Захирлын мэндчилгээ

Их хотын номын сан маань бууриа засч, ханаа шийрлэсний 40 жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Ойгоо угтаж 2019 онд номын сангийн үйлчилгээндээ RFID системийг нэвтрүүлж, номын сангийн салбартаа анхны “Branding book” гаргаж, номын сан хөмрөгөө баяжуулсан, номын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор үндсэн сан хөмрөгөө бүрэн камержуулсан, уншигч хүүхдүүддээ зориулан олон улсын жишиг орчин бүхий танхимуудыг шинээр нээж, тохижуулан ажилласан жил байлаа. Энэхүү ажлын үр дүнд “Монголын номын сангийн салбарын 2019 оны онцлох номын сан”-гаар шалгарлаа.

2020 ондоо бид номын сангийн үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлэх зорилт тавин бүх салбар номын сангууддаа RFID технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн төв болон салбар номын сангуудынхаа орчин нөхцлийг сайжруулах, засварлах, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сан хөмрөгөө илүү чанартай бүрдүүлэх бодлого барин ажиллаж байна.

Улс эх орон, нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэгч, татвар төлөгч, номын сангийн үйл ажиллагааг дэмжигч, нийслэлийн иргэд, уншигчид та бүхэндээ түүхт 40 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

ТАНЫ БҮТЭЭЛЧ УНШЛАГА НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛНӨ.

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН

НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ЗАХИРАЛ Д.ИНДРА