С.Уянга: Улаанбаатар хот Дэлхийн номын нийслэлээр шалгарах боломжтой

Овог нэр: Сүхбаатарын Уянга

Эрхэлж буй ажил, албан тушаал: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга

Сошиал хуудсууд: https://www.facebook.com/Unesco.Natcom.Mongolia

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийн тухай та манай уншигчдад мэдээлэл өгөөч.

Сайн байцгаана уу? Зочны буландаа урьж оролцуулж байгаад талархал илэрхийлье. ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1995 онд баталсан билээ. Яагаад заавал 4 дүгээр сарын 23-ны өдрийг сонгосон бэ гэхээр Уиллам Шэйкспийр, Мигель дэ Сэрвантэс, Инка Гарсиласо дэ ла Вэга зэрэг агуу зохиолчид 4 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тул тэднийг хүндэтгэх зорилгоор энэхүү өдрийг сонгосон байдаг. Энэ өдрийн гол зорилго нь ном, зохиолчдод хүндэтгэл үзүүлэх, номын хүртээмжийг хөхүүлэн дэмжих, олон нийтэд номтой нөхөрлөхийг уриалдагт оршдог. ЮНЕСКО-оос жил бүрийн энэ өдөр Дэлхийн номын нийслэлийг шалгаруулан зарладаг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн  номын нийслэлээр Гүрж улсын нийслэл Тбилиси хот шалгарсан. Манай Улаанбаатар хот ч мөн адил Дэлхийн номын нийслэлээр шалгарах боломжтой хэмээн харж байна.  

НҮБ-аас ном болон зохиогчийн эрхтэй холбоотой хийсэн, хийхээр төлөвлөж буй ямар ажлууд байна вэ?

Зохиогчийн эрх болон үүнтэй ижил төстэй эрхийг хамгаалах нь хувь хүний бүтээлч чадварыг дээшлүүлэх, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын олон янз байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. ЮНЕСКО-ийн ивээл дор 1952 онд Зохиогчийн эрхийн түгээмэл конвенц (the Universal Copyright Convention was adopted under UNESCO’s aegis in 1952) батлагдсан. Иймдээ ч ЮНЕСКО нь бүтээлч болон соёлын бүхий л салбар дахь зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж ирсэн. Үүний хүрээнд зохиогчийн эрхийн чиглэлээр сургалт, судалгаа хийхээс гадна олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавх бэхжүүлэх төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Ялангуяа ЮНЕСКО нь зохиогчийн эрх зөрчихтэй тэмцэх шинэ санаачилгыг боловсруулахад түлхүү оролцон ажилладаг. Дижитал эринд шилжсэн энэ үед ч бид зохиогчийн эрхийн зөрчилтэй тулгарсаар байгаа. Иймээс ЮНЕСКО зохиогчдын ашиг сонирхол болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл авах ашиг сонирхлын хоорондын тэнцвэрт байдлыг хангахад онцгой анхаарал хандуулан ажилладаг. Түүнчлэн, ЮНЕСКО-оос зохиогчийн эрхийн тухай гарын авлагуудыг боловсруулж олон нийтэд нээлттэй байршуулдаг тул та бүхэн үзэж сонирхох боломжтой. 

Дэлхийн номын өдөр тохиож буй тул ярилцлагаа албаны асуултаар эхлүүлчихлээ. Ярилцлага маань хувь хүний номтой танилцсан түүх, нөлөөлсөн ном, унших арга барилын тухай голчлон явагддаг. Ингээд гол асуултдаа оръё. Таны хүсэж багадаа болохыг мөрөөдөж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо хэр нийцэж байна вэ?

Хүүхэд бүрд хүсэл мөрөөдөл бий. Ялангуяа бахархаж, хүндэлж, биширч, үлгэр дууриалал авч байдаг тийм л хүмүүсийн эзэмшсэн мэргэжлийн талаар төсөөлж, мөрөөддөг. Энэ бол хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээний охь байдаг. Харин анги ахих тусам ажил, амьдралын гараа ойртоод ирэхээр сургуулиа төгсөөд ямар сургуульд орж, ямар мэргэжил эзэмших үү гэдгээ бодож төлөвлөн энэ үедээ л мэргэжлээ сонгох үйл явц эхэлнэ. Мэргэжлээ сонгоход маш болгоомжтой хандах нь чухал. Хүн бүрд өөр өөр өгөгдөл байдаг учраас тухайн өгөгдлөө мэдэрч, түүнийгээ хөгжүүлэх, авьяас сонирхлоо тунгаан бодох, ирээдүйгээ төсөөлж мэргэжлээ зөв сонгон суралцах нь зүйтэй. Миний хувьд сургуулиа төгсөөд сонгосон мэргэжлээрээ одоог хүртэл ажиллаж байгаа болохоор өөрийн хүссэн, хийх дуртай зүйлсээ хийгээд явж байгаа.   

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Анх бие дааж уншсан ном гэвэл цагаан толгой үзэж дуусаад янз бүрийн сонин, сэтгүүл болон гарт тааралдсан бүхнийг л уншихыг хүсэж байсан байх. Тухайн үед хүүхдэд зориулсан номнууд ховор байсан болов уу. Одоо үед маш олон тооны ном зохиол, тэр дундаа хэлбэр нь ч хүртэл өөрчлөгдөн гарч ирсэн байна шүү дээ. Тухайлбал, комикс цувралуудыг хүүхэд бүр шимтэн уншдаг. Охиндоо л гэхэд Харри Потерийн бүх цувралыг Оросоос авч ирж өгч байснаа санаж байна. Киног нь үзээд, бас номыг нь уншихаар өөр байна гэсэн.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Бага байхад айл бүрд “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гээд улаан хавтастай том зузаан ном байдаг байсан, түүнээс маш олон төрлийн мэдээлэл авдаг байсан. Бид олуулаа өссөн болохоор уг номыг эргүүлж тойруулж үзсээр байгаад улам зузаан болсон санагддаг. Бас сургуульд байхад уншсан зохиолоор театрчилсан тоглолтууд хийгээд урлагийн үзлэгт ангиараа бэлтгээд гоё байдаг байсан. Би чинь Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”, бас Ш.Гаадамбын “Элбэг дээл” зохиолын сайн малчин эмэгтэйн залхуу нөхрийн дүрд хүртэл тоглож байсан юм даг. Биднийг эх оронч сэтгэлгээтэй, сайныг дагадаг, мууг жигшдэг хүн болж төлөвшин хөгжихөд эдгээр зохиол, бүтээлүүд маш их нэмэр оруулсан гэж бодож байна.     

Та ямар ном бүтээсэн бэ? Бүтээхэд оролцсон бэ?

Ажил, мэргэжлийн шаардлагаар олон бүтээлийг бий болгоход оролцож байсан. Анх орчуулах, буулгах ажлыг хийдэг байсан бол одоо редакторлах, зөвлөх, бас дэмжлэг үзүүлэх гээд л явж байна. Аливаа бүтээл бол дан ганц хүний гэхээс илүүтэй олон хүн, бас байгууллагын хамтын үйл ажиллагааны үр дүн байдаг. Зарим хүмүүсийн бүхий л насаараа хийсэн эрдмийн ажил ч үүнд орно. Энэ 3-р сард гэхэд эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр “Зууны зуун эмэгтэй”  хэмээх хоёр сайхан боть ном хэвлэлтээс гарсан. Энэ бүтээлийг “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын Энхжаргал, Жаргалмаа зэрэг гайхамшигт  эмэгтэйчүүдтэй санаа нэгдэж, өнөөгийн залуу охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохуйц манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой хувь нэмэр оруулсан зуун эмэгтэйн хөрөг нийтлэлийг оруулсан хоёр цуврал ботийг бүтээхэд оролцсон. Эдгээр бүтээлийг бий болгох үйл явц хоёр жил гаруйн хугацаатай ажил болсон. Мөн эрдэмтэн зохиолч Э.Оюуны бүтээлийн цоморлог болох таван боть зохиолын хоёр дахь ботийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭША Ж.Ууганбаатар эмхтгэж Г.Билгүүдэй докторын редакторласныг саяхан 3-р сард нээлтийг нь хийсэн. Энэ номыг хэвлүүлэхэд бидний зүгээс дэмжлэг үзүүлж ажилласан. За тэгээд, ЮНЕСКО-ийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа мэдээллийн салбарын гарын авлага, ном, товхимол гээд жил бүр олон арван ном, товхимлыг монгол хэл рүү орчуулж хөрвүүлэн гаргах ажилд гар бие оролцож байна даа. Эдгээр ном, товхимлыг цахим хэлбэрээр нээлттэй тавьдаг учраас хүн бүр хаанаас ч ороод үзэх, бас ашиглах бүрэн боломжтой шүү.      

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Ажлын хэрэгцээ шаардлагаас хамаараад маш олон янзын ном, хэвлэл, баримт судалгааг харах, унших шаардлагатай болдог. Ялангуяа, цахим хэлбэрээр хайлт их хийдэг. Франц хэлээ сайжруулахын тулд нэг жижиг хөөрхөн ном барьж авсан эргүүлж тойруулаад дуусаагүй л байна. Бас Оюун багшийн бүтээлийн цоморлог, Тусгаар тогтнол хөгжлийн 100 жил, Одоо үеийн хятадын яруу найраг 111 бадаг, Ламжавын Ванган гээд саяхан надад ирсэн номнууд ширээн дээр минь өрөөстэй байна.   

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хаана ч уншиж болно. Хамгийн тухтай орчин бол чимээгүй орчин л чухал байх. Гэхдээ тухайн номондоо шимтэн орсон тохиолдолд чимээ ч бас асуудал биш болчихдог. Гадаадад метронд, нийтийн унаанд маш олон хүмүүс ном уншаад, kindle уншаад явж л байдаг. Оюутан байхад автобус, метронд ном их л уншдаг байсан. Нисэх буудал дээр дамжин өнгөрөхөд ном уншвал цаг бас хурдан өнгөрдөг. Хоолхийх зуураа босон суун ном уншихад бас боломжтой. Тэгэхээр хязгааргүй юм шиг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Нэг номыг дуусгаад нөгөө номыг эхэлдэггүй. Нэгэн зэрэг хэд хэдэн номыг уншдаг. Шимтэн дурласан номоо маш хурдан дуусгачихдаг. Зарим номыг эхлэнгүүт сонирхолгүй болонгуут орхиод хэсэг хугацааны дараа дахин эргүүлж харахад бас сонирхолтой байдаг шүү. Номыг бүхэлд нь унших бас шаардлагагүй, агуулгыг нь хараад хэсэгчилж, хэрэгтэй зүйлсээ бас хараад явчихдаг. Хамгийн гол нь тухайн зохиогчийн бүтээлийг эх хэл дээр нь уншихыг эрмэлзэх хэрэгтэй.     

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Өнөөгийн залуучууд өөрийн улс орны түүх, соёлын талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Учир нь өөрийн түүхийг мэдэхгүйгээр бусдын түүхийг таньж мэдэх боломжгүй. Ялангуяа, гадаад улс оронд гарангуут залуучууд маань өөрийн улсыг төлөөлж би хэн бэ, хаанаас ирсэн бэ гэдгийг бусдад таниулахын тулд түүх, соёлын мэдлэг нь зайлшгүй хэрэг болно. Иймд залуу хүн бүр “Монголын нууц товчоо”-г судалж мэдэх шаардлагатай. Саяхан их сургуулийн найз Б.Энхбайгаль маань “Монголын нууц товчоон”-ы сэргээн хөрвүүлж, бүрэн тайлж уншсан эхийг гаргасан байсан. Тухайн үеийн нутгийн олон аялгууг өнөө цагийн хэлний аялгатай харьцуулан судалж, их сонирхолтой өнцгөөс харсан байсан. Бас ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол ардын аман билгийн нэн эртний төрөл болох Монгол туульсийг гүн гүнзгий уншиж судлаасай гэж хүсдэг. Баатарлаг туульс болох Гэсэр, Жангар, Эрийн сайн хан харангуй, Бум-Эрдэнэ гэх мэт аман зохиолын суу билгийн дээжис бий. Тэдгээрийг дурлаж, шүтэн биширч, судлах хэрэгтэй. Баатарлаг туульсаар “өвчилсөн залуус” бий. Үнэхээр бахархууштай санагддаг шүү.   

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Турк, Англи улсад суралцсан болохоор эдгээр улсуудын нийтийн номын сан болон сургуулийн номын сангийн үнэмлэхүүд байсан. Монголдоо гэвэл арван жилд суралцаж байхдаа 5 сургууль дамжин суралцсан учраас тухайн газар бүрийн номын сангийн үнэмлэхүүд, нийслэл хотод төв сангийн үнэмлэх байсан.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Би түүхийн тухай ном байх байсан болов уу. Хүн бүр өөрийн гэсэн түүхийг энэ дэлхийд эхийн хэвлийгээс унасан цагаасаа эхлэн хадан гэртээ очих хүртэл бүтээдэг. Тэр зам нь бартаа саадтай ч, баяр баясгалантай, бас сонирхолтой, адал явдалтай, баялаг байдаг.   

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Номтой нөхөрлөснөөр буруудсан хүн гэж би лав мэдэхгүй. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шүү дээ. Номноос бид маш олон зүйлийг олж мэддэг. Ном бидэнд гэрэлт амьдрал бэлэглэдэг. Ном бидэнд ухаарлыг бэлэглэдэг. Номын хүч бол агуу гэж ойлгодог. Ном дор эрдэм буй гээд ном дор мөргөдөг уламжлалтай ард түмэн биз дээ.

Цаасаар уншиж байна уу? Цахимаар уншиж байна уу?

Аль, алинаар нь уншина. Цаасаар унших гоё байдаг.

Унших дуртай зохиолч

Олон зохиолч бий. Нацагдорж, Дамдинсүрэн, Буяннэмэх, Лодойдамба, Намдаг гээд манай алтан үеийнхэн. А.Пушкин, Достоевский, Лермонтов, А.Чехов, Толстой гээд Оросын зохиолчид. Миний хамгийн дурлаж уншиж байсан Жэйн Эйр романы Шарлот Бронте. Орхан Памук гээд Туркийн зохиолчид бас бий.

Уншихыг төлөвлөж буй ном?

Тухайн нөхцөл байдлаасаа хамаардаг. Сүүлийн үед уран зохиолын хэд хэдэн ном худалдаж авсан ч уншиж амжаагүй л байна. Найз нөхөд, ажлын хамтрагч нарын маань бэлэглэсэн ном зохиолууд ч бас байна. Тэдгээрийгээ нэг завандаа уншина гэж бодож байна.  

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Ер нь бага байхад уншиж буй номныхоо баатруудын талаар төсөөлж ургуулан бодож зохиолыг өөрчлөх талаар ч найз нартайгаа харилцан ярилцан нухацтай хэлэлцэж байсан дэрвүүн үеэ дурсан санахад тааламжтай байдаг. Харин одоо ерөнхийлөн дүгнэхээс цаашгүй л байна. Нийгмийг доргиож, трэнд болж байгаа ном зохиолыг бас олоод уншихыг л хичээдэг. Хайртай баатар минь гэвэл Жэйн Эйр гэж хэлмээр байна. Англид сурч байхдаа Дипломат сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлэхэд минь ярилцлага авч байсан англи хүн “үнэхээр агуу” гээд дуу алдаж боссон. Дэлхийн уншигчдад танигдсан гайхалтай зохиол учраас хүн бүхэн мэдэх байхаа.