Бат-Эрдэнэ ГАНЧИМЭГ: Тодорхой цагийг өөртөө заавал гаргаад, янз бүрийн ном уншаасай л гэж хэлье

Бат-Эрдэнэ ГАНЧИМЭГ: Тодорхой цагийг өөртөө заавал гаргаад, янз бүрийн ном уншаасай л гэж хэлье

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас “Номын сангийн зочны ярилцлага” буландаа шинэ ярилцлагуудыг бэлтгэн оруулж байна.

Овог нэр: Бат-Эрдэнэ ГАНЧИМЭГ

Эрхэлж буй, албан тушаал:

Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал,  хүүхдийн зохиолч

Сошиал хуудсууд:  Harmogu / Монголын хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв

– Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

– Ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Би хүүхдийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Ганчимэг байна. Бага байхаасаа шүлэг, уран зохиол сонирхож, гэр бүл маань тууштай дэмжсэнээр 10 настай анхны шүлгийн түүврээ хэвлүүлснээс хойш 20 гаруй жил хүүхдийн зохиолын ертөнцөд хөвж, явж ирлээ. Хэмжээндээ таарсан 10-аад ном хэвлүүлсэн. Үүнээс 2 бүтээл нь хүүхдийн шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг хүртсэн. Мөн өөрийн сонирхлын дагуу гитар, үкүлэлэ, аманхуур хөгжмийн хичээлийг бэлтгэн цахимаар хүргэж, хүүхдэд зориулсан хөгжмийн сургалтууд зохион байгуулдаг.

– Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

– Хүүхэд байхдаа томоор мөн зоригтойгоор мөрөөдөх хэмжээний чөлөөтэй хүүхэд байгаагүй юм. Их ичимхий, онц сурч, томоотой байж, сайн хүүхэд байх ёстой гэж л боддог байсан. Тэгээд их сургуульд элсэн суралцаж цахилгаан электроникийн инженер, япон хэлний орчуулагч мэргэжлүүдийг эзэмшлээ. Гэвч аажимдаа өөрийнхөө юм юм сонирхдог, нэг хэвийн байдалд удаан амьдрах дургүйгээ ойлгож мэдсэн. Тиймээс одоо чөлөөт уран бүтээлч нэрийн дор хүүхдийн зохиолч, хөгжмийн багш, Youtuber  хүсвэл заримдаа оёдолчин, зурагчин, видео эвлүүлэгч, хөгжмийн найруулга хийчихээд л амьдарч байна даа.

– Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

– Намайг бага байхад уран зохиолын хичээл маш сайн ордог байсан. Иймээс хүүхэд бүр шүлэг бичдэг, уншдаг, уран зохиолд дуртай байлаа. Мэдээж номонд шууд дурлаж, шимтчихдэггүй учраас анх зүгээр “би унших ёстой” л гэж бодож гэртээ байгаа номуудаа уншдаг байсан. Жаахан томроод үнэхээр номын амтыг мэдэрсний дараа бол маш сайн ном уншдаг болсон.

– Хамгийн анх бие дааж ямар ном уншсан бэ?

– Би 5 настай уншиж сурсан юм. Тэгээд ном уншихаас ч өмнө олон янзын хүүхдийн сонин, “Мөөжөө Жөөжөө” цуврал сэтгүүл гэх мэтийг уншдаг болчихсон байлаа. “Арсландай мэргэн хаан”, “Шидэт үлгэрийн орнууд”, “Монгол ардын үлгэрүүд” гээд цуврал номуудыг эхлээд уншиж байсан санагдаж байна. Гэхдээ аав, ээж бэлэглэж, санал болголгүйгээр яг өөрөө барьж аваад уншсан анхны ном нь “13 жил шоронд” гэдэг ном байсан. Аавын номын сангаас тэр номыг хайж, ахиж нэг хармаар л санагдах юм.

– Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

– Одоо санахад 10, 11 орчим насандаа Жамбын Пүрэв гуайн “Хөгжмийн эгшиг” гэдэг номыг уншаад анх удаа ном гэдэг ямар хачин, сонин юм бэ? Яагаад би ийм гуниг, хөндүүр мэдрэв ээ? Ямар учиртай юм болчихов оо гэж гайхаж, өөртөө төрж байгаа мэдрэмжийг номоос нөлөөлсөн гэхэд итгэж өгөхгүй, уншиж дуусгаад их удаан бодож суусан. Тэгээд л ер нь номын амтанд дурлах болсон. Түүнээс нэлээн хойно “Гейшагийн дурсамж” номыг уншаад улам гүн шунаж, дурласан. Тэр номын мэдрэмжийг гүйцэх ном одоо хүртэл уншаагүй л байна. Миний хамгийн дуртай ном л доо.

– Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

– Ээж минь намайг 3 настай байхад Монголын Хүүхдийн Ордон хэмээх сайхан өргөөнд дагуулж очсон. Тэнд би олон дугуйлан дамжиж, сүүлд ёочин хөгжмийн дугуйланд ороод 10 дугаар анги төгстлөө суралцсан юм. Хажуугаар нь хүүхдийн сонингуудад жижиг ярилцлага, шүлэг өгөөд ном дэвтрийн мөнгөө олчихно. Энэ бүхэн нь намайг хичээлийн хажуугаар өөрийн гэсэн сонирхол, ин/хобби/-тэй байхын сайхныг мэдэрч, аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалж, өөрийгөө дайчлах, ялж, ялагдаж сурах, бие дааж ажиллах, шинийг эрэлхийлэх гээд олон сайхан чанарт сургасан гэж боддог.

Өөрөөр хэлбэл хүүхдийг өөрийн гэсэн дуртай зүйлтэй, хичээлгүй үедээ гиюүрээд суудаггүй цаг хором бүрийг бүтээлч өнгөрүүлж чадах тэр боломжийг нь бүрдүүлээд өгчихвөл бүх чадвар нь дагаад хөгждөг гэж боддог.

– Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

– Багадаа аав, ээжийн гоё гэж санал болгосон номуудыг уншдаг байсан. Жаахан томроод номын нэр нь сонирхол татахуйц байвал, мөн хуудсыг нь эргүүлж байгаад дундаас нь уншихад сонирхолтой байвал уншчихдаг боллоо. Харин одоо зохиолч хүнийхээ хувьд аль ч номыг барьж аваад, ямар ч байсан дуустал нь уншдаг. Судалгаа маягийн ажил давхар явж байгаа хэрэг. Ихэнхдээ зээлж, номын сангаас түр авч уншдаг бөгөөд тухайн ном таалагдвал гэрийн номын сандаа зориуд худалдан авч нэмдэг. Сонгодог зохиолуудыг бол заавал уншъя гэж боддог. Бас шинэ ном гарвал эргэлзээгүй яаран очиж, худалдан авч уншдаг хэдэн зохиолчид бий.

Ер нь бусдын сэтгэгдэл, сурталчилгаанаас болж номоо сонгодоггүй. Учир нь мөнгөө хадгалж чаддаггүй хүн “Хадгаламж өлсөхөөс эхэлдэг” гэдэг номын сайхныг надад магтаад, түүнийг нь би авч уншлаа гэхэд багаасаа мөнгөө дэндүү сайн хадгалдаг /инээв/ надад тэр нь маш инээдэмтэй ном санагдана шүү дээ. Тэгэхээр ямар нэг шалгуур тавьчихаад, түүний дагуу номоо сонгож унших нь заримдаа дэндүү сайхан номыг мэдэлгүй, дэргэдүүр нь өнгөрчих дутагдалтай юм.  

– Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

– Би хувь хүний хөгжлийн номонд нэг их дурладаггүй. Гэтэл аливаа юмны тохироо бүрдэхээр унших ёстой номоо уншчихдаг юм билээ. “Одоо цагийн хүч” гэдэг ном надад их өөрчлөлт авчирсан. 30 дөхөж явахдаа уншсан л даа, хожуу… Ном маань орчуулга нь их муу ч юм шиг, эсвэл би ерөөсөө тэр агуулгыг нь ойлгож барьж авч чадахгүй ч байгаа юм шиг, гэхдээ больж чадахгүй, татагдаад байсан. Маш удаанаар, хуудас хуудсаар нь тогтож уншаад дуусахдаа “Одоодоо орших” гэдэг ухагдахууныг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх болсон. Тэгээд үүнтэй холбоотой ном судар сонирхож, тайван тогтуун, амгалан амьдрахын сайн сайхныг ойлгох эрэл хайгуулд гарсан. Энэ ном надад маш чухал зүйлийн эхлэлийг тавьж өгсөн болохоор санамсаргүй номын тавиураас авч уншсандаа одоо ч их баярладаг.

– Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

– Хүн хорвоогийн бүх зовлон жаргалыг биеэр туулж, мэдэрч амжихгүй шүү дээ. Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэж яруу найрагч Р.Чойномын шүлэг байдаг даа. Түүн шиг хааяа хэт их жаргал дундаа зовмоор санагдах үе ч байна /инээв/. Тэгээд ном унших үед зөвхөн энэ орчлон хорвоогийн өөр, өөр орон зай, цаг хугацаанд аялж, төрөл төрлийн хүний амьдралаар амьдраад зогсохгүй, төсөөллийн хүчээр мэдэрч чадахгүй зүйлгүй болдог. Хамгийн чухал нь нэг ижил номыг уншсан хүн бүр тэр номоо өөр, өөрийнхөөрөө мэдэрдэг. Яагаад гэвэл номоос хамгийн түрүүнд өөрийгөө олж харж, өөрийгөө таньдаг гэж би боддог юм. Энэ үнэ цэн нь биднийг номонд улам бүр татаж, дурлуулж байдаг болов уу.

– Таны унших дуртай ширээний ном?

– Нэг дутагдлаа хэлэхэд одоо хүртэл би нэг номыг нэгээс илүү удаа уншиж үзсэнгүй. Дэндүү олон сайхан ном байдаг болохоор тэр байх. Гэхдээ тодорхой хугацааны дараа дахин уншиж, сөхөж хардаг ширээний номтой болох байх. Ширээн дээр маань бол яг одоо уншиж байгаа ном л ихэнхдээ байдаг даа.

– Ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном.

– Ер нь л мэдрэмж төрүүлэх, өмнөөс нь гуниглаж баярлаж, шатаж, дүрэлзэж болмоор номуудад илүү дурладаг. Жишээ нь “Норвегийн ой”, “Сүнсний томъёолол” шиг ч юм уу… Яг одоо Б.Ойдов гуайн “Ганлингийн дуу”, Дэвид Воллиамсын “Даашинзтай хөл бөмбөгчид” номуудыг уншиж байна.

– Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

– Би багын их гэр амьтай хүүхэд байсан. Одоо ч тэр. Гэртээ ямар ч юмыг хийхэд хамгийн тав тухтай байдаг. Гэхдээ номыг бол ёстой хаана ч уншина. Номон дотроо орчихсон байхад хаана байгаа нь чухал биш болчихдог. Манайхан шиг цаг муу барьдаг, бөглөрдөг, гэнэт ажил гардаг нийгэмд дэмий цаг үрэхгүйн тулд үнэндээ ямар ч нөхцөлд ном л уншиж тав тухыг мэдэрдэг шүү.

– Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)

– Зайлшгүй тохиолдолд Киндлээ ашиглан цахимаар ном уншдаг. Цаасан номонд дэндүү хайртай. Хуудас эргүүлэх, цаасны үнэрний мэдрэмжүүд нь номыг илүү амттай болгодог. Бас номоо дуусгамааргүй байхад хуудас нь багасаад байвал, хажуудаа хэсэг тавьж харж суугаад, уншсан хэсгээ дахин бодож суух нь ч бас ном уншихын нэг жаргал юм даа.   

– Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

– Хүн маш олон ном уншлаа гэхэд эргээд бүгдийг санахгүй байх. Миний хувьд нэг номноос ганцхан мэдрэмж, ганцхан ухаарал олоод авчихсан байхад л тэр ном надад чухал санагддаг. Тэгэхээр ямар ч номоос өөрт хэрэгтэй урам зориг, ухаарлыг авч болох билээ. Нэр дурдвал Пауло Коэльогийн “Алхимич”, Жорж Орвелийн “1984”, Антуан Де Сент-Экзюперийн “Бяцхан хунтайж” гээд олон бий. Арай хөнгөн бичигдсэн мөртлөө олон урам зориг өгч чадах агуулгатай гэвэл “Цойлогсод” гээд л дурдвал олон байна даа.

– Бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?

– Мэдээж “Одоо цагийн хүч”, Артур Голдений “Гейшагийн дурсамж” номуудаа хэлье. Өөрт л хамгийн их таалагдсан учраас шүү дээ. Гэхдээ бусад хүн миний авсан шиг мэдрэмж авахгүй ч байж болох тул “Аан, яахав дээ л санагдсан” гэж хэлж мэднэ. Тэгвэл надад харамламаар санагдах байх аа. Ерөөсөө өдөр бүр тодорхой цагийг өөртөө заавал гаргаад, янз бүрийн ном уншаасай л гэж хэлье /инээв/. Тэгээд тэр дундаас өөрийнхөө уншихыг хүсдэг төрөл, номоо олж мэдээд, улам номын амтанд дурлаж, энэ хорвоо ертөнцийн олон өнгө амтыг мэдрээсэй гэж хүсье дээ.

Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Ярилцсан: ОНҮТ-ийн Номын санч Н.Эрдэнэбилэг

 

Shurenchimeg Ganbat