Рэнцэнхандын САЙХАН-УУЛ: Хүний оюун ухаанаас амилдаг, хүний тархины мөрөөдөл сэтгэмжээр бүтдэг тийм яруу бүтээлийг ном хэмээх байх гэж ойлгодог.

Овог нэр: Рэнцэнхандын Сайхан-Уул

Эрхэлж буй ажил, албан тушаал : Чөлөөт уран бүтээлч

Сошиал хаяг: Рэнцэнхандын Сайхан-Уул – facebook

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө уншигчдад товч танилцуулаач.

Намайг Рэнцэнхандын Сайхан-Уул хэмээдэг. Улаанбаатар хотод төрж өсч, тэнд   боловсрол олж авсан. Одоогоор гадаад улсад амьдарч, ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж байдаг.

Номын ертөнцөөр анх хэдэн настай  аялж эхэлсэн бэ? Энэ талаар дурсамжаа  бидэнтэй хуваалцахгүй юу?

Тун бага наснаасаа гэх үү дээ. Ном их ховор байсан үед олдсон номоо их удаан дахин дахин уншдаг байсан юм. Анх уншсан ном  Этиль Лилиан Войничийн “Соно”, “Бүтээ нь үгүй үерхэл” гэсэн цуврал ном байлаа. Агуу  зохиолч  эмэгтэйн  дүрслэл сайтай ном байсан учраас ном хэмээх энэ ертөнцтэй өдий хүртэл холбогдсон нь энэ болов уу. Мэдээж олон номыг уншсан ч энэ хоёр шиг үүрд сэтгэлд үлдсэн нь цөөхөн байжээ.

 Их утга зохиолын зам руу орж ирэхэд нөлөөлсөн багшаа дурдвал? Анхны уран бүтээл…

Би их олон шүлэг, бодрол эссе бичдэг ч хэнд үзүүлж уншуулдаггүй байсан. Гадаадад олон жил амьдарсан бас интернет орох зав хомс ажилладаг байсан болохоор өөрөө л уншиж хааяа нэг нэмж бичээд хадгалдаг байв. Фэйсбүүк хаяг нээж шүлгээ хааяа оруулдаг болж, найз нараас урмын үг сонсож эхэлсэн бөгөөд хамгийн анхны багш маань фэйсбүүкийн “Дураар дургигч” бүлгийн хэдэн авьяаслаг мөртлөө сахилгагүй найзууд байсан. Зохиолч Шуурайн Солонго, Норов Дэлгэржаргал, Амжигийн Мөнхбат, Ганбатын Мишээл, Баатарын Даваацэрэн. Анхны бүтээл “ Амсхийх завгүй” бодрол эссе хэмээх номоо жүжигчин уран уншигч Мөнгөнтулгаар уншуулан “Mplus аудио” номын санд шинээр оруулж байна. Анхны багш бол зохиолч Б. Ойдов, Т.Бум-Эрдэнэ хоёр хэмээн хүндлэж явдаг. Номын мялаалга бичиж, урам өгсөн эрхэм гавьяа оногдох болов уу.

Зохиолын сэдэв, дүрийн сонголтыг хэрхэн олдог вэ?

Амьдралаас, ганцаардлаас, дурсамж болон бодит хүмүүсээс олдог. Би үлгэр бичих дуртай л даа. Гэхдээ энгийн үгээр эхэлж явснаа нэг мэдэхэд утгагүй их философи дотор төөрч, тэрнээсээ хийсвэрлэсээр үлгэр өгүүллэг фантастик бодрол болгоод дуусгасан байдаг. Заримдаа учраа өөрөө ч олохгүй шахам.

Ном уншихын утга учир, үнэт зүйл нь юунд оршдог вэ?

Ном бол бодит ертөнцөөс илүү агууд оршигч гайхам мэдрэхүйн ертөнц юм. Зурагт үзэх, ном уншихын ялгааг олж мэддэг хүн утга учрыг нь мэддэг болов уу. Үнэт зүйл нь тархийг тэжээж, хүн өөрийн нүдээр амьдрал болон оршин тогтнох ахуйгаа олдог байх.

Таны амьдралыг болон хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?

Маш их шүү дээ.Тэр үед л дэлхийн алдарт зохиолыг унших хувь заяа байсан болохоор хожим дэлхий дахины соёл урлаг, түүх, хэл зэрэгтэй мөр зэрэгцэн явах боловсролыг олж авсан. Хэл сурах ёстой, ямар ч орны соёл урлаг, үндэсний онцлог зан заншилтай танилцах хэрэгтэйг номоор дамжуулж олж авсан гэж боддог.

Таны ширээний ном?

Одоо өөрөө ном бичиж байгаа болохоор голдуу ноорог бичиж, бодох зав зай гарахгүй шахам явдаг. Монголоос илгээсэн зохиолч нарын номуудыг цаг заваараа уншиж байдаг. Ширээн дээр “Хул намрын араншин” гэж шүлгийн ном, “Бурханд хэлэх зөвлөгөө”, “Блеттийн экзорсист” гурав байна.

Залуучуудад урам зориг, ухаарал өгөх ном санал болговол ямар ном санал болгох вэ?

Хүмүүжил, боловсрол, санхүүгийн тухай номуудаас илүү маш гоё адал явдал, сэтгэн бодуулах чадвартай бичигддэг номыг унших нь илүү гэж боддог.

Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар төрлийн ном бэ?

Би хэрэв ном болмоор бол ертөнцөөр хэрэн тэнэсэн салхи мэт бодрол, уй гуниг, хайр сэтгэлээр дүүрэн тийм л ном байх байсан.

Та ямар ном бүтээсэн вэ? Бүтээхэд оролцсон вэ?

 “ Амсхийх завгүй” бодрол эссэ , “Сэтгэл цангахуй” шүлэг, “Хүслэнт тэнгэрийн орноор” үлгэр өгүүллэг, “ Оточ”  роман

Та уншигч хэрэглэгчдийн танин мэдэхүйн мэдлэгийн санд өөрийн цахим хуудсаар дамжуулан өргөн цар хүрээг хамарсан сайхан орчуулгыг, эх сурвалжуудын хамт байршуулдаг. Цахимаар уншихын давуу тал……

Цахим орчин гэдэг нь: орчин цагийн хамгийн том платформ , асар хүчтэй, нөлөөтэй хэвлэл мэдээллийн орчинг бий болгочихсон. Хүн бүр эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж болох тэр орон зайг бусдад өгөөжтэй ашиглая гэсэн нэгэн бодолтой явдаг. Өөрөө уншаад мэдээд зогсолгүй, бусдад хэрэгцээтэй танин мэдэхүй, хорвоогийн хачин сонин, түүх, болсон явлуудыг орчуулан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан орчуулан найм  дахь жилдээ хүргэж байна.

Бидний ярилцлага өндөрлөж байна. Та номын садан уншигч үйлчлүүлэгчдээ “Ном” гэж юуг хэлэх вэ, цөөн үгэнд багтааж хэлбэл?

Хүний оюун ухаанаас амилдаг, хүний тархины мөрөөдөл сэтгэмжээр бүтдэг тийм яруу бүтээлийг ном хэмээх байх гэж ойлгодог.Ном бүхэн ач тустай өгөөжтэй гэж хэлж болохгүй л дээ. Хүн өөрийн унших номоо сонгож уншиж чаддаг байх хэрэгтэй болов уу.

Бидний урилгыг хүлээн авч сайхан дурсамжаасаа хуваалцаж ярилцсанд баярлалаа.Танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Сайхан бүхнийг түгээж , номын ертөнцөөр олон олон  уулзах таарах болтугай гэж ерөөе.

 Баярлалаа.

 Ярилцсан: Номын санч Д.Жаргалсайхан

 

Shurenchimeg Ganbat