Ч.Мөнх-Эрдэнэ: Номын санч бол олон шинжлэх ухааны уулзвар, зааг дээр оршин байдаг

Овог нэр: Чоглоогийн Мөнх-Эрдэнэ

Эрхэлж буй ажил, албан тушаал: Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал

Сошиал хуудсууд: https://www.facebook.com/munkherdene.ch

Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд Монголын номын сангуудын консорциумаас хийсэн, хийж байгаа, хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байна.

Консорциумын үйл ажиллагааны үндсэн чиглэл яах аргагүй ном, номын сан, зохиогчийн эрх тухай асуудал. Эдгээр асуудлаар манай удирдах зөвлөлийн гишүүд холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийн төсөлд тухай бүр нь санал өгч ажилладаг. Тухайлбал 2014 онд батлагдсан Номын сангийн тухай хууль, 2019 онд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, за мөн түүний хүрээнд 2021 онд УИХ-ын гишүүд оролцсон олон нийтийн хэлэлцүүлэг зэргийг дурдаж болно. 2015 онд хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай олон улсын Марракешийн гэрээнд нэгдэх ажилд манай байгууллагаас ихээхэн чармайлт гарган ажилласан. Ингэснээрээ манай улс  Марракешийн гэрээнд нэгдэж орсон дэлхийн 10 дахь улс орон болсон юм. Энэ тухай Олон улсын номын сангийн холбооноос гаргасан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд амжилттай ажиллаж байгаа улс орон, иргэний нийгмийн төлөөлөл болгон жишээ татаж тайландаа дурдсан байна лээ.

Харин одоогийн байдлаар Монгол Улсын Соёлын яамнаас боловсруулж буй Номын сангаас цахим үйлчилгээ үзүүлэх “Цахим уншлагын үйлчилгээний журам”-ын  ажлын хэсэгт ажиллаж байна. Бид номын сангуудын үйл ажиллагаа, үйлчилгээнд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой хууль журмыг баримтлах, зохиогчийн эрхийг хүндэтгэх, зөрчихгүй байх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломжийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхэнд манай үүд хаалга нээлттэй гэдгийг энэ ташрамд хэлье.

Ярилцлага маань хувь хүний номтой танилцсан түүх, нөлөөлсөн ном, унших арга барилын тухай голчлон явагддаг. Ингээд гол асуултдаа оръё. Таны хүсэж багадаа болохыг мөрөөдөж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

За яг үнэнийг хэлэхэд сонгож суралцсан мэргэжлийн хувьд мөрөөдөл байгаагүй. Би 1999-2000 оны хичээлийн жилд ЕБС-иа төгсөж, оюутан болсон. Биднийг дунд сургуульд сурч байх үед мэдээлэл хомс, мөн нийгмийн шилжилтийн хүнд үе өрнөж байсан. Миний үеийнхэн ихэнх нь дунд сургуулиас завсардсан, зарим нь мал маллаж ээж аавдаа туслахаар сургуулиасаа гарсан байдаг. 10 дугаар ангиа бид арван нэгүүлээ төгссөн юм. Мэргэжил сонголтын хувьд хүүхэд зангаараа гоё, сайхан мэргэжил гэж даган дуурайж цагдаа, онгоцны нисгэгч, банкны захирал, кино продюсер болох тухай бодлууд тодорхой хугацаанд төрдөг байсан. Харин 10-р анги төгсөөд конкурс (ЭЕШ)-ээ математик, газарзүй, уран зохиол гэсэн гурван  хичээлээр шалгалт өгсөн. Уран зохиолын хичээлээр аймагтаа хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байрт жагсав. Хамгийн түрүүнд орж хуваарь сонгосон бөгөөд сонголтын эхэнд “Номын санч-мэдээлэл зүй” гэдэг анги байсныг шууд сонгосон. Тухайн үед XXI зуун мэдээллийн эрин зуун байна гээд л шуугидаг үе байсан. Аав маань ч энэ мэргэжил зүгээр байх гэж зөвлөсөн юм. Ингээд номын санч, мэдээллийн ажилтан гэдэг мэргэжлийг эзэмшиж, одоог хүртэл ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосондоо баяртай байдаг.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Би сургуульд орохдоо кирилл үсгээр уншаад сурчихсан байсан. Гэтэл Нэгдүгээр ангид ороход орон даяар хуучин монгол бичиг зааж эхэлсэн юм. Тэгээд цааш суралцаж байтал тавдугаар ангиас крилл үсэг зааж эхэлсэн. Манай ангийнхан кириллээр уншиж чаддаг ч бичихдээ их алддаг байсан нь мартагддаггүй юм. Нэг талаараа бид боловсролын терроризмд өртсөн гэх үү дээ.

Анх бие дааж уншсан номууд гэвэл Эрдэнийн сан субашид, Бөхтөртэй морьхон, Шидэт хүүрийн үлгэрийг хэсэгчлэн уншдаг байсан. Мөн Орос ардын үлгэрийн номууд маш гоё зурагтай байсан нь их сонирхол татдаг байсан. Дараа нь бие дааж бүрэн уншсан номууд гэвэл Александр Дюмагийн “Монте Кристо гүн”, Ш.Цэнд-Аюушийн “Хүлээх өрөөний эзэгтэй” номуудыг уншсан нь тод санагдаж байна.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн ном гэхээс илүү номтой холбоотой дурсамж их бодогдож байна. Миний аав залуудаа маш их ном уншдаг, одоо хүртэл унших дадлаа орхиогүй, ямар нэг зүйл заавал уншиж л харагддаг юм. Миний багад манайх гэртээ том номын сантай, доторх номыг нь эгч, дүү нартайгаа олон хуудастайгаас нь цөөн рүү эрэмбэлж байршуулдаг байж билээ. Манай гэрийн номын санд байсан хамгийн зузаан номын нэг нь Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” ном байсан. Одоо бодоход тэр үеэс л номын ангилал хийж байсан байх нь.

Мөн манайхаас хүмүүс ном зээлж уншдаг, ихэнхдээ тэр номууд буцаж ирдэггүй байсан. Тэр үед хүмүүс маш их ном уншдаг, хоорондоо дамжуулдаг байсан үе. Манай номууд тийнхүү дамжаад алга болдог байсан байж дээ гэж одоо боддог юм. Ер нь бол муу ном гэж байхгүй, тааруу уншигч л байдаг байх.

Надад тухайн үедээ, одоо ч тэр барьж аваад хэсэг уншчихдаг ном бол Карнегийн цувралууд байдаг. Хувь хүний хөгжлийн номууд ховор байх үед их өвөрмөц санагдаж уншдаг байсан.

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Одоогоор бие дааж бичсэн ном бүтээл гаргаж амжаагүй л байна. Хамтын бүтээл бол ганц нэг төдий зүйл бий.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Яг одоо гэвэл Жон Доэрр “Хамгийн чухлыг хэмж” (2020), Эдвард Луттвакийн “Хятадын стратеги 4.0” (2019), С.Баатар “Сэтгэлгээний бүтээмж” (2010) номуудыг хол хорионы үед уншиж байна даа. Мөн уншихаас гадна сонсдог ном буюу podcast-уудын их сонсож байна www.soundCloud.com ; https://www.mplus.mn/

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Номын санд унших нь хамгийн тухтай таатай, мөн амрахын өмнө орондоо ном унших дуртай. Бусад үед уншилт тасалдаад дахин дахин унших хэрэг гардаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Миний мэргэжлийн онцлог давуу тал бол шинэ, шилдэг номтой тогтмол түрүүлж танилцдаг. Номын санч бол олон шинжлэх ухааны уулзвар зааг дээр оршин байдаг учир олон талын мэдлэгтэй, мэдээлэлтэй байхыг шаарддаг. Ер нь бол хүн хүний ном унших арга барил өөр өөр байдаг байх. Миний хувьд эхлээд номын бүтэц агуулга, гарчигтай танилцаад, унших эсэхээ шийддэг. Уншихаар сонгосон номоо байнга ойрхон авч явдаг. Өнөө үед хүн бүр цаг гарган номын санд унших боломж нь бага харагддаг. Тиймээс зайлшгүй чухал унших шаардлагатай эсвэл дуртай номоо цүнхэндээ нэг хувь байнга авч явах нь аливаа сул цагийг уншлагад зориулах боломжийг өгдөг. Бид түгжрэл, дугаарлалт, хүн хүлээх зэрэгт багагүй цаг зарцуулдаг шүү дээ.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Юуны түрүүнд ямар нэгэн ном нэрлэхээс өмнө ЗААВАЛ УНШИХ-ыг зөвлөе. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг юутай үнэн. Сүүлийн үед хүүхдүүдийг мөрөөдөж төсөөлөөрэй гэхээр төсөөлж чадахгүй байна гэдэг. Учир нь хүн төсөөлөхдөө уншиж харсан зүйлээ зураглан боддог шүү дээ. Харин үүний дараа юу унших вэ? гэсэн асуулт үүснэ. Та өөрийнхөө ажил мэргэжлийн шинэ, шилдэг номуудыг унших нь нэг сумаар хоёр туулай онох арга юм. Мөн уншихаас гадна сонсдог ном буюу podcast-ууд нь маш давуу талтай. Чих сул байгаа бүх цагийг ашиглаж болох юм. www.soundCloud.com, https://www.mplus.mnhttps://mongolmedleg.org/ https://www.esan.mn

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Гадаадын хоёр улсын үндэсний номын сангийн үнэмлэх бий. Мөн Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сангийн үнэмлэхтэй.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Хэлж мэдэхгүй юм. Тууж юм уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном унших нь асар олон эерэг үр нөлөө, давуу талуудтай, бараг л тоочиж баршгүй. Төвлөрөх чадвар, төсөөлөх чадвар, бүтээлчээр сэтгэх чадвар, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг хөгжүүлнэ. Санаа сэдэл нөлөөлөл үзүүлж ертөнцийг үзэх үзэл, хандлагад эерэг өөрчлөлт гаргана. Бүр наанадаж чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, ой санамжийг сэргээх, үгсийн санг баяжуулах зэргээр тоочвол хөврөөд явчихна. Харин миний бодлоор ном гэдэг маань мэдлэг, мэдлэгийг бид амьдралынхаа сонголт хийхэд хэрэглээнд оруулдаг. Зөв сонголтын жин ихэссэнээр хүний сэтгэл амар тайван байж, сэтгэл ханамжтай амьдралын чанарт нөлөөлдөг гэж боддог.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль алинаар нь унших шаардлага гарна. Гэхдээ цаасаар унших дуртай. Ажлын хүрээнд судалж, уншиж байгаа тохиолдолд цахим ном, эх сурвалж бүтээмжийг нэмэгдүүлдэг. Нийгмийн өөрчлөлт, хөгжлийн явцад цахимаар  ажиллах, унших судлах хэрэгцээ шаардлага зайлшгүй юм.

Уншихыг төлөвлөж буй ном?

Сурч байгаа сургалттай холбоотойгоор Удирдлагын академиас эрхлэн гаргасан судалгааны тайлангуудыг уншихаар төлөвлөж байна. Хэрэв надтай ижил мөн судалгааны тайлан үзэх шаардлагатай уншигч байвал http://catalog.naog.gov.mn хаягаар үзэх боломжтой.  

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хүлээх өрөөний эзэгтэйн Дүрээрээ гэдэг дүр.