Бичнэ гэдэг өөрөө өөрийгөө шинээр нээх үйл явц

Бичнэ гэдэг өөрөө өөрийгөө шинээр нээх үйл явц

Эрхэлж буй ажил, албан тушаал: Тагтаа хэвлэлийн газрын Ерөнхий редактор

Сошиал хаяг: Facebook: Дэлгэрмаа Цагаанчулуу, Instagram: arimapoema, Soundcloud: arimapoema

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Сайн байна уу, танай сайтын уншигчдад мөн ярилцлага унших өдрийн мэнд хүргэе.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юү?

Бичиг үсэг анх тайлагдсан цагаас л номын шимтэн уншигч болсон. Таван настай байжээ. Анхны ном маань манай ахын сургуульд ороод нүдэлж эхэлж байсан “Цагаан толгой” болов уу. Хажуугаас нь өнгөлзсөөр байгаад сураад авсан хэрэг. Тэгээд “Монгол ардын үлгэр”, “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал”, “Сүүлэнхүүд тохиолдсон адал явдал”, “Багачуудад зориулсан одон орон” гээд л монгол аман зохиол, тухайн үеийн хүүхдийн зохиолчдын бүтээлүүд орос голдуу орчуулгын хүүхдийн номууд, “Монголын нууц товчоо”, “Алтан товч”, “Эрдэнийн сан субашид” гээд түүх, соёлын сурвалжууд, “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” ботиуд, “Цаг төрийн үймээн”, “Зүрхний хилэн”, “Манан будан” романууд, Б.Ринчен, Д.Нацагдорж, Д.Намдаг, Б.Явуухулангаа уншаад эхэлсэн дээ. Тухайн үед орчуулагдсан номуудыг зузаан зузаан романуудаас нь детектив цуврал хүртэл нь уншсан. Ном, сонин дунд өнгөрүүлсэн бага нас, лааны гэрэлд бүх л боломжоороо, зав л гарвал ном уншдаг байсан маань хамгийн сайхан дурсамж юм даа.

Та ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?

Утга зохиолын ажилтан – сэтгүүлч мэргэжилтэй.

Бага байхад тань хүсдэг байсан мэргэжил одоогийн эрхэлж байгаа ажил мэргэжилтэй тань хэр таарч байна.

Багадаа одон оронч, телевизийн нэвтрүүлэгч болохыг хүсдэг байлаа. Жаахан том болоод шүлэг бичиж ирэхдээ өөрийгөө бичгийн хүн болох нь гэдгээ мэдсэн. Тэгээд бодохоор одоо яв цав таарч байгаа хэрэг.

Багадаа хэр ном уншдаг хүүхэд байсан бэ?

Миний үеийн хүүхдүүд бүгд л уншдаг байсан. Харин би нэлээд хорхойсож уншдаг хүүхэд байсан болов уу. Номын хажуугаар аав маань тогтмол хэвлэлүүдийг бараг бүгдийг нь захиалдаг байсан болохоор ном, сонин бүгдийг хуу хамаад л уншиж өссөн дөө.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Хөдөө буйдын элдэв үйл явдал, өрнөл багатайхан суманд, тогтмол тог цахилгаангүй цаг үед гадаа тоглох, ном унших хоёроос өөр юунд сатаарах билээ.  Манайх багашаархан хөөрхөн номын сантай айл байсан болохоор тэндээсээ уншаад л эхэлсэн. Тэгэхээр унших дадал хар багаас хар аяндаа тогтсон байна.

Та номыг хэрхэн уншдаг вэ?

Дуртай номоо бол ахин дахин уншина. Дурлуулсан номоо маш хурдан уншчихна. Удаан барьж, тавиад унших дургүй. Шүлгийн номыг нэг суудлаар л уншина гэх мэт. Ойрд өгүүллэгт шимтээд өгүүллэгийн түүврүүд тойруулж тавьчхаад л энд тэндээс нь сөхөж уншаад байгаа.

Номыг хаана уншвал илүү тав тухтай санагддаг вэ?

Хаана ч уншсан сайхан. Зун Хөвсгөл явж амрахдаа далайн эргийн модон байшинд, довжоон дээр нь суугаад ном уншихад бараг л бясалгал шиг, хэмжээлшгүй жаргал байсан даа.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Шимтэн уншсан ном бүрийн минь нөлөө тусгал мэдээж байлгүй яах вэ. Магадгүй хамгийн анхных нь “Монголын нууц товчоо”, домгийн мэт эхлэл нь шууд л ховсдон татах мэт болдог байж. Өвөг дээдэс, хаан эзний минь түүх гэж бодохоор хэлж тааварлашгүй этгээд сонин мэдрэмж төрдөг байв. Мөн “Мял богдын намтар”-ыг анх уншихад гүн гүнзгий сэтгэгдэл төрж байсан. Би бол хэл найруулгад автдаг уншигч, тэр утгаараа Орхан Памукт их дуртай. Ц.Гомбосүрэн гуайн орчуулгаар “Хар судар”-ыг уншихад огт өөр, онцгой, шинэ сэтгэгдэл төрж энэ зохиолчид дуртай болсон. Наяад оны зохиолчдыг ойрд ахин шимтэн уншиж байна. П.Баярсайхан, Гүр.Нямдорж, Д.Норов, С.Жаргалсайхан, Дарма.Батбаяр, Д.Энхболд гээд л… Эдний үе бол манай хүүрнэл зохиол, тэр дундаа өгүүллэг, туужийн төрөлд гайхалтай өрнүүн, уралдан бичиж байсан сайхан цаг үе.

Уран бүтээлч хүний сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?

Гаднаас шууд хараад мэдэх аргагүй сэтгэл, сэтгэлгээний гүнзгийрэн тэлж буйг мэдрэх сайхан. Ийм дотоодын хувьсал, хөдөлгөөн, тэлэлт нь уран бүтээл төрөх хөрс болдог ч биз. Сөрөг гэж хэлэх нь юу юм, гэхдээ мэдрэг, эмпат байдал нийгэм олонтой зохицоход амаргүй байдаг байж магад, зарим талаараа.

Та хэдэн настайгаасаа яруу найраг бичиж эхлэв?

Дөрөвдүгээр ангидаа анх мэргэжил сонгох тухай найман мөрт шүлэг бичиж байлаа. Эгч маань их сургуульд сурахаар явахад нээрэн би чинь ирээдүйд хэн болох вэ гэж эргэцүүлсэн юм шиг байгаа юм. Тэнд “Аав минь намайг зохиолч болоорой гэлээ” гэсэн мөрт байдаг нь бэлгэшээлтэй санагддаг.  

Анхны номоо яагаад “А тэмдэглэл” гэж нэрлэсэн бэ гэдэг сонирхолтой байна?

Арван дөрвөн жилийн өмнө анхны номоо хэвлүүлж байжээ. Шүлгүүд минь миний бодол, сэтгэлийн тэмдэглэл гэсэн утгаар, тэгээд анхны ном гэсэн утгаар тэгээд нэрлэчихсэн санагдана. Хоёр дахь ном маань “Дотоод тэнгис” нэртэй. Гурав дахь түүврээ “Зүрхэнд агч Намур” нэртэйгээр хэвлүүлсэн. Мөн хүүхдийн бэсрэг тууж бичиж хэвлүүлсэн. “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” нэртэй.

Шүлэг бичсэний дараа танд ямар мэдрэмж үлддэг вэ?

Яг дотроос нэг шүлэг бүрэлдээд цааснаа буухыг чинэсэн хөх сулрахтай зүйрлэж болом юм уу даа. Тайтгардаг, уужирдаг, сулардаг байх нь.

Хүүрнэлийн тухайд ч тэр, зохиол бичнэ гэдэг өөрөө өөрийгөө шинээр нээх үйл явц гэж санадаг. Тэр зуураа уншигчдад шинэ шинэ өнцгүүдийг нээж өгөх, амьдралын далдхан булан тохой тийш гэрэл тусгаж харуулах. Бичсэнээрээ дамжуулаад бусдын сэтгэл хөдлөлийг хуваалцах, өөрт байгаагаа өгч буй үйл ч гэж болно.

Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

Гаднаа тэр бүр ил харуулдаггүй ч дотроо сэтгэлийн хөдлөл ихтэй хүн байх аа.

Орчин үеийн зохиолчид монгол хэлнийхээ яруу тансаг үгсийг хэрэглэх нь багасжээ. Энэ талаар таны бодол?

Үгийн хэрэглээний тухай ярихаас өмнө хэл найруулга, өгүүлбэрийн зүй тогтол, бүтцийг хэрхэн зөвөөр нь хадгалах тухай ярих хэрэгтэй санагддаг. Хэлнээсээ харьшиж, хүнийшсэн байдал олон орчуулгын бүтээл, зарим зохиолоос мэр сэр харагддаг. Харахад яах аргагүй монгол боловч уншаад үзэхээр биш байдаг. Хэлний дотоод уян чанарыг танин мэдэх, эзэмших гэдэг уншихаас эхэлнэ. Уран зохиол үүнд хамгийн их нөлөөтэй. Дээр дурдсан наяад оныхноос эхлээд урагшаа унших хэрэгтэй.

Сүүлийн үед ямар зохиол бичиж байна вэ?

Хайрын сэдэвтэй туужаа удахгүй хэвлүүлэхээр сууж байна. Мөн өгүүллэгүүд, хүүхдийн зохиол бичиж байна даа.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

Энд онд түүх, угсаатны соёл, философийн сэдэвтэй баримтат бүтээл түлхүү унших төлөвлөгөөтэй байна. Мэдээж уран зохиолын шинэ соргог гэсэн ном, бүтээлүүдийг тухай бүрд нь уншаад л явдаг.

Таны ширээний ном?

Яг тухайлаад ширээн дээрээ нэг л ном залаад байдаггүй. Номын сан руугаа босож очоод яг тухайн мөчид хармаар байгаа номоосоо сөхөөд харах дуртай. Дээр дурсан “Хар судар”-ыг хамгийн их сөхдөг байх. “Монголын нууц товчоо”, Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” номуудыг нэрлэе. Достоевскийг хүн бүр мэддэг болохоор нэг их нэрлээд байя гэж боддоггүй. Гэхдээ хүний ухамсар, сэтгэлийн гүний эмзэг, нарийн нюансыг гаргаж бичдэгт нь дуртай. Манай Тагтаа хэвлэлийн газраас “Төгсгөлийн мэдрэмж” романыг нь хэвлүүлсэн Жулиан Барнс гэж зохиолч бий. Тэр бол бас яг миний дуртай төрлийн зохиолч мөн.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном байх байсан бол?

Хэрэв хүүрнэл бол нэлээд сентиментал, ухамсрын гүнийг төнхсөн, сэтгэлзүйн роман байх болов уу.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Амьдралын зөв суурьтай байх, үзэл бодлоо тэнцвэржүүлэх, өөрөөрөө л бүхнийг харж, хэмждэггүй байх, хүний сэтгэлийн аугааг нээх, цоо шинэ мэдрэмжээр хөглөгдөх, заримдаа тархиндаа массаж хийлгэсэн шиг эг маггүй инээх гээд тархи, зүрхний маань бүхий л хэрэгцээ номд байдаг даа.

Арван жилд байхдаа хэр номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв  дурсамжаа хуваалцахгүй юу?

Сум, аймгийнхаа номын сангийн үнэнч уншигч, хэрэглэгч байлаа. Оюутан байхад манай гэр Нацагдоржийн номын сангийн яг хажууд болохоор бараг л хоёр дахь гэр шиг минь байдаг байсан. Найзууд намайг гэрээс олохгүй бол номын сан руу ирэх жишээний.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

Улсын төв номын сан, Хотын төв номын сангийн үнэмлэхтэй байсан. Аль алинд нь суулгүй удаж дээ.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор ном гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Номгүй бол амьдрал минь утга учраар дульхан байх байлаа. Оюун санаа сульдан ядарч, зүрх сэтгэлийн эрхэм чанарыг танин барихгүй байлаа.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье!

Ярилцсан: И.Энхтуяа

 

Munkhzul.B