Ном унших үедээ би нэг бол надад өөрт огт байхгүй зан чанар, бодол мэдрэмж эсвэл эсрэгээрээ яг өөртэйгээ адилхан дүр, тохиолдол, үзэл санааг хайдаг…

Ном унших үедээ би  нэг бол надад өөрт огт байхгүй зан чанар, бодол мэдрэмж эсвэл эсрэгээрээ яг өөртэйгээ адилхан дүр, тохиолдол, үзэл санааг хайдаг…

Овог нэр: Гантулгын Уянга-Үжин

Эрхэлж буй ажил, албан тушаал: Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн боловсролын сэтгэл зүйч

Сошиал хуудсууд: https://www.facebook.com/psy.uyangaujin

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Миний хувьд сурагч байхдаа их олон төрлийн сонирхолтой, олон хичээлдээ дуртай байсан болохоор ирээдүйн мэргэжлээ сонгох гэж маш их эргэлзэж байасн. Бага ангидаа бол цэрэг юмуу цагдаагийн хүн болох сонирхолтой байсан. Тэр үед хүн болгон эмэгтэй хүүхэд байж ямар сонин мэрэгжил сонгодог юм бэ гэдэг байсан. харин дунд ангидаа бол найруулагч болохыг хүсдэг байсан болохоор шүлэг болон зохиол бичих гэж оролддог байсан. Гэхдээ тэр үедээ шүлгээ зөвхөн найзууддаа л уншуулдаг байлаа.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Намайг бага байхад 8 настай сурагч болдог байсан. Би харин 6 настайдаа “Өөрөө сурах цагаан толгой” гээд номыг үеэлүүдтэйгээ хамт үзсээр байгаад уншиж сурч байлаа. Намайг бага байхад манайх маш олон төрлийн номнуудтай айл байсан. Гэхдээ хүүхдийн ном нэг их байдаггүй харин манай нагац эгч нарынд их олон хүүхдийн ном байдаг байв. Би үеэлүүдтэйгээ тоглохоор очсон ч нөгөө өрөөнд нь ороод ном уншаад суучихдаг байсан юм.

Хамгийн анх уншсан номоо сайн санахгүй байгаа ч “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал”,  “Чипполинод тохиолдсон адал явдал”, “Норовын намтар” гэх мэт адал явдалтай номонд их дуртай байсан.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

2004 онд Намайг 7-р ангид байхад миний эцэг эх тусдаа амьдрах болсон юм. Яг тэр жил 2×2 буюу суут жаран сэтгэгч гэсэн хачирхалтай нэртэй ном аав гэртээ авч ирсэн байсан. Нэр нь их сонин “байж боломгүй” бас тас хар өнгөтэй хавтастай номыг өдөржин барьж суугаад уншаад маш их таалагдаж байлаа. Бас гэр бүлийн, сэтгэл зүйн их асуудалтай үед тэр номыг уншаад асуудлаасаа түр ангижирсан мэдрэмж авсан болохоор их таалагдсан байж магадгүй.

Мөн 2012 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуульд багшилдаг байхдаа Л.Өлзийтөгсийн Үзэхийн хязгаар гэх номыг уншаад олон зүйлийг бодож байсан. Тиймээс оюутнууддаа уншихыг санал болгож, хамтдаа номын хэлэлцүүлэг хүртэл хийж байсан. 

Таны ширээний ном

Миний хийж буй ажил мэргэжил байнга уншиж хөгжихийг шаардаж байдаг болохоор ихэнх нь сэтгэл судлалын мэргэжлийн номнууд байдаг.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Волтер Тевисийн Бэрсийн гамбит , Нил пабилишингийн гаргасан Гоо үзэсгэлэн бол шарх дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр номнуудыг уншиж байна.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Гэртээ кофе уунгаа унших дуртай

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Бүлэг бүлгээр нь уншаад хэсэг бодох, эсвэл үнэхээр шимтэхээр ном байвал тэр дор нь уншиж дуусгах гэж улайрчихдаг.  Ном уншихдаа нугалж дээр нь юм сараачих жаахан дургүй. Номын хавчуурга хэрэглэх дуртай. Хүүхдүүддээ тийм дадал суулахыг хичээдэг.  Таалагдсан ишлэл, өгүүлбэр байвал бичиж авах эсвэл утасны тэмдэглэл хэсэг дээр бичиж авах дуртай.

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Хүүхдийн хөгжил талаасаа бол  “бие махбодь”, “танин мэдэхүй”, “сэтгэл зүйн” 3 талт хөгжлийг аль болох зэрэг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Зөвхөн өв тэгш сайхан биетэй байгаад нийгэмшлийн  хөгжил буюу өөрийгөө болон бусдыг ойлгон харилцах чадваргүй олон хүүхэд байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ нас  сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн хэрэгцээг маш сайн мэддэг, судалдаг, ойлгодог байгаасай гэж хүсдэг.

Суралцах чадварын хувьд бол биеэ даах чадвар ,асуудалд дүн шинжилгээ хийх чадвар мөн асуудлыг өөрөөр харах чадварууд тун чухал.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Хүн бүрийн зан чанар өөр байдаг шиг ямар номонд дуртай байх нь эрс тэс байдаг юм шиг санагддаг. Нэгт өөрийн дуртай дурлаж уншдаг төрлийн номоо олох нь зөв байх.  Миний хувьд мэргэжлээс шалтгаалаад олон төрлийн ном унших шаардлагатай болдог. Гэхдээ намтарчилсан болон бодит түүхүүдэд илүү дуртай. Тиймээс Л.Ө Үзэхийн хязгаар, Мишель Обама Becoming,  Вилл Смит Will санал болгоё.

Уншихыг төлөвлөж буй ном?

Mark Volyn It didn’t start with you, болон Барак Обама Promised Land гээд олон ном энэ онд уншмаар байгаа.

Унших дуртай зохиолч?

Л.Өлзийтөгс, Г.Аюурзана

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Ёстой бодож байгаагүй асуулт байна. Хүүхэд байхад л зохиолын баатрууд их гоё санагддаг байсан. Ялангуяа адал явдалтай учирч байгаа баатруудын оронд өөрийгөө тавьж үздэг байлаа.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бага байхад шинэ содон хэзээ ч үзээгүй хараагүй ертөнцөөр аялах гэж уншдаг байсан юм шиг санагдаж байна. Одоо бол илүү бодол санаа, мэдрэмжээ цэгцлэх, тайвшрах стресс тайлах нэг хэрэгсэл болжээ.

Сүүлийн үед хүүхдийн сэтгэл зүйчээр ажилласнаас хойш хүмүүс хүүхдээ яаж номонд дуртай болгох вэ, танай хүүхдүүд яаж ингэж номонд дурлав гээд л асуудаг.  Зүгээр тэр ном уншуулах гээд байгаа хүн, хүүхэд яг юунд дуртай байгааг нь чин сэтгэлээсээ ойлгож, мэдэх л хэрэгтэй байх.  Хүн дуртай, дурласан зүйлээ хэнээр ч хэлүүлэхгүй, гуйлгахгүйгээр  сонирхож, хийнэ  бүр салахаа больно шүү дээ.

Ном унших үедээ би  нэг бол надад өөрт огт байхгүй зан чанар, бодол мэдрэмж эсвэл эсрэгээрээ яг өөртэйгээ адилхан дүр, тохиолдол, үзэл санааг хайдаг юм шиг санагддаг.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. 

Ярилцсан: Д.Сарантуяа

 

Munkhzul.B