Их ном уншиж ойлгосон хүн аливаа зүйлд хандах хандлага нь улам гүнзгий бөгөөд энгийн болдог
Энэ удаагийн “Номын сангийн зочны ярилцлага”-аар МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрамтай ярилцлаа.
Хаана амьдардаг вэ?
Амьдралын хамгийн идэвхтэй цагаа Монгол Улсын Их Сургууль дээрээ өнгөрөөдөг болохоор өөрийгөө энд л амьдардаг гэж хэлж болох юм /инээв/
Social хаягууд?
@UndramCh (Твиттер), Undram Chinbat (ЛинкэдИн), Чинбатын Ундрам(Фэйсбүүк)
Эрхэлж байгаа ажил, албан тушаал.
МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал
Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?
Монгол ардын үлгэрийн ном л уншиж байсан. Олон үлгэрийн цуглуулга ном байсан санагдаж байна. Эмээ маань надад байнга Монгол ардын үлгэр ярьж, зүйр цэцэн үг, сургаал айлддаг байлаа. Ингээд аав, ээж надад бага ангид байхад авч өгч байсан үлгэрийн номыг л бие дааж уншсан.
Таны амьдралыг хувь хүнийг өөрчлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн номуудыг дурдвал.
“Өсвөр насны хүүхдүүдийн хэвшүүлэх хэрэгтэй 7 зуршил” гэж номыг АНУ-д сурч байхад 16 насны төрсөн өдрөөр амьдарч байсан айлын Америк ээж надад бэлэглэсэн юм. Англи хэлээр “Seven Habits of Highly Effective Teens” (Stephen R. Covey, 1989). Энэ номоос хүн ямар учраас өөрт байгаа богино цаг хугацаагаа үр ашигтай өнгөрөөх ёстой, үүний тулд ямар шийдвэр гаргах нь зүйтэй гэдгийг би ойлгож авч байсан юм. Энэ бол миний уншсан хичээлээс гадуурх анхны англи хэлээрх ном байсан бөгөөд амьдралдаа зөв хэв маяг нэвтрүүлж эхлэхэд ихээхэн чухал нөлөө үзүүлсэн гэж би боддог.
Таны ширээний ном.
2 ном сүүлийн үед байнга ширээн дээр байна. Нэг нь Харвардын их сургуулийн профессор Майкл Портерийн бичсэн “On Competition” буюу “Өрсөлдөөний талаар” (Michael E.Porter, 1998) хэмээх ном. Өрсөлдөх чадвар болон улс орны өрсөлдөх чадвар гэж юу болох, хэрхэн, ямар стратегиар өрсөлдөж амжилтад хүрэх талаар өгүүлдэг миний мэргэжлийн ном л доо. Харвардын их сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микро экономиксийн институтийн Монгол дахь координатороор ажиллаад 10 шахам жил ажиллаж байгаа бөгөөд энэ чиглэлийн судалгаа, сургалт хийдэг профессор, багш нарын хамт тус сургууль дээр очиж профессор Майкл Портертой хэд хэд уулзаж номын дуу сонсох боломж тохиож байсан. Профессор Портертой хамт тус сургуульд ажилладаг профессор Хиротака Такеүчиг сүүлд МУИС-д урьж авчран гурван удаагийн семинар зохион байгуулсан. Энэ номыг маш олон жилийн дэлхийн цар хүрээтэй судалгаанд үндэслэн бичсэн байдаг учраас байнга л харж сургалт, судалгаа, ажил мэргэжилдээ ашигладаг.
Нөгөөх нь Монголын нууц товчоо. Энэ номыг над мэтийн хүн олон уншиж байж л цаад утга санааг нь сайн ойлгох байх даа. Монгол хүн болгон энэ номыг бүрэн ойлгож унших хэрэгтэй гэж боддог.
Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?
Докторын зэрэг хамгаалаад 10-аад жил л болж байгаа болохоор том профессорууд шиг шидевр бүтээл одоогоор байхгүй ээ. Уул нь дотроо бодож л яваа. АНУ-ын Симио компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын Панасоник корпорацын дэргэдэх PHP Institute Inc-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Бизнесийн амжилт хүнээс” номыг мэргэжлийн нөхөдтэйгээ тус тус эх хэл рүүгээ орчуулсан. Тэнхимийн хамт олонтойгоо “Менежмент”, “Бизнес ба нийгэм” мэргэжлийн сурах бичиг бичиж оюутнуудын хүртээл болгосон. НҮБ-ын санхүүжилтээр АТГ-ийн захиалгаар “Төрийн албан хаагчийн ёс зүй” номын хамтарсан зохиогчоор ажиллаж төрийн албан хаагчдын хүртээл болгоод байна. Сүүлд “Миний өвөө Пунцагийн Дорж” дурсамж цомгийг Халх голын дайны 80 жилийн ойд зориулан архивын баримт материал, түүхэн эх сурвалжид үндэслэн бичсэн.
Эрдэм шинжилгээний өгүүллийг академик ертөнцөд хамгийн чухал бүтээлд тооцдог. Олон улсын Web of Science-д бүртгэлтэй хэвлэлд дөрвөн өгүүлэл нийтлүүлсэн байна.
Яг одоо ямар ном уншиж байна вэ?
Sapiens: A Brief History of Humankind буюу Сапиенсууд: Хүн төрөлхтний товч түүх гэж Юүвал Харари хэмээх түүхчийн бичсэн номыг яг одоо уншиж байна. Энэ хүн хүн төрөлхтний түүхийг чулуун зэвсгийн үеийн хүний эволюциас авахуулаад 21-р зууны одоогийн үе хүртэл хөгжлийн үе шатаар нь хэд хэд ангилж их сонирхолтой өнцгөөс бичсэн байна лээ.
Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?
Судалгаа, ажлын номыг ажлын ширээн дээрээ эсвэл номын санд, уран зохиол болон бусад номыг кофе шоп-д ч юм уу өөрийн гэсэн орон зайд суугаад хажуудаа халуун цай, кофе тавьж байгаад л “үзнэ” шүү дээ.
Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу.
Ямар зорилгоор, ямар ном уншиж байгаагаас хамаарна. Судалгааны номыг маш анхааралтай, үг бүрийг тунгааж унших нь их. Нууц товчоо, эсвэл гүн агуулгатай уран зохиолын номыг ч гэсэн тийм байдлаар уншина. Зарим номыг гүйлгээд, утгыг нь хараад ойлголтоо авах тохиолдол ч бий.
Залууст урам хайрлах, ухаарал өгөх ном санал болговол.
Хүн болгон өөрийн гэсэн сонирхол, аливаа зүйлийг харах өнцөгтэй байдаг. Тэгэхээр би тодорхой ном санал болгохоосоо илүү дараах гурван зүйлийг залуучууддаа зөвлөмөөр байна. Юуны өмнө Монгол улсын иргэн хүний хувьд түүх, соёл, сонгодог утга зохиолоо мэдэх ёстой. Дараа нь мэргэжилтэн хүний хувьд өөрийн сурч, ажиллаж байгаа мэргэжлийн холбогдолтой ном бүтээлүүдээ олж уншиж өөрийгөө мэргэжлийн хүрээнд байнга хөгжүүлж байх. Нийгэм, соёл, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжлийг мэдрэх номыг эцэст нь уншиж танилцаж байх хэрэгтэй гэж боддог.
Өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ?
Би ер нь стратегийн менежментийн л ном байх болов уу. /инээв/ Нэг тийм серьёозный, гэхдээ энгийн хэллэгтэй, мэргэжлийн судалгаатай, практикт суурилсан.
Хэн гэдэг зохиолчийн бүтээлийг алдалгүй олж авъя гэж боддог вэ. Хүндэлдэг, хайртай зохиолч тань хэн бэ?
Мэргэжлийн хувьд Майкл Портер профессорын бүх судалгааг олж авч харахыг хичээдэг. Судлаач хүнд өөрийн судалгаатай холбоотой сүүлийн үеийн ололт, бүтээлүүдийг байнга мэдэж байх шаардлагатай байдаг. Сүүлийн үед Монголын түүх, уран зохиолтой холбоотой шилдэг бүтээлүүдийг олж авах, уншиж ойлгох тал дээр анхаарч байна. Маш их цаг гаргах шаардлагатай байгаа тул энэ тал дээр цаашид өөртөө улам их анхаарч ажиллана гэж төлөвлөж байна /инээв/.
Номын уншихын утга учир, үнэт зүйл юундаа оршдог юм бэ. Манай уншигчдад хандаж хэлбэл.
Мэдээж нэгдүгээрт номыг зорилгын дагуу сонгож унших хэрэгтэй. Юу мэдэх гээд ямар эх сурвалжийг ашиглах гээд байгаа нь тодорхой байх гэсэн үг л дээ. Энд түүх, уран зохиол, мэргэжлийн ном гээд бүх номыг ямар нэг зүйл мэдэх, мэдрэх гэсэн зорилгоор сонгож уншдаг гэж би боддог. Ингэж уншиж байгаа ном анх төсөөлснөөс ч илүү их зүйлийг мэдүүлж, мэдрүүлдэг учраас шинэ ертөнцтэй танилцуулж өгдөг юм шиг. Их ном уншиж ойлгосон хүн аливаа зүйлд хандах хандлага нь улам гүнзгий бөгөөд энгийн болдог санагдсан.