Н.Минжинсайхан: Ном бол хүн. Сайн ч хүн бий. Муу ч хүн бий. Сайн номын гэгээнд дулаацаж яваарай.

Н.Минжинсайхан: Ном бол хүн. Сайн ч хүн бий. Муу ч хүн бий. Сайн номын гэгээнд дулаацаж яваарай.

Сайн  байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Мэндээ. Сайхан хаваржиж байна уу. 

Та номтой  анх  хэдэн  настайдаа танилцаж  байв. Энэ талаар дурсамжаа  бидэнтэй  хуваалцахгүй  юү?

Үлгэрт итгэж, дурладаг үеэсээ л номтой танилцсан байх даа. Тэгээд дараагаар нь “Цагаан толгой” –н сурах бичгээс эхлээд дэмтэй дэмгүй олон л ном сөхөж.

Та  ямар мэргэжлээр сурч төгссөн бэ ?

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй.

Таны хүүхэд  насны мөрөөдөл өнөөдрийн эзэмшсэн мэргэжил хоорондоо таарч байгаа юу?

Би мэргэжил мөрөөддөггүй, харин хүнд тустай хүн шиг хүн болохыг л мөрөөддөг байжээ. Магадгүй, хүн шиг хүн болох мөрөөдлийг насаараа ч мөрөөдөх байх цаашдаа. Харин мэргэжил бол мөрөөдлийн маань нэгээхэн хэсэг байхаа.

Бага байхдаа ном хэр их уншдаг байсан бэ?

Номонд уншуулдаг байсан байх. Харин одоо бол ном уншиж байна. Гол нь номыг зохиогчийнх нь бичсэн тэр л сэтгэл зүрхээр мэдэрч уншихыг хичээдэг дээ.

Ном унших дадал хэрхэн тогтсон бэ?

Хэрэгтэй хэрэггүй ном орчлонгоор дүүрэн бий л дээ. Нэг үгээр ном бол жинхэнэ хүний доторх хүн юм. Тиймээс муу сайн ном таван үгнээсээ шууд мэдрэгдэж, баригдаад ирдэг юм. Ном унших дадал гэхээр юу гэж хариулахаа мэдэхгүй л байна. Хүн хүнтэй хэрхэн яаж танилцдаг бол, түүнтэй л ижил дээ. Дадал гэвэл.   

Та номыг  хэрхэн уншдаг вэ?

Сайхан аялгууг ойр ойрхон сонсохыг хүсдэг хүн байдаг. Тэгвэл би түүний эсрэг гэх юм уу даа. Сайхан номыг барьж тавьж унших сайхан байдаг юм. Нэг ном намайг хүлээж байгаа, эсвэл нэг ном руу би хамаг чадлаараа тэмцэж байгаа гэж бодох, тэр бодлоо мэдрэх сайхан байдаг л даа.

Танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?

Олон ном нэрлэж болно. Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” номоос эхлээд Жагдалын Лхагва зохиолчийн “Толгодын цаана ингэ буйлна”, Дарма Батбаяр зохиолчийн “Бүтээхүйн зүй тогтол” “Саахалтын нууранд ангир дуугарна”, П.Баярсайхан зохиолчийн “Хөх туурийн тал”, Б.Золбаярын “Бүгээн” “Бүлээн” зэрэг нэрлээд байвал олон нэр хэлэх гээд байна.

Уран бүтээлч  хүний  сайхан  хийгээд сөрөг  тал юу байдаг  вэ?

Хүн бүхэн адилгүй байхаа. Муу тал нь гэж бодоод өөрийгөө өөрт чинь ховлоход “Сэтгэлдээ хүртэл нэг сайхан бүтээл хийх юм сан” гэж дандаа адгах. Сайн тал нь гэвэл “Сэтгэлдээ хүртэл нэг сайхан бүтээл хийх юм сан гэх адгалтаа амьд халуун байлгах”, энэ юм уу даа. 

Та  хэдэн  настайгаасаа яруу  найраг  бичиж  эхлэв?

Шүлэг бичих, шүлэглэж бичих гэж хоёр янзын бичлэг байдгийг Долгорын Нямаа найрагч маань хэлдэг байлаа. Шүлэглэж / толгой сүүл холбож / бичсэн маань 13 настайгаасаа.  Харин бичсэн шүлэг маань шүлгийн өнгө аястай болж ирсэн нь саяхнаас байж мэднэ байхаа. Таны асуултад ингэж хариулахыг хүслээ.  

Анхны  номоо  яагаад  “Он саргүй өдрүүд” гэж  нэрлэсэн тань их  сонирхолтой  байна?

Оюунтан ахуй цагтаа би анхны номоо өлгийдөж байсан. Одоо эргээд харахад “Он саргүй өдрүүд” маань өхөөрдөм сайхан санагддаг. Тэр үедээ магад “Он саргүй…” байсан байхаа би.

Шүлэг бичсэний  дараа  танд ямар мэдрэмж үлддэг вэ?

Бодол дүүрч бүтэн болоодцээж суларсан байдаг даа.

Та  хэр  их сэтгэл хөдлөлтэй  хүн  бэ?

Сэтгэл нь хөдөлгөөнгүй хүн гэж бараг үгүй болов уу. Түүнийгээ гол нь гадагшлуулдаг, гадагшлуулдаггүй хүн л гэж бий байх. Би тэр бүр сэтгэлийн хөдлөлөө гадагш илэрхийлдэггүй нэгэнд нэрлэгдэнэ байх. 

Орчин үеийн зохиолчид монгол хэлнийхээ яруу  тансаг үгсийг  хэрэглэх нь  багасжээ.  Энэ талаар таны бодол?

Орчин үеийн зохиолчид дандаа л элдвээр хэлүүлдэг шүү дээ. Гэвч цаг үе нь тэднийг авч ирсэн байдаг. Энэ харьцангуй ойлголт байж мэднэ. Бид чинь өнөөдрөөс ялимгүй өмнөх он цагт өдөр тутмын ахуй амьдралдаа “хэлц үг, зүйр үг” –ээр элбэгхэн ярьдаг байлаа. Аж төрөх орчин нөхцөл, зүсэм талхаа дагаад дийлэнх нь суурин газар бараадаж уул ус, байгаль дэлхийгээсээ холдсон юм чинь аргагүй. Ер нь ч тэгээд хот газар гэдэг хэрэгтэй хэрэггүй хоёроо хамт хадгалдаг араатан шувууд элбэгтэй, амьтад олширсон л орон шүү дээ. Танд ийм эмзэглэл миний ижил байдаг бол та ч тэр, би ч тэр нэг Монгол үгээ мартахгүй байхын төлөө хамт хичээцгээе. Энэ л үлдлээ.

Сүүлийн үед ямар зохиол бичих  гэж  төлөвлөж  байна  вэ?

Бодсон юм бий бий. Биеллээ олох үед нь хэлье дээ. Төлөвлөгөө зорилгогүй уран бүтээлчийг ямар бүтээлч гэх билээ дээ, тиймээ.

Уншихыг  төлөвлөж  буй  номоосоо  нэрлэвэл ?

СГЗ Авидын Шартолгой зохиолчийн “Ноён гэгээний тууж” номын гурав дахь дэвтэр, шинээр хэвлэгдсэн номыг авч уншихыг төлөвлөж байна.

Таны  ширээний  ном?

Яг одоо бол Ц.Доржготов зохиолчийн “Усны үнэр” ном байна.

Өөрийгөө  ном  гэж дүрсэлбэл та  ямар  төрлийн ном байх  байсан  бол ?

Ном биш ноотны / нот / дэвтэр ч байж мэднэ.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Д.Батбаяр зохиолчийн нэг үг байдаг. Тэр үгээр хариулъя гэж бодлоо. “Шувуу эхээс өндөг хэлбэрийг олж төрдөг. Дараа нь өндгөө хагалж жигүүр дэлгэн шувуу болдог. Үүнтэй ижил хүн эхээс хүн биеийг олж төрдөг. Харин дараа нь оюун ухаанаасаа жигүүр дэлгэж орчлон хорвоотой танилцдаг” хэмээсэн байдаг. Ном унших бол оюун ухаанаасаа өөрийн жигүүрээ олж дэвэхийн нэр мөн байхаа.

Арван жилд  байхдаа хэр номын  сангаар үйлчлүүлдэг хүүхэд байв дурсамжаа хуваалцахгүй юу?

Сумын маань номын сангийн босго овоо л элэгдсэн санагддаг.

Танд хэдэн улс орны  номын  сангийн үнэмлэх  байгаа  вэ ?

Үнэмлэх ч яах вэ дээ. Үнэмшиж итгэж, үнэнд хайртай, номд дуртай байхаа л мэднэ дээ.

Бидний ярилцлага өндөрлөж байна.Ярилцлагын төгсгөлд таны бодлоор  ном гэж яг юу вэ гэдгийг  цөөн үгэнд  багтаж хэлбэл?

Ном бол хүн. Сайн ч хүн бий. Муу ч хүн бий. Сайн номын гэгээнд дулаацаж яваарай.

Танд баярлалаа. Таны уран бүтээлд  амжилт хүсье.

Ярилцсан: Номын санч Ж.Мөнхжаргал

 

Munkhzul.B