Уншсанаа тархиндаа юм болгон үлдээж өөрийгөө хөгжүүлж чадаж байвал уншсан номынх нь үнэ цэн тэнд л орших байх…

Уншсанаа тархиндаа юм болгон үлдээж өөрийгөө хөгжүүлж чадаж байвал уншсан номынх нь үнэ цэн тэнд л орших байх…

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач

Намайг Доржийн Ганцэцэг гэдэг. 2007 онд СУИС-ын жүжигчний мэргэжилээр, 2011 онд мөн СУИС-ын уртын дууны анги төгссөн. 2006 оноос 2014 он хүртэл УДЭТ-т ажилласан. 2015 оноос Бээжин хотын театрт урлагийн их сургуулийг урлагийн удирдлагаар суралцаж 2020 онд магистр хамгаалсан. Товчхон гэвэл ийм л байна ккк

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Тиймээ, бага байхаас л урлагийн зам намайг хөтөлсөн юм болов уу л гэж боддог.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Үсэг сураагүй байхад ээж минь үлгэрийн ном их уншиж өгдөг байсан. Уншиж чаддаг болоод өөрөө үлгэрийн ном сонирхож уншдаг байсан.

Хамгийн анх бие дааж ямар ном уншсан бэ?

Монгол ардын 1000 үлгэр билүүдээ,…тийм нэг үлгэрийн номыг бүтэн уншсан байх, аль хэсэгт нь ямар үлгэр байдгийг хүртэл сайн мэддэг байсныг бодоход ах эгч нартайгаа уралдаад л байн байн авч уншсаар байгаад элэгдсэн байх хэ хэ. Тэр үед одоогийнх шиг техник технологи хөгжиж амжаагүй байсан үе, үлгэрийн ном л хоорондоо дамжуулаад нэгнээсээ хэд хоногоор зээлээд л уншдаг байждээ.

Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаа хуваалцахгүй юу?

Дунд сургуулийн 4,5-р ангиас юмуудаа. Тэр үед монголын түүх уран зохиолын хичээл орж эхэлсэн их сонирхолтой санагддаг байлаа, тэгээд зуныхаа амралтаараа монголын нууц товчоо, Д.Намдаг “Цаг төрийн үймээн”, Майн рид “Хурлийз бүсгүй”, Н.Саманд “Сахалтай хүүхэн”, Л.Түдэв “Оройгүй сүм” гэхчлэн уран зохиол голлон уншдаг байжээ. Дурсамж гэснээс нээрэн саяхан нэг дуучны дууны үг сонсоод жинхэнэ хүүхэд насны дурсамж сэргээд гоё байна лээ. Салхи Нямка гэж дуучин “Акаадым” гэдэг дуу гаргажээ. Түүний дууны үгийг бага байхдаа дүүтэйгээ уралдаж цээжилдэг байсан санаанд ороод дээр дурдсан.

Н.Саманд “Сахалтай хүүхэн” гэж нутгийн аялагаар бичигдсэн шүлгэн ном байсан түүний “Акаадым” гэдэг залхуу хүүхдийн талаар бичсэн шүлэг байдаг байлаа, дүүтэйгээ хамт ажил хийхээрээ л өнөөхөө санаж хамт дуржиганатал уншдаг байлаа.

Ажил хийдгуа цухалтаам

аргал түүдгуа цухалтаам

Хоовонд наалдаад хойнд гардгуа цухалтаам

гэдсээ илээд гэрээс гардгуа цухалтаам гээд л…

Таны бодлоор хүүхдийн хөгжил, суралцах чадвар, мэдлэг бүтээхэд ямар, ямар чадварыг эзэмшүүлбэл хэрэгтэй вэ?

Багаас нь хүүхдийг ном уншуулж сургах нь тархийг хөгжүүлж тэлэх, урлаг юмуу спортын аль нэгээр хүүхдийг хөгжүүлэх нь тэсвэр хатуужилаас гадна аливаа шинэ зүйлд өөрийгөө удирдаж суралцах тэвчээр, хувийн зохион байгуулалт, сэтгэлийн хат бий болгож байдаг гэж бодож байна.

Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн арга барилтай байдаг. Харин таны хувьд номоо хэрхэн сонгодог вэ?

Ном унших гэхээр эмх цэгцгүй олдсон тааралдсанаа унших биш уншсанаа өөртөө мэдлэг болгож үлдээе гэвэл системтэй унших ёстой, яг л комьпютрт шинэ файл үүсгээд мэдээлэл хийдэг шиг. Миний хувьд энэ зарчмыг баримталж өөрийн сонирхож байгаа чиглэлээрээ нэг хэсэг номууд уншиж тэдгээрийн хоорондын уялдаа холбоог бодох их зүгээр байдаг.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

“Өглөөний гайхамшиг” гэдэг сайхан номыг одоо мэдэхгүй хүн ховор байх тэр номыг гараад удаагүй байхад нь уншиж байлаа. Миний амьдралын хэмнэлд багагүй өөрчлөлт орсон. Өглөө эртийн цагийг өөрийн хийж амждаггүй зүйлдээ зориулж сурсан, эрт босох дадалтай болж, цагийг илүү үр дүнтэй өнгөрөөж түүндээ урамшиж, цагийн төлөвлөгөө гаргаж амьдрал илүү эмх цэгцтэй болсон шиг санагддаг юм. 

 Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Бид амьтнаас ялгарах гол зүйл нь оюун ухаантай түүнийгээ үргэлж  хөгжүүлэх, тэлэх, мэдлэгийн цар хүрээг өргөн болгох шаардлага хэрэгцээ байдаг дэлхийд шинэ нээлт хийсэн суутнууд юуг ч уншиж судлахгүйгээр зүгээр сууж байгаад тийм их амжилтанд хүрээгүй л байх. Норовын намтар шиг уншсан судалсанаа мартаж гээлгүйгээр үргэлж өөрийгөө шинээр сэдэлжүүлж, хандлагаа өөрчилж, аливаа асуудалд ул суурьтай олон өнцгөөс харах чадварт суралцах зэрэг уншсанаа тархиндаа юм болгон үлдээж өөрийгөө хөгжүүлж чадаж байвал уншсан номынх нь үнэ цэн тэнд л орших байх.

Таны унших дуртай ширээний ном?

Яг одоогоор би зохиолч Тодко самсоны бэст сэллэрүүдээр амьсгалж байна даа. Эмоци продакшны 10 жилийн ойд зориулсан “Нэгэн зуны цэцэг” драмын жүжигт хамт ажиллах сайхан боломж олдсон юм. Төрсөн өдрөөрөө зохиолчоос нь өөрийнх нь гаргасан бүх номуудын дээжийг бэлгэнд авна гэдэг хамгийн сайхан бэлэг байсан.

Ямар төрлийн ном уншдаг вэ?

Уран зохиол уншиж байх нь бидний мэргэжлийн ажлын нэг хэсэг юмдаа, ер нь шашин, далд ухамсар, хувь хүний хөгжилийн талаарх ном илүү сонирхолтой байдаг.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Ном уншихад зориулалтын орчин байхад илүү төвлөрдөг мэдээж номын санд, эсвэл нам гүм орчин, сүүлийн жилүүдэд манайд кофе шоп ихээр дэлгэрсэн өглөөний цагаар хүн багатай байдаг тэнд аяга кофе уугаад ном уншихад тухтай байдаг.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол?

Дурдвал ихээхэн урт жагсаалт гарах байх миний хувьд монголын ч бай, гадаадын ч бай уран зохиолоос их зүйлийг ухаарч болдог тэгэхээр уран зохиол уншиж байвал маш их ухаарал авах сайхан номууд зөндөө бий дээ.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

 

Munkhzul.B