Цагаан сүүний домогт уясаж, Д.Нацагдоржоор амьсгалсан нэгэн үдэш

Цагаан сүүний домогт уясаж, Д.Нацагдоржоор амьсгалсан нэгэн үдэш

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангаас сар болгон Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчидтой уулзалт зохион байгуулах болсоор багагүй хугацааг үджээ. Энэ сарын уулзалтын зочдоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, найруулагч Гомбожавын ЖИГЖИДСҮРЭН, Д. Нацагдоржийн болон С. Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч Цэрэнтулгын ТҮМЭНБАЯР нар уригдан оролцлоо.

Уулзалтыг Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран 90 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 10-р сарын 11-ны өдөр “Цагаан сүүний домог” кино, өгүүллэгийн тухай сэдэвтэйгээр зохион байгууллаа.

“Цагаан сүүний домог” киноны зохиолыг Ц.Түмэнбаяр бичиж,  найруулагчаар нь Г. Жигжидсүрэн гуай ажиллажээ.

Уг хэлэлцүүлэгт хоёр уран бүтээлчийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, судлаач, шүүмжлэгчид, МУИС, СУИС, ИЗИС, КУДС–ийн оюутнууд мөн номын сангийн уншигчид оролцлоо. Хэлэлцүүлгийн өмнө “Цагаан сүүний домог” киног хүрэлцэн ирсэн зочдод толилуулснаар уулзалт эхэлсэн юм.

44054395_1832880630158589_4144183930678935552_n

Уулзалт хэлэлцүүлгийн тэмдэглэлээс:

Хэлэлцүүлэг чиглүүлэгч: Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас сар бүр Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчдын уулзалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртоо баярлалаа. Кино зохиолын тухай яриагаа эхэлье.

Г. Жигжидсүрэн: Хүрэлцэн ирсэн та нарт баярлалаа. Би бол зохиол тал дээрээ 00 хүн шүү Ц. Түмэнбаяраас л сайн асуугаарай. / инээв/

Ц. Түмэнбаяр: Цагаан сүүний домог нэртэй хоёрхон хуудас зохиолыг минь Жийгээ ах / Г. Жигжидсүрэн/ кино бүтээл болгосон.  “Анхны алхам”, “Суварган цэнхэр уулс”, “Хүн чулууны нулимс” гэх мэт олон сайхан киног ард түмэнд хүрсэн мундаг найруулагч миний зохиолоор кино хийнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа. Энэ зохиол гарснаар маш олон хүнийг түүхрүү татсан. Ялангуяа Ойрад Монголын түүхийг зөвөөр ойлгох, Ойрад Монголын ард түмэн эвтэй байх ёстой байж, одоо ч эвтэй байх ёстой гэдгийг харуулсан.  “Цагаан сүүний домог” зохиол маань кино болсны дараагаас сурах бичигт хэвлэгдлээ, Хятадад, Оросод хэвлэгдлээ, олон оюутан миний зохиолоор өгүүллэг уншиж ард түмэнд хүргэлээ, радио зохиомж болсон. Эдгээр нь миний энэ зохиолоо бичсэний баяр бахдал юм даа. Зохиол маань миний үндэсний үзэлтэй холбоотой, түүнээс олж гарсан зохиол. Кино бүтээл болсны дараагаас олон янзаар шүүмж бичигдэж л байсан. Надаас кино шүүмж асууж л байсан. Энэ том найруулагч миний зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон надад шүүмжлэх эрх байхгүй угаасаа шүүмжлэх ч юм байгаагүй.

Г. Жигжидсүрэн: Та нарт нэг сонин юм хэлэхэд киноны маань тэр жаахан хүү манай Ц. Түмэнбаярын хүү шүү дээ кино зураг авч байхад Ц. Түмэнбаяр төрөөд долоо ч хоноогүй байхад гурван хоногтой хүүг нь өвлийн хүйтэнд төрөхөөс авчраад кино үйлдвэрийн хуучин, шавартай, шороотой байранд кино зураг авч байлаа. Муухай зориг шүү. Өнөөдөр тэр хүү ирнэ гэсэн хичээлтэй ирсэнгүй. Ирсэн бол та нарт бас сонин л байх байлаа.

Хэлэлцүүлэг чиглүүлэгч: Кино зургаа хаана авч байсан бэ? Киноныхоо дүрийн сонголтыг яаж хийсэн бэ?

Г. Жигжидсүрэн: Кино үйлдвэрийн павильонд л авсан ш дээ. Гаднах зургийг төмөр замын Баянбуурал амралтанд авсан. Эрдэнэбулган, Д. Сосорбарам хоёрыг шууд л сонгосон. Н.Батцэцэг бол миний олон уран бүтээлд тоглосон. Насан хатанд тоглосон Б. Ариунжаргал их монголжуу төрхтэй хүүхэд байсан тэгээд сонгож байсандаа.

Хэлэлцүүлэг чиглүүлэгч: Д. Нацагдоржийн тухай та зургаан ангит кино хийсэн_ Энэхүү киног хийхэд хэр их судалгаа хийв. Энэхүү киногоороо нэрэмжит шагнал авсан гэж ойлгосон?

Г. Жигжидсүрэн: Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал маань миний хамгийн хайртай шагнал. Энэ зохиолчтой би төрөл садны холбоо байхгүй гэхдээ нутаг ус их ойр улс. Манай эмээ Дуламханд гэж хөгшин байлаа. Эмээ минь ярихдаа Д. Нацагдоржийн ээж нутаг усандаа сайхан Пагма нэртэй, нэр шигээ сайхан эмэгтэй байсан. Би Д. Нацагдоржийг мэднээ ижийгээ дуурайсан сайхан хүү байсан гэж ярьсан. Одоо таануудын хэлдгээр, уран сайхны хэллэгээр юу гэж хэлэхээ би мэдэхгүй юм Дашдорж бол царай муутай залуу байсан гэнэ лээ./ инээв/ Ээж маань Д. Нацагдоржийн германаас бичсэн захидал нь тэр чигээрээ шүлэг байж дээ гэж ярьж байсан. Тэрнийг сонсож байсан учраас миний хувьд Д. Нацагдоржтой ямар нэгэн байдлаар холбоотой юм шиг, тэр хүний тухай ямар нэгэн юм хийх ёстой юм шиг санагдаж ирсэн. Тэр ч утгаараа Д. Нацагдоржийн 100 жилийн ойгоор, 10 жилийн өмнө шүү дээ түүний тухай Баримтат кино хийсэн дээ.

Ц. Түмэнбаяр: Би Д. Нацагдорж зохиолчийн тухай тууж бичсэн. Их зохиолчийн тухай их судалдаг байсан, уншдаг байсан. Түүний амьдрал, хайр дурлал хийгээд уран бүтээл гээд л. Анх би Д. Нацагдоржийн 100 жилийн ойд зориулан түүний эхнэр Пагмадулмын тухай тууж бичих гэж байсан гэтэл Д. Нацагдоржийн тухай бичилгүй Пагмадулмыг бичнэ гэж байхгүй юм билээ. Ингээд Д. Нацагдоржийн тухай тууж бичсэн. Жийгээ ахыг / Г. Жигжидсүрэн / баримтат кино хийсний дараа оросоос Пагмадулам, Д. Нацагдоржийн тухай олон баримт олсон түүнд тулгуурлан бичсэн түүгээрээ ч их онцлогтой тууж болсон. 100 хуудас баримтыг 30 хуудас тууж болгосон. Олон шинэ баримт орсон учраас их зохиолчийг арай өөр өнцгөөс харуулсан гэж боддог.

Уншигч: Түүхэн кино, Баримтат кино 2 ямар ялгаатай юм бэ? Түүх чинь баримт юм бишүү энэ тухайд?

Ц. Түмэнбаяр: Өөрийнхөө уншиж судалснаас үзэхэд түүх бол өнгөрсөн үе. Баримт бол одоод байгаа асуудал юм. 10 хоногийн өмнөх үйл явдлыг түүх гэх юмуу? Баримт гэх юмуу 10 жилийн өмнөхийг түүх гэх юмуу? 100 жилийн өмнөх түүх юмуу? Гэх мэт. Түүхэн зохиолоор түүхэн кино хийдэг. Тэгэхээр түүхэн зохиолд 2 зүйл байна. 1. Цаг үеэс сэдэвлэсэн. 2. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн. Би ингэж л уншиж судалсан. Ийм л ялгаатай.

Г. Жигжидсүрэн: Баримтат кино гэдэг миний бодлоор Европын кино урлагаар дамжиж гарсан юм болов уу гэж боддог. Баримтат кино одоо телевизийн салбарт их хүчээ авч байна.

Уншигч: Ц. Түмэнбаяр зохиолчоос асууя. Зохиол бүтээлээ бичих шинэ санаа яаж төрдөг вэ? Уран бүтээлийн онгод гэж таны бодлоор юу вэ?

Ц. Түмэнбаяр: Би 1993 онд “Удган” өгүүллэгээ бичихдээ тэнгэр сахиус, онгод гээд л их судласан. Онгод гэдэг хүн болгонд заяадаг зүйл биш. Онгод надад байдаг ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй. Д. Нацагдорж шиг хүнд л байдаг байх. Юм болгон тэр чигээрээ сэдэв. Тэгэхээр цоо шинэ санаа гэж байхгүй. Энэ ярилцлага хэлэлцүүлэг ч гэсэн сэдэв юм. Тэр сэдвийг уран сайхны аргаар илэрхийлнэ гэдэг л өөрөө зохиол.  Би бол ухаан санааны төвлөрөл, баяр гуниг дээрээ л сэдэвлэж бичдэг. Миний зохиолууд тэр чигээрээ л амьдрал дээр байдаг сэдэв.

Уншигч: Монголын эмэгтэй зохиолчид сүүлийн үед түүхийг их барьж авдаг болжээ энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Ц. Түмэнбаяр: Тиймээ хүүхнүүд түүхэн романыг үйлдвэрлэж байна. Би буруутгахгүй түүхрүү хүмүүсийг татаж л байг харин баримтыг битгий гуйвуулаасай гэж хүсдэг. 1999 онд “Мэргэнд буусан чоно” өгүүллэгийг бичихдээ түүхчдийг их уншдаг байсан. Түүхийг уран сайхны аргаар дүрсэлж болно гуйвуулж болохгүй. Яг эх сурвалжийг л бариасай гэж хүсдэгдээ.

Уншигч: Ц. Түмэнбаярын Нангиад хатан өгүүллэгийг уншиж байсан. Маш гайхамшигтай бичигдсэн тэр талаар?

Ц. Түмэнбаяр: Баярлалаа. Энэ өгүүллэг маань Хүннүгийн түүхтэй холбоотой л доо. Хүүхэн шаньюйгаас хойш Монголын төр уналтад орж эхэлсэн байдаг. Монгол төрийг дотроос нь хагалган бутаргах гэж харь орноос хатан бэлдэж явуулдаг байж тэндээс л сэдэвлэж бичсэн. Хэдий тэр Нангиад ч бай эмэгтэй л хүн, эх хүн гэдгийг түүхтэй холбож харуулсан.

МЗЭ-ийн УЗ-ын дарга М. Саруулдалай: Энэхүү сайхан арга хэмжээг зохион байгуулж буй Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олондоо маш их баярлалаа. Д. Нацагдоржийн нэрэмжит зохиолчдын уулзалт хамгийн ойр, хамгийн халуун дулаан уур амьсгалтай уулзалт болдог. Г. Жигжидсүрэн гуай бол Монголын кино урлагийн түүхэн бахархалт хүн юм. Манай зохиолч Ц. Түмэнбаяр бол бие жижигтэй ч  асар том сэтгэхүйн цар хүрээтэй, ууган эмэгтэй зохиолчдын нэг юм. Ингээд та хоёртой эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Маш сайхан уулзалт боллоо. Олон сайхан уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байна.

Г. Жигжидсүрэн: Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Хотын номын сангийн хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. Ц. Түмэнбаяр бол миний уран бүтээлийн хамгийн сайн хамтрагч юмаа. Ц. Түмэнбаяртаа хамгийн сайхныг хүсье. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Ц. Түмэнбаяр: Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. 4 цагаас хойш 8 цаг хүртэл киногоо үзээд хэлэлцүүлэгч оролцож сайхан ярилцсан та бүхэндээ баярлалаа. Оюутнууддаа онц сурснаас нь илүү баярлаж байна. тэвчээртэй сонсож сурсан мундаг хүүхдүүд юм. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье. Номын сангийн хамт олондоо баярлалаа.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч: Хоёр уран бүтээлч болон хэлэлцүүлэгт оролцсон та бүхэндээ баярлалаа уулзалт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Ийнхүү хоёр уран бүтээлчийн гэр бүл, найз нөхөд, уран бүтээлчид, уншигчид Монголын кино урлаг, утга зохиол, түүх соёлын тухай халуун дотно ярилцан дурсгалын зураг татуулснаар хэлэлцүүлэг өндөрлөсөн.

Түүх гэдэг хэд насалсныг бус

Чухам юу хийж бүтээснийг харуулдаг…

Тэмдэглэлийг О.Зулзага тэрлэв.

 

nyamjaw tvmentogotkh