Ном уншихаар өөрийн эрхгүй тайвширч, өөр ертөнц, өөр зүйлийн тухай бодож, амьдралд хэрэгтэй маш их зүйлсийг сурч авдаг юм аа.

Ном уншихаар өөрийн эрхгүй тайвширч, өөр ертөнц, өөр зүйлийн тухай бодож, амьдралд хэрэгтэй маш их зүйлсийг сурч авдаг  юм аа.

Овог нэр: Сэргэлэн овогтой Гантогоо

Эрхэлж буй ажил, албан тушаал: Дуучин

Сайн байна уу? Манай номын сангийн “Номын сангийн зочны ярилцлага” буланд маань оролцож байгаад тань баярлалаа.

Таны багадаа болохыг хүсэж байсан мэргэжил, өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Ой ухаан орсон цагаасаа эхэлж л дуучин болно, урлагийн хүн болно гэж боддог байсан даа. Бас зурдаг, бүжиглэдэг байсан.

Танд хэдэн улс орны номын сангийн үнэмлэх байгаа вэ?

За байз. Монголд оюутан байхдаа сургуулийнхаа номын санд үнэмлэхтэй байсан. Солонгост байхдаа тухайн дүүргийнхээ номын санд явдаг байлаа. Тэнд бас үнэмлэх шиг зүйл байсан санагдаж байна. Ингээд тооцвол хоёр үнэмлэхтэй байсан болж байна.

Олон сайхан газраар аялж, ховор нандин номын сантай айлд зочилж байсан байх. Өөрийн эрхгүй уулга алдмаар “тийм” номын сантай хаана таарч байв?

Солонгос улсын Сөүл хотод байх 별마당 도서관 гэх номын сан үнэхээр гайхамшигтай номын сан байсан шүү.

Та номтой анх хэдэн настайдаа танилцаж байв. Энэ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцаач?

Багаасаа номонд дуртай байсан. Ээж маань цэцэрлэгийн багш болохоор ч тэр юм уу бүүр бага байхаас минь ном уншиж өгдөг байлаа. Уншиж өгсөн номыг нь маш ихээр шимтэн сонсдог байлаа. Өвөө маань гэртээ гайхалтай олон номын цуглуулгатай, аав маань бас жижигхэн ч гэсэн хөөрхөн номын сантай, ах маань жинхэнэ номын хорхойтон байсан гээд миний бага нас номонд дургүй байхын аргагүй байсандаа.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Багаас тогтсон байх гэж боддог.

Таны ширээний ном?

Яг одоогоор зохиолч Шигэхиса Нагамацүгийн “30 насаа дэмий бүү үр!” номыг ширээнийхээ номоор сонгочоод байж байна.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл бага зэрэг адал явдалтай, бас бага зэрэг этгээд, романтик, сургамжтай, зураг ихтэй, урам зориг өгсөн тийм төрлийн ном байх болов уу хэхэ.

Танд хамгийн их нөлөөлсөн өөрчлөлт авчирсан ном гэвэл?

Уншсан ном болгоноосоо тодорхой хэмжээгээр урам зориг, сэтгэл хөдлөл, гуниг, баяр хөөр гээд авдаг даа. Сонгож уншсан бүх л ном маань гайхалтай мэдрэмж түрүүлдэг гэх үү дээ.

Унших дуртай зохиолч?

Гадаад дотоодын зөндөө л зохиолчдод дуртай.

Монгол зохиолчдоос С.Удвал, Л.Түдэв гуай зэрэг зохиолчдыг нэрлэж болох юм. Гадаадын зохиолчдоос нэрлэвэл  Японы зохиолч Кишими Ичиро, Кога Фүмитакэ зэрэг зохиолчдын номыг унших дуртай даа.

Хамгийн хайртай зохиолын баатар тань хэн бэ?

Хятадын зохиолч Цуань Жинь “Журамт бүсгүй Лү Би Лянь” зохиолын гол дүр Лү Би Лянь.

Сүүлд уншиж буй номоосоо хуваалцахгүй юу?

Яг одоо эхлүүлсэн ном бол Шигэхиса Нагамацү “30 насаа дэмий бүү үр!”. Ажил, харилцаа, мөнгө, зуршил, эргэцүүлэл гэх агуулгатай.

Уншихыг төлөвлөж буй номоосоо нэрлэвэл?

The New York Times -ийн шилдэг ном “Сапиенс буюу Хүн төрөлхтний хураангуйлсан түүх” гэх номыг уншихаар төлөвлөж байна. Уг ном нь xүн төрөлхтөн өөрийн биологийн нөхцөл боломжийг ашиглан ямар үе шатуудыг дамжин өнөөдрийн дэлхий ертөнцийг бий болгосон, цаашид бид хэрхэн хөгжих магадлалтай талаар ойлгомжтой бөгөөд маш сонирхолтойгоор өгүүлж чадсан бүтээл гэсэн байсан.

Таны хэлэх дуртай үг, унших дуртай шүлгээсээ хуваалцаач?

Хэлэх дуртай үг: Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг.

Хүсэл мөрөөдлөө орхилгүй, өөрийн хичээл зүтгэлээрээ амжилтанд хүрсэн  хүний хувьд залуу үеийнхэндээ юу хэлэх бол?

Азтай байх шалтгаанаа өөрөө хий. Зөв байх гэж хичээгээрэй.Тэгж хичээх тусам зөв хүмүүсээр хүрээлүүлж сайхан дурсамж бүтээдэг.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Ярилцлагын төгсгөлд таны бодлоор “Ном” гэж яг юу вэ гэдгийг цөөн үгэнд багтааж хэлбэл?

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Үнэхээр шууд утгаараа ч шууд бус утгаараа ч маш гоё хэлсэн байдаг.

Би ном уншихаар өөрийн эрхгүй тайвширч, жаахан ч гэсэн стресстэй зүйлсээс холдож өөр ертөнц, өөр зүйлийн тухай бодож цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Миний амьдралд хэрэгтэй маш их зүйлсийг сурч авдаг нэгэн зүйл бол ном юм аа.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

Ярилцсан: С.Болормаа

 

Munkhzul.B