зохиолын багш гэж сонгоход бол Ринчен гуайн дөрвөн ботийн “Удиртгал” их нөлөөлсөн. Үзэл бодол ид төлөвшиж байх үед Баабарын “Бүү март” их нөлөөлсөн. (Ном ч гэж, ухуулгын брошюр шиг юм олж уншиж байлаа)

Таны ширээний ном.

Одоо ч ширээний ном гэж дан толь бичиг л болж дээ. Яг шууд утгаараа, ширээн дээр дандаа толь л байна. Өөр өөр хэлний, бас зөв бичгийн, хүний нэрийн гэх мэт. Их мундаг сайхан бичихээсээ өмнө юу ч гэсэн зөв бичмээр байна. Бас гадаад хэлээр алив зохиол уншаад сүртэй сайхан орчуулахаасаа өмнө зөв ойлгочихмоор байна. Тэгэхээр ширээний номууд маань толь бичиг байхаас өөр аргагүй.     

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Арав гаруй юм бий. Хэл шинжлэлийг олон нийтэд таниулж сурталчилсан “Сонирхолтой хэл шинжлэл”, “Зугаатай хэл шинжлэл” гэж хоёр ном бичсэн. Монголч эрдэмтэн Поппегийн Дуртгал, Рамстедтын аяллын тэмдэглэлийг орчуулсан, 17-р зуунд бичиж, 18-р зуунд хэвлүүлсэн Чингис хааны тухай эртний нэг номыг орчуулсан гэх мэт. Сая хамгийн сүүлд Эртний Грекийн домгийг монгол уншигчдадаа тайлбарлан хүргэлээ.   

Яг одоо ямар ном уншиж байна вэ?

Бассэт Дигби гэж хүний бичсэн “Бар, алт, увдист эмч” нэртэй сонирхолтой ном уншиж байна. 1928 онд Нью-Йоркод гарсан ном. Увдист эмч гэж манай бөө нарыг хэлж байгаа юм. Буриадаар аялсан америк хүний тэмдэглэл л дээ.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Би бол орчин голдоггүй юм. Хажууд хүүхдүүд хөл бөмбөг үзээд хашгирч байсан ч би номоо уншаад сууж чаддаг. Зарим хүн жаахан дуу чимээнд сатаарчих гээд байдаг, ганцаараа чимээгүй орчинд өссөн хүмүүс тэгдэг байх аа даа. Миний хувьд тэгж цор ганцаараа сууж унших боломж орчин, тусгай өрөө гэж байсангүй, багад.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу.

Сүртэй арга барил гэж байхгүй ээ. Чухал санааг нь тодруулагчаар тодруулдаг л юм. Бусдаар бол тэгээд л зүгээр л уншина. Унших эрх, уншихгүй байх эрх, алгасаж унших эрх гэх мэтээр уншигчийн 10 эрхийн тухай бичсэн өгүүллийг маань сонирхож үзээрэй.

Залууст урам хайрлах, ухаарал өгөх ном санал болговол.

“Удаан алхаа” гэж орчуулж болмоор юм уу даа, Long Walk гэж нэг ном бий. Орост баривчлагдаад Сибирийн шоронд хоригдож байсан нэг польш офицер хэдэн нөхдийн хамт оргоод Монгол, Хятад, Төвдөөр нэвт алхаж, Энэтхэг хүрдэг юм. Жинхэнэ болсон явдал л даа. Бас л шантарч болохгүйн үлгэр болохоор ном шүү. 

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?

“Сонирхолтой хэл шинжлэл” гэж миний нэг ном байдаг юм. Би ер нь өөрөө тэр л дээ.

Хэн гэдэг зохиолчийн бүтээлийг алдалгүй олж авья гэж боддог вэ. Хүндэлдэг, хайртай зохиолч тань хэн бэ?

Сүүлийн хэдэн жил уран зохиолын ном уншихаа бараг байчихлаа. Бахархахаар сайн ч юм биш л дээ. Хэдий тийм боловч Аюурзанын номыг бол алгасалгүй уншиж байгаа. Аюурын номууд яг цэвэр фикшн гэдэг уран зохиол биш юм аа. Судалгаа, баримт, шинэ санаа, Монгол судлал явж байдаг юм. Жилдээ би Монголдоо нэг ирнэ, Аюур бараг нэг шинэ номоо дууссан байж таарна, аваад уншилгүй хадгалж байгаад онгоцонд уншдаг дадалтай болоод байгаа. Нэг жил Аюур ном гаргаагүй бил үү, би уулзаж чадалгүй буцал уу, мартаж. Онгоцонд ороод нисэж байхад нэг юм л үгүйлэгдээд байна шүү. Юу билээ гэсэн, нээрээ Аюурын ном унших ёстой ш дээ гэж санагдаж билээ. Арваад жилийн давтамж дадал болчихдог юм билээ.

Одоо уншихаар төлөвлөж байгаа, уншиж байгаа бүтээлүүдээ нэрлэвэл.

Монголын түүхийн 5 ботийг хоёр өөр газраас гаргасан байна. Хоёуланг нь харьцуулаад унших юм сан гэж бодож сууна.

Номын уншихын утга учир, үнэт зүйл юундаа оршдог юм бэ. Манай уншигчдад хандаж хэлбэл.

Ганц л үг дамжуулъя. Дэлхий ертөнцийг долоон жил дагуулсан “Хаан ширээний тоглоом”-ын зохиолыг бичсэн Жорж Мартин ингэж хэлсэн байдаг юм. “Уншдаг хүн үхэхээсээ өмнө мянга мянган амьдралаар аж төрж үзсэн байдаг. Уншдаггүй хүн бол ганц л амьдралаар замнаад дуусдаг” гэж.

 

Vandan Tuvshintogtoh