Б.Хатантөмөр: “Суухын тулд сандал, бичихийн тулд цаас байдаг шиг, уншихын тулд л ном байдаг”

Б.Хатантөмөр: “Суухын тулд сандал, бичихийн тулд цаас байдаг шиг, уншихын тулд л ном байдаг”

Эрхэлж буй ажил, албан тушаал: Даян ХХК, орчуулагч

Сошиал хаяг: Хатантөмөр Болдбаатар

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Хүн бүр л завгүй байдаг тийм үед хүүхэд нас минь өнгөрсөн дөө. Аав ээж хоёр маань ажилдаа гараад явчихна, 4 5 настай жаахан хүүхэд гэрээ хараад үлддэг байлаа. Зурагт ч байхгүй, уйдсандаа ном л уншина, ойлгохгүй ч уншаад л байна. Лениний ботиуд, элдвийн шар сонин гээд таарсан бүгдээ л уншина. Ертөнцтэй танилцах анхны алхам гэхээсээ илүү уйдаагаа гаргах хэрэгсэл л байсан юм уу даа. Тэр үеэс санаанд үлдсэн ном гэвэл “Үүлэн бор”, Д.Гармаа гуайн “Хөөрхий дөө, Болдоо минь”. Яагаад ч юм, Сайхан Василисаг ахин дахин уншаад байдаг байсан, “Алив хүүхэлдэй минь сүү уу, амсах зовлонг минь сонсож үз” гээд л мөрүүд нь одоо ч толгойд байна. Харин “Хөөрхий дөө, Болдоо минь”-ийг айлын зуухны хажуугаас олж байсан юм. Цагаан сараар айлд цай уух зуур шударчхаад төгсгөлийг нь мэдэж чадаагүй үлдчихсэндээ одоо ч санагддаг байх. Гал асаачихсан байсан хэрэг л дээ. Дараачийн уншсан номууд маань “Хорвоотой танилцсан түүх”, тэгээд Жэймс Хэдли Чэйз. Одоо бодоод байх нь унших ном их л ховор байдаг байж, олдож байгаа нь л детектив зохиол шүү дээ. Номын сангууд хүртэл цөөхөн номтой, Нацагдоржийн номын сан руу хүргэж өгөх хүн ямар байсан ч биш. Бас муугаа мэдэхгүй хүүхдийн номын хэсгийг тоож орохгүй ээ.

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Би багадаа туйл судлаач юм уу, тагнуулч болохыг л мөрөөддөг байсан. Дараа нь харин уран зохиолын амтанд ороод, бас ч үгүй редактороор хоёр гурван жил ажиллаж үзээд уран зохиолтой холбоотой ажил хийхийг хүсдэг болсон. Яг эзэмшсэн мэргэжил гэвэл олон улсын харилцаа. Харин одоо бол уурхайд л ажиллаж байна даа.

Таныг манай уншигчид Чарльз Буковскийн бүтээл “Хүүхнүүд”-ээр мэднэ. Энэхүү бүтээлийг сонгож эх хэлнээ буулгах болсон шалтгаан юу вэ?

Орчуулагч номоо биш, ном нь орчуулагчаа сонгодогт итгэдэг шүү. Яг нарийн ширийнийг нь сайн санахгүй байна. Пивоны ширээний ард сууж байхад нэг хүн уншаад үзээч гэж зөвлөсөн. Уншиж байхдаа фэйсбүүктээ таалагдсан хэсгээсээ орчуулж оруулаад байсан юм. Тэгээд бас л пивоны ширээний ард Батзаяа чи орчуул, би гаргая гэсэн байх. Ер нь л ном бүтэх, номыг бүтээх гэдэг хувь тавилан, аз завшаан. Гаргая гэснээ гаргадаг мундаг орчуулагч нар байдаг л байх, миний хувьд гэвэл зүгээр л завшаан таарсан хэрэг.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

М.Уянсүх “1002 дахь шөнө тохиосон ид шидгүй үлгэр”-ийг давын өмнө нэрлэнэ. Арван жилдээ Монте кристо гүн, Шадар гурван цэрэг, Инээмтгий хүн мэтийн сонгодог голдуу ном л уншдаг байсан хүүхэд 1002 дахь шөнийн үлгэрийг уншаад ангайж орхисон. Хөөх ингэж бичиж болдог юм байх даа? Яг амьдрал шиг мөртлөө үлгэр шиг юм аа гээд л. Тэгээд л үлгэрт ахин дуртай болсон доо. Уран зохиолд ч тэр үеэс л шимтэж эхэлсэн байх.

Ном бүгд л өөрийнхөө тодорхой хэсгийг уншигчдаа шингээдэг. Өсвөр насандаа уншиж байсан номууд одоогийн би-г бий болгоход хамгийн чухал нөлөөтэй байсан болов уу. Зун бүр “Манан будан”-г цүнхлээд хөдөө явдаг байлаа. Өвөөгөөс минь үлдсэн эд. Уйдахгүйн тулд хамгийн зузаан номоо авч яваа нь тэр. “Манан будан”-гийн ачаар түүх их сонирхдог болсон. Зав гарвал улаан хавтастай “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” эргүүлнэ. Бусдад тустай нэг ч гэсэн үйл хийх юмсан гэх бодол өөрийн эрхгүй төрүүлдэг ном шүү. Цагаан соёот, Зэрлэг байгалийн дуудлага (энэ нэрэнд гэхдээ их дургүй. Зэрлэг байгаль гэж зэрлэг өрнөдийнхний л бодож олсон нэр байх.)-ыг мөн ч олон уншиж, мөн ч их уйлсан. Амьтанд дуртай шалтгаан тэд л байх. Граем Грийн-ийн “Journey without maps” гээд тэмдэглэлийг нэг сонирхоод үзээрэй. Аялах дон шүглүүлдэг, басхүү аялал гэж чухам юу болохыг ойлгуулдаг ном.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү?

Дахиад нэг орчуулгын ажил эхлэсэн. Чөлөө заваараа мөнөөхөө л эргүүлж тойруулаад сууж байна. Түүнийг эс тооцвол “Гэм зэм” уншиж байгаа. Өөрөө худлаа үнэн орчуулга оролдоод байхаар номыг “унших” гэж уншихаа болиод, үг цуглуулах, орчуулга судлах гэж уншдаг болчихдог юм байна. Гомбосүрэн гуайн орчуулгыг уншихад өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрдөг. Үг нь амьтай, сэтгэлд тэмтрэгддэг тийм л мундаг орчуулагч.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Номоос цаадахыг нь ч төлөвлөдөггүй хүн дээ. Маргаашийг бодох зовлон гэж санадаг. Юутай ч Салман Рушдигийн Алтан байшинг захиж авчруулсан. Хот орохоороо уншиж таарах байх.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд уригдаж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв даа?

Тийм олон айлд уригдаж байгаагүй ээ. Харин Америкт явж байгаад Барнес энд Ноблд ороход ёстой л нэг уулга алдсан даа. Тухайн үед орчуулгын ном ховор, уншдаг хүмүүс ч цөөн, гайгүй монгол зохиолчдын бүтээлүүд дэлгүүрт биш номын санд л байдаг байсныг хэлэх үү, Улаанбаатарын номын дэлгүүр хажууд нь үнэхээр л өчүүхэн санагдсан. Хоёр гурван спорт зал нийлүүлчихсэн аятай тийм том дэлгүүр, Жэймс Жойс, Фолкнер, Эдгар Аллан По, Кафка, Сервантес зэргийн томчуудын зургийг хар цагаанаар зураад хананаасаа унжуулчихсан. Тойрч алхахад л хөл ядармаар том атлаа хайсан номоо ядаж төдөлгүй олж болно. Уран зохиолын тасгийн орчин үеийн сонгодог гэсэн хэсэгт очиход хариуцсан ажилтан нь номуудаа ба бэгүй мэдэж байсан нь бүр ч гайхмаар. Юу ярьснаа санахгүй ч лав хоёр гурван цаг зөвхөн тэр ажилтантай ярилцаж зогссоноо санаж байна. Огт төвөгшөөгөөгүй шүү. Номыг ингэж хайрлаж, ингэж хүндэтгэж, ингэж мэдэж байж л үнэ цэнийг нь тодорхойлж хүмүүст хүргэдэг байх. Манай дэлгүүрүүд ч хонь хурга нийлчихсэн юм шиг хөл толгой нь мэдэгдэхгүй хэцүү шүү дээ. Юутай ч ойрын хэдэн жилдээ уншигчтай ойрхон номын дэлгүүр нээх мөрөөдөл бий.

Таны ширээний ном?

Монгол хэлний иж үгийн толь, Монгол хэлний тайлбар толь.

Таныг нэг удаа ном уншиж байхыг санаатай, санамсаргүй ажигласан юм. Боссон ч, суусан ч, хоол болох хоромд ч хүртэл эхэлсэн номоо цааш үргэлжлүүлж явуулсаар байсан санагдана. Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Дадал гэхээсээ илүү дур, дон байх. Уран зохиол нэг талаараа хар тамхи шиг санагддаг. Уншихгүй удвал дотор хоосроод хатуу хүйтэн болчихно, байж сууж чадахгүй тавгүйтээд юуг ч юм хайгаад л байна. Харин хэсэг номдоо живчихвэл зөөлөн, эмзэг болчхоод хүмүүст, нийгэмд, ер нь бүх зүйлд гомдоод зөвхөн тэр хийсвэр ертөнцөд үлдчихмээр санагддаг. Аль аль нь таатай биш. Тэглээ гээд хэт автамхай зангаа дийлж чаддаггүй. Тунг нь тааруулах гэсэн үгийг сайн ойлгодоггүй. Архийг хүн согтох гэж л уудаг биз дээ? Үгүй бол уугаад яах юм? Түүнтэй ижил уншвал уншаад, үгүй бол зүгээр сууж байсан нь дээр.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Мэдэхгүй ээ. Ном бол гэвэл харин утга агуулгагүй, хааш яайш, өрнөл зангилаа, үйл агууламжгүй тийм л ном болмоор байна.

Унших дуртай зохиолч

Зохиол бүр өөр өөрийн өнгөтэй, зан араншинтай. Хүлээж авах цаг хугацаа, тухайн үеийн мэдрэмж гэхээс биш ер нь аль нэг зохиолчид байнга дурлаад байна гэж байдаггүй байх. Зүйрлэвэл бужигнаант амьдралаас хэсэгхэн холдоод тамхиа татаад модон сандал дээр сууж байхдаа хэзээ мөдгүй унах гээд дэнжэгнэж байгаа шар навчийг хүн хараад хайрлана аа даа. Тэглээ гээд навч бүрийг байнга хайрлана гэсэн үг биш. Ихэнхдээ бид тоохгүй, дээгүүр нь туучаад л гардаг биз дээ?

Монгол зохиолчдоос Д.Нацагдорж, Б.Ренчинд гойд дуртай. Редактороор ажилладаг байхад эл эрхмүүдээс их ч зүйл сурсан. Нацагдоржоос хасаж танах, зүлгэж өөрчлөх юм байдаггүй. Үг бүр нь өөрийн байраа олчихсон, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээд, ойлгуулах гэсэн санаагаа хэлээд байж байдаг. Ренчин гуайн орчуулгыг англи эхтэй харьцуулж харахад чухам оюун санаагаар “дур ханана” шүү дээ.

Бас Библи унших дуртай. Би шашин шүтдэггүй л дээ. Гэхдээ өрнөдийн мундаг мундаг зохиолыг ойлгохын тулд библийг гадарладаг биш, доторлодог байхгүй горьгүй, Библийн зүйрлэл, ёгтлол, бэлгэдэл заавал ч үгүй явж л байна. Жишээлбэл “Зуун жилийн ганцаардал”-ыг уншигч юу гэж ч ойлгож, юу ч гэж тайлбарлаж болно. Гэхдээ л хуучин гэрээг уншаагүй хүн “Зуун жилийн ганцаардал”-ыг ойлгоход түвэгтэй л байх болов уу.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан, Үндэсний номын сангийн үнэмлэх л бий. Тоосны харшилтай хүнд чинь номын санд сууна гэдэг том даваа байхгүй юү. Боломжтой номыг худалдаад авчих нь амар санагддаг.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Өчнөөн бий дээ. Хүн бүгдэд хайрлуулах шалтгаан заавал байдаг шиг дүр болгонд хайрламаар чанар байдаг. Олонтой хүн ганц ч үгүй байдгийн үлгэрээр яг энэ гээд хэлчих дүр санаанд алга. Эрмүүн, хурц, хүчтэй дүрүүдэд их дуртай. Ойрд уншиж байгаа болохоор Раскольников лав толгойд бууж байна. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуйг уншихад Томаш их л ойлгож болмоор, хайрлах ёстой хүн шиг санагдсан, 2010 он гэхээр дөнгөж 20-той л байсан байх, их гүн сэтгэгдэл үлдээсэн. Тереза, Сабина нар ч дурламаар эмэгтэйчүүл. Кафкагийн сүг сүүдэр шиг дүрүүд зүрхний мухрын харанхуй, түгжээтэй өрөөг эзэгнээд үлдчихсэн. Рушдигийн Ибн Рушд, бодохын төлөө амьдрагч яасан бахархам бэ. Сүүлийн жилүүдэд хоёр дүрд дурласан юм байна. Нэг нь “Аварга мод”-ын би-баатар. Ахуйгаас өөрийгөө, өөрөөсөө ахуйг тайчиж хаяж яваа хүн шиг. Ийм тийм гээд бариад авчих зан, яг л ийм хүн байна даа гээд оноогоод хэлэхэд хэцүү дүр. Үйлдэл, бодрол нь бясалгалын шинжтэй. Амьдралын гадна өөрийгөө тавиад ажиглажээ суугаа, хааяа нэг амьдралтай хутгалдахаараа их л болгоомжтой, танихгүй мэдэхгүй зүйлдээ хүрч байгаа юм шиг халгаж ядаад л. Хонхон хэлбэрт ваарын (молхи орчуулгыг өршөөнө үү) Эстер Гринвүд чангахан атгавал хагарчих юм шиг эмзэг, энхрий, үнэхээр л хайрламаар, хайрлахаас ч аргагүй дүр.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Нэг ийм үлгэр байдаг. Хаан барималчид чулуу өгөөд бурхны дүрийг бүтээ хэмээжээ. Барималч бурхны дүрийг санаандаа ургуулах гэж хэчнээн оролдсон ч чадсангүй. Хэрвээ бурхныг хүний төрхтэй дүрслэх юм бол амьтан ургамлыг орхигдуулчих гээд байдаг. Гэтэл адгууст ч, ургамалд ч бурхны мөн чанар оршиж буй. Эрэгтэй хүнээр дүрсэлбэл эмэгтэй хүнийг, эх хүний дүртэй бол эрэгтэй хүнийг үгүйсгэсэн болчихно. Ямар ч хэлбэр дүрс бурхныг бүтээхэд тохирсонгүй. Магад бурхан бүх хэлбэр дүрсээс чинагш оршдог болохоор тэр байх. Гэхдээ хүн гэгч усан нүдэт, цусан зүрхт амьтан харж, тэмтэрч болох бодит зүйлийг л ойлгодог аж. Барималч бодоод л байж, бодоод л байж. Эцэст нь мөнөөх чулууг аанай янзаар нь үлдээж, түүнд бөхийн мөргөжээ. Яг л үүн шиг аливааг ийм тийм гээд оноогоод хэлчхээр бусад шинж чанарыг нь орхигдуулах гээд байдаг талтай.

Нэг л зүйлийг баттай мэдэж байна. Ном бол зүгээр л унших ёстой зүйл. Суухын тулд сандал, бичихийн тулд цаас байдаг шиг, уншихын тулд л ном байдаг. Ном уншихын ашиг тус мэтийн нийтлэл харахаар үнэндээ л бөөлжис цутгадаг, ашигтай байж гэмээнэ л үйлддэг ийм адын зан бидэнд яагаад шүгэлчихсэн юм бэ? Ном уншлаа гээд бусдаас илүү гарна гэж байхгүй, уншаагүй ч тэгтлээ дордчихгүй. Ном, уран зохиолыг эгогоо хооллох хэрэгсэл биш, гоо сайхныг хүртэх боломж; бусдын дээр гарах шат биш, бусдыг ойлгох ухаан байгаасай л гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.

 

Baigalmaa TS.