Үр хүүхдэдээ ойлгуулж чадаагүй бүхнийг маань ном маш сайн үлгэрлэж, ойлгуулж чаддаг…

Үр хүүхдэдээ ойлгуулж чадаагүй бүхнийг маань ном маш сайн үлгэрлэж, ойлгуулж чаддаг…

Сайн байна уу? Манай номын сангийн “Номын сангийн зочны ярилцлага” буланд оролцож байгаа танд баярлалаа.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Хүүхэд насандаа олон ажил мэргэжлийг сонирхдог байсан. Цагдаа, хэрэг мөрддөг мөрдөгч, жүжигчин, мэдээний хөтлөгч гэх мэт. Хүүхэд насанд төсөөлж байсан мэргэжлүүдээс хамгийн түрүүнд сонгоод шалгалт өгч байсан нь жүжигчин байлаа. Урлагийн сургуульд жүжигчнээр шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тэгээд дараа жил нь телевиз радиогийн сэтгүүлч, хөтлөгч мэргэжлийг сонгон шалгалтаа амжилттай өгөөд одоо болтол сурсан мэргэжлээрээ тасралтгүй 11 дэхь жилдээ ажиллаж байна.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Бага байхаас гэрт маань номын тавиур дүүрэн олон төрлийн ном байдаг байсан. Ээж маань орос хэлний багш аав маань мэргэжлийн жүжигчин, хоёулаа дээд боловсролтой номонд дуртай хүмүүс. Орос, Монгол хэл дээрх олон төрлийн зохиол бүтээл их байсан. Орчинд маань олон ном байхаас гадна аав ээж, өвөө эмээ ном их уншдаг хүмүүс гэдгээрээ хүүхэд өөрийн эрхгүй номонд дуртай болж өсдөг санагддаг. Бага нас, өсвөр үедээ номыг их уншдаг байсан.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

Бусадтай л адил байх, бидний хүүхэд үед Үүлэн бор, Орос ардын үлгэрүүд, Нугасны муухай дэгдээхэй, Арга ухаант амьтдын үлгэр, Доктор Батаа гайхамшгийг судалсан нь, Ш.Гаадамба гуайн орчуулсан олон бүтээлээс Том Сойерийн адал явдал гэх мэт олон ном санаанд орж байна. Үүнээс Үүлэн борыг олон дахин уншдаг байлаа. Сүүлд өөрөө хүүхэдтэй болоод хүүхдүүддээ Үүлэн борын шинэ хэвлэлтээс авч өгөхдөө их баяртай байсан. Гэхдээ бидний уншиж байсан үлгэрүүд цөөхөн орсон байсан.

Таны унших дуртай ширээний ном?

Одоо бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбатын 2019 оны бүтээл “Хөх үүлэн дээвэр” ном миний хувьд ширээний минь, цүнхний минь байнгын ном байгаа. Энэ номоо өнгөрсөн жилийн наадмаар номын эзнээс нь гарын үсэгтэй авснаас хойш уншиж судалж, гайхам сайхан бичсэн мөрүүдээс нь цээжилж байдаг. Учир нь хөтлөгч хүний хувьд олон төрлийн үйл ажиллагаа баяр ёслолыг хөтлөн явуулахад үгийн сайхан утгын чимэг их хэрэгтэй байдаг. Л.Эрдэнэбат яруу найрагч ахын ном бүтээлүүд бол жинхэнэ ширээний минь ном юм.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Завтай үедээ л ном унших сайхан. Одоо завгүй энэ их хөдөлгөөний урсгалтай цагт зав гаргаж байж ном уншиж байна. Ээж хүний хувьд хүүхдээ унтуулчхаад дуртай номоо бариад суух сайхан. Бас зав гарсан үедээ утсаа барих биш аль болох номоо бариад суухыг боддог.

Хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн номыг нэрлэвэл?

Маш олон жилийн өмнө хоёр ч удаа давтан уншиж байсан Алдарт зохиолч Александр Дюмагийн “Монте Кристо гүн” гурван цуврал боть ном тухайн үедээ маш гүнзгий сэтгэгдэл төрүүлж байсан. Нийгэм, хүн, аж байдал, амьдралын ухаан, өөртөө итгэлтэй байх байдал гэх мэт олон зүйлсийг гайхалтай дүрсэлсэн бүтээл. Амьдрал бол тэмцэл юм гэхдээ амьдрал бол тэр чигтээ хайр юм мөн амьдрал бол таахын арга байхгүй олон талт хөл багана байхгүй тавцан юм гэж ойлгож уншиж байлаа. Одоо ч энэ ном миний хайртай ном.

Зарим хүмүүс ном уншихдаа номон дээрээ тэмдэглэл хөтөлж, өөртөө хэрэгтэй зүйлсийг тодруулж, зурж ишлэл бичдэг. Нөгөө хэсэг нь маш цэвэрхэн уншихыг эрхэмлэдэг. Энэ 2 үйлдлийн алийг нь илүүд үздэг вэ?

Тухайн ном уншиж буй хүний л сонголт. Миний хувьд ямар номыг ямар зорилгоор уншиж байгаагаас шалтгаалж тэмдэглэл хөтлөх үе гарна. Гэхдээ ихэнхдээ тэмдэглэл хөтлөж уншиж байгаагүй. Тэмдэглэл хөтлөх нь нэг талаас нэлээд цаг гаргахыг шаарддаг байх. Мөн эргээд уншсан номоо хурдан хугацаанд эргэн санахад тусалдаг байх. Их гоё бичгийн хэвтэй, тэмдэглэлээ сайхан хөтлөн явуулж чаддаг хүнд илүү тохирох байх 😁

Хөтлөгч хүний хувьд өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?

Гэр бүл, хайртай хүмүүс, тухтай сайхан гэр орон минь, ажлын байр, хамт олон, ажил мэргэжил минь, бидний урилгыг аваад өглөө эртлэн босоод нэвтрүүлэгт зочлон ирж ярилцсан зочид маань мөн сонсох дуртай дуунууд маань, амттай сайхан хоол гэх мэт олон зүйлсээс өдөр бүр сэтгэл хөдөлгөж баясгаж байдаг.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Биелсэн мөрөөдлийн тухай ном байх байсан болов уу 😁

Хүн бүр ном унших, унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Дуртай зохиолчийнхоо бүх номыг цуглуулдаг, жишээ Л.Өлзийтөгсийн бүтээлүүдэд маш их хайртай. Тэгэхээр түүний бүтээлийг ямар нэгэн шүүлтүүргүй шууд авдаг гэсэн үг. Мөн миний дотны гайхалтай эмэгтэй байдаг. Түүнтэй ярилцаж байгаад түүний санал болгосон номыг авч унших дуртай. Сүүлийн үед хятадын зохиолчдын номууд таалагдаж байгаа. Авчихсан хараахан гүйцэт бариад суугаагүй л байна.

Сүүлд ямар төрлийн ном зохиол уншсан вэ?

Хамгийн сүүлд @цэнхэркактус паблишнаас эрхлэн гаргасан 0-6 настай хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан “Өөрөөрөө” номыг уншиж байгаа. Энэ нь эрдэмтдийн судалгаа, шинжилгээ, туршлагад суурилсан хүүхдээ дэмжих аргыг маш энгийнээр тайлбарласан ном юм.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Миний хувийн бодол Гүн Аюурзана хэмээх энэ цагийн гайхалтай уран бүтээлчтэй 100 хувь санал нэг байдаг. Энэ хүнтэй энэ цаг үед хамт амьдарч байгаадаа үнэхээр талархалтай байдаг. Түүний хэлснээр: Хүүхдийг зөв төлөвшүүлэх хамгийн шалгарсан, хамгийн оюунлаг зам бол ном гэж боддог. “Хүүхдээ яаж ном уншдаг болгох вэ? Манай хүүхэд гар утас, компьютерээс салахгүй юм” гэцгээх нь бий. “Үр хүүхдээ эх оронч болгох цорын ганц арга бол эцэг нь эх оронч байх явдал” гэдэг дээ. Яг л түүн шиг… Та өөрөө ном уншдаг уу? Танайх номын шүүгээтэй юу? Хэрэв та хамаг мөнгөө ганган хувцас худалдаж авахад зориулдаг бол, хүүхэд тань гоё хувцаслах нь л амьдралд хамгаас чухал юм байна гэж ойлгож өснө. Хэрэв та үргэлж тансаг машинд анхаарлаа хандуулж, шинэ загварын машин бүрийг бишрэн магтдаг бол, хүүхдийн тань мөрөөдөл ердөө машин л болно. Хэрэв та баяр болгоноор хүүхдэдээ амттан л авч өгдөг бол, хүүхэд тань идэж уух л амьдралын баяр баясгалан гэж ойлгодог болно. Та хүүхдийнхээ нүдэнд ном уншиж харагддаг, уншсан номынхоо тухай бахдан ярьдаг, төрсөн өдрөөр нь ном бэлэглэдэг бол, амьдралын онцгой чухаг зүйлсийн нэг бол ном юм аа гэдгийг ухаарч өснө. Номын ачаар хүүхэд тань ямар ч бэрхшээл зовлонд шантрахааргүй сэтгэлзүйн бэлтгэлтэй, бусдад уруу татагдахааргүй өөрийн бодолтой, ухаалаг хүн болно. Ер нь ном их уншдаг хүмүүс бусдыг ойлгохдоо илүү байдаг. “Сайн хүн болоорой! Муу зүйл бүү хийгээрэй!” гэж мянга түм хэлээд ч бид хүүхдийг хазгай гишгэхээс сэрэмжилж чадахгүй. Үр хүүхдэдээ ойлгуулж чадаагүй бүхнийг маань харин ном маш сайн үлгэрлэж ойлгуулж чаддаг.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Номын тухай ярилцах үнэхээр сайхан байлаа. Хүүхэд насныхаа номын ертөнцийг эргэн санах хайр хүрэм байлаа. Мөн нэг зүйлийг эргэцүүлж бодлоо, бид хүүхдүүддээ орчин цагийн хүүхдийн уран зохиолын бүтээлээс гадна хуучны алдарт зохиолч нарын хүүхдийн номын зохиолоос мөн уншуулж баймаар юм байна гэж. Та бүхэнд маш их баярлалаа. Номын цагаан үйлс тань улам гайхамшигтайгаар өрнөх болтугай.

 Ном бол хүн төрөлхтний хамгийн агуу нээлт юм.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B