СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САН

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР НОМЫН САН

Монгол улсад ардчилал өрнөж зах зээлийн шилжилтийн үе өрнөснөөр бүх дүүрэг хороонд ажиллаж байсан номын сангууд цаашид ажиллах орон тоо байргүй болсноор ихэнх нь татан буугдаж эдийн засгийн хүндрэлд орсон билээ. 1991 онд Сонгино хайрхан дүүргийн Өнөр хороололд барьж байсан шинэ номын сангийн байр ашиглалтанд ороход Төмөр замын кассын газрыг оруулах болсноор хотын нийтийн номын сангийн ажилчид 2 өдрийн суулт хийж байж номын сангийн байрыг зориулалтаар нь ашиглах болсон юм. Тэрхүү байранд таван номын сангийн фондыг нэгтгэн СХД-ийн нийтийн 4 дүгээр номын санг байгуулсан юм.
Тус салбар номын сан нь нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай СХД, БГД-ийн хүн амд номын сангийн үйлчилгээ үзүүлдэг. 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 35,000 орчим номын фондтой. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 3200 байнгын уншигч,7000 хэрэглэгч, 25000 ирцэд, 60000 боть ном хэвлэл, бусад материалыг олгож үйлчилсэн байна.
Хүн амд уншлагын заалуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, албан байгууллага, хороо сургууль, цэцэрлэгүүдийг үйлчилгээндээ хамруулах, ном солилцох, үнэгүй уншлагад хамруулах зэрэг үйлчилгээнүүдийг хийж байна. Манай үйлчилгээнд дээрх 2 дүүргээс гадна хотын соёл урлаг, шинжлэх ухааны 100 гаруй байгууллага хамрагддаг. Мөн идэвхтэн уншигч, багш нараар дамжуулан сургууль, цэцэрлэгүүдэд зөөврийн үйлчилгээг тогтмол хийж байна.
Монгол, гадаад, хүүхдийн гэж төрөлжүүлсэн 32000 мянга гаруй ном хэвлэл, бусад материалаас бүрдсэн номын фондтой бөгөөд жилд дунджаар 550-600ш ном, 5-8 нэрийн тогтмол хэвлэлээр фондоо тогтмол баяжуулж ирлээ.
Тус номын санг Дүүргийн жишиг номын сан болгох төслийг бичиж, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, гишүүн Д.Батбаяр нар дэмжин багцаасаа 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, уншлагын танхимуудад барилгын засвар хийж, шаардлагатай компьютер, видео камер, номын тавиур зэрэг техник хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангаснаар дүүргүүдийн дундаас анхны Чөлөөт сонголттой номын сан болох эхлэл тавигдаж байгаа юм. Мөн 3,1 сая төгрөгийн ном хэвлэлийг бэлэг болгон өгсөн. Үүнээс гадна тус дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс 1 сая төгрөгийн хөрөнгөөр номын сангийн 1 өрөөг тохижуулан сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан “Үлгэрийн танхим”-ыг шинээр нээж ширээ сандал ном тоглоом авч өгсөн зэрэг нь дүүргийн хүн амын оюуны эрэлт хэрэгцээг хангахад чухал нөлөө үзүүлж байна.

Хаяг: 14-р хорооны “Өнөр” хорооллын 2-р vйлчилгээний төв /Цамбагарав/-ийн баруун хаалга

 

Ж. Мөнгөнзул