Хамгийн сайн сурах бичиг бол тухайн хүний сонгосон ном гэж боддог…

Хамгийн сайн сурах бичиг бол тухайн хүний сонгосон ном гэж боддог…

Сайн байна уу? Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.

Сайн байна уу урьж оролцуулж буй та бүхэнд байрлалаа.

Таны хүүхэд насандаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил одоогийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Таарч байгаа. Хүүхэд байхдаа, тодруулвал бага ангид байхаасаа л кинонд тоглодог хүн болно гэж мөрөөдөн боддог байсан.    

Хамгийн анх та бие дааж ямар ном уншиж байсан бэ?

“Чонон сүлд”

Номыг ямар зорилгоор уншдаг вэ?

Миний хувьд гадаадад сурч байсан болохоор бүх л сургалтын материал болон эргэн тойрны хүрээлэл маань гадаад оюутан багш нар байлаа. Монгол хэлээ гэрийхэнтэйгээ утсаар ярихдаа л ашигладаг болчихсон байсан үе. Монгол хэлээр өөрийгөө илэрхийлэх чадвар маань илт муудаж буйг мэдэрсэн л дээ. Тэр үеэс монгол хэлээ өөрөөсөө холдуулахгүйн тулд эх хэлээрээ ном уншиж байлаа.

Таны унших дуртай ширээний ном?

Ширээний ном хэд хэд бий. Тэдгээрээс онцолвол “Sey no” гээд Солонгос хүний бичсэн ном байдаг.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Нам гүм орчинтой газар. Сүүлийн үед ном унших боломж л гарвал тэр газар нь хаана ч байсан тухтай санагддаг болоод байгаа.

Хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн номыг нэрлэвэл?

Амьдралд хэтэрхий их сонголт гарч ирэхээр цаг хугацаа болон үнэ цэнэ хуваагдаж байдаг. Сонголт цөөн байх нь түүнд төвлөрөх цаг хугацаа нэмэгдэж түүнийгээ дагаад чанар өсөж байдаг. Энэ бодлыг маань баталдаг олон ном бий. Хувь хүнийг маань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн гэхээсээ илүү явж буй замыг маань зөв гэдгийг баталж өгдөг номоос нэгийг дурдхад “The one” монгол хэл дээр “Ганц зүйл” гээд орчуулагдсан байгаа.

Хамгийн анх ямар кинонд тоглож байсан бэ?

Мэргэжлээрээ сурч байх явцад оролцож байсан кинонууд бий. Сургуулиа төгсөөд хамгийн анх дүр дээр ажилласан кино гэвэл TV5-ын “Замбуулин дуусах болоогүй” ОАУСК юм байна.

Та өөрөө “Шилжилт” киноны Дөлгөөнтэй хэр төстэй вэ? Арван жилд байхдаа хэр хөдөлгөөнтэй хүү байв?

10 жилд байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй ээ. Шилжилт киноны Дөлгөөнтэй төстэй тал олон бий.

Жүжигчин хүний хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Манай мэргэжил тухайн хүнээс их олон талын мэдлэг шаарддаг. Шинэ зүйлд суралцах болгондоо урам авч хөглөгддөг дөө.

Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Зохиолч нь хэн бэ гэдгээс номынхоо сонголтыг хийдэг.

Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан вэ?

Сүүлд “Энгийн дадал” номыг уншиж дуусгасан.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бид толгойн дотор орж ирсэн бодлоороо хөглөгдөж амьдардаг. Бодол нь олон хүчин зүйлээс ундарч, цаг үеээсээ шалтгаалаад аливаа зүйлс хувьсан өөрчлөгдөж байдаг. Амьдрал өөрөө уян хатан байдлыг ямагт нэхэж, уян хатан байдлыг өөртөө бий болгож удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд хүн байнга суралцах шаардлага гардаг. Хамгийн сайн сурах бичиг бол тухайн хүний сонгосон ном гэж боддог.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Сэтгэл хөдлөлтэй хүнтэй харьцуулвал сэтгэл хөдлөл багатайдаа орох байх аа.

Сүүлийн үед ямар кино, уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

“Шилжилт” киноны 3-р анги дээр ажиллаж байгаа мөн ирэх онд хийгдэх олон ангит киноны зохиол дээр ажиллаж байна даа.

Таны цахим хуудсанд таны уншсан маш олон гоё шүлэг байдаг. Та өөрөө шүлэг бичдэг үү?

Би өөрөө шүлэг бичдэггүй ээ. Харин сүүлийн үед харилцан яриа бичээд байгаа.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

“Аяга кофены бясалгалаар тэрбумтан болсон хүмүүс” номыг уншихаар төлөвлөж байгаа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Хүмүүст итгэл найдвар, урам зориг өгдөг ном байх байсан.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Тодко Сомсон зохиолчийн “Тэг цэгийн тэмүүлэл” номыг санал болгох байна.

Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл. Таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Өсвөр насны залуучууддаа хандаж хэлэхэд “Дуртай зүйлээ заавал олоорой. Түүндээ үнэнч , тууштай байгаарай. Номыг хажуунаасаа бүү холдуулаарай. Түүнд амьдралын чинь газрын зураг зураастай байдаг шүү.”

Та бүхэнд баярлалаа. Эрүүл энхийг ерөөе. Сайн сайхан үйлс нь улам дэлгэрэх болтугай.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B