Ц. Оюунгэрэл: Номгүй бол амьдрал хичнээн гунигтай, хоосон байх байсан бол …

Овог нэр: Цэдэвдамбын Оюунгэрэл

Эрхэлж буй ажил, албан тушаал: Нутгийн Шийдэл ТББ-ын захирал

Сошиал хуудсууд: @oyunlt – twitter ба tiktok.

@oyungerel.tsedevdamba facebook

@oyungerel_tsedevdamba – instrgram

Таны хүсэж байсан мэргэжил өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа уу?

Миний багадаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил бол багш, эдийн засагч гэдэг хоёр мэргэжил байдаг. Одоо би Жорлонгоо Өөрчилье төслийнхөө хүрээнд нийтийн боловсролыг түгээж ажилладаг, бас жорлонгоо яаж төлбөрийн чадварт нийцсэн хэлбэрээр сольж сайжруулах вэ, яавал энэ маань хүмүүст хэрэгтэй бизнес болох вэ гэж хөгжүүлж ажилладаг. Нэг үгээр хэлэхэд энэ төслийнхөө хүрээнд багын мөрөөдөл маань биелж явна. Гэхдээ мэдээж эдийн засагч мэргэжлийг гурван их сургуульд сурч эзэмшсэн маань их тус болж байгаа.

Хамгийн анх бие дааж ямар ном уншиж байсан бэ?

“Үл мэдэх ба түүний нөхөд” гэдэг номыг анх нэгдүгээр ангидаа сургуулийнхаа номын санд уншиж байснаа тод санаж байна.

Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Шолоховын өгүүллэгүүд, Чингиз Айтматов болон Сэнгийн Эрдэнэ гуайн туужууд надад их нөлөөлдөг байсан. Тэдгээрээс хамгийн их нөлөөлсөн нь гэвэл Чингиз Айтматовын “Анхны багш”, Сэнгийн Эрдэнийн “Манай сургуулийнхан” гэдэг хоёр тууж байна. Тэдгээрийг уншсаны дараа эрдэм номын хүн болно гэдэг мөрөөдөлтэй болсон.

Таны ширээний ном?

Миний ширээн дээр “Монголын нууц товчоо”, “Эрдэнийн сан субашид” гэдэг эртний хоёр ном байнга байдаг. Ялангуяа сэтгэлийн хат, цэцэн ухаан хэрэгтэй үед “Эрдэнийн сан субашид”-ыг эргүүлж өөрт тухайн үед хэрэгтэй дөрвөн мөртийг олж уншдаг.

Ном зохиол бичихэд маш их судалгаа явуулдаг энэ бүхнийг хэрхэн яаж хийдэг вэ?

Судалгааг байнга л хийж явдаг. Сонин содон зүйл харах, ажиглах, сонсох, мэдэх, тэр байтугай зүүдлэх үедээ бичиж авдаг. Бичих гэж буй номтойгоо холбоотой сэдвээр уншина, хүмүүстэй ярилцлага хийнэ, мэдээлэл их цуглуулна. Заримдаа цаг гаргаж газар дээр нь очиж газар нутаг, цаг агаар, үйл явдал байр байшингийн үлдэгдэл мөр, ургамал амьтан, цэцэг навчнаас авахуулаад бүх зүйлийг ажиглах судалгаа хийдэг.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

Хамгийн сүүлд “Бат инженерийн кейс” гэдэг шинэ ном уншсан. Өнөөдрийн хувьд Захиргааны ерөнхий хууль, Усны тухай хууль уншиж байна, шүүх дээр явж буй нэгэн заргаа бэлтгэж сууна.

Номыг хаана уншвал тав тухтай санагддаг вэ?

Номыг номын санд болон гэртээ уншвал их гоё байдаг. Сууж уншвал дээр санагддаг.

Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу?

Оюутан байхдаа танин мэдэхүй, сурах бичгийн номнуудыг уншихад их хэцүү байдаг байсан, тэдгээрийг уншихад танихгүй нэр томьёо их гарч ирнэ. Тэр болгон дээр танихгүй үгсийг толь бичгээс хайна. Энэ нь их залхуутай санагддаг байсан. Тэгээд би нэг амархан арга олсон нь номын санд, хамгийн олон дэлгэрэнгүй толь бичигтэй зааланд нь сууж унших. Сурах бичгээ уншиж байтал танихгүй үг ойлголт гараад ирэнгүүт л нөгөө олон энциклопеди, толь бичгүүдийг эргүүлээд суучихдаг байлаа. Сүүлдээ энэ нь ном уншихын бүр хамгийн гоё хэсэг нь болсон. Дөрвөн жил оюутан байхдаа Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Белинскийн номын сан гэдэг том номын сангийн хамгийн сүүлд хаалгаа барихад нь гардаг оюутан байлаа. Одоо бол гэртээ зөндөө олон толь бичигтэй болсон, дээр нь гүүгл гэж нэг сайхан туслахтай болсон. Танин мэдэхүйн ном уншина гэдэг бол тэр чигээрээ эрэл хайгуул, ёстой гоё ажил байдаг болсон. Харин уран зохиолын номыг бол кино үзэж байгаа юм шиг л эхнээс нь дуустал бараг нэг амьсгаагаар хэд хоног ч хамаагүй суугаад уншчихдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Шинэ юм сурахад хүн маш их урам зориг авдаг. Заавал урам зоригийн үг хэлсэн хувь хүний хөгжлийн ном хайх хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө сонирхож байгаа сэдвээр танин мэд. Танин мэдэхүй гэдэг чинь тэр чигээрээ цоо шинэ эд эсийг чинь сэргээж өгнө. Би 40 гараад үлэг гүрвэл гэнэт сонирхож эхлэв ээ. Зургаан жил үлэг гүрвэлийн тухай ном уншиж судалж, палеонтологи гэдэг шинжлэх ухааны салбарт дурлав. Тэгж байтал Т-Батаарын асуудал гарч ирсэн. Т-батаарыг авч ирэхэд маш их мэдлэг орсон байдаг юм, аз болоход тэр мэдлэгийг ном надад хангалттай өгсөн байсан. Тэгэхээр танд шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиол гээд урам зориг өгөх хангалттай олон ном дэлхийгээр дүүрэн байна. Мэдээж бүр заавал урмын үг авмаар байгаа бол хүний хөгжлийн ном нэмж уншаарай, жишээлбэл “Миний ажлын ноу-хау” гэдэг өөрийнхөө бичсэн номыг санал болгоё.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Гурав. Монгол, Орос, Америк.

Улс төрч, ном зохиогч, жорлонгоо өөрчилье төслийг санаачлагч энэ олон ажлыг хэрхэн амжуулдаг вэ?

Ажлыг мэдлэгт суурилж, бага цагт, бага мөнгөөр яаж хийх вэ гэж бодож ажилладаг. Мэдэхэд нэлээн цаг зарцуулна. Дараа нь бусдад болон өөртөө төвөг багатайгаар яаж зохион байгуулах вэ гэж цагаа хуваарилдаг. Гэхдээ нэг дүрэм бий. Хоногийн 24 цагаас дор хаяж нэг цагийг заавал шинэ юм мэдэхэд зарцуулдаг. Ажлын шаардлага байхгүй байсан ч юм мэдэж сурахад энэ цагийг зарцуулна. Мэдэх тусам бусад ажлаа бага цагт амжуулах ухаалаг арга олдсоор байдаг.

Уншихыг төлөвлөж буй ном?

Stigmatized гэдэг номыг л уншихаар төлөвлөөд яваад байгаа даа. Намар нээлтээ хийхэд нь л уншия гэж шийдсэн, одоо л барьж авья гэж бодож байна.

Унших дуртай зохиолч?

Оюутан байхдаа Теодор Дрейзэрын романуудыг  унших дуртай байсан. Одоо бол Аюурзаныг унших дуртай.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?Чингиз Айтматовын Анхны багшийн Дюйшен багш. “Би та нарт мэддэг бүх зүйлээ зааж өглөө” гэдэг үгийг нь би үргэлж  биежүүлж дуурайж явахыг хичээдэг.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном надад хорвоо ертөнц ямар гоё юм бэ, амьдрал ямар баян юм бэ гэдгийг ойлгуулдаг. Номгүй байсан бол амьдрал хичнээн гунигтай хоосон байх байсан бол!

                                   Ярилцлага өгсөн таньд маш их баярлалаа.

                      Ярилцсан номын санч Э. Ариунтунгалаг

 

О. Долгорсүрэн