Ном уншихаар сэтгэл санаа сэргэж, ухаан мэдлэг уужимсдаг…

Ном уншихаар сэтгэл санаа сэргэж, ухаан мэдлэг уужимсдаг…

Сайн байна уу? Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө танилцуулна уу?

Намайг Оросоогийн Цацрал гэдэг. Би Улаанбаатар хотод 1942 онд одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн суурин дээр тэр үеийн “Эх нялхас”-ийн амаржих газар төрсөн. Миний эцэг Оросоо Увс аймгийн Өндөрхангай сумын хүн бөгөөд Халх голын чөлөөлөх дайны ахмад дайчин, жолооч. Эх Гэнцэн Дорноговь аймгийн Мандах сумынх, дайны үед цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин байсан үйлэнд уран ба Засгийн газар ажиллаж байхдаа И. В. Сталины мэндэлсний 70 насны ойгоор бэлэглэх Монгол үндэсний дээлийг бусдын хамт оёлцож байсан дурсамжтай хүний нэг байсан.

Та ямар сургуульд суралцаж, ямар мэргэжлээр төгссөн бэ?

Би чинь 1961 онд Улаанбаатар хотын 2-р арван жилийн дунд сургуулийг дүүргээд, хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Буриадын Улан-Удэ хотын “Дорнод Сибирийн Соёлын Дээд Сургууль”-ийн Номын сангийн ангид сурч байгаад, 1962 онд Москва руу шилжиж тэндээ Москвагийн Улсын Соёлын Дээд Сургуулийн факультетэд суралцан 1965 онд “Номын Сан судлал – Номзүйч” мэргэжлээр төгссөн.

Та ямар байгууллагад, ямар албан тушаалаар ажиллаж байв?

Төгсөж ирээд Улсын Нийтийн Төв Номын Санд хуваарилагдан очиж, Ахлах номзүйч, Үйлчлэх ба ном ажиллах хэлтэс, Арга ухаан номзүйн хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Улаанбаатар хотын Нийтийн Төв Номын сангийн эрхлэгчээр, Соёл Гэгээрлийн дунд сургуульд Ахлах багш, Техникийн Их Сургууль (ТИС)-д Номын сангийн захирлаар ажиллаж байгаад нөхөр маань Москвад Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины хүрээлэнд ажиллах болсон тул гэр бүлээрээ Москвад шилжин, Монголын элчин сайдын яамны харъяанд ажиллаж байгаад Улаанбаатар хотын Д. Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Төв Номын сандаа Ахлах номзүйчээр өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан. Тэтгэвэрт гарсан боловч үргэлжлүүлээд Урлах Эрдмийн дээд сургуулийн хүсэлтээр тэндхийн номын сангийн эрхлэгчээр 75 насыг зооглох хүртлээ ажиллаад гавъяаныхаа амралтыг эдэлж байна даа.

Та номын ертөнцтэй анх хэдэн настайдаа танилцсан бэ? Дурсамжаа хуваалцана уу?

Бага хүүхэд байх үеийн юм санагдуулчихлаа. Би хүүхдийн цэцэрлэгт байхын үлгэр сонсох, зурагтай ном үзэх дуртай байсан санагдана. Миний ээжийн ажлын өрөөнд гоё өнгөтэй, эрээн мяраан зурагтай том том сэтгүүл байдаг байсныг нүд баясан, сэтгэл хөдлөн шохоорхон хуудсыг нь эргүүлэн үздэг байсан сан. Одоо бодоход “Советский союз”, “Советская женщина” гэхчилэн орос сэтгүүл байсан бололтой. Энэ л над хамгийн түрүүнд ой тоонд орж, цаашдын ном хэвлэлтэй ойр дотно байх, номтой нөхөрлөх үүд хаалгыг нээж өгсөн болов уу гэж бодном. Дунд ангид сурч байхдаа утга зохиолын бүлгэмд явж шүлэг оролдон “Пионерийн үнэн” сонинд ганц нэг шүлэг нийтлүүлж байсан удаатай. Үүндээ ч юм уу, ямартай ч зөн совин нь ч гэх юм уу, номын санд байдаг орос хэл дээрх сэтгүүлийг он дараалан эргүүлэн Монголын холбогдолтой ном товхимол, өгүүллийг түүж эмхэтгэсэн юм. Тухайлбал “Библиография работы по Монголии” гэсэн номзүйн V, VI ботийг ахмад ажилтан Вера Викторовна абугайтай хамтран хийж нийтлүүлсэн билээ. Ингэж дотоод, гадаадын судлаач, эрдэмтэн болон нийт сонирхогч олон түмний хүртээл болгож байв. Энэ бол ганц хоёрхон амьд жишээ юм. Цааш нь тоочоод, дурсаад байвал олон ч юм хэлж болох байна. Ийнхүү яруу найрагч Г. Мөнхцэцэгийн “Номын гэгээ туссан газар бүхэн их цагаан энерги, хүч оюун хурж байдаг” гэж зүйрлэж хэлсэнчлэн тэр номын аугаа их ертөнцтэй хувь заяа минь үүрд холбогдсон билээ.

Бага, идэр залуу байхдаа хэр их ном уншдаг байв?

Намайг бага ангиасаа төгсөн төгсөтлөө ном их сонирхдог, номонд дуртай сониуч байсан гэж хэлж болно. Бас л дурсамжаа хэлмээр санагдчихлаа. Миний сурч байсан үед 1-р арван жил нь дан эмэгтэйчүүд, 2-р арван жил нь дан эрэгтэйчүүд 3 жил суралцаж байсан юм. Манай гэр орон, Нийслэлийн үлгэр жишээ 1-р арван жилийн сургуулийн дунд нь Улсын номын сан ойрхон байсан учир тус номын сангийн хүүхдийн уншлагын танхимд ном уншдаг, нэг ёсны байнгын уншигч нь байлаа. Тус танхим нь одоо байгаа ҮННС –ийн каталогийн өрөөнд 1953 оны 4-р сарын 11-нд нээж ажиллуулсан байдаг. Тэр танхимд оронгуут номын шилэн тавиурт хүүхдийн номын зурагтай, нүүрийг нь ил харуулж тавьсан байдаг учир дуртай номоо авч уншдаг байж билээ. Одоогийнхоор бол номын “чөлөөт сонголт” байсан байх нь ээ. Тэр үед элэгсэг дотно харьцаатай, ямар ном авах гээд угтан үйлчилдэг нэг ах байсан сан. Тэр нь Бадамбазар гэдэг номын санч байсан бололтой. Бага ангиасаа тэр үеийн хүүхдийн зохиолч Б.Бааст, Ч. Уламбаяр, О. Даржаа, Л. Бадарч нарын гэх мэт зохиолчдын олон ном уншсан. Орчуулгын номоос В. В. Маяковский, Н. Носов, А. Гайдар, Б. А. Крылов гэх мэт олон зохиолыг уншиж байлаа. Аугаа их нэрт зохиолч Д. Нацагдорж, бичгийн их эрдэмтэн Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, түүхч Ч.Далай, Г. Сүхбаатар нарын зохиол бүтээлүүдийг ихэд сонирхон уншиж байлаа. Ямар зохиол бичсэн нь тодорхой учир энд зөвхөн зохиолчийн нэрээр нь дурдах нь зөв болов уу даа. Нэрт зохиолч Б. Явуухулан, Л. Түдэв, Д. Пүрэвдорж, Ч. Лодойдамба, Ч. Чимэд, Ц. Гайтав, П. Хорлоо, Д. Цэвэгмид, С. Удвал, Д. Намдаг, М. Цэдэндорж, Б. Лхамсүрэн гэх мэт зохиолчдын түүвэр найраглалыг уншиж байлаа. Түүнээс гадна Оросын болоод Зөвлөлтийн зохиолчид, гадаадын уран зохиолоос амтархан уншдаг байв. Н. В. Гоголь, А.С. Пушкин, М. Ю. Лермонтов, П. П. Чехов, Н. Островский, А. Фадеев, Л. Н. Толстой, Б. Полевой, К. Семенов, М. А. Шолохов, С. Есенин, Р. Гамзатов, Ч. Айтматов, Э. Войнич, М. Рид, Дж. Свифт, Ж. Байрон, А. Бернс, Д. Дефо, Э. Хемингуэй, Ж. Верн, О. Бальзак, Т. Драйзер, Анна Зегерс, Р. Тагор, К. Чандра, М. Твен, А. Конандойль гэх мэт зохиолуудыг уншиж байлаа.

Номын санд сууж уншихаас гадна ном худалдаж аваад ангийнхантайгаа номоо солилцон уншдаг ч байлаа.

Гадаадад байх үеийн номын сангийн мэргэжилтэн бэлтгэх сургуулийн хөтөлбөр юу байв?

Москвагийн Улсын Соёлын Дээд Сургуулийн Номын сангийн ангид Номын сангийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд зориулсан хичээлийн хөтөлбөрөөр судалдаг байв. Улс төр эдийн засаг, түүх, гадаад улс орны түүх, гүн ухаан, гоо зүй, ёс суртахууны сургааль номлол мөн утга зохиол, оросын утга зохиол, Зөвлөлтийн олон үндэстний болон хүүхдийн, гадаад улс орны утга зохиол, байгалийн орчин үеийн шинжлэх ухааны онолын үндэс, номын сан судлал, номын сан судлалын түүх, ном хэвлэлийн түүх, ерөнхий ба салбар ухааны номзүй, гадаад орны номзүй, орон нутгийн ном зүй гэх мэт хөтөлбөртэй байсан. III, IV курсэд Лениний нэрэмжит улсын номын сан, хот, дүүрэг, хүүхдийн номын сангуудад дадлага хийн хамгаалдаг байв.

Амьдрал ахуйн бодол мөрөөдөл, хүсэл эрмэлзлийн хувьд таныг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ямар ном байв?

Миний дээрх бичсэн зохиолчдын ном бүхэн нь миний амьдралд хөлөө тавих, хэрхэн аж төрөх, өсөн торнин төлөвшин хүмүүжин, амьдрах ухааныг ухамсарлан ойлгоход номын хүч буян нөлөөлсөн нь гарцаагүй үнэн билээ. Нөгөө талаар сурч боловсроход нөлөөлсөн. Эх хэлнээ орчуулагдсан гадаадын уран зохиолыг арван жилийн дунд сургуульд суралцах урт хугацааг ашигтай өнгөрүүлж уран зохиол уншиж байгаагүйсэн бол хэрхэн орос хэл дээр уншиж барах билээ дээ. Оюутан байхдаа орос-зөвлөлтийн үеийн болон гадаадын уран зохиолын хичээлийн шалгалтыг “Онц” дүнтэйгээр төгсөж байв. Монгол улсынхаа элчин сайдын яамнаас цалин дээрээ нэмэгдэл рубль авч үзэж байсан. Ингэж л идэр залуу насанд минь ном нөлөөлсөн нь гайхалтай.

Таны ширээний ном, одоо уншиж байгаа ном тань юу вэ?

“Ном бол хөгшрөхийн цагт, хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш” гэж С. Смайлс хэлсний дагуу миний хувьд одоо амьдралд минь хамгийн ойрхон байдаг заавал мэдэж байвал зохих ном уншихыг л боддог. Иймд эрүүл мэнд, уламжлалт эмчилгээ, эмийн ургамал, зөв хооллолтын сэдвээр голчлон уншиж байна. Миний ширээний ном бол хүүхдийн их эмч С. Оюунцэцэгийн “Эх үрсийн эрүүл мэнд”, “Хүмүүжлийн цуврал гарын авлага”-аас гадна, “Та ээж боллоо” гэсэн 10 жил бестселлер болсон ном мөн Д. Мөнхөө “Монгол гэр бүлийн ширээний ном”-ыг уншаад байна. “Номыг уншиж бардаггүй, ажлыг сурч гүйцдэггүй” гэгчээр төлөвлөөд байсан юм үгүй ээ. Нэг номоо давтан уншдаг. Шинэ соргог ном, бестселлер ном сонирхдог.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болгооч?

Залуучууд, нийт залуу хүмүүст өгөх өсөх ирээдүйн тухай итгэл үнэмшилтэй бичсэн номыг л санал болгомоор байна. “Ном уншихаа боливол сэтгэхээ болино сэтгэхээ боливол хөгжихөө болино” гэж Д. Дидро хэлсэн байдаг. Тиймээс гадаадын уран зохиол буюу бестселлер болсон номноос гадна яруу сайхан хэлээрээ сайн бичигдсэн монгол зохиолчдынхоо шилдэг уран бүтээлийг нэн түрүүнд уншихыг зөвлөмөөр байна. Мөн хүн өөрийнгөө сайнаар өөрчлөх, сэтгэл санаандаа нийцсэн амьдралд хүрэхэд үнэнхүү тус болохуйц монгол ухааны гайхамшиг, монголын эрт эдүгээгийн түүх, ёс зан заншлын тухай болон эх үрсийн судар, гэр бүлийн ширээний номыг уншиж дадал болговол зохилтой. Хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстой. Тэр бол “Эрүүл амьдрахын тухай” ном юм гэж Стив Жобс хэлсэн байдгийг санал болгоё.

Ном унших дадлыг хэрхэн бий болгох вэ?

Номыг хагас дутуу зэрэмдэглэж унших нь маш буруу зуршил юм. Өөрийн сонирхсон номыг юуны өмнө зөв сонгож авууштай. Сонгохдоо номын нэр хараад сонгох нь учир дутагдалтай тал бий. Номын гарчиг биш номын доторх удиртгал, агуулга, ашигласан эх сурвалж ба номзүйг нь анхааралтай сайн уншиж танилцан байж сонгууштай. Номыг системтэй уншдаг байвал зохино. Өөрөөр хэлбэл ном унших дадлыг бий болгохдоо ном унших цагийн хуваарийг ягштал баримтал. Ямар ч завгүй байсан ч цаг гаргаж өдөр тутамд 3, 5, 10 хуудас уншаад сурчихвал нэг мэдэхэд уншиж дуусаад баяртай байх болно. Ном уншаад л үйл явдал нь одоо цааш яах бол, юугаар яаж төгсөх бол гээд л уншиж дуусахаас нааш санаа амардаггүй. Номын амтанд ордог юм л даа. Ингэх нь ямар сэдвээр унших дур хүсэл сонирхолдоо аяндаа татагдаж унших дадлыг бий болгодог. Илүү их унших зорилт тавь. Байнга ном унших дадлыг хэвшүүл. Унших номын жагсаалт гарга, төлөвлө. Эхлээд хөгжилтэй, инээдмийн сонирхолтой ном сонгох нь чухал. “Ном унших дадал гэдэг нь Харвардын дипломноос чухал” гэж В. Гайтс айлдсан байдаг. Ном уншихгүй бол тархи атаршина, ногоо ургахгүй бол газар атаршина. Нар гарахаар байгаль сэргэнэ, Ном уншихаар тархи сэргэдэг гэсэн монгол ардын зүйр цэцэн үг байдаг даа. Түүнээс гадна нүдний хараагаа хамгаалахын тулд бүдэг гэрэлд буюу орондоо хэвтэж уншихыг тэвчих хэрэгтэй. Компьютер, гар утас, зурагтыг удаан үзэх, номыг завсарлагагүй харж унших нь мөн адил хортой. Орчин үед техник технологи хөгжөөд цаасан ном унших нь багасаж байна. Гэвч одоо барууныхан цаасан номондоо эргээд орж байгаа нь цаанаа л нэг юм хэлээд байна аа даа.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном уншихаар хүний сэтгэл санаа сэргэж, ухаан мэдлэг уужимсдаг гэдэг дээ. Энэ үг тун ортой, их сургамжтай үг гэж боддог. Энэ л гол үнэт зүйл нь юм даа. Ном уншихаар сэтгэл санаа ариусч, уураг тархи хөгжин, оюун мэдлэг тэнийнэ. Ямарваа тулгамдсан асуудлыг “Ном бол алтан гадас од шиг зүглэх чигийг заадаг үнэт эрдэнэ. Номноос аль болох мууг жигшин далайгаас сувд шүүх адил сайныг тунгаан шүүдэг чухаг эрдэнэ” номноос л олдог юм даа.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан болоо?

Өөрийн чинь асуултанд хариулахад маш хэцүү авч би бодохдоо нэн сонирхолтой нэгэн юм бодогдуулсан номын тухай ном л байх болов уу даа.

Таны бодлоор ном гэж юу вэ?

Ном гэдэг бол эрдэм мэдлэгийн оньсон түлхүүр, эрлийн жаргал, оюун ухаан, сэтгэх үйл ажиллагааг хөгжүүлэгч, хүсэл мөрөөдлийн биелэл, хүн бүхний анд нөхөр, түшиг тулгуур, үнэнч зөвлөгч багш мөн гэж хэлмээр байна. Тиймээс ном гэдэг бол ирээдүйг өөдрөгөөр харах, хазайхад түшдэг багана, тив дэлхий гариг ертөнцийг нэвт харах толь байх болов уу даа.

Танд баярлалаа. Эрүүл энх саруул сайхан амьдарч урт насалж, удаан жаргаарай.

 

Munkhzul.B