Дуртай номоо унших нь хол явж газар үзсэн мэт эсвэл олон жил уулзаагүй хүнтэйгээ учирсан мэт сайхан сэтгэгдэл төрдөг. Хүссэн номоо өдөр бүр л унших хэрэгтэй…

Дуртай номоо унших нь хол явж газар үзсэн мэт эсвэл олон жил уулзаагүй хүнтэйгээ учирсан мэт сайхан сэтгэгдэл төрдөг. Хүссэн номоо өдөр бүр л унших хэрэгтэй…

Танд өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Нацагдоржийн нэрэмжит  төв номын сангийн хамт олондоо энэ өдрийн тунгалаг  мэндийг хүргэе.

Миний бие Говь Алтай аймгийн Бугат суманд айлын гурав дахь охин болж  мэндэлсэн.  Түүх нийгмийн ухааны магистр, багш мэргэжилтэй. Яруу найраг, хүүхдийн зохиол, үргэлжилсэн үгээр бичдэг.

Шинээр мэндэлсэн Буман тарнийн цадиг-1, 2  түүхэн роман гаргаж уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа. Бүтээлийнхээ талаар танилцуулаач:

Эрт эдүгээгээс монголчууд бидний эрдэмтэн мэргэд эрдэм сургаалаа бадруулж, олон түмний ухаан мэдлийг нээгдүүлэн утга соёлоо урагш дэвшүүлж  ирсэн  арвин түүхтэй. Хүн бүр аливааг мэдэхгүйгээр өдрийг өнгөрүүлбээс удалгүй орон нутаг нь өөр хүнд эзлэгдэж, угсаа аймгаараа хүний боол шивэгчин болохын аюултай. Зохиолч хүн бүрийн  сонгосон сэдэв бичиж туурвих нь яс чансаагаараа өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг жамтай. БУМАН ТАРНИЙН ЦАДИГ-2 романыг бичихийн өмнө хөлийн улаа хөлөртөл нойр хоолгүй явж судалсан.Энэхүү романд манжийн ноёрхлын үеийн Монголын ард түмний ахуй амьдрал, аж төрөл нийгмийн байдлыг товч тодорхой харуулна.  Манж Чин улс нь Монголын тусгаар тогтнолыг бүрэн устгаж хятадын нэгэн муж болгож, үржил шим сайтай газар нутаг болгоныг тариалангийн  хятад иргэд эзэмшиж, монгол ахуй амьдрал, түүх, соёл  ёс заншил аажмаар алдагдаж,таслагдан, халхын аймаг хошууд хятадчилагдаж байсныг  уран сайхны олон үйл явдлаар  харуулна. Романд монголын сор болсон хутагт хувилгаад болон дөрвөн хан аймгийн хан, ван, гүн, хатад  хүрээний туршуул лам нар гээд дал гаруй түүхэн хүмүүсийг олон талаас  нь нэгтгэн зангидаж түүхэн зохиол болгож  бичнэ гэдэг  зохиолч надад амаргүй даваа байлаа.  Наймдугаар Богд гэгээн болон Жалханз хутагт, Дилова хутагт, Наро банчин гэгээнтэн  хутагт хувилгаадын бага насны амьдрал тэдний хувилгаан чанар шидийг үзүүлж байгаа байдал зэрэг халх дөрвөн аймгийн хан ван ноёд хатад цөм  сайн журамтныг илрүүлж, тэрслүү зальхайг зааж мууг халуулах ба ичгүүр хүлээлгэн ариутгаж, улс орондоо төвшин ёсыг  бадруулж гэгээн журмыг мандуулахын төлөө тэмцэж буй  олон сонирхолтой түүхэн үйл явдлууд хуудас бүрээс нь үнэртэнэ. Зохиолын төгсгөлд Манж Чин гүрний шинэ засгийн бодлогын эсрэг монголын тэргүүлэх номч мэргэд, ухаалаг ард иргэд болон дал гаруй түүхэн  дүрийн эх орончид  нэг хүн шиг зангилагдаж умартсаныг сануулж, омтгойрсныг залруулж, дарлагдан зүдрэгчдийг хамгаалж харгис хуурмаг явдалтай эвлэршгүй тэмцэж, улс орныг сайжруулан мандуулж, Манж Чин улсын хүнд ноёрхлыг устган, эрх чөлөөнийхөө төлөө амь биеэ үл хайрлан зоригтой тэмцэж, Монгол улс үндэсний  тусгаар тогтнолоо хэрхэн зарлаж буй   түүхэн үйл явдлууд тод  томруун  гардаг.

Таны энэхүү бүтээлийг бичихэд түлхэц өгсөн зүйл:

Зохиолоо бичихийн өмнө судалгаа баримт  агаар ус  шиг хэрэгтэй болсон. Гэтэл би гэдэг хүн  анхны романаа бичиж байгаа шүү дээ. Заримдаа өөрөө өөрөөсөө асуух зүйл ч тулгарч байлаа. Учир нь  түүхэн сэдэв сонгосон нь сонирхолтой  байсан  ч саад бэрхшээл уулнаас ч өндөр ус мөрнөөс гүн санагдсан.   Шантрах , ядрах, өөрийгөө гайхах үе өдөр болгон тохиолдож байв. Гэлээ ч би урагш зүтгэсээр байсан. Эх орон газар шорооныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсгасан энэ олон түүхэн хүмүүсийн дэргэд миний  зохиол бичих нь жаргал юм байна гэж өөртөө хүч өгсөн. Шөнө нойр минь хүрсэн ч өвөг дээдэс минь ташуурдан сэрээх шиг болж өндийгөөд босдог болсон. Өдөр нь арван хуруу минь чилж байсан ч  буу үүрээд дайнд яваа биш дээ гэж өөртөө зориг өгдөг болсон. Говь-Алтай, Өмнөговь, Завхан, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймгуудаар явж наяас дээш насны настан буурлуудтай уулзаж сонин содон түүх дурсамж яриулж, бичиж тэмдэглэж авах, улсынхаа төв архивд суух олон ном судар шагайх ажил наад захын ажил  байсан.

Үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн хүмүүсийн талаар дурсвал:

Би багадаа ном их уншдаг охин байсан. Аав минь хөдөөгөөс төв яваад ирэх  толондоо өврөөс нь амттан гарахыг ер  үзээгүй. Үргэлж ном гарч ирдэг байсан нь мартагддаггүй юм.  Өвөө минь Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошуунд төрсөн.   Баяжих дархан удамтай  Гэлэгийн Дамба гэж хүн  байж,  багадаа    Зүйлийн хүрээнд шавилан сууж Палжин ламаар бурхны ном заалгаж Гавжийн дамжаа дүүргэсэн эрдэм чадалтай лам хүн байсан тухай  аав ээж хоёр минь үдэш бүр бидэнд дурсан ярьж үлгэр домогт дурлуулсан.

Гавж Дамба гэж өвөө  минь Зүйлийн хүрээнд эрдэм чадлаараа тэргүүлж байсан төдийгүй хэр баргийн дайчин эрсийн зүрхийг нь үхүүлдэг байсан гэдэг юм. Жа лам Дамбийжанцан  сүм хийдийн орой өөд нь хэд хэдэн удаа буудаж сүр бадруулж лам  нарыг нь цуглуулан заримыг нь баривчлан хоёр гарыг нь гавлан, тамгын жасааны түшмэлүүдийг цуглуулан хошуу ноёныг хүртэл дуудан ирүүлж Та нар намайг ёс  төртэй угтсангүй, шашныг зохих ёсоор байлгасангүй хэмээн зандарч, Дайчин ван Жалчингомбодоржоор тугаа бариулан зогсоогоод сүрчигнэж байх үеэрээ өвөөг  дуудуулж  ирүүлсэн гэдэг юм. Өвөө  орж очуутаа чи хаа газрын хар хэрмэл оргодол вэ? Бичиг баримтаа гарга. Чи  хошуу үймүүлж, засаг ноёноор тугаа бариулсан, ямар эрхтэй этгээд вэ гэж хэлээд, ноёнд хандан, Чи тэр тугийг нь хая хэмээн тугийг тавиулж,  жа лам Дамбийжанцантай удаан хугацаагаар сөргөлдөж дуугүй болгоод, улмаар биед нь тулж, очоод  гараас нь барьж булчинг нь базаж  ямар ч хөдөлгөөнгүй хүнд байдалд оруулан айлгажээ. Гэтэл Дамбийжанцан Чи цаашаа суу. Хоёулаа хэл амаа ололцож, учир начраа ярья хэмээн гуйсан  явдлаас хойш Жа лам Дамбийжанцан ихэд айж сэжиглээд Зүйлийн хүрээнд олон хонож чадалгүй буцсан гэж аав  минь ярьдаг байсан. Ер нь зохиолч болох зохиол бичих  онгод авьяасыг аав ээж хоёр минь хөглөж  өгсөн дөө.  Ялангуяа ээж минь гойд  бурханлаг хүн байсан. Нэг өглөө ээж минь галаа асаангаа гэрийн тооноор хорин нэгэн дара эх заларч орж ирээд хойморт өнгө өнгийн туяа цацарлаа хэмээн зүүдэлсэн тухайгаа  аавд ярьж байсан нь  миний зохиол бүтээлд биелэлээ олсон.

Та уншигчийн хувьд юуг эрж, хайж байдаг вэ?

Өөрийнхөө тухай хамгийн их онцгой мэдрэмж төрүүлсэн магтаал, шүүмжийн аль алинаас нь бидэнтэй хуваалцвал?

Зохиолч, яруу найрагч хүн гэдэг өнгө өнгийн цэцэг дээгүүр  эрвээхэй шиг  эцэхийг мэдэхгүй эргэлдэн нисэж, ард түмний аж амьдрал, үндэстэн ястны хэл соёлыг судлах, цаашлаад бүргэд шиг дүүлж унахдаа унаж, босохдоо босож, магтаал зэмлэл хоёрыг зэрэг хүртэж, эх орны хорин нэгэн аймгаар бадарчин шиг хэрэн тэнэж цуглуулаад энгийн мөртөө үнэн магад зохиол бүтээлийг эрхэмлэн сэдвийг голтой атгаж, мэдлэгийг дөхөмжлүүлэн оюун санааны соёрхол, хүртээмжийг   сая уншигчийн таалалд нийцүүлж чадвал сайн зохиол төрөх  юм байна гэдгийг бие сэтгэлээр мэдэрсэн хүн би өөрөө. Жишээлбэл: “БУМАН ТАРНИЙН ЦАДИГ”-2- романы “МАНЖИД АЛДААГҮЙ МАНЦУЙТАЙ ХҮҮХЭД” бүлгийн хэсгийг уншаад уйлаад сууж байна гэж Өмнөговь аймгаас нэгэн эрэгтэй уншигч холбогдож,  нэрийг нь хэлээд яах вэ.  Нэг оройжин хэзээний ах дүүс шиг жаргал зовлонгоо ярьсан байх жишээтэй. Энэ чинь л уран бүтээлч хүний хамгийн том шагнал шүү дээ.

Таны хүүхэд насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу? Таны одоогийн мөрөөдөл? Нууц биш бол мөрөөдлөө бидэнтэй хуваалцаач

Хүн бүр мөрөөдөлтэй.  Мөрөөдөл байвал хүсэл биелдэг ч гэж ярьдаг. Би багадаа аргалд их явдаг аргал түүдэг охин байсан.  Өдөржин түүсэн аргал минь маргааш өглөө нь үнс болохыг олон удаа харсан. Гэрийнхээ гадаах аргалаа саахалт айлын аргалаас өндөр харагдуулах гэж их мэрийнэ. Гэтэл нэг өдөр ах минь иш дүү минь ингэж өөрийгөө зовоож яана даа. Хэд хоноод л манайх нүүнэ шүү дээ гэж билээ. Тэр цагаас хойш хорвоогийн хоосон чанарыг бясалгадаг болсон уу. Ном гэдэг гайхамшигт ертөнц бас шүлэг зохиол бичих тийм сайхан мөрөөдөл  зүрх сэтгэлийг минь лусын дагина шиг л  эзэмдэх болсон.

Өдөр тутмын амьдралд тань хөг нэмж, сэтгэлийг тань хөдөлгөдөг зүйлс юу байна?.

Уран бүтээлч зохиолч яруу найрагчид биднийг өдөр тутам хөглөж, дэргэд минь  гэрэлтэж, тэтгэж бас шүүмжилж байдаг амин сүнс болсон бүрэн эрхтэй хүмүүс бол бидний гэр бүл байдаг. Тэд минь дэргэд үгүй бол гандаж хатсан талын ганц мод болно.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх, Өөрийн эрхгүй уулга алдмаар тийм номын сантай таарч байв уу?.

Миний хувьд уулга алдмаар номын сан аавын минь номын сан. Хөдөө малчин айлд төвөөс ирсэн хүмүүс манай номын сангийн урд ирээд суучихдаг байж билээ. Манайх зуны улиралд долоогоос найм нүүдэллэнэ. Аав минь номын сангаа том цагаан эсгийд ороож хамгийн түрүүнд ачаалдаг байсан нь санаанаас гардаггүй юм. Сайхан том номын сантай айлууд байлгүй яах вэ.

Тэр дундаа Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан ахын номын сан уулга алдмаар үнэхээр сайхан санагддаг.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Сургуулийн алтан босгыг давж орохдоо одоогийн Төв аймгийн Лүн сумын найман жилийн сургуульд элсэн орсон. Анхны А үсэг заасан хүн бол аав минь юм шүү дээ.  Бага ангийн багш минь Ганбаатар гэж гайхалтай эмэгтэй байсан. Хичээл 9 сарын 1 нд орлоо.  Арван хоёр сарын үед юм байна. Ангийн багш хөдөөгөөс аавыг минь дуудуулав.  Би тэр үед сумын дотуур байранд ах эгч нартайгаа амьдардаг.  Дотуур байр хоол унд сайтай хамгийн тохилог байр байсан. Ангийн багш аавд хэлэхдээ охин чинь үсэг сурахгүй  цагаан толгойн бүх  үсгээ  буруу харуулж бичээд байна гэж ихэд цөхөрсөн шинжтэй аргадаж хэлсэнд аав минь арга буюу охиноо хөдөө  авч буцсан гэдэг. Би гэдэг хүн бөөн баяр хөөр гэртээ буцалгүй яахав.  Аав минь өдөр болгон цагаан толгойн үсэг надад зааж ээж минь уншуулж бичүүлсээр хавар гурван сар гэхэд би сумын төвд ирж ангийнхнаасаа хавьгүй илүү уншдаг. Тэр ч бүү хэл дөрөвдүгээр анги хүртлээ сургуулийн  минутын уншлагын аварга хүүхэд явлаа. Тэр цагаас л номд хорхойтой болсон. Учир нь ээж минь өдөр бүр сонин хачин үлгэр домогт умбуулдаг байсан нь их нөлөөлсөн үү. Сургуулийнхаа уран уншлагын тэмцээнд өөрийн зохиосон шүлгээрээ түрүүлж шүлэг бичдэг болсон.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Сургуулийнхаа номын санд өдөржин сууна. Оюутан ахуй насандаа ч тэр ном их уншдаг байжээ. Тэр үед монголын утга зохиолын сор болсон олон олон зохиолчдын номыг аав минь хот сумын төвөөс зөгий шиг зөөдөг байжээ.  Д.Маамын “Газар шороо” роман,  С.Эрдэнийн “Занабазар” роман,  Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Монте Кристо гүн” гээд олон сайхан тууж  романуудыг шимтэн уншдаг байлаа. Хонины бэлчээр, үнээ мал саахдаа  ч номоос салахгүй хувинтай сүүгээ асгаж  ээждээ их ч зэмлүүлсэн дээ.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном?

Дунд ангид байхад уран зохиолын хичээлээр үздэг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт  Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”-ийг уншаад анх номд шунан дурлаж шүлэг бичдэг онгод авьяастай болсон. Ялангуяа “Чулуутай танилцсан минь” энэ хэсэг нь   миний амьдралтай тун төстэй байсан учраас илүү дотно илүү ойрхон санагдсан хэрэг.  Төв аймгийн Лүн сумын анхны арван жилийг төгссөн. Тавдугаар ангид байсан намар  Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат  зүтгэлтэн төр нийгмийн зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Төрийн соёрхолт П.Бадарч хоёр  манай сургуульд уригдсан юм.  Ямар учрал ерөөл юм бүү мэд манай ангид хоёул ороод ирлээ. Ангийн багш минь инээмсэглэн угтаж самбарын өмнө хүндлэн суулгахад манай ангийнхан нэгэн  зэрэг босож хоёр их зохиолчтой мэндлэхэд Б.Лхагвасүрэн сүрлэг дуугаар танай ангид шүлэг бичдэг хүүхэд байна уу гэж асуусан юм. Манай ангийнхан миний нэрийг гэнэт хэллээ. Би гэдэг хүн хоёр хацар минь байдгаараа улайчихсан  самбарын өмнө гарч ирээд өөрийн зохиосон “Од” гэдэг шүлгээ цээжээр цангинатал уншлаа. Гэтэл П.Бадарч гуай суудлаасаа босож ирээд  сайн шүлэгч охин байна гэж миний духыг үнэрлэж билээ. Тэр цагаас хойш би тасралтгүй шүлэг зохиол бичсээр ирсэн. Нэг ёсондоо П.Бадарч гуай миний зохиолч болох анхны үүд хаалгыг нээж адисалсанд нь үргэлж залбирч явдаг.

Та өөрийгөө ном гэж дүрсэлбэл ямар төрлийн ном бэ? Багадаа уншиж байсан номныхоо хамгийн хайртай зохиолын баатар тань  хэн байв.

Би өөрийгөө номтой дүрсэлбэл үлгэр домгийн гэж хэлнэ.  Бид чинь багаасаа үдэш болгон монголын радиогоор үлгэр сонсож үлгэрээр  хорвоо дэлхийг төсөөлж  ирлээ. Миний уншиж байсан номуудаас “Хөөрхий дөө Болдоо” санаанаас гардаггүй юм.  Номыг уншаад анх хайр сэтгэл гэж юү байдаг ямар хатуу бэрхийг туулж байж хүн зорьсондоо хүрэхийг анх ухаарсан.

Энэ  их ажлын хажуугаар ямар ном уншиж байна. Уншиж буй номоосоо хуваалцах уу?

Сүүлийн үеийн судалгаан дээр үндэслэж бичсэн түүх эрдэм шинжилгээний номуудыг сонирхон судалж байна.

Таны унших дуртай ширээний ном? Ямар төрлийн ном уншдаг вэ?  Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл? 

Дилова хутагтын захидлууд номыг уншиж судалж байна. Дуртай номоо унших нь хол явж газар үзсэн мэт эсвэл олон жил уулзаагүй хүнтэйгээ учирсан мэт сайхан сэтгэгдэл төрдөг. Хүссэн номоо өдөр бүр л унших хэрэгтэй.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл? Ямар зохиолчийн номыг унших дуртай зохиолч? Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ?

Түүхэн сэдэвтэй зохиол бүтээл туурвиж байгаа тул тэр чиглэлээр өдөр бүр ном судар шагайж сууна. Миний хувьд номыг дуртай газраа уншдаг. Аль болох дуу чимээ багатай. Хүн номыг зүгээр гүйлгэж унших биш тухайн шинэ номоо танихгүй зочин шиг хүндэлж мөр хуудас бүрийг нь нягтлан уншиж өөрийн амьдрал болоод бусад зүйлстэй холбон үзэл бодлоо давхар нэгтгэж дүн шинжилгээ хийх нь нэн чухал. Энэ номоос миний амьдралд цаашлаад улс нийгмийн амьдралд хэрэгтэй зүйл байна уу. Огт мэдэхгүй зүйлээ ч номоос мэдэж авах нь элбэг. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэдэг  сургаал одоо ч үнэ цэнтэй хэвээр байна.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Дэлхийн шилдэг номын нэгээр шалгарсан  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт  Л.Түдэвийн   “Хорвоотой танилцсан түүх” туужийн ном бол монголдоо төдийгүй гадаад хэлээр орчуулагдсан хүүхдэд зориулагдсан бүтээл. Монгол хүүхэд бүр энэ гайхалтай номыг унших хэрэгтэй гэдгийг дахин дахин санал болгоё.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол чиний туулаагүй амьдралыг зүрхэнд чинь шивнэгч дотны анд хөтөч чинь юм гэж зөвлөмөөр байна.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B