Хүнд тохиолдох асуудал, зовлон, жаргал, дурлал, шаналал … бүгд аль нэгэн номонд байж л байгаа.

Хүнд тохиолдох асуудал, зовлон, жаргал, дурлал, шаналал … бүгд аль нэгэн номонд байж л байгаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Та манай номын сангийн уншигчдад  өөрийгөө товчхон танилцуулбал?

Намайг Г.Уянга гэдэг. Ажилдаа дуртай багш, хүүхдэд, залууст хайртай, ертөнцийг эргэцүүлэн бодох дуртай сониуч хувь хүн юм даа.

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Би багадаа олон улсын сэтгүүлч болно гэж боддог байсан. Одоо МУИС-д багшилж байна. Энэ  ажилдаа би дуртай. Одоо хүсвэл хэн ч өөрийн үзэл бодлыг өөрийн сошиал хуудсаар илэрхийлэх, өөрийн дүгнэлтийг хийх боломжтой болсон тул дайвар утгаараа сэтгүүлч болчихсон ч юм шиг санагддаг даа.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

“Капитан Грантын хүүхдүүд”. Мөн хэзээ уншсанаа санахгүй байна. Дөнгөж л уншиж сурч байсан юм болов уу даа. 1001 шөнийн үлгэрийг их л удаан уншсан юмдаг.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

“Монте Кристо гүн” номыг аав маань Монгол хэлээр хэвлэгдээгүй байхад нь Орос хэлээр уншаад, бидэнд анх нүдэнд харагдтал ярьж өгч билээ. Одоо бодоход, тэр номон дээр хүний амьдралын сайн муу, дурлал, урвалт, шударга ёс, өс хонзон, сайхан сэтгэл гээд хүний амьдралд тохиолдож болох бүхэн багтсан санагдаж байна.

Таны ширээний ном?

Байнгын тийм ном байхгүй ээ. Ширээн дээрх ном өөрчлөгдөж байх хэрэгтэй байх. Бага байхдаа Монгол зохиолчдынхоо номыг их уншдаг байсан. Сүүлийн жилүүдэд Англи хэлээр уран зохиолын номуудыг их уншсан байна.

Та хэзээнээс хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ? Энэ чиглэлээр ажиллахад давуу болон хүндрэлтэй талууд?

Би ер нь Япон улсад нийгмийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Дараа нь Монголдоо ажилчдын “зан төлөв”-ийн чиглэлээр Докторын ажлаа бичсэн. Одоо бодоход, их залуудаа гадны улс оронд очиж амьдрах, тэднийг ажиглах боломж олдсон тул хүмүүсийг, соёлыг харьцуулж хардаг юм болов уу даа.

Мөн би өөрөө багш хүн, хувь хүний хөгжил, зан төлөвийн талаар хичээл заадаг л даа. Тиймээс өөрийгөө байнга хөгжүүлэх шаардлагатай болдог. Одоо энэ мэдээллийн эрин зуунд, оюутнууд мэдээллийг өргөн хүрээнд олж авдаг, үнэлж дүгнэдэг болжээ. Тэдэнтэй ярилцах, мэдээллийг нь цэгцэлж өгөх, мөн тэднээс суралцахын тулд би өөрөө энэ талаар байнга өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч сонирхолтой.

Багш хүн учраас та ирээдүйн мэргэжилээ сонгох гэж байгаа хүүхэд залууст зөвлөгөө өгвөл юунд хамгийн их анхаарвал зохих вэ?

“Өөрийгөө л сонс”  гэж хэлнэ дээ. Өөрийнхөө чаддаг бөгөөд, өөрийгөө зориулж чадах ажлаа хайж олвол сайнсан. Эд материал, цалин, тав тух эсвэл эцэг эхийн сэтгэлийг хангах гэхээсээ илүү өөрөө дуртай ажил мэргэжлээ л хайж олбол насан туршдаа түүнийхээ төлөө хичээх болов уу. Харин хобби болон, мөнгө олдог ажлын ялгааг сайтар эргэцүүлээрэй. Сонирхвол, энэ талаар подкастууд хийсэн байгаа.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?, мөн ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Сонирхсон номоо хаана ч уншдаг. Нэг удаа Америкт ажиллаж амьдардаг байхдаа, номын дэлгүүрт нь өглөөнөөс орой болтол сууж байгаад нэг зузаавтар ном уншаад дуусчихаж билээ. Одоо бодоход ичмээр л юм. Би нэг уншаад эхлэхээрээ тэр чигтээ хамаг юмаа орхиод суучих гээд байдаг. Уншихдаа бас эхнээс нь явахгүй., энд тэндээс нь харж байгаад, сонирхолтой бол ахиад эхэлдэг. Намайг л лав дагасны хэрэггүй байхаа

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Амжилтад хүрсэн хүмүүсийн намтрыг унших бас сонирхолтой санагддаг. Урам зориг гэвэл дэлхийн томоохон удирдагчидын талаарх ном байж болох юм.  Мөн 80-аад он хүртэлх номуудыг уншихыг оюутнууддаа санал болгодог. Тэнд яг цэвэр тунгалаг Монгол хэл бий. Хүний сэтгэдэг хэл, ярьдаг хэл тусдаа шүү дээ. Тиймээс эхлээд Монгол хэлээрээ ончтэй мэргэн сэтгээд, өөрийгөө илэрхийлээд сурчихвал, гадаад хэл сурахад ч дөхөмтэй болдог шүү.

Би өөрөө философийн чиглэлээр подкаст хийдэг залуусыг их сонсдог болж байна. Тэднээс суралцдаг. Өөрийн хэмжээндээ тэднийг танилцуулж сурталчилахыг хичээдэг. Философи бол логик, ер нь л сэтгэлгээг хөгжүүлэхэд их тустай шүү дээ.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Японы нэг жижиг хотын хоёр л үнэмлэх байгаа.  

Бид нэг хэлээр харилцдаг уу? номынхоо талаар мөн одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Бизнесийн харилцааны хичээл зааж байхдаа энэ номыг гаргаж байсан. Ер нь бол албан төрлийн харилцааны талаар болон, харилцаанд ашиглах бодит техникүүдийг танилцуулах гэж хичээсэн. Одоо нэг ном эхлээд л байна. Яг юу гэж нэрлэхээ мэдэхгүй л байна. Бидний., нийгэмтэйгээ,  улс төр, өөр хоорондоо харилцах хэлбэрийн талаар юм.

Таны хамгийн их урам зориг,  эрч хүч авдаг зүйл тань юу вэ?

Хайртай хүмүүсээсээ урам зориг авдаг. Төгсөгч оюутнууд маань бас их урам зориг өгдөг дөө. Мөн орооцолдсон утас шиг, ойлгогдохгүй байгаа нийгмийн үзэгдэл юмсын учрыг өөрийхөөрөө ойлгоод ирэхэд нэг л сайхан санагдаад явчихдаг.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Зохиолын баатарт хайртай болно гэх асуултад би хариулж мэдэхгүй юм. Төвөгтэй он жилүүд, харилцаа, үйл явдлын учгыг тайлж өгсөн ном л сэтгэлд үлддэг юмуу даа. Жишээ нь, Сталины тухай уншихад “аан ийм хүн байсан юмуу, тийм учраас манайд ингээд нөлөөлчихсөн юм байна” гэх мэтээр ойлгогдоод ирж байгаа нь нүд нээх шиг санагддаг юм. Сүүлийн үед Лодойдамба гуйан бичсэн “Тунгалаг Тамир” романыг наана цаанаас нь олон харж, сонсож, эргэцүүлэх нь сонирхолтой санагдаад байдаг болоод байна.  

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Өөрийгөө, нийгмийг ойлгоно. Ирээдүйд гарч ирэх зовлонг ухамсартай, алдаа багатай туулах., жаргалд ташуурахгүй ухаалаг болох л юм болов уу даа. Хүнд тохиолдох асуудал, зовлон, жаргал, дурлал, шаналал … бүгд аль нэгэн номонд байж л байгаа.

Ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

Munkhzul.B