У.ЭРХБАЯР: НОМ УНШИХ НЬ АЛИВАА ЗҮЙЛД ТӨВЛӨРЧ, СУУЖ СУРАХ, ТӨСӨӨЛӨН БОДОХ ЧАДВАРААС ГАДНА ҮГИЙН БАЯЛАГИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Уламнэмэхийн Эрхбаяр

Сайн байна уу? Яриагаа таны хамгийн сүүлд уншсан номоос эхлэх үү?

Сайн, Сайн байна уу? Бернхард Шлинкийн “The Reader” буюу “Уншигч” гэх номыг сүүлд уншсан юм. Дараа нь хэд хэдэн ном уншсан л даа. Гэхдээ энэ асуултанд уншсан номуудаас сэтгэлд тодоос тод үлсэн нь энэ ном толгойд орж ирлээ. Олон хүмүүс мэдэх болов уу гэж бодож байна. 2008 онд “The Reader” кино хүртэл гарч байсан.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

1990 оны хэвлэл Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” номыг уншиж байсан юм байна.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Аливаа зүйлд төвлөрч, сууж сурах, төсөөлөн бодох чадвар, үгийн баялаг нэмэгдэх гэх мэт олон талын нөлөөллийг үзүүлсэн гэж боддог.

Таны ширээний ном?

Нобелийн шагналт Алберт Камюгийн “Хөндлөнгийн хүн” номыг онцолмоор байна. Хэмжээний хувьд маш жижигхэн хэрнээ агуулга утга санаа үнэхээр төгс санагддаг. Би 2-3 удаа уншиж байж цаад мөн чанарыг нь өөрийнхөөрөө ойлгосон.

Яг одоо ямар ном уншиж байгаа бэ?

Зохиолч Г.Аюурзанын “Шинэ үеийн номын сан” 19 боть номын бүтээлийг уншиж байна.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг бэ?

Орой орондоо ороод унтахын өмнө ном унших миний хувьд их тааламжтай санагддаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Хамгийн гол нь өөрийн дуртай, өөрийн сонирхсон номоо л унших хэрэгтэй санагддаг. Жишээ нь миний хувьд ажлын онцлогоос шалтгаалан шинжлэх ухаан, хувь хүний хөгжлөөр өглөө бүр зочдоосоо мэдээлэл авчдаг учраас уран зохиолын номд илүү дуртай. Ямар төрлийн номыг шимтэн, дурлан уншиж байгаагаас шалтгаалан арга барилаа өөрөө сурчихдаг юм шиг санагдсан.

Ном унших дадлыг хэрхэн бий болгосон бэ?

Бага байхад аав маань өдрийн цайны цагаараа гэртээ ирээд бидэнд хоол хийж өгөөд, 30 мин ном уншаад гардаг байсан. Орой ирээд мөн номоо бариад сууна. Энэ үйлдэл нь бидэнд нөлөөлсөн болов уу гэж боддог. Тэгэхээр тухайн орчин болон гэр бүл шууд нөлөөлнө гэж ойлгодог судалгаа хүртэл байдаг юм байна лээ. Хүүхдэдээ ном унш гэж хэлэхийн оронд эргэн тойронд нь ном ихээр байршуулбал хүүхэд өөрөө сонирхон уншина гэсэн байдаг.

Таны хамгийн анхны бичсэн ном?

2017 онд “Зорих зүг”, 2019 онд “Баярлалаа чамдаа” номуудыг гаргаж байсан. Одоо дараагийн ном дээрээ ажиллаж байна.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Нийгмээ дагавал цахим ном унших нь хялбар байх, гэхдээ миний хувьд хэвлэмэл ном маш сайхан үнэртэй мөн үнэ цэнтэй санагддаг. Ядаж л өөр зүйлд сатаарахгүй. Утас, таблет, компьютер дээр дуудлага, мессеж, мэдээлэл ирэх гээд сатаарах тохиолдол ихтэй санагддаг.

Унших дуртай зохиолч?

Алберт Камю, Лев Толстой, Айн Рэнд, Федр Достоевский гэх мэт зохиолчдын номыг унших дуртай. Уншиж байхад тухайн зохиолд бүрэн орж, автсан байдаг. Номыг нь нэг бариад суусан бол сална гэж байхгүй шүү дээ.

Баярлалаа.

Ярилцсан номын санч Г.Баяржаргал