Уншигч байна гэдэг давын өмнө цүнхэндээ байнга нэг номтой явахыг л хэлнэ, өөр сүйдтэй жор байхгүй.

Иргэншил: Монгол

Овог нэр: Батсуурийн Баясгалан

Эрхэлж буй ажил, албан тушаал: “Тагтаа хэвлэлийн газар”-ын үүсгэн байгуулагч

Сошиал хуудсууд:

Блог: http://bayasgaland.blogspot.com/

Вэбсайт: https://tagtaa.mn/bayasgalan

Фэйсбүүк: https://www.facebook.com/bbayasgaland

Твиттер: https://twitter.com/Bayasgalan86

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Би “Улс төр судлаач” мэргэжилтэй, уран зохиолын мэргэшилтэй хүн. Яг алиных нь талаар арай дөнгүүр мэдлэгтэй вэ гэвэл “Уран зохиол” гэж хариулна. Харин “Улс төр судлал”-аар сурсан маань маш олон зүйл дээр хэрэг болдог. Улс орныхоо явж буй зам шиг, тогтолцооны онцлогийг ойлгох, энэ тогтолцоон дотор уймарч мунгинаад байхгүй шиг урагш хараад алхах, ядаж л уран зохиолын хэлээр баахан будилж мунгинасан юм бичин уншигчдаа төөрөлдүүлж, арагш нь татаад байхгүй шиг явахад эзэмшсэн мэргэжил маань их нэмэртэй. Манай урлаг, уран зохиолын бүтээгчид сэтгэлгээний хувьд уншигчдаасаа илт хоцорсон нь мэдрэгддэг л дээ. Бүтээгчид хоцорч сэтгэнэ гэдэг уншигчдаа чирж, дагуулах үүрэг, чадамжаа алдана гэсэн үг. Энэ утгаараа урлаг, уран зохиолын олон салбар уначихаад байна.   

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Нэрт гүүш Ж.Гэндэндарам гуайн орчуулгаар “Раамын үлгэрийн цоморлиг” уншиж байжээ. Эртний Энэтхэгийн их хөлгөн туулиар номтой золгосон юмсанж. Хожим надад “Махабхарата” туулийн хялбаршуулсан хувилбарыг орчуулах боломж олдсон юм. Хялбаршуулсан гэлтгүй овоо зузаан, овоо жинтэй ном болсон шүү. Тэгж Энэтхэгийн ард түмэнд талархаж явдаг сэтгэлийн өрөө төлжээ. Ноднин харин Ж.Гэндэндарам гуайн нэрэмжит шилдэг орчуулагчийн шагнал хүртээд бүр их бэлгэшээсэн.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Орхан Памукийн “Цас” роман юм болов уу. Энэ зузаан романыг орчуулах гэж яг таг сууж байхдаа л ширээнийхээ ард сахилга баттай сууж сурсан. Энэ романыг хэвлэх гэж хөөцөлдөж явахдаа л хэвлэлийн компани байгуулах шийдэлд хүрсэн нь өдгөөгийн “Тагтаа Паблишинг” болсон байна.

Таны ширээний ном?

Толь бичгүүд л юм уу даа. Яг тухайлж нэг ном урдаа тавьчихаад байнга сөхөж хараад байдаггүй. Хааяа ахин уншихад сайхан номууд бол бий.  Гэвч цаана нь уншиж үзэх ном, өөртөө нээх зохиолчид хэтэрхий олон байна шүү дээ.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Өөрөө бол хоёр яруу найргийн түүвэртэй. Сүүлийнх нь “Эдгэрэл” нэрээр 2018 онд хэвлэгдсэн. Орчуулгын арав гаруй бүтээлтэй. Онцолвол Орхан Памукийн “Цас” роман, “Дур булаам”-Дэлхийн нэн шинэ үеийн шилмэл өгүүллэгийн антологи, “Хар захын гудамжны Спиноза”-Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр байна. Энэтхэгийн хөлгөн тууль “Махабхарата”-гийн орчуулгаараа бахархах янзтай. “Тагтаа Паблишинг”-ийг байгуулахаасаа өмнө Монсудар ХХК-д Эрин Моргенштэйний “Шөнийн цирк” гэх мэт өсвөр насныханд зориулсан жанр романууд, танин мэдэхүйн номууд орчуулж байсан. За тэгээд найз нөхөд, дүү нарынхаа олон номыг редакторласан. Тагтаа Паблишингаас эрхлэн гаргасан бүх номонд сонгох, редакторлахаас өгсүүлээд арын албаны үүрэг гүйцэтгэсэн байж таарна. Ингээд бодвол овоо хөөрхөн тоо гарах байх аа.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Маш олон ном зэрэг уншдаг зуршилтай болохоор алийг нь онцлохоо мэдэхгүй байна. Степпе Паблишингаас эрхлэн гаргасан “Эзэнт гүрний түүх” таван ботийг уншиж байгаагаа онцолдог юм билүү. Гэвч би түүхээ яг уран зохиолын уншигчийн нүдээр уншаад байгаагаа анзаарсан. Сонирхолтой үйл явдал, домог ч гэмээр өгүүлэмжүүд, түүхэн тодорхой дүрүүдийг илүү анзаарч, тэмдэглэж, цоохорлож унших юм билээ, би. Зарим үйл явдлуудыг нь салгаж авч байгаад уран зохиолын хэлээр задалж, төсөөлж бичвэл их гоё санагдсан. Гэхдээ манайд ид мандаж байгаа түүхэн романуудын хэл, зохиомжоор биш шүү. Эхлээд сонирхолтой, гоё хэсгүүдийг цохолж аваад шинээр найруулж биччихээд дараа нь өөрийнхөө бичвэрүүдийн энд тэнд яг коллаж шиг зүйж наах ч юм уу, нэг тийм интертекстүүд хийж үзмээр санагдсан. 

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Би ер нь номыг хаана ч уншиж чадна. Автобусанд, таксинд, албан байгууллагуудын хүлээлгийн өрөөнд, хоолны газарт. Тав тух эрээд л, заавал цастай өдөр, хөлөө хөнжлөөр ороогоод цонхны дэргэд кофе оочлонгоо намуухан хөгжмийн хэмнэлд ном уншина гээд байвал та юу ч уншихгүй л гэсэн үг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Дээр дурдсанчлан заавал тусгай цаг гаргаж, тав тух бүрдүүлж байж ном уншина гэвэл бүтэхгүй ээ. Анзаарвал бидний өдөр тутмын амьдрал завсар зайгаар дүүрэн байдаг. Зүгээр л автобусанд цонхоор ширтэж явахын оронд ном гаргаад унш, шүдний эмчид, банкны дараалалд дугаарлаж зогсохдоо унш, хүн хүлээж суухдаа, зоогийн газар хоол ирэхийг хүлээх зуураа ч уншиж болно. Уншигч байна гэдэг давын өмнө цүнхэндээ байнга нэг номтой явахыг л хэлнэ, өөр сүйдтэй жор байхгүй. Би жишээ нь цүнхэндээ номгүй гардаггүй.

Одоо номын төрөл олон болсон. Киндль байна. Сонсдог номууд байна. Зааланд дасгал хийж байхдаа, түгжрэл дунд жолоо бариад явж байхдаа ч аудио ном сонсох, эсвэл номын тухай нэвтрүүлэг подкастууд, зохиолчдын ярилцлага хэлэлцүүлэг сонсоод явж болно. Тэр утгаараа би бас чихэвчнээсээ салах дургүй. Гадуур алхаж явахдаа өнөө л номын тухай ярилцлага, хэлэлцүүлэг, нэвтрүүлгүүдээ сонсож явдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Урам зориг өгөх тухайд сайн мэдэхгүй байна. Миний уншдаг номуудын ихэнхи нь жаахан “урамгүй” төгсдөг бололтой. Ухаарал өгөхийн тухайд ном бүхэнд ухаан бий. Олж харж чадах эсэх нь таны л ухааных. Яг хувь хүнийхээ хувьд бол би үнэхээр сайн бичсэн, дийлсэн авьяас ханхалсан номтой таарахаар урам зориг ороод, хэсэгтээ сэргэдэг л юм. Тэгэхээр залуус маань өөр өөрсдийнхөө сонирхдог салбарын цолгорч буй нөхдийг уншвал урам зоригоор сэлбэгдэх биз ээ. Яг уран зохиолоос урам зориг, мотиваци хайна гэвэл хэцүү сонсогдож байна.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Монголоос Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сангийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын үнэмлэхтэй байсан. Одоо хугацаа нь дууссан байж магад. Мөн АНУ-ын Айовагийн их сургуулийн цахим номын санд нэвтрэх үнэмлэхтэй. Энэ үнэмлэх маань 2021 он хүртэл хүчинтэй.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

Гуравдагч ертөнцийн юм уу, дорнын нэг өвгөн зохиолчийн бичсэн зузаан гэгчийн роман байх болов уу. Жаахан улс төрийн өнгө аястай, үндэстний адилсал нь нэвт үнэртсэн, гашуун егөөтэй гэхдээ хүн уйдаахааргүй уянгатай, үе үе хүчтэй гэгэлзүүлэх нигүүртай, зузаанаас зузаан роман баймаар байна.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Олон хүн ном унших нь дан ганц мэдлэг, мэдээллээ өргөжүүлэх, нэг үгээр ухаантай болоход тустай гэж боддог шиг. Миний хувьд уншина гэдэг түүнээс цааших эд. Ялангуяа уран зохиол уншихын үнэ цэн бүр чинагш эд л дээ. Тэднээс хамгийн чухал нь уран зохиолын уншигчдад заавал төлөвшсөн байдаг хүнлэг, хүний оронд өөрийгөө тавьж үзэж учир ёсыг тунгааж чаддаг, бусдыг шүүж няцаагаад байдаггүй нээлттэй чанар юм болов уу. Уран зохиолоор дамжуулан уншигч олон янзын улс орон, анги давхрага, соёл заншлын хүмүүсийн дотоод ертөнцийг алган дээрээ тавьсан мэт тольдож, тэдэнтэй чин сэтгэлийн харилцаа тогтоож чаддаг болохоор empathy буюу бусдыг ойлгож энэрэх чадвар нь онцгой байдаг л гэдэг юм.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль алингаар нь. Цахимаар дуртай утга зохиолын хуудсаа төлбөр төлөөд дагадаг. Электрон ном буюу киндлиэр биетээр нь олж уншихад хүндрэлтэй номуудаа худалдаж аваад уншдаг. Киндлиэр ном уншихын давуу тал их л дээ. Наанадаж мэдэхгүй үг гараад ирвэл ганц тогшоод л тольдчихно. Бас таалагдсан хэсгүүдээ тодруулчихна, зарим хэсэг дээр тэмдэглэл хөтөлж болно, Goodreads-тэйгээ холбоод сэтгэгдэл бичиж, хэлэлцүүлэг өрнүүлж, ер яаж л бол яаж ашиглаж болно. Ялангуяа аялалаар явахад олон ном чирж явахаас авардаг ганц зүйл нь киндль. Тэр утгаараа дуртай.

Нөгөө талаар номыг цаасан хэвлэлээр нь олж авч байж сая нэг бүрэн дүүрэн эзэмшсэн болдог уламжлалт уншигчийн таашаалаа хаяж чадахгүй нь. Номыг хуудас хуудсаар нь эргүүлж, хуруу гараараа тэмтэрч унших илүү таатай байх нь ойлгомжтой. Аль алинг нь хослуулахад ямар ч асуудалгүй.

Унших дуртай зохиолч?

Олон байна аа. Шерман Алекси, Юкио Мишима, Амос Оз, Орхан Памук, Этгар Керет, Роберт Валсер, Итало Кальвино, Июнь Ли,  Хуан Чон Кай, Ж.М.Күций, Петер Хандке, Вольтер, Богумил Храбал, Михайл Булгаков, Ян Лианкө, Виржиния Вүүлф, Исаак Зингер гээд цааш хөвөрнө. Аль нэгийг нь онцолж шүтэж, сүйд болдоггүй. Таалагдсан зохиолоо олзлоод л явдаг. Сайн зохиол гэж байхаас сайн зохиолч гэж байдаггүй гэдэгсэн билүү. Дандаа шидээвэр бичдэг зохиолч ховор шүү дээ.

Уншихыг төлөвлөж буй ном?

Би нэг найзтайгаа ахин уулзахдаа Херманн Брохын “Виргилийн үхэл”-ийг унчихаад уулзана гэж тохиролцсон юм. Гэтэл уулзах өдөр хоног дөхөөд байдаг, номоо уншиж амжаагүй л байна. Эртний Ромын яруу найрагч, Энейн туульсыг бичсэн Виргилийн амьдралын сүүлийн 18 цагийг төсөөлж бичсэн зохиол шиг билээ. Надад их л магтсан. Бас нэг найз В.Г.Себальдын зохиолуудыг даруй уншаад сэтгэгдлээ хэлээч гээд шавдуулаад байгаа. Гялс уншина даа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Өөрийнхөө орчуулсан, Орхан Памукийн “Цас” романы Сунай Займын дүрд их хайртай. Зүүний үзэл хүчтэй байсан 70-аад оны үед Истанбулийн жижиг театруудад Напелеон, Ленин, Робеспьерт тоглож, хувьсгалч удирдагчдийн цогтой дүрээрээ овоо танигдаад, сүүлд цэргийнхэн засагт гарсан хойно ард түмний сэтгэлд хоногшсон удирдагчдын дүрүүдийнхээ ачаар Ататуркийн дүрд тоглоход чухам тохирсон жүжигчнээр тодорч.., тэрэндээ хөөрөхдөө их удирдагчийн дүрд үнэхээр л тохирох эр гэдгээ батлах гэж баахан элдэвлээд, энэ тэрүүгээр нэг чалчиж явахдаа “Хожим надад Зөнч Мухаммедын дүрийг бүтээх ч хувь тохиох буй заа” гэж хэлээд шашны улаан хамгаалагчдын заналхийлэлд өртөн Ататурк ч үгүй, Мухаммед ч үгүй хов хоосон хоцорч, аргагүйдэхдээ Туркийн зах хязгаар хотуудаар тэнүүчилж, гудамж талбайгаар ший янгуу тоглож явах хүртэл тартагтаа тулсан тэр эр хожим амь амьдралаа зориулсан алтан тайзан дээрээ үхэх хувь тавиланг олж авахын тулд л улс төрийн хувьд ямар ч ач холбогдолгүй, багашаархан хотод зохион байгуулагдсан “цэргийн эргэлт”-ийг оройлдог юм. Манайхны ярьдгаар олон төрийн нүүрэнд хувирч, хуйхлагдаж, цаг төрийн эргэлтүүдийн учрыг олохгүй уймарч явахдаа гагц “дүр бүтээх”-ийн хүсэл шуналаасаа хэзээ ч урваагүй энэ будилуу агаад шазууртай эрийг хайрлах шалтгаан надад байна. Тэр нь урлагт хайртай бидний эзэн харгалзагчгүй тэнэмэл сэтгэл юм. Ер түүн шиг дүрийг байгаагаагаар нь, огт шүүлгүй ойлгочихож чадаж гэмээнэ ер олон зүйлийг хэлтрүүлчих хэмжээний хүн болчих байх аа.