“Өнгөрсөн үеийн бүх оюун санаа номд шингэсэн байдаг”…

“Өнгөрсөн үеийн бүх оюун санаа номд шингэсэн байдаг”…

Урилга хүлээн авч, ярилцаж байгаа таньд баярлалаа. Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Юуны өмнө ярилцлагын зочноор урьсанд баярлалаа. Анх номтой танилцахад сургуульд ороогүй байсан юм даг. Ээж маань бидэнд зурагтай ном их авчирч өгдөг байлаа. Тэр ном нь цөөхөн өгүүлбэртэй, их гоё гоё зурагтай номнууд. Ах, эгчийгээ гуйж хэд уншуулж цээжилчихээд, хүн амьтан орж ирэхээр нөгөө номоо барьж аваад л чангаар уншина. Тэгэхээр хүмүүс “Ийм жаахан байж ном уншиж чаддаг аа?” гэж гайхахаар нь “Үнэхээр хурдан бичиг үсэг сураад, ном уншдаг болохсон” гэж их яардаг байлаа.

Ямар мэргэжлээр аль сургуульд суралцаж төгссөн юм бэ?

1991 онд Техникийн Их Сургуулийг Хүнсний үйлдвэрийн технологич мэргэжлээр төгсгөсөн.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.

Бага байхдаа номын санд ажилладаг хүн болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Учир нь хөдөө газар ном ховор. Аймгийн номын санд сууж ном уншина. Яг сайхан номын үйл явдал өрнөөд байж байхад “Хаалаа шүү, номоо хураалгаарай” гэдэг номын санчийн үг хангинана. Тэр үед “Ий, том болоод энэ номын санд ажиллаж хүссэн үедээ хүссэн номоо уншиж байхсан” гэж бодогдоно. Хүүхдэд гэрээр ном олгодоггүй байсан юм. Харамсалтай нь номын санч, номын сангийн ажилтан гэдэг мэргэжлээр сурах хуваарь манай аймагт ирээгүй. Би багадаа их сониуч хүүхэд байсан болохоор химийн хичээлийг их сонирхоно оо. Анх дунд ангид химийн хичээл ороход бидний нүдэнд харагдаж буй бүх юмс, байгаль дэлхий, хүний бие хүртэл химийн элементээс тогтсон гэсэн багшийн яриаг сонсоод, байгаль дэлхийнхээ, шороо чулууны, хүний биеийн химийн найрлага, бүтцийг олж мэдэхсэн, томъёог нь бичиж үзэхсэн гэж бодсоноос үүдэлтэй химийн хичээлийг сонирхож эхэлсэн юм. Тэгээд химийн хичээлээр суурилсан элсэлтийн шалгалт өгч, Хүнсний үйлдвэрийн технологич инженерийн ангид элссэн.

Өөр мэргэжлийн хүн уран зохиол бичих болсон шалтгаан юу юм бол?

Багаасаа уран зохиолд дуртай, их уншдаг байсан л гол шалтгаан болсон болов уу гэж боддог доо.

Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ?

Бичиг үсэг сурангуут л номноос салахаа больсон доо. Гуравдугаар ангид байхдаа Монголын шилдэг өгүүллэгүүд гээд зузаан номыг уншиж дуусгаж байлаа. Бас үлгэрийн номнууд их уншина.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Манай ах эгч нар ном их уншина. Манайх их номтой айл байлаа. Тэр номнуудаас л өдөр шөнөгүй уншдаг байсан даа.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

За ер нь донтож уншина даа. Хүмүүсийн бодит түүхээс сэдэвлэсэн номнуудыг их уншдаг байлаа. Одоо бол түүхийн номнуудад донтож байна.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Гэртээ өглөө эрт босоод унших л их тухтай байдаг. Өглөө эрт гэрийнхэн босоогүй, нам гүм байхад унших дуртай.

Таны хувьд ном уншдаг хүн гэж яг ямар хүнийг хэлдэг бол?

Ном уншихыг зуршил болгосон хүнийг л хэлэх болов уу.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Алдартай хүмүүсийн амьдралын дурсамж номнууд. Бас хүүхэд байхад анх уншсан номуудын нэг “Эрийн сайн Хан Харангуй” гэдэг номноос нэг гайхалтай өгүүлбэр олж уншсан юм. Энэ үлгэр дээр нэг мангас эрийн сайн Хан Харангуйтай тулалдаад үхдэг юм. Үхэхийнхээ өмнө нэг үг хэлдэг. Энэ үг миний амьдралын зорилгыг тодорхойлсон юм. Мангасын үгнээс үлгэр дуурайлал авсан гэдэг инээдтэй байгаа биз. Тэр мангас үхэхдээ юу гэж хэлдэг вэ? гэхээр “Би ирэх төрөлдөө эр болж төрвөл Эрийн сайн Хан Харангуй шиг эр болж төрөг, хүлэг болж төрвөл энэ баатрын хүлэг шиг хүлэг болог” гэж хэлээд үхдэг. Үүнийг уншаад хүн амьдрахдаа “Ямар ч ажил хийсэн, яаж ч амьдарсан шилдэг байхын төлөө л тэмцэх ёстой юм байна” гэж ухаарсан даа.

Та хамгийн анхны бүтээлийнхээ тухай, тэр үеийн дурсамжаа хуваалцаач.

Хамгийн анхны бүтээл бол “Намрын шөнийн зүүд” гэж аавынхаа амьдралаас сэдэвлэж бичсэн роман юм. Энэ романаа маш олон жил бодоод, бичиж зүрхлэхгүй арван хэдэн жил болсон. Чухам яагаад олон жил бодоод бичихгүй явсан бэ гэхээр ганцхан өөртөө итгэлгүй байдлаас болсон хэрэг. Хүн өөртөө итгэлгүй байна гэдэг юу ч хийж зүрхэлдэггүй юм билээ. Үүнээс болж их цаг алдсан. Энэ номоо бичихээс өмнөхөн би нэг өвдсөн юм. Хүн өвдөхөөрөө “Энэ хорвоод ирчихээд би юу бүтээв?” гэж өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн боддог юм билээ. Гэтэл ер тоймтой юм бүтээгээгүй шиг санагдаад, ядаж аавынхаа ярьсан тэр сайхан дурсамжийг үр ач нарт нь бичиж үлдээе гэж бодоод бичиж эхэлсэн. Харин дараа нь надтай адилхан зохиол бүтээл бичмээр санагдаад, зүрхлэхгүй байгаа залуусдаа, эхлэн бичигчдэдээ зориулж “Дотогшоо анирдахуй буюу өөрийгөө хайсан он жилүүд” нэртэй дурсамжийн номоо хэвлүүлсэн.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

Сайхан тал нь гэвэл номыг минь уншсан хүмүүс “Таны номноос түүхэн маш олон хүнтэй танилцаж, бидний өвөг дээдэс ямархуу амьдрал туулж гарсныг мэдэх сайхан байлаа. Түүхэн үнэнээс гажилгүй бичдэг чинь таалагддаг” гэх мэт талархлын үг сонсох сайхан байдаг. Сөрөг тал одоогоор олж хараагүй л байна. Бусад хамаг ажлаа мартаад зохиолдоо донтож суудаг нь сөрөг тал юм уу даа. 

Таныг олон түүхэн роман бичсэнг хүмүүс мэднэ. Яагаад түүхэн роман бичих болов?

Анхны романаа бичээд дууссаны дараа таних танихгүй олон хүн “Одоо хатдын тухай сайхан роман бич” гэж хэлсний дагуу хатдын түүх судалж эхэлсэн дээ. Түүхэн зохиол бичнэ гэдэг нэг орчихвол гарах аргагүй сонирхолтой сайхан ажил юм.

Сүүлийн үед зохиолчид маань түүхэн роман их бичих болсны шалтгаан юу вэ?

1990 оноос өмнө түүхэн үнэн их бүрхэг байлаа шүү дээ. Эзэн Чингис хаанаа сайн сайхнаар дурсаж болохгүй, хориотой шахам үе байлаа. Харин 90 оноос хойш түүхийн судалгааны ном элбэг болсон. Судлаач, орчуулагч нар чадалтай болж. Өмнө нь ихэвчлэн олон хэл дамжуулан орчуулж, энэ явцдаа үгийн утга гуйвах, ташаарах явдал гардаг байсан бол одоо тухайн хэлнээс шууд орчуулдаг залуу орчуулагчид, судлаачид бий болсон байна. Жишээ нь перс хэлнээс англи руу, англиас орос руу, оросоос монгол руу дамжуулан орчуулдаг байсан түүхэн баримтыг шууд перс хэлнээс монгол руу орчуулдаг, эртний хятад хэлнээс монгол руу шууд орчуулдаг чадалтай залуусын сайхан сайхан бүтээлүүд их гарч байна. Ард түмэн ч түүхэн үнэнийг мэдэхийг хүсдэг болж.

Хамгийн гол шалтгаан нь манай агуу түүхийг гадны улс орнууд гуйвуулаад байна, булаацалдаад байна. Энэ хойч үедээ маш хортой. Монголын түүхийг монгол зохиолч л үнэн зөвөөр бичнэ. Учир нь тэд монгол хүнийхээ сэтгэл зүйг, орчныг мэдэрнэ, үнэн түүхээ мэднэ. Гадны уран зохиолд, кинонд их хаадын, хатдын маань тухай гуйвуулсан, доромж маягаар харуулсныг үзэж сонсоод өөрийн эрхгүй өмгөөлөх сэтгэл төрж, энэ хүний тухай чин үнэнийг уншигчдадаа хүргэх сэн гэсэн бодлоор түүхэн зохиол бичдэг гэж хэлж болно. Жишээ нь Огул Хаймыш хатны тухай хятадын кинонд их ташаа харуулсан байхыг үзээд, уг түүхийг нь уншсан болохоор энэ хатны тухай романаа бичсэн. Энэ романы маань хавтсыг хараад зарим хүмүүс “Энэ их муу хатан байсан” гэж хэлдэг. Тэгэхээр нь би “Та уншаад үз. Энэ хатан тийм хүн байгаагүй юм шүү” гэдэг юм. Огул Хаймыш хатан романыг уншсан хүмүүс харин “Энэ хатны тухай ташаа бодож явжээ. Аргагүй их Монгол гүрний нэгдэл нягтралын төлөө тэмцэж явсан хатан байсан байна” гэж хэлэхэд нь их баярладаг даа.

Түүх унших явцдаа энэ л тухай бичье гэж маш их хорхойсч бичсэн зохиол тань аль нь вэ? Одоо ямар сэдвээр бичих гэж байна?

Түүхэн судалгааны ном уншиж байхад тийм явдал олон тохиолдоно. Анх Хайду хааны тухай уншиж мэдээд, энэ хүн чухам үнэний төлөө тэмцэж явсан, үнэхээр сонирхолтой амьдралтай хүн юм байна. Энэ хүний амьдрал тэмцлийг л олон хүмүүсд хүргэхсэн гэж бодсон. Одоо бас л түүхэн сэдвээр нэг тууж уралдаанд зориулж бичиж байна.

Та одоогоор хэдэн роман хэвлүүлээд байна. Хамгийн сүүлд ямар роман гаргасан бэ. Саяхан шинэ номоо өлгийдөн авсан байсан?

Одоогоор найман роман хэвлүүлээд байна. Энэ оны 8 дугаар сард Цогт хунтайжийн ээжийн тухай “Чин бишрэлт хатан” романаа хэвлүүллээ.

Нэг түүхэн роман бичихэд хэр хугацаа зарцуулдаг вэ? Энэ “Чин бишрэлт хатан” романыг хэдий хугацаанд бичсэн бэ?

Түүхэн роман бичихэд ихэнх цаг хугацааг судалгаа хийхэд зарцуулдаг. Ойролцоогоор нэг жил бичдэг дээ. Үүний 5,6 сарыг нь уншихад зарцуулна.

Зохиол бичсэний дараа таньд ямар мэдрэмж үлддэг вэ?

Яг зохиолоо бичээд дөнгөж дуусангуут маш уйтгартай болдог. Би дандаа Их Монголын эзэнт гүрний хүчирхэгжин мандаж явсан алтан үеийн тухай бичдэг. Бодол санаагаараа тэр сайхан цаг үед амьдарч байгаад, одоо үедээ буцаад ирэх их гунигтай байдаг даа. Өөрөөр хэлбэл хааны ордонд амьдарч байгаад, харцын амьдралд, Улаанбаатарынхаа утаатай, шороо тоос боссон гудамжинд унаж байгаа юм шиг мэдрэмж төрж тэсэхэд бэрх гунигтай санагддаг. Ялангуяа Их хайрын түүх романаа бичсэний дараа “Тэр үед ямар сайхан байгаа вэ? Бид одоо яаж амьдраад байна аа?” гэж өөрийн эрхгүй дуу алдсан. Гэхдээ хэвлүүлсэн номоо гар дээрээ аваад энэ гуниг хийсэн алга болдог.

Та аль романдаа илүү хайртай вэ? Онцолсон зохиол байдаг уу? Ер нь таны бүтээлүүдээс хамгийн хамгийн… гэвэл ямар номоо нэрлэх вэ?

Анхны хүүхдэдээ хамгийн их хайртай байдаг шиг намайг зохиолч болох замд оруулсан “Намрын шөнийн зүүд” романдаа хайртай. Хамгийн их онгодтой бичигдсэн роман бол “Хайду хаан”, хамгийн их судалгаа шаардсан роман Таж Махалыг барьсан Шах Жахан хааны тухай “Их хайрын түүх” роман, хамгийн их өөрийн минь сэтгэлд нийцсэн ном бол “Уянгын туужууд”, хамгийн их өөртөө сэтгэл хангалуун байсан нь Огул Хаймыш хатан роман, хамгийн амархан, өөрөө урсаад бичигдсэн роман “Ишүүжин” юм байна.

Таны уран бүтээл романаар зогсохгүй өгүүллэг туужийн хэд хэдэн ном гаргасан бий. Тэдгээр номныхоо тухай

Өгүүллэг, туужийг ихэвчлэн уралдаанд зориулж бичсэн байдаг. Туужийн дөрвөн уралдаан, өгүүллэгийн арваад уралдаанд айрагдсан шүү.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юү гэвэл?

Одоо ихэвчлэн судалгааны ном л уншиж байна даа. МУИС-аас гаргасан түүхэн таван ботийг л эргүүлж байна.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Уншихаар төлөвлөсөн номнууд зөндөө бий. Номын тавиур дээр хураалгаастай л намайг хүлээгээд байж байна.

Таны ширээний ном?

Дээр дурдсан түүхэн таван боть, Төрт ёс, хаадын сангаас гаргасан хаад, хатдын цуврал л юм даа.

Унших дуртай зохиолч

МУСГЗ Тангадын Мандир зохиолчийн номнуудыг хамгийн түрүүнд авч уншдаг даа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Өөрийн зохиолоос бол Аргасуу баатар юм даа. Их хааны элч. Хүнд бэрх зам туулж, их хааныхаа зарлиг тушаалыг яв цав биелүүлж байсан элч нарын төлөөлөл болсон уран сайхны дүр л дээ.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Төв номын сангийн уншигчийн ганц үнэмлэхтэй.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

АНУ-ын конгрессийн номын сангийн ханан дээр “Өнгөрсөн үеийн бүх оюун санаа номд шингэсэн байдаг” гэсэн үгийг олж хараад, номын тухай үнэнийг цөөн үгээр хэлсэн юм уу даа гэж бодсон.

Танд баярлалаа. Таны цаашдын тань уран бүтээлд улам их амжилт хүсье.

 

Munkhzul.B