Г.Ням-Очир: Сэтгэлээ засах, явдлаа засах тийм л номыг түүж уншаарай…

Г.Ням-Очир: Сэтгэлээ засах, явдлаа засах тийм л номыг түүж уншаарай…

Сошиал хуудсууд: Facebook: Танхай банди, Twitter: Танхай банди нь бна өө

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Аав минь эмч хүн. Тэр үед олон эмч нартай гэр бүл байлаа. Эмээ болоод ах дүү нар мэс заслын эмч болгоно гэдэг байлаа. Ардчиллын хувьсгал дундуур сонголтоо хийх хэрэг гарсан. Төвд хэл сурна. Буддын шашин судална л гэж шийдсэн.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Сургуульд орохдоо уншаад сурчихсан байлаа. Ц.Дамдинсүрэн гуай орчуулсан А.С.Пушкины ”Муурын байшин”-г цээжилтлээ уншсан. Зурагтай нэг тийм ном байлаа.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Ж.Лувсандорж гэж сайхан эрдэмтэн хүн одоо Чехд бий. Хүү Билигбазартай нь би нэг ангид сурдаг. Гэрээр нь орж гарна. Бид 2-т 4-р ангийн хүүхэд байхад монгол бичиг заасан. “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны үлгэр” гэж сургаалийн зохиолыг уншуулж бичүүлж сургаж билээ. Маш их хүчтэй нөлөөлсөн.

Таны ширээний ном?

Л.Хүрэлбаатар багшийн 2009 онд хэвлүүлсэн ”Дорно Цаст”.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Ганц л ном гаргасан нь 2017 онд хэвлүүлсэн “Чингис хааны шүтээн хөрөг. Өөр редактороор ч юм уу, оролцсон ном хэд хэд бий.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Жуле Новойтникийн “Герман хэлт утга зохиол дахь Чингис хаан” номыг уншиж байна. Маш няхуур ном.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хэзээ л бол хэзээ. Нөхцөл голдоггүй. Дижитал номын санд минь бараг 1000 орчим ном бий. Таблетаа асаагаад, хаана л бол, хэзээ л бол хэзээ уншдаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Ямар ч туршлага байхгүй. Нэгт: Миний ажил номын санч, Хоёрт: Ном унших бол асар хүнд ажил гэж боддог, Гуравт: Номыг идэж байгаа юм шиг уншдаг хобби минь өдөр бүр тасралтгүй унших нөхцөлийг бүрдүүлдэг. 

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Судрын тайлбарт “Сэтгэлийг засагчийн НОМ хэмээмүй” гэж бичжээ. Тэгэхээр сэтгэлээ засах, явдлаа засах тийм л номыг түүж уншаарай гэж хэлнэ дээ. Ном маш их болсон. Бүгдийг нь уншиж барахгүй. Гол нь сайн ном унших. Зохиолч зохиогчтой нь сайн танилцах. Тухайн номын тухай гарсан шүүмжийг харах. Хэрвээ кино болсон байвал би бас кинотой харьцуулж унших дуртай.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

-ОХУ, БНХАУ, Германд номын санд сууж байсан. Үнэмлэх, түр үнэмлэхийг нь би хадгалж байгаагүй.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Номыг байна аа. Номын санд уншигч нооройтол нь уншсан байх сайхан санагддаг. Л.Хүрэлбаатар багшийн ”Огторгуйн цагаан гарди” ном нь анх гараад жилийн дараа багш өөрөө захиалаад үзэх гэтэл нуруу нь салчихсан, хавтсыг нь скочдчихсон. Нооройсон ном болчихсон байж билээ. Харьцангуй номын санд хүн ном уншдаг байсан цаг л даа. Багш тэр номоо шинэ номоор сольж өгөөд, аваад явж билээ. Их баярласан. Тэр бол номын зохиогч хүний шагнал юм шүү дээ. Хар улаан балаар сохолно. Зурна. Урна. Нэг тийм нооройсон л ном байх юмсан.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Хүний мөн чанар ганцаараа амьтан юм шүү дээ. Ном унших бол ганцаардаж гиюүрэхгүй байх шалтгаан. Номыг цаасан дээр хэвлэж уншдаг болсон цагаас хойш хичнээн ч хүнийг ганцаардлаас аварсныг таашгүй. Сайн багш үгүй боллоо ч сайн ном нь үлдэнэ. Эцэстээ ном л бүхнийг орлох болдог. Аав ээжийг ч, багшийг ч орлоно.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Ер нь цахимаар уншдаг болсон. E-nom.mn гээд дижитал үнэ төлбөргүй номын сан гараад ирсэн. Номонд маш хатуу цензуртэй ханддаг байсан үеийн номууд их орж байна. Нэг ёсондоо хуучин номуудаа дахин уншиж байгаа. Тэр монгол хэл нь ямар сайхан. Найруулга нь ямар сайхан.

Унших дуртай зохиолч

Ц.Дамдинсүрэн гуай бол судалгааны ажлууд нь ч, орчуулгууд нь ч, зохиол нь ч амттай.

Уншихыг төлөвлөж буй ном?

Бонгийн шашны урлагийн хэд хэдэн ном захичихсан. Хийж байгаа судалгаатай холбоотой. 

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

“Чингис хаан”. Хаана ч хэн ч бичсэн бай. Хүн бүрийн төсөөллийн Чингис хааныг л хайрладаг.

 

Baigalmaa TS.