Ном бол эрдэм ухааны ундарга, эх далай гэж хэлж болно.

Ном бол эрдэм ухааны ундарга, эх далай гэж хэлж болно.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад  танилцуулаач?

Сайн байцгаана уу, Намайг Ганжаргал гэдэг. Би Дорноговь аймгийн Өргөн суманд төрж, Эрдэнэ суманд өсөж хүмүүжсэн. 1998 онд МУИС-ийн Түүхч, түүхийн багшийн мэргэжлээр элсэн суралцаж байгаад 3-р курсээсээ буюу 2000 онд Казахстаны улсын их сургуулийн Засгийн газар хоорондын гэрээгээр суралцахаар явсан. 2005 онд төгсөж ирээд СУИС-д багшаар ажиллаж эхлээд өдийг хүртэл 21 дэх жилдээ ажиллаж байна.

 Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаарх дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу? 

Намайг анх бичиг үсэгт тайлагдаж, уншихад суралцах үед картын барааны үетэй давхцсан санагддаг. Гэртээ картын бараагаар хүнс авах гээд явахдаа сумын дэлгүүрийн өөдөөс харсан барааны дэлгүүрт ном өрөөтэй байдаг байсныг санаж байна. Тэндээс манай эгч ном захиж авхуулдаг байсан. Одоо санахад  Майн Ридийн Морь унасан толгойгүй хүн, Хурлийз бүсгүй, Шажинбатын Элс цас, Маамын Газа шороо зэрэг зохиолын номнуудыг эгчдээ авчирч өгөөд далимд нь би өөрөө бас уншдаг байв.

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

МУИС-ийн Түүхч, түүхийн багшийн ангид суралцаж байгаад 3-р курсээсээ Казахстаны их сургуульд шилжин суралцаж Соёл судлал мэргэжлээр төгссөн. Мөн 2014 онд Хүмүүнлэгийн их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 2008 онд МУИС-ийг Философийн магистр зэрэг, 2024 СУИС-д Соёл судлалын ухааны докторын зэргээ хамгаалсан.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна вэ?

Айлын ууган хүүхэд болоод ч тэр үү ер нь бусдад зааж, зөвлөх дуртай байсан. Тэр нь явсаар өнөөгийн миний судлаач, багш ажил мэргэжилтэй холбогдсон байх.

Хүн бүр өөр өөр ном унших арга зүй, дадлыг эзэмшсэн байдаг. Таны хувьд

Миний хувьд номын дэлгүүрээр 7 хоногт 1 удаа заавал орж шинэ ном сонирхож гарчиглаж унших хэвшилтэй. Номын сангийн хувьд судалгаа шинжилгээний өгүүлэл, хичээл конспектоо бэлдэхийн тулд өдөр тутамдаа орж шаардлагатай ном эх сурвалжийг ашигладаг. Харин уран зохиолын чөлөөт цагийн номнуудыг бол автобусанд түгжрэх болон бусад амрах үедээ уншиж дуусгадаг.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Д.Маамын Газар шороо роман, Жэк Лондоны Мартин Иден, С.Пүрэвийн Усны гудамж, Гармаагийн Харуул Алтай, Дори идэр дүүдээ хандах нь зэрэг ном бүтээлүүд байдаг.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол.

Уран зохиолын ном байх байсан болов уу. Зохиолын олон дүр баатрын сонирхолтой ертөнцийг өөртөө багтаасан багш хүн болохоор хамгийн сонирхолтой уран зохиолын төрлийн ном байх байлаа. Ер нь хүн бүр амьд ном байдаг гэдэг дээ.

Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан вэ?

Ажил мэргэжлийн холбогдолтой ном сурвалжууд уншиж ашиглахаас гадна чөлөөт цагаараа 39 дэх номын баярын үеэр худалдаж авсан Хүүхдийн санхүүгийн боловсролд, Г.Ганболдын Зохиолч болсон “хүүхдүүд”, Достоевскийн Мөрийч, Сабахаттин Алигийн Арьсан хүрэмтэй Мадонно, Марсель Моссын Бэлэг солилцоо зэрэг номыг уншиж байна.

Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Миний хувьд агуулгыг үзэж харж, жаахан гарчиглаж үзэж байгаад унших номоо сонгодог.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Соёл бол хүний бүтээсэн гайхамшигт бүтээлч ертөнц байдгийн адилаар хүн төрөлхтний соёлын онцгой сонин чухал нээлт бүтээл бол ном байдаг гэж боддог. Соёл хүнийг бүтээхэд ном хэвлэл хэмээх соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг онцгой үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр хүн эхээс бодгаль хувь хүн болж мэндлээд соёл иргэншилт хүн болон төлөвшихөд ном хэмээх аугаа их ертөнц чухал үүрэгтэй, иймд хүн төрөлхтөн үеийн үед хүнийг бүтээх, хүмүүжүүлэх гол хэрэгсэлд ном зохиолыг ашигласаар ирсэн одоо ном зохиолоор хүүхэд залуучууд хүмүүжин төлөвшиж байна.

Таны хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Хөгжмийн хөнгөн зөөлөн аялгуунд ном, сонин хэвлэл уншаад тухлан суух нь миний амьдралыг улам сайхан сэтгэл хангалуун болгож байдаг.

Таны ширээний ном?

Нөхцөл байдал, тухайн үед ямар судалгаа хийж байгаагаас хамаарч ширээний номнууд янз бүр байдаг. Гэхдээ ажлаа хийх явцдаа заримдаа амсхийх хоорондоо уншдаг номнууд бол Монгол ардын ерөөл магтаал, аман зохиолын дээж бичиг, Монгол ардын үлгэр, домгийн номнууд байдаг даа.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Жэк Лондоны Мартин Иден, Даниель Дефогийн Робинзон Крузо, Гармаагийн Харуул Алтай, Л.Түдэвийн Оройгүй сүм зэргийг уншаад үзэхийг санал болгож байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ”Ном” гэж юу вэ? гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл 

Ном бол эрдэм ухааны ундарга, эх далай гэж хэлж болно. Ном бол хүнийг оюун санааны ертөнцийг, үнэт зүйлийг нь бүтээх соёлын чухал ололт юм.

                                                

Баярлалаа таньд. Ажилд нь өндөр их амжилтыг хүсье.

No votes yet.
Please wait...
Voting is currently disabled, data maintenance in progress.
 

О. Долгорсүрэн