Г.Мөнх-Эрдэнэ: Ямар ч үед Чингис хааны дүр л сайхан даа. Монгол хүн бүрийн хувьд ийм байгаасай.

Овог нэр: Г.Мөнх-Эрдэнэ

Эрхэлж буй ажил, албан тушаал: ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш

Сошиал хуудсууд: https://www.facebook.com/munkherdene.gantulga/

Таны багадаа болохыг хүсч байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Таарч байгаа гэж хэлнэ. Учир нь би ерөнхий боловсролын сургууль төгсөж байх үедээ өмгөөлөгч юм уу археологич болно гэж боддог байлаа. Тухай үед үзсэн өмгөөлөгчийн тухай Холливүүдийн кинонууд болон Индиан Жонсын цувралаас болж л тэгж боддог байсан болов уу. Ингээд төгсөх үед тухайн үеийн конкурс гэдэг шалгалтыг өгч МУИС-ийн Угсаатан судлаач, түүхийн багш гэсэн ангид элсэж байсан юм. Манайхан угсаатан судлал гэж яриад дадсан болохоос дэлхий дахинаа бол антропологи буюу хүн судлал гэсэн ухаан юм. Уг ухаан нь нийгмийн шинжлэх ухааны салбар бөгөөд дотор нь антропологи, археологи, биологийн антропологи болон хэлний антропологи гэсэн дөрвөн гол салбартай байдаг. 

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Цагаан толгойг эс тооцвол Монгол ардын үлгэрүүд билүү нэртэй, шар өнгөтэй хавтастай ном байсан. Үсэглэлийн баярын дараахан болж таарсан улирлын амралтаар манайх хотод ирж аавын эгчийнд хэд хоносон юм. Тэр үед эцэг эх маань тэр номыг авч өгсөн. Би ч үсгээ үзчихсэн, гайгүй уншчихдаг болсон болохоор “Болдоггүй бор өвгөн” зэргээс өгсүүлээд богинохон богинохон, уншихад урамтай тэр хэдэн үлгэрийг дор нь уншсан. Аав, ах маань уран зохиолын ном их уншдаг, манай номын сан ойр орчмын айлууд дундаа л дээгүүр орохоор байсан тул магадгүй тэгээд л би зөнгөөрөө, нэг их шахуулж, шавдуулалгүй унших дуртай болсон байх. Тэгээд л гэрийнхээ номын сангаас нимгэнээс өгсүүлээд, сүүлдээ “Халуун салхи” энэ тэр гэсэн эротик хэсэгтэй том романуудыг ч гэсэн уншчихдаг болчихсон байж билээ. Ангийн багшдаа том хүний ном уншлаа гэж загнуулаад, хачин хачин юм их уншдаг байж дээ.   

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Тэр энэ гэж онцлох үнэхээр хэцүү юм. Гэхдээ би юунд дуртай, юу хүсдэгээ мэдэхэд их нөлөөлсөн ном гэвэл “Монгол нууцын хэлхээ” гэсэн алгын чинээ хэмжээтэй, 4-н цуврал ном юм. Нэг төрлийн нэвтэрхий толь маягтай, Монголын хамгийн хамгийн гэсэн бүхнийг багтаасан, жишээ нь, хүний хамгийн сонин нэрс, Монголын анхны эмэгтэй баатар гэх юм уу мэдээлэлтэй, интернет хөгжөөгүй үед ёстой л мэдээллийн сан болсон ном байв. Би тэр хэдийг дахин дахин уншчихсан, зочин ирэх үед түүнээсээ бэлдсэн маягтай асуулт асуугаад, тэрүүхэн тэндээ мадалдаг, тэгээд түүндээ хөхин баясдаг, нэг тийм ядаргаатай хүүхэд байлаа. Унших дуртай, олон зүйлийн талаар сонирхдог зан маань тэр хэдэн бяцхан номоос эхтэй болов уу.

Таны ширээний ном?

Бодвол ширээний ном гэж байнга гар дор байдаг эсвэл унших дуртай номыг хэлдэг үү? Яг энэ ширээний ном гэж хэлж мэдэхгүй байна. Заавал нэрлэ гэвэл мэргэжлийнхээ хэдэн нэвтэрхий толийг хэлэх байх. Ер нь хүн бүрийн хувьд мэргэжлийн ном нь ширээний ном гэсэн агуулгад илүү ойртож очих биз дээ. 

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Монголын хууль бус алт олборлогчдын тухай “Бурзайж байна уу?” гэсэн ном буюу нэгэн сэдэвт бүтээл байгаа. Миний бакалавр болоод магистрийн судалгааны ажил юм. Бусадтай хамтраад 4-н ном, сурах бичиг бичсэн. Мөн 3-н ном редакторласан. Хамгийн сүүлд ирэх онд Английн Ротлеж хэвлэлийн газрын хэвлэх “Социалист болон Пост-социалист Монгол” нэртэй номын нэг бүлгийг бичсэн юм байна. Редакторлаж байгаа нэг ном энэ оноос өмнө гарах учиртай. Зөвхөн ном гэлтгүй судлаач хүний хувьд би эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх ёстой. Манай мэргэжлийн хүмүүс миний юу хэвлүүлснийг мэдэж байгаа биз. Харин манай мэргэжлийг болоод эрдэм шинжилгээ гэж зүйлийг мэдэхгүй улсад мэдээлэл болгон хэлэхэд антропологийн ухааны топ сэтгүүлээс өгсүүлээд, импакт фактортой (impact factor) болон ийм үнэлгээ байхгүй энгийн сэтгүүлд хүртэл гээд бүхий л түвшинд 10 гаруй өгүүлэл ганцаараа болон бусадтай хамтран хэвлүүлсэн байна. 

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо түрүүн хэлсэн редакторлаж байгаа ном болон “Дунддын хязгаарт дахь Монголчууд” гэсэн номуудыг уншиж, хянаж байна. Кембрижийн Их Сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн багш Урадын Булаг гэж судлаачийн бичсэн энэ номд Хятадын Коммунист нам энэ улсаа байгуулахдаа яаж монголчуудыг өөртөө татсан, ӨМӨЗО яаж байгуулагдсан тухай их сайхан өгүүлсэн байгаа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Ер нь би чимээгүй, тайван газар унших дуртай. Гэвч ажлын байрны хүрэлцээнээс болоод олон хүнтэй хамт суух шаардлагатай болдог зовлон болон сүүлийн хоёр жил оюутан байж номын санд жаахан суусан тул заавал чимээгүй газар гэх аргагүй юм билээ. Тиймээс олон юм гоншгонож, ая тух гэлгүй байгаа байгаа газраа л сууж унших гэж үзэж байна даа. Ер нь судлаачид гэдэг ажлын 8-н цагаа уншиж өнгөрөөдөг, унших гэдэг ажил нь болсон байдаг тул нөхцөл голохгүй байх нь их ажиглагддаг. Уншиж дадаагүй хүнд бол нэг ном унших гайхамшиг, гоё тухтай газар суух нь зайлшгүй байж мэдэх л юм. Зүгээр уншина гэвэл уншдаг л юм билээ шүү л гэж хэлэх гэсэн юм.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Онцгой арга барил байхгүй ээ. Би бас их хурдан уншдаг хүн биш. Бага ангидаа бол ангийн хурдан уншигч энэ тэр байсан. За бараг бүгд л тийм байсан биз. Гэхдээ уншаад байхаар хурд нэмэгддэг нь бол баттай. Яг мэргэжсэн сэдвээрээ уншвал, мэддэг байсан мэдээлэл гарч ирэх, заавал бүгдийг уншаад байх шаардлагагүй байх нь бий. Хэрэгтэй мэдээллээ тодруулах, номыг заавал хэвлэмэл биш электрон хувилбарыг нь илүүд үзэх энэ тэр гэсэн юм санаанд орж ирж байна. Энэ мэтийг л арга барил гэхгүй бол өөр ч тийм сүрхий онцгой, хүнд ярьчих юм алга даа.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

За наад талбарт чинь маруухан туршлагатай даа. Гэвч оюутан байх даа уншиж явсан “Өөрийгөө хөгжүүлье” гэсэн Эмос клубээс гаргасан номыг санал болгомоор байна санж. Тухайн үед ёстой миний ширээний ном байсан, сурах, ямар нэгэн зүйл бүтээхийн галыг өрдөж өгсөн ном байсан юм. Одоо ч уншаагүй хүн уншвал, хийх бүтээх хүслийг чинь галыг өрдөж чадна л гэмээр байна даа.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Ер нь бол нэлээд байсан. Монголын томоохон номын сангууд болон зочилж ажиллаж байсан Копенхагэний, Кембрижийн, Нью-Йоркийн, Лондон Коллеж Их Сургуулиудын болон Австрийн Шинжлэх Ухааны Академийн номын сангийн эрх, үнэмлэх байсан. Харин яг одоо бол миний сая төгссөн сургууль болох Мэлбөрний Их Сургуулийн номын сангийн эрх л байна даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Адал явдалтай гэж шууд хэлнэ. Би өөрөө ч тийм төрөл, хэв маягт дуртай. Миний мэргэжил ч бас тийм төрлийнх. Мөн сонирхолтой гэж баттай хэлж чадна. Энгийн, нэг хэвэнд баригдсан зүйл сонирхдог хүн тоож харахгүй ном байна байх даа.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль алийг нь уншина. Гэвч цахимдаа илүү болоод удаж байна даа. Манайд хэрэгтэй ном олдох нь бага, олдлоо ч ийш тийш дураараа авч явахад тээртэйгээс болоод цахим ном л шилдэг сонголт болоод байна. Мөн миний цахим номын сан дажгүй нэмэгдээд л байгаа. Энэ ташрамд манайхан энд тэндээс ном авдаг тогтолцоогоо сайжруулмаар байгаа юм. Байгаа жаахан төсөв мөнгөө ч үр дүнтэй зарцуулах хэрэгтэй байна. Таньдаг хүнийхээ, хэн ч уншихгүй номыг хэдэн арваар нь авдаг номын сангийн захирал байсаар байгаа цагт манай улсын номын сангууд номын сан нэрэндээ хүрч ажиллахад хэцүү л байна даа.

Унших дуртай зохиолч?

Зохиолч гэж бодвол уран зохиолын номын зохиогчийг асууж байгаа болов уу? Яг үнэндээ уран зохиолын ном уншилгүй удаж байна. Хэдэн жилийн өмнө Г.Аюурзанын “Шүгдэн”-г уншсан, аятайхан л санагдсан. Бас “Ажаа гэгээний намтар”-ыг уншсан чинь шөнө нь зүүдэлж хоноод, өглөө босоод бурхан шашинд итгэх үү ч гэж бодож байх шиг. За нөгөө алдартай “Ногоон нүдэн ламыг” эхлүүлсэн чинь нүд рүүгээ хуруугаа шаамаар санагдсан. Гэвч битгий унш гэж хэлэхгүй, сайнтай муутай сав дүүрдэг хорвоогоос хойш, яршиг. Багадаа уншсан уран зохиолын ном, зохиогчоос нэгийг нь сонго гэвэл өнөөх л олонд алдартай Д.Намдаг, Б.Явуухулан энэ тэр л гэх байх даа. За ингээд миний уран зохиолын боловсрол дуусаж байна. 

Уншихыг төлөвлөж буй ном?

МУИС-ийн Түүхийн тэнхим, Степпе хэвлэлийн газраас гаргасан “Монголын эзэнт гүрний түүх” 5-н боть номыг уншина даа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Ямар ч үед Чингис хааны дүр л сайхан даа. Монгол хүн бүрийн хувьд ийм байгаасай. Өнөөдөр л хэдэн явуургүй амьтас үзмэргүй музей зэргээр нэр хаах гэж үзэж байгаа болохоос биш энэ их хүмүүн цагтаа цалгисан, амандаа багтсан, хэн хүний баатар болсон хүн юм шүү.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Яагаад ном унших ёстойн учрыг ухсан хүнд би олон юм ярих хэрэггүй биз. Гол нь нэг юм уу нэг хэсэг номоор алив нэгэн зүйлийн тухай мэдлэгээ бүү хязгаарлаарай л гэмээр байна. Нэг ном тэр зүйлийн тухай нэг л санаа, өнцөг, санал болохоос бүхэл үнэн, зөв, эцсийн хариу биш байдаг шүү. Үнэхээр нэг зүйлийн тухай мэдмээр байвал олон номыг уншаарай л гэмээр байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.