Хүн болгон бололцоо бололцооныхоо хэрээр бага сагахан номын цуглуулгатай байж, жижиг хүүхэд бол зурагтай ном, том болсон хүүхдүүд маань харин ур ухаантай, утга уянгатай, эрдэм билиг шингэсэн сайн номыг сонгож уншиж байх хэрэгтэй…

Хүн болгон бололцоо бололцооныхоо хэрээр бага сагахан номын цуглуулгатай байж, жижиг хүүхэд бол зурагтай ном, том болсон хүүхдүүд маань харин ур ухаантай, утга уянгатай, эрдэм билиг шингэсэн сайн номыг сонгож уншиж байх хэрэгтэй…

Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа.

Таны хүүхэд насандаа эзэмшихийг мөрөөдөж байсан мэргэжил одоогийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Би хүүхэд байхдаа моринд дуртай, хурдан морь унадаг хүүхэд байлаа. Аав ээж, ах дүүгийнхээ буянд сайн морьд унаж өссөн болохоор адуутай холбоотой хүн болно гэж бодож байв. Тэгээд морь уяж үзэхийн даваан дээр арав төгсөөд их сургуульд ирсэн дээ. Ингээд морь малаас бүр хөндийрч, монгол хэл бичгийн багш мэргэжлээр таван жил суралцаж төгссөн. Миний мэргэшсэн мэргэжлийн тухайд бол эртний монгол бичиг ч гэж ярьдаг, хуучин бичиг гэж ч ярьдаг босоо монгол бичгээ бусдад заах гол чиглэлтэй бэлтгүүлж багш болсон хүн би. Сургуулиа төгсөөд монгол бичгийг дагнан заах багшаар их сургуульдаа үлдэж ажиллаж байсан ч олон жил цагаар хичээл заасангүй. Гэсэн хэдий ч одоог хүртэл гадаад дотоодын оюутан залууст монгол бичгээ зааж сургасаар яваа гэж хэлж болно.

Миний хувьд эрдэм шинжилгээний ажилд их удаан жилийг зориулсан учир өөрийн үндэсний бичиг үсгийн түүх, ном хэвлэлийн түүх, монголынхоо өв соёлын чухал хэсэг болсон монгол төвөд бар хэвлэлийн түүхэн чиглэлээр оролдон ажилласан. Яг хэлний нарийн мэргэжилтэй ч хүн биш, уран зохиолын нарийн мэргэжилтэй ч хүн биш, төвөд монгол эх бичиг судлалын мэргэжилтэн хүн гэж явсаар тэтгэвэрт гарсан юм. Энэ нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Төвөд судлалын тасаг гэж 1980-аад оны эхээр манай алдартай Да багш байгуулахад анх ороод одоо тэтгэвэрт гартлаа 40 гаран жил ажилласан болохоор төвөд монгол эх бичиг голлосон судалгааны ажил хийж явлаа.

Таны бодлоор ном гэж юу вэ?

Ном бол хамгийн эрхэм нандин зүйл мөн билээ. Танайхан номын сангийн талаар ярьж байгаа болохоор бүх нийтийн уншдаг номын талаар асууж байна гэж ойлголоо. Аливаа улс бичиг үсэгтэй болсноос хойш ном бичиж, дэвтэрлэж, барлаж ирсэн түүхтэй. Тэгэхээр манай монголчууд ч ялгаагүй ном соёлын олон зуун, мянган жилийн түүхтэй улс юм. Ялангуяа хүүхэд залуучууд үндэсний хэл бичигтээ төгс сайн суралцаж, бага залуугаасаа жижиг хүүхэд бол зурагтай ном, том болсон хүүхдүүд маань харин ур ухаантай, утга уянгатай, эрдэм билиг шингэсэн сайн номыг сонгож уншиж байх хэрэгтэй. Хүн болгон бололцоо бололцооныхоо хэрээр бага сагахан номын цуглуулгатай байж, тэр номоосоо сайн номыг нь дахин дахин уншиж өөртөө сургамж болгодог байвал сайн гэж дээдэс мэргэд сургасан байдаг шүү дээ. Ийм маягаар хүүхдүүд багаасаа ном уншиж, номдоо гамтай, нямбай ажиллаж сурах хэрэгтэй. Ингэвэл эрдэм мэдлэг боловсрол нь дээшлэхэд их хэрэгтэй гэж бодож байна. Зарим гүн гүнзгий утга санаа агуулсан, ойлгогдохгүй байгаа номыг залуучууд хүүхдүүд маань багшаасаа, аав ээжээсээ, ахмад хүмүүсээс ч юм уу хэлүүлж байгаад ч болтугай ойлгож авах, тэр номноос нэг өгүүлбэр, нэг үг, нэг утгыг ч үлдээлгүй мэдэж аваад байвал үгсийн сан баяжих, номыг нарийн нягт ойлгож сурахад тустай байх аа.

Номыг ямар зорилгоор уншдаг вэ? Ном унших талаар орчин үеийн хүүхдүүдэд зөвлөгөө сургамжийн үг хэлж өгөөч

Эртний уламжлалаар бол ялангуяа сүм хийдийн лам хувраг хүүхдүүд бүр бурхан багшаас дамжиж ирсэн тэр номын ухааныг багшаараа хөтлүүлж заалгадаг ёстой байжээ. Энэ уламжлал бол одоо ч гэсэн хэрэгтэй. Ямар ч номыг уншсан тэр мэргэжлийнх нь багш болон тухайн нарийн мэргэжлийн эрдэмтэй номтой хүнээр хөтлүүлэн заалгахад гэмгүй. Ийм ажлыг манай номын сангууд болон ахмад хүмүүс бодууштай юм аа. Ер нь нарийн мэргэжлийн номыг хүн уншаад тэр болгон ойлгодоггүй. Ойлгосон ч тогтоц үлдэц нь янз янз байдаг. Зарим хүн бол уншсанаасаа илүү хүнээр яриулахад буюу тайлбарлуулж ойлгож авахаар өөрийн болгож сайн ойлгодог талтай учраас ном уншихаас гадна ном хөтлөх ёс гэж нэг зүйл байсныг тун анхаарууштай. Энэ ёсыг манай номын сангийн газрууд дагуулж, хөтлүүлж, зарим номыг үзүүлж сургавал зүгээр юм. Үүний нэг хэлбэр нь одоогоор бол зохиолчтой нь уулзана уулзуулна гэдэг зүйл мөн л дөө. Ямар шүлгээ, ямар дуугаа, хэдийд яаж хэрхэн зохиосон бэ гэдэг шиг тийм гүн нарийн мэргэжлийн номнуудыг бол их дээд сургуулийн багш нар оюутнууддаа хөтөлж зааж байна л гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш бүгдээрээ ном үзээд дээд мэргэжилтэй болно гэдэг хэцүү учраас хүн бүр ажил амьдралдаа чухал тустай номыг тусгай багшаар хөтлүүлэх ёсыг сэргээгүүштэй юм. Ер нь танхимын хичээлд багш самбарын өмнө зогсоод хүүхдэд заах бол онцгой ач холбогдолтой. Энэ чинь нэг ёсондоо багш нь ном сурах бичгээ хөтлөн зааж байна гэсэн үг шүү дээ. Тэрнээс гадна ахмад багшаар хувиараа, ганц хоёроороо, цөөн хэдүүлээ гэрт нь очоод сайн заалгавал маш чухал. Тэгэхээр манай зарим сургуулийн газар сонгон суралцах хичээл гэж байдаг нь түүний нэг хэлбэр гэж болох юм. За ийм маягаар л номыг уншиж суралцвал хүүхэд залууст тустай гэж бодож байна. Үүний сайн жишээ нь цөөн хүүхдийг багш нар нь төрөл бүрийн олимпиадад бэлтгэж байгаа явдал мөн.

Та өөрийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлынхаа талаар яривал?

Би сүүлийн үед бага сага зүйл оролдож байна. Бүр зүв зүгээр арай суугаагүй ээ. Үүнд нэлээд эртний ном судрын тасархайнууд Дундад улсын элсэн цөл газрын агуй сүм хийд, хот суурины малтлагаар голцуу олдсон байдаг. Тийм ном судрын зарим нэг хэсгийг таньж уншсан, азаар оноож тогтоож чадсан нь гурав дөрөв боловч манай ном хэвлэлийн чухаг ховор дурсгал болж байна. Тэр ажлаа эмхэлж цэгцлэн дэвтэрлээд нэг жижиг ном болгох санаатай оролдож сууна. Түүний дотор Монголын дөрвөлжин үсгээр, монгол хэлээр хэвлэсэн “Мэдэгдэхүүнийг бэлгэтэйеэ гийгүүлэгч” гэдэг чухал номын тасархайг таньсан байгаа. Бас “Найман гэгээн” гэдэг судрын тасархайг оноож таньсан юм. Мөн “Эвтэй дөрвөн амьтны үлгэр” гэдэг цадигийг эрт цагт маш гоё зурагтай хэвлэснийг тодруулж тус тусад нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Энэ бүгдийг арай хожуу үеийн манай нутгаас малтаж олсон номын заримыг тодруулж таньсан зүйлстэйгээ нэгтгэн эмхэтгэл болгохоор зэхэж байна. Мөн цаг үеийн хурал зөвлөгөөнд оролцож, илтгэл айлтгал хийх ажилд оролцож явна даа. Бас энд тэндэхийн хүрээ хийдүүдэд хэвлэсэн янз бүрийн ном судрын барын гарчиг зэргийг оролдсоор л байна.

Өнөөгийн нийгэмд монгол ёс уламжлал ямар байгаа талаар таны бодол?

За өнөөдрийн монгол улсад бол өмнөх үеийн ёс заншил, өмнөх үеийн аж төрлийн байдал өөр болж байгаа учир уламжлал маань нэлээн ондоо болж байна уу гэмээр тал бий. Ялангуяа хот суурин газрын улсууд бол шинэ ёс жаягтай, цоо шинэ монголчууд бий болоод байх шиг. Хөдөө орон нутгийн малчид харьцангуйгаар хуучин нүүдлийн соёл уламжлалаа авч явсаар байгаа. Гэвч цагийн аясаар, аргагүй амьдралын шаардлагаар хаана хаанаа боловсон соёлтой техник нэвтэрснээр монголын аж амьдрал төдийгүй дэлхий даяараа өөрчлөгдөж байж ч мэдэх юм. Ер нь л өөр болоод байх шиг байна аа. Тэгэхээр цагийн аясаар дэвшиж, дээшилж өөрчлөгдөхөд төдийлөн буруу юм байхгүй биз. Гэвч хүний юмыг даган дуурайж өөрийнхөө үндэсний ёс заншил, уламжлалыг орхино гэдэг бол зарим талаар тусгүй хэрэг. Муу дутагдалтай талаа халах солих нь сайн биз гэж бодож байна.

Монголын уламжлалт “Цагаан сар” болох гэж байгаатай холбоотойгоор энэ баярын талаар залуусын мэдвэл зохих ёс уламжлалын талаар ярьж өгөхгүй юу

Одоо Цагаан сар болж байгаа учраас энэ үеэр манай хүүхэд залуучууд ахмад настан, аав ээжийгээ хүндэлдэг, монголын бэлгэ дэмбэрлийг харуулдаг олон сайхан ёс заншлыг ахмад буурлуудаасаа харж сурч, уламжилж явах ёстой. Ер нь аль  ч улс үндэстэн бол өөрийнхөө соёлын эртнээс заншиж ирсэн дэвшилттэй сайн зүйлсүүдийг нэгийг нь ч орхихгүй улам баяжуулж, хөгжүүлж цаашид уламжилж явах хэрэгтэй. Муугаа бол гээгээд хүний соёлыг бол тун бодлоготой сайныг нь өөрийн болгож даган дуурайж  идээшүүлж авч болно. Тэрнээс биш нийтээрээ боловсон, соёлтой болох гэж байгаа нь энэ гээд англи америкийг дуурайж дарвиад өөрийнхөө хэл соёлыг орхиж хүний хувцас, хүний хоол хүнсээр тансаглаж явах нь тийм ч сайхан зөв зүйтэй зүйл биш ээ. Үндэсний хувцсаа өмсөөд, дээл хувцсаа оёж хийгээд сурчих юм бол сайн сайхан дээл хувцас хийгээд өмсөхөд даавуу даалимба, торго дурдан нь харьцангүй хямдхан элбэг болсон цаг шүү дээ. Дээхэн үед юм юм ховор байсан цагт манайхан болгоод л байсан, гэхдээ одоо бол хавтгай утасны зах хангалтай элбэг болсон цаг юм. Тэгэхээр бид цагаан сар болон улсын баяр наадмаараа үндэсний хувцсаа өмсөж хэрэглэх хэрэгтэй шүү. Хүйтэн нойтон цагт дулаан дээлтэй, аагим халуун цагт сэрүүн дан дээл тэрлэг, морин цамц иймэрхүү өөрийн гэсэн хувцастайгаа үлдвэл монголын соёл уламжлалд хэрэгтэй зүйл. За иймэрхүү зүйлийг залуу хойч үеийнхэндээ захиж хэлье. Өөр бусад нарийн ширийн зүйлийг яривал нэг удаагийн товч ярилцлагад багтахгүй маш нуршуу болох учир ингэсгээд төгсгөе.

Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу?

Монголчууд хэл яриагаа монгол хүний хэлдэг, ярьдаг ёсоор хэлэлцэж ярилцаж сурах, даруу төлөвхөн зан харилцааны соёлтой байх, аав ээж анд нөхдөдөө аятайхан цөөхөн үгтэй захидлыг цаасан дээр биш юм гэхэд цахим төхөөрөмж, гар утсан дээрээ ч гэсэн алдаа мадаггүй, яруу тодорхой, ойлгомжтой бичиж сурах хэрэгтэй. Энэ байдал бол өдөр хоног цаг хугацаа явах хэрээр баахан тааруу болоод байх шиг. Үүнийг сайн болгох хэрэгтэй, цаашилбал албан бичиг, хувийн өргөдөл гомдол, бичиг соёлын ажил хийдэг оролддог улсууд нь бүр монгол хэл бичгийнхээ найруулга, эртнээс уламжилж ирсэн зүйлийнхээ дэвшилттэй талыг аваад орчин үеийн цөөн боловч яах аргагүй хэрэглэгдэх нэр томьёог оруулаад ч болов яруу тодорхой, хэн ч уншсан хоёрдмол утга санаа агуулаагүй сайхан бичиж чаддаг боловсролтой болмоор байна. Ингээд ярих бичих хоёр нь цэгцтэй болчихвол ёс заншлаа өвлөн уламжлахад ч тустай, ер нь тийм чамбай нямбай хэрсүү хүн болоход ч хэрэгтэй гэж бодож байна.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Munkhzul.B