НОМ БҮРДҮҮЛЭХ, ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Анх 2007 онд Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын тасаг нэрээр байгуулагдаад 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн Нийслэлийн Засаг даргын А/920 дугаар тушаалаарбүтэц орон тоог өөрчлөн Ном бүрдүүлэх, тусгай үйлчилгээний тасаг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Уг тасаг нь ном бүрдүүлэх, каталог зохион байгуулалт, ном сэлбэн засах, дэйзи студи, номын сангийн автоматжуулалт, интернэт үйлчилгээ гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Ном бүрдүүлэлт, каталог зохион байгуулалт
Номын фондыг баяжуулах бодлогын хүрээнд ном хэвлэл бусад материалыг дараах журмаар бүрдүүлэн авдаг. Үүнд:

  • хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын дэлгүүр, хувь хүнээс худалдан авах
  • номын солилцоо
  • бэлэг хандив
  • хэвлэлийн захиалга
  • хувилж олшруулах журмаар

Каталогжуулалт /Ангилал/ Автоматжуулалт
Манай номын сан нь Оросын Холбооны Улсын нийтийн номын санд зориулсан Номын сан-номзүйн /ББК/ ангиллыг хэрэглэж номын сангийн фонд, төрөл ангийн каталог, картын санг зохион байгуулдаг.
Олон улсын ном зүйн тодорхойлолтын стандартад нийцүүлэн боловсруулсан МУ-ын номзүйн бичилтийн стандарт /MNS 5271:2012, MNS 5638:2012, MNS 5639:2012/-уудыг мөрдөж ажилладаг.
Номын сан нь  уламжлалт картын болон онлайн каталогтой. Олон улсын номын сангуудад хэрэглэгддэг Австралийн Softlink компанийн Алиса програмыг номын сангийн үйлчилгээнд 1998 оноос хойш ашиглаж байгаад 2011 оноос КОЙКА байгууллага, Монголын Номын сангуудын консорциумын мэргэжил арга зүйн туслалцаатайгаар интернэт суурьтай, юникод дэмждэг, онлайн системд MARC21 стандартыг баримталсан КОХА програмыг ашиглаж эхэлсэн. Энэ програмаар 13 жил ашигласан Алиса програм дахь 110100ш номын мэдээллийг юникод үсгийн стандарт руу хөрвүүлж, Коха програмд автоматаар оруулж ирсэн.
Одоо төвлөрсөн номын сангийн хэмжээнд 24000 нэрийн 132000 гаруй хэвлэмэл ба хэвлэмэл бус материалын мэдээлэл багтсан электрон каталог, 34000 гаруй уншигчийн мэдээлэл, зураг багтсан уншигчийн бүртгэлийн сантай болоод байна.

Сэлбэн засах үйлчилгээ
Төвлөрсөн номын сангийн урагдаж гэмтсэн ном хэвлэлийг сэргээх болон сэлбэн засах, хувилан олшруулах, тогтмол хэвлэлүүд болон бусад бичиг баримтыг үдэж хавтаслах, номын сангийн үйлчилгээнд хэрэглэгдэх маягтуудыг хэвлэн гаргах үйл ажиллагаа явуулдаг.
Сэргээх засварлах гэдэг нь урагдах, элэгдэх  зэрэг хүний буруу үйл ажиллагаанаас болон биологийн, гал, усны зэрэг байгалийн аюулт үзэгдэл зэргээс үүссэн гэмтлийг засахыг хэлнэ.

Интернэт үйлчилгээ
Монгол анх удаа үнэ төлбөргүй интернэт үйлчилгээг олон нийтэд хүргэж эхэлсэн бөгөөд тус номын санд байрлуулсан интернэтийн холболт бүхий өндөр хурдтай 16 компьютерийг ашиглан интернэтээс өөрийн хүссэн мэдээ мэдээллээ хайх өргөн  боломжийг олгодог. Мөн утасгүй интернэтийн үйлчилгээг үнэ төлбөргүйгээр ашиглаж байна. Хэрэглэгч өөрийн бүртгэлийн дугаараар өдөрт 1 цаг интернэт ашиглах эрхтэйгээр үйлчилгээгээ хүртэж байна.

Дэйзи студи
DAISY студи нь энгийн стандарт хэмжээтэй хэвлэмэл бүтээлийг хүлээн авч унших боломжгүй харааны бэрхшээлтэй иргэд олон нийтэд зориулан олон улсын (DAISY) стандартын шаардлага хангасан хүртээмжтэй цахим ном хэвлэл бүтээж цахим номын сан хөмрөгийг баяжуулах гэсэн үндсэн зарчмаар ажилладаг.

 

 

Ж. Мөнгөнзул