Д.Нямдорж: Уран зохиолын сайн ном унших нэг насанд олон амьдрах боломж

Д.Нямдорж: Уран зохиолын сайн ном унших нэг насанд олон амьдрах боломж

Иргэншил: Монгол Улс

Овог нэр: Дагийраазайн Нямдорж

Эрхэлж буй ажил, албан тушаал: Монгол Улсын Их Сургуульд ахлах багш, хэл бичгийн ухааны доктор

Сошиал хуудсууд: Nyamdorj Dagiiraazai; Дагийраазайн Нямдорж

– Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

– Үгүй. Сурагч байхдаа олон улсын харилцаа юм уу, эрх зүйн чиглэлээр сурах хүсэлтэй байсан. Уран зохиол бол цэвэр сонирхол. Хэдий тийм ч монгол хэлний аймаг, улсын хэмжээний олимпиадуудад тогтмол оролцож эхний байруудыг эзэлдэг байлаа. Хажуугаар нь хүүхдийн болон насанд хүрэгчдийн шүлгийн тэмцээнд оролцоно. Гэхдээ л хүслээ биелүүлэх санаатай нийгмийн ухааны хичээлдээ илүү анхаарч, төгсөх жилээ улсын олимпиадад оролцож, их сургуульд шалгалтгүй элсэх эрхээр шагнуулдаг юм байна. Үүний өмнөхөн, алдарт Жамцын Бадраа гуайн нэрэмжит хэл бичгийн, улсын анхдугаар олимпиадад түрүүлж, мөн л ийм эрхтэй болоод байв. Ингээд хүсэл, сонирхлынхоо алийг нь дагахаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзэж явтал, тухайн үед МУИС-д багшилж байсан, нэрт судлаач Чойжилжавын Билигсайхан агсан таарч, зааж зөвлөснөөр МУИС-ийн Утга зохиол судлалын ангид элссэн дээ. Сонирхол маань мэргэжил болсон нь тэр. Хэзээ нэгэн цагт хүслээ биелүүлнэ гэж боддог доо.

– Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

– Тодорхой санадаггүй. Биднийг сургуульд орох тэр үед сумын сургуулийн номын санд тийм ч хангалттай ном байсангүй. Сумын төвд үзэж харах зүйл ч маруухан байж, зурагттай айл өдрийн од шиг ховор. Цахилгаанаа оройдоо өгөөд тасална. Өгөхөөсөө өгөхгүй нь элбэг. Тиймээс бага ангидаа номын сангийн бараг бүх номыг уншиж дуусгасан даа. Нимгэхэн шиг номыг сургуулиас харих замдаа босон суун явсаар туушиндаж орхино. Энэ дундаас тод санадаг нь Михаил Шолохоын “Дөлгөөн Дон” роман. Түүхэн хэсгүүд нь сонирхолгүй, уйтгартай санагдах тул Григорий, Аксинья, Наталья нарын дүрийг хөөж уншина. Балчирдаад, зарим хэсгийг нь ойлгохгүй хачирхана. Би ч тийм ном уншиж л байдаг, надад тийм ном өгч л байдаг, бэрх байжээ. Номын санд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн намтар зохиолууд элбэг. Германы бөөнөөр хорих лагериас амьд үлдэгсдийн дурсамжуудыг уншаад шөнөдөө хар дарж гэрийнхнээ сандаргаж явлаа.

– Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

– Ном гэхээсээ үйл явдлууд чухал нөлөө үзүүлсэн. Хэд хэдэн удаа үхэлд ойр очсон. Тэгээд ч тэр үү, зэнгийн утга зохиолд их татагдсан. Монгол хэлнээ даяаны гэж буулгамаар юм уу даа. Зав чөлөөндөө даяанчдын домгууд, шүлгүүдийг унших дуртай. Сэрүүн агаарт алхах шиг таатай байдаг юм. 

– Таны ширээний ном?

– Яг тогтсон ном байхгүй, хийж байгаа ажлаас хамаараад өөрчлөгддөг. Голдуу мэргэжлийн чиглэлийн гадна, дотны тайлбар толиуд, даяаны утга зохиолын номууд гарын ойр байдаг даа.

– Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Шүлгийн зургаан номтой. Сүүлд, 2018 онд хуучин шинэ шүлгүүдээсээ шигшиж, Гунаажавын Аюурзана зохиолчийн сонголтоор “Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа” түүвэр хэвлүүлсэн.

Дунд сургуулийн долдугаар ангийн “Уран зохиол” хичээлийн сурах бичиг, их сургуулийн ерөнхий суурийн “Монгол соёл иргэншил судлал” хичээлийн сурах бичиг,  театрын уран сайхны шүүмжийн “Театр шинжлэл” эмхэтгэл, “Монгол соёлын үг хэллэгийн товч тайлбар толь” зэргийг хамтран бичсэн байна.

Эдгээрээс МУИС-ийн профессор Ганбаатарын Нандинбилигийн ахалж, Ардын багш Сэндэнжавын Дулам багштаны гол зохиогчоор оролцсон, энэ хүмүүний шавь нарын хамтаар бичсэн “Монгол соёл иргэншил судлал” хичээлийн сурах бичгийг онцолъё. Энэ сэдвээр бичигдсэн, манай улсын анхны сурах бичиг юм л даа. Харь нь бүү хэл, зарим сэхээлэг монгол нь ч монгол соёл иргэншил гэж байхгүй хэмээн ил тод хэлдэг шүү дээ. Үүнд тодорхой хариулт өгөх байх аа.

Ариутган шүүж, эмхэтгэсэн номууд гэвэл тоогоо алджээ. Хэвлэлийн газарт ажиллаж байхад бүтээлийн жагсаалт хийх хэрэгцээ, шаардлага байсангүй, 2015 оноос МУИС-д багшилж эхлээд нөхөж хагас дутуу хийсэн. 2019 оны наймдугаар сард хийсэн бүтээлийн жагсаалтаа харахад 50 гаран номд нэр орсон байна. Түүнээс хойш шинэчилж амжсангүй.

Ажилласан номуудаас томоохноос нь дурдвал, Дармын Батбаяр агсан болон Лувсандамбын Дашням гуай хоёрын эмхэтгэж, Монсудар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн “Монголын өгүүллэг туужийн дээжис” зургаан ботийн хэвлэлийн газрын ариутган шүүгчээр, утга зохиол судлаач Уртнасангийн Бямбанямын хамтаар ажилласан. Орчуулагч Нацагдоржийн Энхбаярын “Орчин үеийн хятад яруу найраг” түүврийг түүний  хамтаар хятад, англи эхтэй нь, бараг үг үгээр нь тулган магадалж хэвлүүлж байлаа. Сэндэнжавын Дулам багштаны эрдэм шинжилгээний өгүүллийн чуулганыг зургаан ботиор хэвлүүлэхэд шавь нарынх нь хамтаар хүчин зүтгэсэн. Номын багшийнхаа бүтээлүүдийг амьд сэрүүн ахуйд нь ботилон хэвлүүлэхэд нэр орсондоо шар тос хүлхсэн мэт сэтгэл өег, ханагар явдаг даа. Мөн өөрийн шавь нар болох, Шилийн голын шүлэгч Өлзийбаатарын Балжиннямын хамтаар Өвөр Монгол залуу шүлэгчдийн “Ойрхон” түүврийг, Ховд нутгийн шүлэгч, орчуулагч Мөнхцолын Батбаяр хамтаар Шинжааны залуу монгол шүлэгчдийн “Дуулдаг уулс” түүврийг тус тус эмхэтгэж хуучин, шинэ бичгээр хэвлүүлсэн. Боломж олдвол Халимаг, Буриадын залуу шүлэгчдийг түүврийг гаргачих санаатай арга зам эрэлхийлж байна.    

– Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

– Багштаны “Арвис үг” хэмээх онч үгсийн цоморлогийн хяналтын уншлагыг хийж дуусаад эрдэм шинжилгээний удирдагчийн тодорхойлолт, санал, шүүмж зэргийг нь эмхэлж хэвлүүлэхээр зэхэж байна. Өөрийн “Монгол оньсого дахь зохиомол үгс” судалгааны номыг хэвлэлд өгсөн. Мөн уран сайхны шүүмж, өгүүллүүдээ нэгтгэж хэвлүүлэх санаатай үзээд л байна. Дундуур нь яаж зүгээр байх вэ, Казуаки Танахашигийн “Дээд тэнгэр, хүчит салхи” гэх, алдарт даяанч Рёоканы намтар, шүлгийн түүврийг эргүүлж сууна.  

– Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

– Орчин нэг их голдоггүй. Гэртээ, номын өрөөндөө, ариун цэврийн өрөөнд, орондоо, ажил дээрээ, хөдөө гадаа гээд хаа сайгүй уншина. Сурж байхдаа номын сангуудад их суудаг байсан бол одоо тэр бүр сууж амжихгүй л байна.

– Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

– Өмнө нь нэг эхэлсэн номоо барьж дуусгадаг дадалтай байсан. Одоо зэрэг зэрэг уншихгүй бол амжихаа байсан. Уран зохиол, тэр тусмаа шүлгийн номыг араас уншиж эхэлдэг гаж зуршилтай. Уншиж байгаа ном дээрээ тэмдэглэх, хуудсыг нь нугалах дургүй.

– Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Ямар хэцүү асуулт вэ?! Залуус ямар ном уншвал урам зориг ороод, ухаарал сэхээрэл төрөх юм бол доо? Ойрх цагийн Монголын түүхийн ном байвал яаж байна? Ойрмогхон, Оохнойн Батсайхан тэргүүтэй түүхчдийн бичсэн “Монголын түүх” (1911-2017) номыг хэд хэд уншлаа. Өнгөрсөн зууны манай улсын түүх бичлэг одоо л хуучин үзэл суртлаасаа салж эхэлж байх шиг… Энэ номд 20 дугаар зууны эхэн хагасын түүхийг тун сүрхий шинжилсэн байдаг шүү.

– Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

– Монгол, Америк, Хятад… Гурав юм байна.

Өөрийгөө ном гэж дүрсэлвэл та ямар төрлийн ном бэ?

– Ёстой бодож байгаагүй юм байна. Ямар төрлийнх нь мэдэгдэхгүй янзын ном байх юм болов уу? (Инээв).

Цаасаар уншиж байна уу, цахимаар уншиж байна уу?

– Аль алинаар нь. Гэхдээ болж л өгвөл цаасаар унших дуртай. Ховор, хэрэгцээтэй номыг хэвлэж авч байж санаа амардаг. 

Унших дуртай зохиолч?

– Олон доо! Санаанд орж байгаагаас эртний Грекийн эмгэнэлт жүжгийн зохиолчид, Японы сонгодог хайкучид, Хятадын ши уламжлалын төлөөлөгчид (манайхан Тан гүрний үеийн шүлэгчдээр нь сайн мэддэг), Францын 19 дүгээр зууны шүлэгчид, 20 дугаар зууны дунд үеийн сэтгэгч- зохиолчид, Оросын 20 дугаар зууны эхэн үеийн шүлэгчид, дээр нь Эмили Дикинсоны шүлгүүд, Лүйс Борхесын зохиолууд, Владимир Набоковын өгүүллэгүүд, Милорад Павичийн зохиолууд, Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн өгүүллэгүүд, Данзангийн Нямсүрэнгийн шүлгүүд, Очирбатын Дашбалбарын зарим шүлэг, хөрөг- нийтлэлүүд, Пүрэвжавын Баярсайханы тууж, өгүүллэгүүд гээд нэрлээд байвал багагүй хугацаа орно.

Уншихаар төлөвлөж буй ном?

– Мартин Ариас, Мартин Хадис нарын эмхэтгэсэн, “Профессор Борхес: Английн уран зохиолын тухай хичээл” гэх номыг испаниас Катерин Силвэр англи руу орчуулсныг олж аваад байна. Лүйс Борхесын 1966 онд Буенос Айресын Их Сургуульд уншсан 25 лекцийг суусан оюутнуудынх нь хуурцаг, тэмдэглэлүүдээс сэргээсэн хувилбар юм. Эмхэлж, ариутган шүүж байгаа номын ажлууд цэгцэрчихвэл үүнтэй ноцолдоно доо.

– Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

– Хамгийн гэхээр хэцүү, бас баатар гэхээр бүр ярвигтай юм. Уран зохиолын онолын үүднээс зохиолын баатар, дүр өөр өөр ойлголт л доо. Гэхдээ яах вэ, дүр гэж үзээд, хариулах гээд үзье. Тухайлсан нэг дүр бол буухгүй байна. Саяхан, “Уран зохиол шинжлэлийн удиртгал” гээд сургалт, арга зүйн түвшний хичээл дээр оюутнууддаа уншуулж, хэлэлцсэн Пүрэвжавын Баярсайханы “Тавиул” өгүүллэгийн дүрүүд юм л даа. Нийгэм шилжихийн өмнөхөн бичигдсэн энэ зохиолд тухайн үеийн “тавиулууд” болох айлд “тавигдсан” тугалтай үнээ, өвөө, эмээгийндээ “тавигдсан” ач, ачаа харахаар багийн төв дээр “тавигдсан” хөгшид, засгийн томилолтоор багийн сургуульд “тавигдсан” багш бүсгүй, мөн л засгийн зараалаар тээвэрт “тавигдсан” жолооч эцэг гээд олон “тавиул”-ын дүрийг урласан өгүүллэг. Энэ өгүүллэгийг янз бүрийн насандаа, харилцан адилгүй цаг үеүдэд уншиж, тухай бүрдээ өөр өөр тавиулуудын тухай эргэцүүлдэг байв. Сая эргээд уншихад, энэ цаг үеийн түгээмэл, хэв шинжит дүр ч хэлж болох улс төрийн намын тавиулуудын тухай эрхгүй бодлоо. Чадах, чадахгүй албан тушаалд өөрийн хүслээр болоод өрөөлийн хүслээр “тавигдсан” хүмүүс улсаа баллаж байна шүү дээ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

– Уран зохиолын сайн ном унших нэг насанд олон амьдрах боломж, уран зохиолын бус, судалгаа шинжилгээний чамбай ном унших гэрээсээ гаралгүй эрдэмтэн мэргэдтэй уулзан ярилцах завшаан юм уу даа. За, тэгээд хүн хүнд өөр биз дээ.

 

Vandan Tuvshintogtoh