Б.Баатархүү: Өнөөдөр залуучууд цахим орчноос мэдээлэл их авдаг болж, тэр дундаа үнэн зөв эсэх нь эргэлзээтэй элдэв янзын бохир мэдээллээр тархиа цэнэглэж байгаад тун харамсдаг.

Иргэншил: Монгол улсын иргэн  

Овог нэр: Бат-Өлзийн Баатархүү

Эрхэлж буй ажил, албан тушаал: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газрын дарга, Түүхийн ухааны доктор (Ph.D), СУИС-ийн дэд профессор.

Сошиал хуудсууд:    Нүүр ном: Baatarkhuu Bat-ulzii

                                    Пэйж хуудас: Монгол гарваль

1.      Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Яг таарч байгаа. Учир нь би дунд сургуульд байхдаа унших хичээлдээ илүү сайн байсан. Тиймээс 8-р ангиа төгсөөд ахлах ангидаа Түүх, нийгмийн ангид орсон. Тэгээд 10-р ангиа төгсөөд конкурс өгөхөд МУИС-ийн Түүх, угсаатны зүйн ангийн ганцхан хувиар байсан. Олон хүүхдүүдтэй өрсөлдөөд 1-р шалгарч хүссэн ангидаа элсэн орж чадсан. Тэгээд Монгол улсын Төрийн шагналт, нэрт эрдэмтэн Х.Нямбуу багшийн үүсгэн байгуулсан Угсаатны зүйн ангийн анхны төгсөгчөөр төгсөж, тэр цагаас хойш эргэлт буцалтгүй шинжлэх ухааны салбарт түүх, соёлынхоо өвийг судлах, түгээн дэлгэрүүлэх ажилд зүтгэж явна даа. Зорьсон зүгтээ зөв яваа гэж боддог.

2.      Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

За яг үнэндээ хамгийн анх ямар ном уншсанаа санахгүй байна. Бүр бага байх үеийн ном гэвэл “Үүлэн бор” үлгэрийн ном санаанд орж байна. Арай хожуу гэвэл “Заан залуудай” юмуу даа. Дунд сургуульд байхад “Цаг төрийн үймээн”-ээс эхлээд уран зохиолын номнууд, “Монголын Нууц Товчоо” зэргийг дурьдаж болох байх.

3.      Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Энэ номны хувьд яг нэг номыг онооход хэцүү. Гэхдээ их сургуульд Угсаатны зүйн ангид орсны дараа “БНМАУ-ын Угсаатны зүй” I ботийг уншиж байсан. Угсаатны зүйч мэргэжилдээ ойртоход нөлөөлсөн ном гэж хэлж болноо.

4.      Таны ширээний ном?

Ширээний ном гэж нэг номыг онцлоход тун хэцүү. Би номын сангийнхаа номыг ангилаад байнгын ном гэвэл соёлын өвтэй холбоотой номнуудыг хэлэх байх. Учир нь миний дагнан ажиллаж судалж ирсэн судалгаа бол “Соёлын биет бус өв”-д холбогдох бүтээлүүд юм. Жишээ нь, монгол угсаатны түүх, зан заншил, ахуй, соёлын талаар бичигдсэн бүхий л ном хамаарна.

5.      Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Бие дааж бичсэн болон хамтарсан, судалгааны илтгэл, өгүүлэл орсон ном гээд бүгдийг хамруулбал 40-өөд номыг тооцож болно. Эндээс хоёр номыг онцлоё гэж бодож байна. Нэг нь миний доктор хамгаалсан бүтээл “Монгол улсын тувачууд” ном. Энэ судалгааг туурвихын тулд 2005-2012 оны хооронд тувачуудын амьдарч буй Монгол улсын Ховд аймгийн Буянт сум, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Төв аймгийн Заамар суманд амьдарч буй тувачуудын дунд 120 хоног амьдарч, амьдрал дунд нь орж зан заншил, нутаг орны түүх домог, эрхэлж буй аж ахуй, овгийн бүрэлдэхүүн гэх мэт олон сэдвээр арвин материал цуглуулсан. Тэгээд 2012 онд доктороо хамгаалж, 2015 онд номоо хэвлүүлсэн. Мэдээж дан ганц хээрийн судалгаанд тулгуурлахгүй сурвалж, судалгааны зохиолууд, архивын арвин их баримт сэлтийг шүүн үзсэн. Хоёр дахь ном маань “Монгол гэр, өв соёл” ном. Энэ бүтээлээ мөн ялгаагүй хээрийн судалгаа хийж 100 гаруй гэрийн мод урлаачидтай уулзаж, өмнөх судлаачдын арвин хэрэглэгдэхүүнийг судалж бүтээсэн. Нэмж хэлэхэд энэ хоёр ном маань хэвлэгдсэн тухайн жилдээ хоёулаа БСШУСЯ-аас шалгаруулдаг шинжлэх ухааны “Шилдэг бүтээл”-ийн Тусгай байрын шагнал хүртэж байсан.

6.      Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг өнөөдөр гэвэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор А.Пунсаг ахын “Монгол шатар ба монгол соёл” гэдэг номыг уншиж хөрвүүлж байна. Учир нь бид хоёр энэхүү судалгааг өргөжүүлэн нэмэн сайжруулж “Монгол шатар” хэмээх номыг бүтээхээр ажиллаж байгаа юм.

7.      Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хүмүүс янз бүрийн орчинд янз бүрийн цаг үед өглөө орой ч юмуу ном уншдаг. Миний хувьд ямар орчин хамаагүй, гол нь чимээгүй нам гүм орчинд уншдаг. Өөрөөр хэлбэл, ажлынхаа өрөөнд голдуу гэсэн үг. Гэрт жишээ нь, хүүхдүүд шуугилдсан орчинд уншиж чаддаггүй. Гэтэл Академич Ж.Болдбаатар багш: миний хүзүүн дээр ач, зээ сууж байсан ч уншдаг гэж хэлж байсан санагдана. Надад бол чимээгүй орчин.

8.      Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

За арга барил гээд байх юу байхав дээ. Мэдээж ядарсан үед бол хэрэггүй, чимээтэй орчинд бол хэрэггүй. Хүн ном унших таатай орчноо өөрөө л сонгоно. Зарим хүмүүс нэг номыг богино хугацаанд уншаад дуусгачихдаг. Миний хувьд тавьж уншина гэх юмуу даа, нэг номыг хурдан дуусгахаасаа илүү удаан уншдаг. Өөрөөр хэлбэл, нэг номыг дуустал уншаад дараагийн номруу орно гэсэн үг биш. Нэг номны нэг бүлгийг уншсан байлаа гэхэд түүнийгээ заавал дуусгалгүй өөр ном эхэлчихдэг гэсэн үг. Тааваараа гэсэн үг.

9.      Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Өөрөө шинжлэх ухааны хүн болоод тэр үү, түүхч хүн болоод тэр үү “Хүнд мэдлэг өгсөн” ном уншвал зүгээр гэж боддог. Өнөөдөр залуучуудыг ажихад “яавал хурдан хэл сурах уу, эсвэл яавал хурдан амжилт (дарга болох уу)-нд хүрэх үү, хурдан мөнгөтэй болох арга” ч гэдэг юмуу юмыг хялбарчилсан ном уншихыг эрмэлздэг болсон юм шиг санагддаг. Гэтэл хүн номноос мэдлэгийг авах ёстой. Уншихад хүнд хэцүү байсан ч мэдлэг шингэсэн ном л уншвал зүгээр. За өөрийнхөө өнцгөөс хариулчихлаа шүү.

10.  Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Үнэнийг хэлэхэд ОХУ-ын Тувагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, Тувагийн улсын архивд сууж байсныг эс тооцвол өөр гадаад орны номын санд орж үзэж танилцаж байснаас уншлагад нь сууж байсангүй.

11.  Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Уншихад төвөгтэй түүх, соёлын өвийн чиглэлийн зузаан ном болов уу. 

12.  Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өнөөдөр залуучууд цахим орчноос мэдээлэл их авдаг болж, тэр дундаа үнэн зөв эсэх нь эргэлзээтэй элдэв янзын бохир мэдээллээр тархиа цэнэглэж байгаад тун харамсдаг. Харин ном уншина гэдэг бол оюун тархиа цэнэглэж байгаа, мэдлэг олж авч байгаа зүйл юм. Тэгэхээр ном уншихын үнэ цэнэ бол тархиа мэдлэгээр цэнэглэх юм. Хуучин социализмын үед айл болгон номын сантай байлаа шүү дээ, ээж нь хүүхдээ номын бага унш гэж загнадаг байж. Одоо эсрэгээрээ болсон цаг.

13.  Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Одоо хүмүүс боломжоосоо хамаараад цахимаар ном их цуглуулдаг болсон. Миний хувьд зайлшгүй тохиолдолд л цахимаар уншина. Ер нь бол цаасаар нь унших нь илүү тухтай.

14.  Унших дуртай зохиолч

Шинэ мэдлэгийг бий болгосон, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан хэн бүхний (манай түүхчид, соёлын өв судлаачдын) ном үнэтэй.

15.  Уншихыг төлөвлөж буй ном?

Яг үнэндээ нэг номын нэр онцолж хэлж чадахгүй байна. Миний судалгааны чиглэлээр хэвлэгдэж буй судлаачдын шинэ бүтээл болгоныг л уншихаар төлөвлөдөг.

16.  Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

За энэ асуултанд хариулахад тун хэцүү юм байна. Дандаа судалгааны ном уншдаг болохоор. Сүүлийн үеийн уран зохиол уншдаггүй. Хүүхэд байсан бол үлгэрийн баатар байх байлаа. тэгэхээр миний хувьд зохиолын баатар гэж байхгүй юм байна.